Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2015/0152

 

Б

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор Б  нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б  дарга Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Бугат сумын Монгол ардын намын хорооны 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19 дүгээр албан бичгээр Бугат сумын Засаг дарга Х.Еад жагсаал, цуглаан хийх тухай хүсэлт гаргасан. Гэтэл Засаг дарга Х.Е нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 265 дугаар албан бичгээр Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хурал 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, бичгээр хариу ирээгүй тул уг хуралдааны шийдвэр ирсний дараа албан ёсны хариу өгөх болно гэсэн. Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 290 дүгээр тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Засаг дарга Х.Еад 12 дугаар сарын 26-ны өдөр 23 дугаар албан бичгээр мэдэгдсэн боловч 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 276 дугаар албан бичгээр "Иймд бүх шатны шүүхийн шийдвэр М.Х талд гарсан тул танай намын жагсаал, цуглаан хийх тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй" гэсэн байна.

Бид 2012 онд хуулийн дагуу сонгуульд нэр дэвшин төлөөлөгчөөр сонгогдсон, 2013 оны 01 дүгээр сард Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоог бүрдүүлж, бидний төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн юм. 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаан болсон. Уг хуралдаанаар 2013 оны ажлыг дүгнэж, 2014 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг баталж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа зарим ажлууд болон үлдсэн асуудлуудыг дараагийн чуулганаар хэлэлцэхээр тохиролцсон юм. Манай намын зүгээс үүнээс хойш 3 удаа хуралдаан хийлгүүлэх тухай шаардлага тавьсан. Бидний тавьсан хүсэлтийг хүлээж аваагүй, хуралдаан хийгээгүй. Хурлын төлөөлөгч Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ,түүний удирдлагын тухайхуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар ...асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж, хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах, Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах, Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох... зэрэг эрхүүд эдэлдэг.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бидэнд хуулиар олгосон эдгээр эрхийн дагуу Бугат сумын Монгол ардын намын бүлгээс 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01, 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар албан бичгүүдээр ээлжит бус хуралдаан зарлахыг шаардаж, хүсэлт тавьсан боловч Хурлын дарга бүрэн эрхийн дагуу бидний хүсэлтийг огт авч хэлэлцүүлэхгүй байгаа нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 /а/, 18.1.1 /е/, 18.1.2 /б/-д зааснаар хуулиа хүндэтгэхгүй, сонгогдсон төлөөлөгчбидний эрхэд халдаж байгаа явдал гэж үзэж байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т ...аймаг, сум, дүүргийн Хурлын ээлжит хуралдааныг жилд 2-оос доошгүй хуралдуулна гэж заасан байхад 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 6 дугаар хуралдааныг хийж , үүнээс хойш саяхан 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 7 дугаар хуралдааныг хийж байгаа нь хуулийг ноцтойгоор зөрчсөнийг нотолж байна. Мөн Монгол ардын намын бүлгийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаар хүсэлтийг хэлэлцэхгүй гэж шийдвэрлэсэн, нөгөөталаар Хурлын дарга М.Х нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1, 22.1.2, 22.1.4-22.1.7, 22.1.9-22.1.11 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн дагуу ажиллах талаар Монгол ардын намын бүлгээс тавьсан хүсэлтийг эс зөвшөөрснийг хууль тогтоомжийг санаатайгаар биелүүлээгүй гэж дүгнэж байна. Хурлын дарга М.Х талаар аймгийн Монгол ардын намын хяналтын хорооны 2014 оны 43 дугаар дүгнэлт, аймгийн Монгол ардын намын хорооныТэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Монгол ардын намын гишүүнээс гаргах тухай 02 дугаар тогтоол, Бугат сумын Монгол ардын намын хорооны Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн "Төлөөлөгчөөс эгүүлэн татах тухай 07 дугаар тогтоол тус тус гарсан. Нам бус Хурлын дарга ажил үүрэг гүйцэтгэж 6 сар болж байна.

