| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0145/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/164 |
| Огноо | 2020-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван,
улсын яллагч С.Батзул,
шүүгдэгч Б.М нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б овогт Бы Мт холбогдох эрүүгийн 2031002170144 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Бы М, Монгол улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн “М” суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн “Е” сумын * дугаар баг, Б тосгоны * дүгээр байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:******** /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн “Ерөө” сумын 3 дугаар баг, Б тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Дөхөм” гэх газарт А.Оийг “манай ах, дүү нарыг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүр, толгой тус газарт цохиж, үснээс нь зулгааж, биед нь баруун хоншоор ясны гэмтэл, уйланхай, салт зузаарсан, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.М нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн “Ерөө” сумын 3 дугаар баг, Б тосгоны нутаг дэвсгэрт байрлах Дөхөм гэх газарт А.Оийг “манай ах, дүү нарыг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүр, толгой тус газарт цохиж, үснээс нь зулгааж, биед нь баруун хоншоор ясны гэмтэл, уйланхай, салт зузаарсан, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Мийн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мийн өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 201,500 төгрөг нөхөн төлсөн. Сүүлд эм, тарианы мөнгө 27,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг[1],
2. Хохирогч А.Оийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багт бүртгэлтэй боловч Ерөө сумын Б тосгоны Дөхөм гэх газар хүргэн ах Мийндээ мал маллан амьдарч байгаа юм. 2020 оны 06 дугаар сарын 26-ны орой 19-20 цагийн орчим би танил Нын хамт мотоцикльтой М ахын хойд руу байдаг саахалт айлын гаднаас үхрээ туугаад гэр рүүгээ явж байтал араас нэг машин дайрангаа алдаж ирээд зогссон. Тэгэхээр нь бид 2 зогсоод “яасан бэ” гэсэн чинь нэг ах машинаасаа бууж ирээд Нын хажуугаас нь цохиж аваад бид хоёрыг “муу сайн малын хулгайч нар минь малаа аваад эндээс зайл” гэх мэтээр хэлээд загнаж, орилж хашгичаад байхаар нь би “та согтуу байгаа юм уу, яагаад байгаа юм бэ” гэсэн чинь “юу гэнэ ээ, юу гэнэ ээ” гэж байгаад буцаад явсан. Тэгээд Н бид 2 үхрээ гэрийнхээ гадаа аваачаад гэртээ ороод М ахад болсон явдлын талаар хэлсэн чинь М ах “яаж байгаа юм бол оо, гурвуулаа очиж уулзъя, яагаад ингэсэн талаар нь асууя” гээд Н, М бид 3 нөгөө айлын гадаа явган очиход гэрийнх нь гадаа хүмүүс пиво ууцгааж байсан. Нөгөө машинтай ирсэн ах машин дотроо сууж байхаар очоод хаалгыг нь онгойлгоод “ахаа та ямар учраас бид нарыг хулгайч, зэлгийчээр нь дуудаад байгаа юм бэ? би танд ямар гэм хийчихсэн юм бэ? би ахтайгаа хамт ирлээ. Учраа олъё” гэж хэлээд байж байтал тэр ахын эхнэр нь ирээд миний гарнаас татаж чангаагаад “чи одоо юу вэ? хэнтэй уулзах гэж байгаа гичий вэ?” гэх мэтээр хэлээд миний нүүр рүү алгадаж аваад байсан. Би арагшаа ухарч гарыг нь хаасан. Араас нь М гэж эгч ирээд “чи юу юм бэ? яах гээд байгаа янхан, гичий вэ?” гэх мэтээр хэлээд бас л над руу дайрч давшилсан. Алгадаж аваад, мангасдаж түлхсэн. Араас Н гэдэг эгч ирээд бас миний нүүр рүү алгадаад, намайг ер нь зодсон юм. Тэр үед М ах намайг тэр хүүхнүүдээс салгах гэсэн боловч хөл нь гэмтэлтэй болохоор ирж дундуур орж чадахгүй байсан. Н намайг салгаж авахад нь би “та нарыг цагдаад өгнө” гэсэн чинь тэр хүүхнүүд “тэг ээ, тэг. Бын цагдаа нар юу юм, чиний нүүр аманд бид нар гэмтэл учруулаагүй байхад чи хаа хүрдэг юм” гэх мэтээр хэлээд шоолж инээгээд байсан...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч М.Нын 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд айлын хүмүүс гадна байснаа бид 2 дээр ирээд уурлаад, загнаад байсан. Ахыг О дуудаад бид нар уулзаад байж байтал тэнд гэрийн гадаа сууж байсан хүмүүс босож ирээд О руу дайрч давшлаад “хулгайч, гуйлгачин” гэх мэтээр давшилсан. Тэнд байсан 3 эгч О руу давшилж нүүр рүү нь алгадаж маажсан. Тэгээд би дундуур нь орж салгахад М гэдэг эгч нь Огийн үснээс зулгаагаад байсан...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Э.Цын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А.