Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/167 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван,

 улсын яллагч Т.Нансалмаа,

 шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2728/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Жы Ж.Мад холбогдох эрүүгийн 1931003550288 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ж овогт Жы Ж.М, Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, А сум, Б * дүгээр баг, *-р гудамжны ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:******** /,

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ж.М нь Сэлэнгэ аймгийн “А” сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Цантахын ногоон толгой” гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 11.5м3 нарс модыг бэлтгэж, улсын дугаар номергүй, Зил 131 маркийн автомашинаар тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.М нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн “А” сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Цантахын ногоон толгой” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, 11.5м3 нарс модыг бэлтгэж, улсын дугаар номергүй, Зил 131 маркийн автомашинаар тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ж.М нь гэм буруутай болох нь хангалттай тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр намайг гэртээ байж байтал талийгаач Х.Хийн эгч Н нь манай гэрт ирээд “Эгч нь зөвшөөрлийг нь аваад өгье түлээнд яваад өгөөч” гэж гуйсан. Тэгээд би маргааш өглөө нь модонд явахаар болсон юм. Маргааш өглөө нь надад зөвшөөрлийн бичиг авч ирж өгсөн. Тэгээд би бичгийг нь аваад Г.С гэдэг найзыгаа гуйгаад хамт явсан юм. Би Г.Саар бичгийг уншуулахад “10 метр куб мод бэлтгэх зөвшөөрөлтэй юм байна” гэж уншиж өгсөн юм. Тэгээд модондоо явж ирээд буяны ажил явдал болж байгаа айлын хашаанд машиныхаа чиргүүл, толгой хоёрыг хоёуланг нь буулгаад байж байтал цагдаа ирээд “Модоо буцаагаад ачаад журмын хашаанд хий. Чиргүүл хэсэгтээ ачсан мод чинь нойтон мод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь буцаагаад ачаад журмын хашаанд аваачиж тавьсан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1],

