| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0149/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/166 |
| Огноо | 2020-08-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Н |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Б.Б нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрхий мэргэн овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 2031002070143 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Бы Б, Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн “С” суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биологийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, аавын хамт Сэлэнгэ аймгийн “С” сумын * дугаар баг, * дугаар хэсэг, * тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:********/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн С сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бойны тохой” нэртэй газарт урьдын хувийн таарамжгүй харьцааны улмаас С.Атай маргалдаж улмаар түүний нүүр, толгой тус газар цохиж, цээжин тус газар нь өшиглөж, биед нь баруун чих, доод уруул, хэлэнд шарх, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун 11 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чих, баруун хацар, шанаа, доод уруул, хэлэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн С сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бойны тохой” нэртэй газарт урьдын хувийн таарамжгүй харьцааны улмаас С.Атай маргалдаж улмаар түүний нүүр, толгой тус газар цохиж, цээжин тус газар нь өшиглөж, биед нь баруун чих, доод уруул, хэлэнд шарх, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун 11 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чих, баруун хацар, шанаа, доод уруул, хэлэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: “...Ерөнхийдөө хүний биед хохирол учруулсан нь миний буруу. Нэмж хэлэхэд бол голын эрэг дээр эхэлж намайг мөргөсөн үүний хариуд буцааж цохисон юм. Энэ бүгд үнэн тул өөр ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байна...” гэх мэдүүлэг[1],
2. Хохирогч С.Агийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ингээд архи уугаад сууж байхад Мандах бид 2 урьд нь болсон асуудлыг яриад сууж байснаа санаж байна. Би тухайн үед уусан архиндаа нэлээд согтож тэр хооронд яг юу болсныг мэдэхгүй ямар ч байсан амбаарын гадна Мандах над руу “гараад ир пизда минь” гээд орилоод байсан. Тэгээд би амбаараас нь гарч Мандах руу очиход эхлээд миний нүүр, баруун талын нүд рүү гараараа цохиж унагасан юм. Би цохиулсандаа ухаан алдаж тэрнээс хойш болсон явдлыг мэдэхгүй байна. Үүр цайж цагаан гэгээ орж байхад ухаан ороод сэрэхэд би нэг мэдэхгүй байшингийн балгасан дотор дээгүүрээ цээж нүцгэн, нүүр амнаас цус гарсан, нэлээд даараад сэрсэн юм...” гэх мэдүүлэг[2]
3. Гэрч С.Гийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Тэр өдрийн урд өдөр нь би хорооллын “Намаг” гэх газар айлд архи ууж хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 06 дугаар сарын 09-ний орой 19 цаг өнгөрч байхад харих гээд хороололд ирсэн чинь таксины мөнгө байхгүй байсан. Тэгээд таньдаг Бын хашааны ойролцоо явж байхад Б хашаандаа байж байхаар нь уулзаад найзыгаа “машинаараа төв рүү хүргэж өгөөч” гэж гуйсан. Тэгэхэд Б “тэгье” гээд машинаа гаргаад намайг төв рүү хүргэж өгөх зуур бид 2 архи авч уухаар болж Б “Хөх чулуут” дэлгүүрээс 2 шил 0,75 литрийн “Хараа” архи авсан. Тэгэхэд нь би “найз Агийн эгчээс мөнгө авах ёстой юм, тэр мөнгийг аваадахъя” гэж хэлээд Салхитын аманд ирж эгчээс нь 30,000 төгрөг аваад гарахад Атай таарсан юм. Тэгээд “архи уух уу” гэсэн чинь хэсэг бодож байснаа “за за” гээд бид хоёртой нийлж, А бид 2 нэг шил архиа уусан. Б машин барьж байгаа гээд архи уухгүй байсан. Тэгээд би урьд нь архи уусан байсан болохоор амархан согтоод “гэртээ үлдлээ” гээд Салхитын аманд гэртээ хүргүүлээд үлдсэн. А, Б нар хороолол орж архи ууна гээд явсан юм. Маргааш өдөр А над руу залгаад “өнгөрсөн шөнө Бад зодуулчихлаа” гэж хэлэхэд нь би гэрт яваад очиход эмнэлэг ороод уруул болон хэлэн дээр оёдол тавиулсан гээд надад оёдлоо харуулсан. Нэг нүд нь бага зэрэг хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Г.Огийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...05 цаг өнгөрөөгөөд нэг хүн ирээд цонх тогшихоор нь сэрээд хартал нүүр, ам нь цус болчихсон, дээгүүрээ хувцасгүй, нүцгэн эрэгтэй хүн зогсож байсан. Тэгэхээр нь би “яасан бэ? юун хүн бэ?” гэсэн чинь нөгөө хүн “би даараад байна, яг хөлдөж үхлээ, дээгүүр өмсөх хувцас байвал өгч туслаач” гэхээр нь кабинд байсан нэг куртикээ өгч, кабинд шахаж суулгаад хэсэг дулаацуулсан юм. Тэр хүн уусан согтож тараад энд, тэнд унтаж байгаад даараад сэрж бид нарыг хараад ирсэн байх. Нуруу нь шороо болсон, амнаас нь их хэмжээгээр архи үнэртэж байсан ба “би одоо хаана ирчихсэн байна вэ?” гээд л байсан. ...Замдаа би түүнээс “чи наад нүүр, амаа яачихсан юм бэ?” гэсэн чинь “төвд нэг найзтайгаа архи ууж байгаад тэр найзынхаа найзынд, хороололд 3 дугаар буудалд ирж тэднийдээ архи уусан. Тэгэхэд л намайг тэр хороололд байдаг найз нь зодсон байх” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Б.Аын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Өглөө 06 цагийн үед манай нөхөр над руу залгаж “би огт мэдэхгүй газар байна. Хүнд зодуулсан, бие муу байна. Одоо ингээд очлоо” гэж ярьсан. Удалгүй манай нөхөр дээгүүрээ нүцгэн, гадуураа ногоон хүрэм өмсчихсөн, нилээд даарсан, нүүр ам нь битүү хавдартай, юм ярьж чадахгүй байдалтай ирсэн юм...” гэх мэдүүлэг[5],
6. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 199 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. С.Агийн биед баруун чих, доод уруул, хэлэнд шарх, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун 11 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чих, баруун хацар, шанаа, доод уруул, хэлэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[6],
7. Яллагдагч Б.Бын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...С.Аг зодсон шалтгаан нь бол бид 2 ялих, ялихгүй зүйлээс болж муудалцаж, маргалдсан. Тэгэхэд С.А “би атаман байсан” гээд анхнаасаа агсраад эхэлсэн. Тэгээд гадуур хувцсаа тайлж шидлээд над руу дайрсан. Тэгэхэд нь би биеэ хамгаалаад өөдөөс нь зодолдсон юм. Ер нь бол намайг эхлээд мөргөөд унагаахад нь босож ирэхэд дахиж дайраад ирэхээр нь цээж рүү нь цохиод нүүр рүү нь 2, шанаа руу нь нэг удаа цохисон. Тэгээд би явсан...” гэх мэдүүлэг[7],
8. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол[8], 9. Иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл болон тэдгээртэй холбоотой материал[9], 10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], 11. Эрүүлжүүлэгдэж байсан болон захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 12. Хохирлын баримтууд[12], 13.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[13], 14. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол[14], 15. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн прокурорын санал[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Бын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.А хавтаст хэргийн материалтай танилцахдаа шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн. Шүүгдэгч Б.Б нь эмчилгээний зардалд нийт 900,000 төгрөгийг 45 хоногийн дотор төлөхөө илэрхийлсэн тул цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасан ба үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.Бад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалдан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Бы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Б.Бад анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 7-8 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 13 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 14 дүгээр тал
[5] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 39 дүгээр тал
[8] Хавтаст хэргийн 1 дүгээр тал
[9] Хавтаст хэргийн 2-4 дүгээр тал
[10] Хавтаст хэргийн 35-37 дугаар тал
[11] Хавтаст хэргийн 51 дүгээр тал
[12] Хавтаст хэргийн 53-58 дугаар тал
[13] Хавтаст хэргийн 61-62 дугаар тал
[14] Хавтаст хэргийн 74 дүгээр тал
[15] Хавтаст хэргийн 79 дүгээр тал