| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/0382/и |
| Дугаар | 138/ШШ2017/00861 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 138/ШШ2017/00861
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багт оршин суух, ЖЙ91082902 тоот регистрийн дугаартай, Урианхай овогт Даваасүрэнгийн Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, Бага дөрвөлжийн 2111 тоотод оршин суух, ЖЮ85091813 тоот регистрийн дугаартай, Хэрээд овогт Оюунцэцэгийн Ганбатад холбогдох,
“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 03 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,
Нэхэмжлэгч Д.Дэлгэрцэцэг,
Хариуцагч О.Ганбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Дэлгэрцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ганбаттай 2011 онд танилцаж, гэр бүл болон 2012 оны 06 сарын 14-нд Сүхбаатар аймгийн Баруун Урт хотод гэрлэлтээ бүртгүүлэн хамтран амьдарсан. Хамт амьдраад 2012 онд охин Г.Нарансолонго, 2016 онд хүү Г.Наранбаатар нарыг төрүүлэн өсгөсөн. Гэр бүл болон хамт амьдрах хугацаанд О.Ганбат нь 2014, 2015 онд намайг хүүхэдтэй маань орхиод сураггүй болсон. Гэтэл 2016 оны эхээр гэнэт хүрч ирээд цуг амьдарсан. 2016 оны 9 сард намайг хүүхдээ аваад өөрийн төрсөн гэртээ харьж бай, би араас чинь очно гэсэн боловч ирээгүй. Төрсөн гэртээ ирээд удалгүй хүүгээ төрүүлсэн. Түүнээс хойш холбоо бариагүй бөгөөд төрөх үед ч ирээгүй. Сураг сонсоход надтай гэр бүл болон хамт амьдарч байсан гэртээ өөр эмэгтэйтэй хамт амьдарч байна гэсэн. О.Ганбат нь сураггүй 2 жил шахам болоод эргэж ирснээс хойш зан ааш нь хувирч, над гар хүрсэн. Одоо бид хоёр тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү маань нэг нас хүрээгүй учир ажил хийх боломжгүй байна. Иймээс О.Ганбатаас 2 хүүхэддээ тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч О.Ганбат шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Дэлгэрцэцэгтэй 2011 онд танилцаж, гэр бүлийн харьцаатай болон хамтран амьдарч, 2012 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Гэр бүл болон хамтран амьдрах хугацаанд 2012 онд охин Г.Нарансолонго, 2016 онд хүү Г.Наранбаатар нарыг төрүүлсэн өсгөсөн. Би мал малладаг учир гэрээсээ гарч амждаггүй. Өөр эмэгтэйтэй амьдрал зохиосон зүйл байхгүй. Д.Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2 хүүхддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Дэлгэрцэцэг нь хариуцагч О.Ганбатад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
О.Ганбат, Д.Дэлгэрцэцэг нар нь 2011 оны 10 сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2012 оны 06 сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 46 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Гэрлэгчид 2011 оноос 2016 он хүртэл хамтран амьдрах хугацаанд 2012 оны 04 сарын 13-ны өдөр охин Г.Нарансолонго, 2016 оны 11 сарын 29-ний өдөр хүү Г.Наранбаатар нарыг төрүүлэн өсгөсөн болох нь 223, 2201000581 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Халхгол сумын “Ялалт” багийн эмчийн тодорхойлолт болон талуудын тайлбараар батлагдаж байна.
Гэрлэгчид нь гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж 2016 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Монгол Улсын гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглосон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байхаар заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв
Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 04 сарын 13-ны өдөр төрсөн Г.Нарансолонго, 2016 оны 11 сарын 29-ний өдөр төрсөн Г.Наранбаатар нарыг эх Д.Дэлгэрцэцэгийн хууль ёсны асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 04 сарын 13-ны өдөр төрсөн Г.Нарансолонго, 2016 оны 11 сарын 29-ний өдөр төрсөн Г.Наранбаатар нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Оюунцэцэгийн Ганбатаас сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Д.Дэлгэрцэцэгт олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46764 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ганбатаас улсын тэмдэгтийн хураамжинд 46764 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дэлгэрцэцэгт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
6. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