Саяхан 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ээлжит 7 дугаар хуралдаан болсон. 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр болсон Тэргүүлэгчдийн хуралдаанд уг ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын тухайд бид санал оруулсан байсан. Тэгээд

Тэргүүлэгчдийн хуралдаанаас бидний тавьсан хүсэлтийг хэлэлцэх боломжгүй гэсэн хариу өгсөн учраас ээлжит 7 дугаар хуралдаанд манай намын 10 төлөөлөгч оролцоогүй юм. Ээлжит 07 дугаар хуралдаанд оролцсон МАН-ын 9, МАХН-ын 1, бүгд 10 төлөөлөгч бидний дээрх хүсэлтийг удаа дараа авч хэлэлцүүлэхээс татгалзаж байгаа учраас ард түмнээс сонгогдсон төлөөлөгчид бид хууль тогтоомжийн хүрээнд эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа илэрхийлэх боломжгүй болсон. Дараа нь манай намын бүлэг хуралдаад нэгэнт бидний тавьсан асуудлыг авч хэлэлцэхгүй нь тодорхой учраас ард түмнээс сонгогдсон төлөөлөгчид бид өөрсдийн дуу хоолойгоо хүргэх зорилгоор жагсаал, цуглаан зохион байгуулахаар шийдвэрлэж сумын Засаг даргад жагсаал, цуглаан хийх тухай хүсэлтээ тавьсан. Гэтэл бидний тавьсан хүсэлтийг хүлээж аваагүй. Бидний тавьж байгаа асуудлуудыг зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэж байгааг манай төлөөлөгчид эсэргүүцэж байгаа. Хурлын дарга болон Засаг дарга нь бие биенээ хамгаалсан маягаар үйл ажиллагаа явуулж, бидний гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа явдал нь бидний хувьд хэцүү байна. Нутгийн өөрөө удирдах ёс гэдгээр 21 төлөөлөгч асуудлаа хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Засаг төрөө булааж авах зорилгоор жагсаал, цуглаан хийх гэж байгаа биш, харин ч ажил үүргээ сайжруулах, гаргасан хүсэлтээ шийдвэрлүүлэх зорилгоор жагсаал, цуглаан зохион байгуулах гэж байгаа. Жагсаал, цуглаанаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.3-т заасны дагуу ээлжитхуралдаан хийх, нам бус Хурлын дарга М.Х асуудлыг авч хэлэлцэх, Хурлын байгууллагын үйл ажиллагааг нам бус, хууль бус төлөөлөгчөөр удирдуулахыг таслан зогсоох, Монгол ардын намын бүлгээс тавьсан шаардлагыг ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг жагсаал, цуглааны зорилгод тусгаж шийдвэрлүүлнэ. Иймд хуулийн дагуу бидний гомдлыг хангаж өгөхийг хүсье. гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т зааснаар Монгол ардын намын хорооноос гаргасан хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан хугацаанд хүсэлтийг хангаж чадахгүй гэдэг утгаар хариу өгсөн. Үүнд : БаянӨлгий аймгийн захиргааны хэргийн 2 дугаар шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 288 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүххуралдааны 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 220 дугаар тогтоол гарсны дараа Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 824 дугаартай албан бичгийн дагуу 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцэн төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн байна. Мөн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 5/84 дугаартай албан бичгээр уг хуралдааныг хуулийн хүрээнд явагдаж, шийдвэр гарсныг баталгаажуулсан байна. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан талаарх 32 дугаар тогтоол гарсан. Үүний дараа М.Сархад гэх хүний нэхэмжлэлээр захиргааны хэргийн шүүхийн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Хамгийн сүүлд нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 290 дугаартай тогтоол гарсан ба бүх шатны шүүхээс шийдвэр гарсан учраас танай гаргасан хүсэлтийг хангах боломжгүй гэж хариу өгсөн.