 2. Иргэний нэхэмжлэгч Д.Б 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би улсын дугааргүй, Зил 131 маркийн машины чиргүүлтэй. Миний чиргүүл том машинд бүгдэд нь таараад эд зүйл зөөвөрлөх боломжтой. Би 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхад над дээр Ж.М ирээд “айлын ажил явдлын модонд явах гэсэн юм машиныхаа чиргүүлийг өгөөч” гэж хэлэхээр нь би чиргүүлээ өгөөд явуулсан. Би өөрийн чиргүүлийг авах хүсэлтэй байна. Миний чиргүүлийг улсын орлого болгоно гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Г.С 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өглөө ажлаас буухад Ж.М над руу яриад “хамт модонд яваад өг, ирж байгаад мөнгийг нь өгье” гэж хэлсэн. Би хамт явахаар болоод бид хоёр Зил 131 маркийн улсын дугааргүй Ж.Мын жолоодоод байдаг машинтай А сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн урд зүг рүү явж байхад би машинд унтчихсан байсан. Тухайн газраа очоод намайг сэрээгээд бид 2 тэнд хүмүүсийн тайрч унагаасан модыг би дараад Ж.М 2 метрээр тайрч цэвэрлээд машины тэвшин дээрээ хамт ачсан. Бид 2 аль болох хуурай мод бэлдэхийг хичээсэн боловч зарим нэг нь жаахан чийгтэй мод байсан. Тэгээд тэндээ модоо бэлдээд А сумын төв хүртэл би унтаж зүүрмэглэж яваад сумын төвд орж ирээд би найз охинтойгоо уулзахаар машинаас буусан. Ж.М түлээний мод захисан айлд модыг нь буулгаж өгөхөөр цаашаа явсан. Би мод бэлтгэхдээ гоожин авдаг гэдгийг мэднэ. Ж.Маас “мод бэлтгэх эрхийн бичиг байгаа юм уу” гэж асуухад “байгаа” гэж хэлж байсан. Гэхдээ би тэр бичгийг нь хараагүй. Бидний бэлтгэсэн модыг “нэг айлын хөгшин нь нас бараад айлын эзэгтэй нь намайг модонд яваад өг гэж гуйгаад гоожин зөвшөөрөл, түлш зэргийг нь өгсөн” гэж хэлсэн. ...Сэлэнгэ аймгийн А сумын “Цантахын ногоон толгой” гэх газраас мод бэлтгэсэн...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч П.Бы 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр А сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Мыг “эргүүл шалгалт хий” гэж үүрэг өгсний дагуу С.М эргүүл шалгалт хийх хугацаанд модтой “Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл явж байна. Зил 131 машины тэвшин дээрх мод нь буяны ажилд хэрэглэх түлээний мод гэж байна. Чиргүүл дээрээ нойтон мод ачсан байна” гэхээр нь “би чиргүүлтэй модыг журмын хашаанд хийгээд хуулийн дагуу шийдвэрлэ” гэж хэлсэн. Би Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газарт өөрийн биеэр очиж болсон асуудлын талаар тэмдэглүүлсэн. Яг хэн мод бэлтгэж тээвэрлэсэн талаар миний хувьд мэдэх зүйл байхгүй. ...Ой хаасан болохоор мод бэлтгэх зөвшөөрлийг ямар нэгэн албан тушаалтан олгох ёсгүй...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч С.М 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн үед А сумын засаг дарга П.Баас зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч М.Гийн хамт модны эргүүл шалгалт хий гэж үүрэг өгсний дагуу эргүүл шалгалт хийх хугацаанд А сумын 2 багийн нутаг дэвсгэрт модтой “Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоож шалгахад Зил 131 машины тэвшин дээрх мод нь буяны ажилд хэрэглэх түлээний мод гэж байсан. Чиргүүл дээр ачсан мод нь нойтон мод байсан тул тухайн машиныг саатуулж, журмын хашаанд хийсэн. Хуульд заасан хугацаагаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ойг сумын засаг даргын захирамжаар хаасан. Тийм учраас хуулийн дагуу ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл ямар нэгэн байдлаар олгогдох ёсгүй. ...Тухайн модыг ачиж явсан улсын дугааргүй, Зил 131 маркийн тээврийн хэрэгслээр Ж.М гэх хүн тээвэрлэн явж байсан...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч М.Г 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр А суманд модны эргүүл шалгалт хийх хугацаанд 2 дугаар багийн нутаг дэвсгэрт модтой Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоож шалгахад Зил 131 автомашины тэвшин дээрх мод нь буяны ажилд хэрэглэх түлээний мод гэж байсан. Чиргүүл дээр ачсан мод нь нойтон мод байсан тул тухайн машиныг саатуулж журмын хашаанд хийсэн. Тухайн модыг Зил 131 маркийн тээврийн хэрэгслээр Ж.М гэх хүн тээвэрлэж явж байсан. ...Мод бэлтгэх бичиг баримтыг шалгахад багийн засаг даргын тодорхойлолттой, байгаль хамгаалагч Г.Мартын цохолт хийсэн бичиг байсан. Тэрнээс мод бэлтгэх зөвшөөрөл байгаагүй...” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч Г.Март 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад А сумын 2 дугаар багийн Засаг дарга П.Сээс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 956 дугаартай тус сумын Суварга 2 дугаар багийн Суваргын 20 дугаар гудамжны 1г тоотод оршин суугч Х овогтой Х нь 2019 оны 09 дүгээр сарын 13-нд нас барсан тул галын түлээний зөвшөөрөл олгож өгнө үү? гэсэн утгатай албан бичиг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр над руу орж ирсэн. Би тухайн албан бичигт хуурай галын түлээний мод бэлтгүүлэхээр цохолт хийж өгсөн. Тухайн модонд явах жолооч нь надад мэдэгдэж надаар хяналт тавиулж модоо бэлтгэх ёстой байсан боловч надад мэдэгдэлгүй яваад түлээний модноос гадна нойтон 2 метрийн урттай мод бэлтгэж яваад хяналт шалгалт хийж басан алба хаагч нарт баригдсан байсан. ...Түймрийн аюултай үед мод бэлтгэхдээ байгаль хамгаалагчийн хяналт дор газар заалгаж ойн цэвэрлэгээний журмаар хуурай түлээний мод бэлтгэх ёстой. А сумын 2 дугаар багийн засаг даргаас албан бичиг ирүүлсний дагуу би цохолт хийж өгсөн. Түлээний болон нойтон модыг иргэн, аж ахуй нэгж ой хаасан үед бэлтгэж болохгүй. Ой хаасан тохиолдолд ямар нэгэн мод бэлтгэх зөвшөөрөл олгогдохгүй. ...А сумын 3 дугаар багийн нутаг “Байнт” гэх нэртэй газраас модоо бэлтгэх ёстой байсан. Миний хувьд хяналт тавиагүй болохоор хаанаас бэлтгэсэн гэдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[7],

