Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Гансүхэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Ш.Гансүх түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, прокурор Д.Дуламжав, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолтой Ш.Гансүхэд холбогдох эрүүгийн 1837000110022 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1966 оны 07 сарын 06-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Мэрхэд овогт Шаравын Гансүх нь 2018 оны 03 дугаар сарын 9-ний орой 19 цаг 45 минутын орчимд Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэр “Буурлын хар” гэх газар 15-86 ХОҮ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас замын хажуу руу унаж зам тээврийн осол гарган зорчигч Г.Мөнхцэцэгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “Шүүгдэгч Мэрхэд овогт Шаравын Гансүхийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ш.Гансүхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гансүхэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гансүхэд оногдуулсан 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолж, шүүгдэгч Ш.Гансүх нь хохирогчид 26.938.150 төгрөг төлсөн, энэ тогтоолоор төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй. Ш.Гансүх нь Монгол улсын замын  хөдөлгөөний дүрмийн 2.7.А согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гэрч Б.Уранчимэг, А.Шинэжил нарын мэдүүлэг зэргээс үзэхэд хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугааргүй тогтоолд гарын үсэг зурах чадваргүй өвчтэй байсан нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Мөн хавтаст хэрэгт мөрдөгчийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тогтоол нь Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3-д шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллага, шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийлгэх хугацаа, шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 15-ны 34 дүгээр шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1-т шинжилгээ хийлгэх үед дараах эрхтэй, шинжээч татгалзах гарах хүсэлт гаргах, шинжээчид нэмэлт асуулт, шинжээчид нэмэлт нотлох баримт өгөх, тайлбар гаргах, мөрдөгч прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийлгэхэд байлцах, шинжээчийн дүгнэлттэй танилцах эрхээр хангасангүй.

Шүүгдэгч Ш.Гансүх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн буюу урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд төлөвлөж хүний эрүүл мэндэд хохирол учруулах санаа зорилго байхгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг өөрчилж болох, ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг анхаарсангүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүгдэгч Ш.Гансүх түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүгдэгч Ш.Гансүхийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрч нарын мэдүүлэг болон шүүх шинжилгээний албаны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш.Гансүх нь гэмт хэрэг үйлдсэн гэм  буруугаа хүлээн зөвшөөрдөг. Харин согтуурсан буюу мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т шүүх нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах хуулийн заалтыг ноцтойгоор зөрчсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон ар гэрийнхэн, нөхөр хүүхдүүд нь Ш.Гансүхийг шийтгүүлье, ялыг биечлэн эдлүүлэх санал бодол байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

  Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болдог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийтгэх тогтоолыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Ш.Гансүх нь 2018 оны 3 дугаар сарын 9-ний орой 19 цаг 45 минутын орчимд Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэр “Буурлын хар “ гэх нэртэй газарт 15-86 ХОҮ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо согтуугаар тээврийн  хэрэгсэл жолоодсоны улмаас замын хажуу тал руу унаж, зам тээврийн осол гаргаж зорчин явсан зорчигч Г.Мөнхцэцэгийн амь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокуророос Ш.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын  шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Гансүхийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн  1.3.-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж,1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Гансүхийг  2018 оны 3 дугаар сарын 9-ний орой 19 цаг 45 минутын орчимд Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэр “ Буурлын хар “ гэх нэртэй газарт 15-86 ХОҮ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан”...согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчиж  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас замын хажуу тал руу унаж, зам тээврийн осол гаргаж зорчин явсан зорчигч Г.Мөнхцэцэгийн амь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаанд зам тээврийн осол гарч шүүгдэгч Ш.Гансүхийн жолоодож явсан 15-86 ХОҮ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Г.Мөнхцэцэгийн амь хохирсон талаар маргахгүй байна. Харин уг тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа жолооч Ш.Гансүх согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй тул түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж  гэм буруугийн талаар маргасан байх ба давж заалдах журмаар мөн энэ үндэслэлээр гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.3.-т зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж хуульчилжээ. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Гансүхийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.3.-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ш.Гансүхэд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 Өөрөөр хэлбэл шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүгдэгч Ш.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3. дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй болжээ. Мөн түүнчлэн шүүгдэгч Ш.Гансүхэд хорих ял оногдуулсан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5.д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Гансүхэд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ш.Гансүхэд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 1,2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ДАМБА

 

                                              ШҮҮГЧИД                                     М.НЯМБАЯР

 

                                                                                                    Н.ТУЯА