Хууль хяналтын байгууллагын шийдвэрүүд М.Х талд гарсан учраас Монгол ардын намын хорооны хүсэлтийг хүлээж авах боломжгүй байсан. Бугат сумын Монгол ардын намын хорооны нэхэмжлэлийн шаардлагад тайлбар хэлэх нь зүйтэй. М.Х нь Монгол ардын намын гишүүнээс гарч 5 сар болсон, одоогоор ямар нэгэн намд харъяалагдахгүй байгаа, сумын Хурлын дарга нь аль нэг намын харьяалалтай байх ёстой гэжээ.

М.Х нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.4-т заасан журмын дагуу намын Б жагсаалтаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшиж, төлөөлөгчөөр сонгогдож, Хурлын даргаар 3 жил ажиллаж байна. Бугат сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдсоны дараа 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн сумын сонгуулийн хорооны тогтоолоор М.Хыг төлөөлөгчөөс эгүүлэн татсан. Үүний дараа Бугат сумын сонгуулийн хорооны 9 дүгээр тогтоол гарч өмнөх гарсан тогтоолыг хүчингүй болгож, М.Х төлөөлөгчийн эрхийг баталгаажуулсан. Мөн Монгол ардын намын Баян-Өлгий аймгийн намын хорооны Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор М.Хыг уг намын гишүүнээс гарсанд тооцсон. Энэ тухайд Монгол ардын намын хяналтын ерөнхий хорооны дарга Н.Цагаанхүүгийн Монгол ардын намын дүрмийн 9 дүгээр зүйлд зааснаар намын анхан шатны байгууллага нь гишүүнийг намаас гарсанд тооцох эрхгүй гэсэн албан бичиг ирсэн.

... Сумын Монгол ардын намын хорооны нэхэмжлэлийн шаардлагыг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-ийн 1-т заасан... төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах, 2-т заасан ...үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулж ,эмх замбараагүй байдал бий болгох гэсэн хуулийн хориглосон заалтыг үндэслэж хүлээн зөвшөөрөөгүй юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн хүсэлт гаргаж байна. Учир нь энэ асуудалтай холбоотой захиргааны хэргийншүүхийн шийдвэр, магадлал, тогтоол байгаа учраас 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 276 дугаар албан бичиг үндэслэлтэй гэж үзэж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т...Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр актыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох бүх байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ... гэж заасан. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-т ...нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа... бол гэж заасан. Үүнийг бас үндэслэх нь зүйтэй. Эцэст нь хэлэхэд энэ асуудал бүтэн 2 жил яригдаж байгаа ба энэ талаар шүүхийн шийдвэрүүд байгаа. Тийм учраас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-т заасны дагуу нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Бугат сумын Монгол ардын намын хорооны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Бугат сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 276 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: ...Шийдвэрийн үндэслэх хэсэгт Бугат сумын Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол ардын намын бүлгээс өмнө нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хандан тухайлбал 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01, 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр албан бичгүүдээр тодорхой асуудлуудыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус болонээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх, ээлжит бус хуралдааныг товлон зарлах зэрэг санал, хүсэлт гаргаж байсан.

Нэхэмжлэгч талаас дээрх албан бичгүүдэд тусгагдсан асуудлуудыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулахгүй, хуралдаанаар хэлэлцэхгүй байгаа нь хууль бус,төлөөлөгчдийн хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах, асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох зэрэг эрхэд халдаж байгаа тул энэхүү асуудлаар үзэл бодол, санал шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор цуглаан зохион байгуулах мэдэгдэл хүргүүлсэн гэж нэхэмжлэгчнэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ гэжээ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцэж дараалалыг тогтоож тогтоол гаргана. ИТХ-ын хуралдааны ажиллагаа дэгийн дагуу явагдана. Сумын ИТХ-ын хуралдааны дэгийг 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит 6-р хуралдаанаар ИТХ-ын 21 төлөөлөгчид хэлэлцэж 100 хувийн саналаар баталсан болно. ИТХ-ын тэргүүлэгчдээс хурлаас гарсан тогтоолоор хуралд Бугат сумын ИТХ-ын хуралдааны дэгийн 2 дугаар зүйлийн 2.1-д ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцэж дараалалыг тогтоож тогтоол гаргана., 2.2-д байнгын зөвлөл, нам эвслийн бүлэг, төлөөлөгчид хуралдаанд шинээр асуудал оруулахаар бол тухайн саналаа ИТХ-ын тэргүүлэгчдэд бичгээр өгнө гэсний дагуу дараалалаар асуудал оруулдаг журамтай болно. Бугат сумын ИТХ дахь МАН-ын бүлгээс тус сумын ИТХ-д хандаж 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01, 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр албан бичгүүдэд тухай бүрт Бугат сумын ИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1, 20.1.3, 20.1.4, 20.1.6, 20.1.7, 20.5-д заасан бүрэн эрхийн дагуу тэргүүлэгчдийн олонхийн саналаар шийдвэрлэж өмнө нь хэлэлцсэн асуудлыг дахин хэлэлцэх шаардлагагүй гэж хариу өгч байсан болно.

... Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч талаас төлөөлөгчдийн хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах, асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох зэрэг эрхэд халдсан гэжээ.

Гэтэл энэ огт үндэсгүй, шүүхийн гаргасан шийдвэр хууль бус, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Учир нь Бугат сумын ИТХ дахь МАН-ын бүлгээс сумын ИТХ-ын тэргүүлэгчид хандан асуудал оруулж байсан, хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцож байсан.

...Шийдвэрийн үндэслэх хэсэгт:

Хариуцагч Бугат сумын Засаг дарга тухайн цуглаан нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан Төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах зорилготой байсан тул цуглаан хийхийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн гэсэн тайлбар гаргасан.

Бугат сумын Засаг дарга Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар МАН-ын даргын жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авч улмаар уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д зааснаар жагсаал цуглаан зохион байгуулагчид хууль журмын дагуу бичгээр мэдэгдсэн болно.

Уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан гэсэн заалтыг баримталж хариу өгсөн болно. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын талаар урьд нь захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа болно.

Ийм учир Бугат сумын Засаг дарга Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн зохих заалтыг баримтлан цуглаан зохион байгуулагчид хууль ёсны хариу өгсөн болно.

...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэсэн зарчим алдагдаж, хуулийг буруу тайлбарлаж, буруу гаргасан шийдвэр гэж үзэж байна. Мөн бидний талаас анхан шатны шүүхэд гомдолтой холбогдох зарим нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн учир дахин нэмж оруулах шаардлагатай байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүсэх нь Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж үндэстэй шийдвэр гаргуулж өгөхийг хүсье. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Монгол ардын намын хороо нь 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар албан бичгээр жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүргүүлснийг тус сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 276 дугаар албан бичгээр ... бүх шатны шүүхийн шийдвэр М.Хийн талд гарсан тул танай намын жагсаал, цуглаан хийх тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. гэж цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо ... хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан гэсэн заалтыг баримталж хариу өгсөн болно. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын талаар урьд нь захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа болно. гэжээ.

Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д Нам энэ хуульд нийцүүлэн өөрийн онцлогт тохирсон зохион байгуулалтын бүтцийг төв, орон нутгийн түвшинд байгуулан ажиллуулна. гэж заасны дагуу байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Бугат сумын Монгол ардын намын хороо нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй гэж заасны дагуу тухайн орон нутагтаа тайван жагсаал, цуглаан хийж үзэл бодол, санал шаардлагаа илэрхийлэх эрхтэй байна.

Мөн хариуцагчийн хариу тайлбар болон давж заалдах гомдолд дурдсан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн жагсаал, цуглаан хийх эрхийг хориглох үндэслэл болохгүй бөгөөд анхан шатны шүүх ...өөрөөр хэлбэл цуглаан хийх газар нь мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан жагсаал, цуглаан хийхийг хориглосон газарт хамаарахгүй, хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авах зорилгогүй, эмх замбараагүй байдал бий болгох нь тогтоогдоогүй байх тул Бугат сумын Засаг даргын цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус болжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