8. Гэрч П.С 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Х овогтой Х нь 2019 оны 09 дүгээр сарын 13-нд нас барсан тул галын түлээний модны зөвшөөрөл өгөөч гэж талийгаачийн эхнэр Нина гэх эмэгтэй надад хадсан тул би тухайн галын түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгож өгнө үү гэсэн утгатай хүсэлтийг албан бичгээр сумын Байгаль орчны албанд хүргүүлсэн. Байгаль орчны алба ямар шийдвэр гаргасан талаар миний хувьд мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[8],

9. Гэрч М.Н 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хамаатны ах Хын Х нь 2019 оны 09 дүгээр сарын 13-нд нас бараад ажил явдлын үед унаа машин олдохгүй байсан болохоор галын түлээний мод татаж авч чадаагүй тэгээд би А сумын 2 дугаар багийн засаг дарга П.Стэй утсаар холбогдож “Х овогтой Х нь 2019 оны 09 дүгээр сарын 13-нд нас барсан тул галын түлээний модны зөвшөөрөл өгөөч” гэж  хэлээд талийгаачийн эхнэр Нина эгчийг явуулж багийн засаг даргатай уулзуулсан. Тэгээд багийн засаг даргаас Нина эгч албан бичиг авч байгаль орчны албанд өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг[9]

10. Гэрч Ц.Д 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цантахын ногоон толгой” гэх газар энэ жил талбай тусгаарлалт хийлгэж мод бэлтгэсэн. Тухайн газар цэвэрлэгээ хийгээгүй байгаа. Тэндээ огтлол явуулж байгаад ойд мод бэлтгэхийг зогсоох үед мод бэлтгэхээ больсон. Уг газар үйлдвэрлэл явуулж болохооргүй модыг үлдээсэн. Тэрнээс бэлдэж тавиад ачаагүй байгаа мод байхгүй...” гэх мэдүүлэг[10],

11. Гэрч З.З.Т 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ойн тухай хуульд ой хаалттай үед гачигдал гарсан тохиолдолд ойгоос мод бэлтгэх талаар заасан заалт байхгүй. ...А сумын Байгаль хамгаалагч Г.Март нь мод бэлтгэх зөвшөөрөл хүссэн албан бичиг дээр зөвшөөрсөн цохолт хийх эрхтэй албан хаагч биш...” гэх мэдүүлэг[11],  

12. Сэлэнгэ аймаг Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18-04-015/07 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...Иргэн Ж.Мын Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр ачигдсан Нарс төрлийн хуурай 49ш модны эзлэхүүн нь 4.41м3, чиргүүл дээр ачигдсан Нарс төрлийн нойтон 35 ширхэг модны эзлэхүүн нь 7.1м3 нийт эзлэхүүн нь 11.5м3 болж байна. Байгаль орчны сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалаар батлагдсан ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээгээр 1м3 Нарсан модны үнэлгээг 120,000 төгрөг, бүх төрлийн хэрэглээний хуурай модны үнэлгээг 28,500 төгрөг байхаар тогтоосон байдаг бөгөөд иргэн Ж.Мын бэлтгэсэн 49ш хэрэглээний хуурай модны эзлэхүүн нь 4.41м3 болж байх бөгөөд экологи-эдийн засгийн үнэлгээ нь 4.41м3 х 28.500 х 1.8 = 226,233 төгрөг /1.8 хэрэглээний бөөрөнхий мод, гуалингийн итгэлцүүр/ чиргүүл дээр ачигдсан Нарс төрлийн нойтон 35ш модны эзлэхүүн нь 7.1м3 болж байх бөгөөд экологи-эдийн засгийн үнэлгээ нь 7.1м3 х 120,000 х 1.8 = 1,533,600 төгрөг болно. Нийт 1,533,600 + 226,233 =1,759,833 төгрөг болж байна. Монгол улсын Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байх тул нөхөн төлбөрийн хэмжээ нь 1,759,833 х 3 = 5,279,499 төгрөг болно...” гэх дүгнэлт[12],

13. Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 143 дугаартай: “...1978 онд ОХУлсад үйлдвэрлэгдсэн 1978 онд Монгол улсад орж ирсэн Зил 131 маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2019 оны 10 сарын байдлаар 3,000,000 /гурван сая/ төгрөгийн үнэтэй болно...” гэсэн үнэлгээний дүгнэлт[13],

14.  Ашид Билгүүн ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ/518-083 дугаартай үнэлгээгээр:

Д/д

Нэр төрөл

Хэмжих нэгж

Тоо

Нэгжийн үнэ, төгрөгөөр

Нийт үнэ, төгрөгөөр

Тайлбар

1

Зил 131 маркийн автомашины чиргүүл

ш

1

650.000 төг

650.000 төг

Өнгө үзэмж муутай хуучирч муудсан байв.

2

БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө

ш

1

40.000 төг

40.000 төг

Эвдэрхий хуучин

3

Нийт

     

690.000 төг

 

Хүснэгт[14] Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 12 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 690.000 /зургаан зуун ерэн мянган/ төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт

15. Сэлэнгэ аймаг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 18-04-015/56 дугаартай: “...Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж; Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх”-ээр заасан бөгөөд иргэн Ж.М нь ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлөх төлбөрийн хэмжээ нь 5,279,499 төгрөг болж байна. Дээрх зөрчил гаргасан иргэн Ж.Маар ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй...” гэсэн акт[15],

16. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол[16], 17. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[17], 18. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[18], 19. Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл[19], 20. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл[20], 21. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[21], 22. Шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[22], 23. Хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[23], 24. Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[24], 25. Шүүгдэгчийн захиргааны арга хэмжээ хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[25], 26. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд[26], 27. Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл[27] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Мын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Ж.Мын гэмт үйлдлийн улмаас байгаль-экологид учирсан бодит хохирол болох 1,759,833 /нэг сая долоон зуун тавин есөн мянга найман зуун гучин гурван мянга/-н төгрөгийг шүүгдэгч нөхөн төлж барагдуулсан тул хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов.

Энэхүү гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн А сумын төвд иргэний нэхэмжлэгч Х.Отгонжаргалд хадгалагдаж байгаа 84 ширхэг 11,5м3 “Нарс” модыг тус тус хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн.

Харин хэрэгт битүүмжлэгдсэн 1978 онд хуучнаар ЗСБНУ-д үйлдвэрлэгдэж, 1978 онд Монгол Улсад орж ирсэн Зил 131 /дизель, механик/ маркийн, улсын дугаар, номергүй автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч Ж.Мад олгохоор шийдвэрлэсэн.

Учир нь: Хэрэгт битүүмжлэгдсэн автомашин нь шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгө мөн боловч түүнд зайлшгүй шаардагдах эд зүйлс, эд хөрөнгийг шүүх хураан авахаар шийдвэрлэх нь хуульд үл нийцнэ.

Шүүгдэгч Ж.М нь бичиг үсэггүй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрх /Сэлэнгэ аймгийн А сумын 1 дүгээр багийн Засаг даргын “Амжиргааны түвшингээс доогуур өрх болохыг баталгаажуулсан тодорхойлолт”/[28] бөгөөд эхнэр, 5 хүүхдийн хамт /хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд/[29]  амьдардаг, амьдралаа залгуулж, үр хүүхдээ тэжээж байгаа зайлшгүй хэрэгцээт 1978 онд хуучнаар ЗСБНУ-д үйлдвэрлэгдэж, 1978 онд Монгол Улсад орж ирсэн Зил 131 /дизель, механик/ маркийн автомашиныг өөрийн гараар сэлбэж босгосон, ашиглалтын хугацаа дууссан, улсын дугаар, номергүй автомашиныг хурааж, төлбөр гаргуулж болохгүй хөрөнгөд хамаарна гэж шүүх үзсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар “Төлбөр төлөгч-иргэний зайлшгүй хэрэгцээт дараахь хөрөнгийг төлбөрт хураан авч болохгүй” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн 87.1.5 дахь заалтад зааснаар “төлбөр төлөгч-иргэн мэргэжлийнхээ ажил, үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардагдах эд юмсыг” төлбөрт хураан авч болохгүй гэж хуульчилж өгсөн байна.