О нь “би мотоцикльтойгоо хаагуур явах нь та нарт ямар хамаатай юм, би сигналдаад явж болохгүй юу” гэх мэтээр хэрүүл маргаан өдөөд эхэлсэн. Цаанаас нь М нь “та нар намайг хулгайч гэж хэллээ, би та нараас юу хулгайлсан юм” гэхэд би “чи угаасаа хулгайч биз дээ, айлын тугал хашаандаа аваачиж хашчихаад гаргаж өгөхгүй 14 хонуулсан биз дээ” гэж хэлээд бид нар хэрүүл маргаан хийсэн. Тэгэхэд хамт явсан залуу нь миний гараас бариад авахаар нь “зүгээр байгаач чи, яах гээд байгаа юм” гээд гараа татаж аваад тэр залууг түлхсэн. Тэгэхэд А.О нь “цохиулчих, цохиулчих” гээд нөгөө залуугаа араас нь түлхээд өөрөө хүрч ирээд “намайг цохичих” гээд нүүрээ өгөөд байхаар нь би шанаа руу нь түлхсэн. Тэгэхэд М эгч араас ирээд “та нар юу болоод байгаа юм, нялх нойтон хүүхэдтэй айлд ирчихээд яагаад байгаа юм бэ” гэж хэлээд А.Оийг цааш нь түлхээд тэр 2 хэрүүл маргаан хийсэн. М эгч А.Оийг бас түлхэж байгаа харагдсан. Тэр үед М эгчийг манайхны нэг нь салгаж авч байгаа харагдсан....” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Л.Н-ын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгэхэд А.О нь манайхныг будааны хулгайч гэх мэтээр хэлж доромжлоод байхаар нь би очоод “чи яасан гэж ингэж хэлж байгаа юм бэ? манайхныг будаа хулгайлж байгааг хаанаас харсан юм” гэж загнасан чинь уг нь тэр үедээ “уучлаарай, би буруу юм хэлчихсэн байна” гэж хэлж байсан. Тэгээд хэрүүл маргаан хийцгээж байхдаа Ц А.Оийг нэг түлхсэн. Тэр үеэр М эгч дундуур нь орж ирээд гар нь сарвалзаад А.О рүү дайрсан. А.О нь та нар “зодооч, зодооч” гээд хамт явсан Н гээд залуугаа “зодуулчих, наадуулдаа” гээд орилоод байсан. Тэгээд М эгчийн араас манайхны нэг нь татаж холдуулсан юм ...” гэх мэдүүлэг[5],
6. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 208 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. А.Оийн биед баруун хоншоор ясны хөндийд уйланхай үүсч, салт зузаарсан, уруулд зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[6],
7. Яллагдагч Б.Мийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Ширээ засаад ганц, ганц аяга пиво уугаад байж байхад урд саахалт айлынх нь хүүхэн, залуу 2 мотоцикльтой ирж гэрийнх нь гадуур үхрээ тууж давхиад гадаа тоглож байсан хүүхдүүдийг дайрчих гээд морь, мал үргээгээд хөгжмөө чангалж сигналдан давхиад байсан юм. Би тэгээд тэр хоёрыг “галзуу солиотой гэмээр явдаг юм бэ” гэхэд ах дүү нар “харин тийм ээ, наад 2 чинь дандаа ингэж гэрийн гадуур давхиж морь, мал үргээж, хүүхэд хөгшид дайрчих гээд явдаг хүмүүс байгаа юм” гэж байсан. Тэгээд би 00 орчихоод буцаад ирэхэд нөгөө хүүхэн болох А.О хамт явсан залуу Н 2, ах нь бололтой М гэх залууг дагуулаад ирчихсэн А.О нь Ц, Номт нар руу орилж хашгичаад хулгайч гэх зэргээр хэлээд орилоод байсан. Тэгэхээр нь би тэндээ арай ахмад настай юм болохоор эгчирхээд “та нар яагаад, юу болоод байгаа юм, чи юу гээд айлын гадаа ирчихээд хэрүүл маргаан хийгээд хүн амьтныг хулгайч, зэлгийчээр нь дуудаад байгаа юм” гэж хэлээд дундуур нь ороход А.О “тэгээд зодчихооч, зодооч” гээд нүүрээ наачих гээд өөдөөс түлхээд зүтгээд байхаар нь нүүр рүү нь баруун гараараа мангасдаж түлхсэн...” гэх мэдүүлэг[7],
8. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол[8], 9. Иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл болон тэдгээртэй холбоотой материал[9], 10. Яллагдагчийн хувийн байдал тогтоосон баримтууд[10], 11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 12.Эрүүлжүүлэгдэж байсан болон захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[13], 14. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[14], 15. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол[15], 16. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын санал[16] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Мийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон А.О хавтаст хэргийн материалтай танилцахдаа шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, эмчилгээний зардалд 228,500 төгрөг нөхөн төлсөн тул цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.Мт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан, торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бы Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Б.Мт анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал
[3] Хавтаст хэргийн 6 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 19 дүгээр тал
[6] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 1 дүгээр тал
[9] Хавтаст хэргийн 2-11 дүгээр тал
[10] Хавтаст хэргийн 33-45 дугаар тал
[11] Хавтаст хэргийн 46 дугаар тал
[12] Хавтаст хэргийн 47 дугаар тал
[13] Хавтаст хэргийн 32 дугаар тал
[14] Хавтаст хэргийн 53-54 дүгээр тал
[15] Хавтаст хэргийн 56 дугаар тал
[16] Хавтаст хэргийн 61 дүгээр тал