Харин шүүгдэгч Ж.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашины чиргүүл нь түүний эзэмшлийнх биш болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон иргэний нэхэмжлэгч Д.Бийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул хууль ёсны эзэмшигч Д.Бд буцаан олгож, чиргүүлийн үнэлгээ болох 650,000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгийг шүүгдэгч Ж.Маас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ж.Мад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Мын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” болон түүний хувийн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн.

Учир нь шүүгдэгч Ж.М нь бичиг үсэг мэдэхгүй, бага боловсролтой, Сэлэнгэ аймгийн А сумын 2 дугаар багийн засаг даргын албан бичиг болон байгаль орчны байцаагчийн цохолтын дагуу /оршуулгын ажилд хэрэглэх/ мод бэлтгэхдээ зөвшөөрлийн бичгийг өөрөө уншиж чадахгүй, юу болохыг нь мэдэхгүй тул хамт явсан хүнээр уншуулсан, ажил явдалд зориулан ашиглах мод бэлтгүүлэхээр гуйж явуулсан хүн нь нарийн тайлбарлаж хэлээгүй тул нөхцөл байдлыг буруугаар төсөөлж мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж үзэхээр байна.

Харин Ж.М нь мод бэлтгэхдээ байгаль орчны байцаагчид мэдэгдэж, түүний хяналтан дор мод бэлтгээгүй, оршуулгын ажилд ашиглах түлшний хуурай мод бэлтгэхээс гадна заасан хэмжээнээс хэтрүүлэн зөвшөөрөлгүй нойтон мод бэлтгэсэн нь хууль зөрчсөн гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж овогт Жы Ж.Мад 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Ж.Мад анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж овогт Жы Ж.Мад 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Мад анхааруулсугай.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад зааснаар ялтан Ж.М нь энэ гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан бодит хохирол болох 1,759,833 /нэг сая долоон зуун тавин есөн мянга найман зуун гучин гурван мянга/-н төгрөгийг нөхөн төлж барагдуулсан болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дахь хэсэгт тус тус  зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн А сумын төвд иргэний нэхэмжлэгч Х.Отгонжаргалд хадгалагдаж байгаа 84 ширхэг 11,5м3 “Нарс” модыг тус тус хурааж, улсын орлогод оруулсугай.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн 1978 онд хуучнаар ЗСБНУ-д үйлдвэрлэгдэж, 1978 онд Монгол Улсад орж ирсэн Зил 131 /дизель, механик/ маркийн, улсын дугаар, номергүй автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч Ж.Мад олгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан чиргүүлийг хууль ёсны эзэмшигч Д.Бд буцаан олгож, чиргүүлийн үнэлгээ болох 650,000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгийг шүүгдэгч Ж.Маас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

7. Шүүгдэгч Ж.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.      

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

            

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс,

[2] Хавтаст хэргийн 32 дугаар тал,

[3] Хавтаст хэргийн 35-36 дугаар тал,

[4] Хавтаст хэргийн 37 дугаар тал,

[5] Хавтаст хэргийн 38-39 дүгээр тал,

[6] Хавтаст хэргийн 41 дүгээр тал,

[7] Хавтаст хэргийн 42-43 дугаар тал,

[8] Хавтаст хэргийн 45-46 дугаар тал,

[9] Хавтаст хэргийн 48 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 51-52 дугаар тал,

[11] Хавтаст хэргийн 53 дугаар тал,

[12] Хавтаст хэргийн 67-68 дугаар тал,

[13] Хавтаст хэргийн 60-62 дугаар тал,

[14] Хавтаст хэргийн 72-75 дугаар тал,

[15] Хавтаст хэргийн 80 дугаар тал,

[16] Хавтаст хэргийн 84-86 дугаар тал,

[17] Хавтаст хэргийн 5-10 дугаар тал,

[18] Хавтаст хэргийн 11-13 дугаар тал,

[19] Хавтаст хэргийн 19-22 дугаар тал,

[20] Хавтаст хэргийн 23 дугаар тал,

[21] Хавтаст хэргийн 25 дугаар тал,

[22] Хавтаст хэргийн 66, 70, 80 дугаар тал,

[23] Хавтаст хэргийн 64, 69, 77 дугаар тал,

[24] Хавтаст хэргийн 94 дүгээр тал,

[25] Хавтаст хэргийн 35 дугаар тал,

[26] Хавтаст хэргийн 126-139 дүгээр тал

[27] Хавтаст хэргийн 141-142 дугаар тал,

[28] Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтууд

[29] Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтууд