Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 110/ШШ2020/0049

 

             Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: Т.А  нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  Улаанхус сумын  улсын бүртгэгч Б.Б холбогдох;

 “А.Г Т.А, Ө.Г нарт үрчилснийг улсын бүртгэлд бүртгэж, төрсний гэрчилгээ олгохыг Улаанхус сумын улсын бүртгэгчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.АА, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Т.Агаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Т.А болон эхнэр Ө.Г бид хоёр 1994 онд албан ёсоор гэр бүл болсон билээ. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 106 дугаар захирамжийн дагуу Ахылбек овогт Гасырнурыг Т.А, миний эхнэр Ө.Г бид хоёр үрчлэн авсныг баталгаажуулан үрчлэлтийн бүртгэлийг Улаанхус сумын улсын бүртгэлийн байцаагчид зөвшөөрсөн үйл баримт тогтоогдсон билээ. Тухайн улсын бүртгэлийн  байгууллагын ажилтан материал дутуу байна гэдэг үндэслэлээр буцааж үрчлэлтийн гэрчилгээ олгоогүй. Тухайн үед миний бие уг асуудалд хайнга хандаж явснаас үрчлэлтийг бүртгэж,гэрчилгээ олгоогүй өдий хүрсэн билээ. Миний хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс үрчлэлтийг нөхөн бүртгэх шаардлагатай байна. Гэвч бүртгүүлэхээр дахин хандахад Улаанхус сумын улсын бүртгэгч нь хүүхэд үрчлэн авсан эх нас барсан гэдэг үндэслэлээр бүртгэхээс татгалзсан.

Улаанхус сумын Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 106 тоот захирамж нь одоо хүртэл хүчин төгөлдөр тул улсын бүртгэгч үрчлэлтийг бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль бус юм.  Улсын бүртгэгчийн  хууль бус эс үйлдэхүйн улмаас хүүхдийн эрх ашиг сонирхол зөрчигдөх ёсгүй юм.

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8, 57 дугаар зүйлийн 57.1, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасны дагуу хүү А.Гыг  Т.А, Ө.Г нар үрчлэн авсныг нөхөн бүртгэхийг Улаанхус сумын улсын бүртгэгчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улаанхус сумын улсын бүртгэгчийн үрчлэлтийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Улаанхус сумын иргэн Т.А, Ө.Г нарын үрчлэн авах тухай хүсэлт, мөн Гасырнурын төрсөн эцэг, эхийн үрчлүүлэх тухай зөвшөөрлийн үндсэн дээр Улаанхус сумын Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” 106 тоот захирамжийг гаргасан нь Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн байна”, 55.6-д “Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүсэлтээ гаргана”, 55.7-д “Сум дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх  тухай шийдвэрийг  20 хоногт багтаан гаргана” гэсэн заалтад бүрэн нийцэж байх ба ийнхүү хуульд заасан шаардлагыг хангасан нөхцөлд сумын Засаг дарга нь хүүхэд үрчлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх нь хуульд тусгагдсан. Улаанхус сумын Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Хүүхэд үрчлүүлэх тухай” 106 дугаар захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа.  Өмнө нь улсын бүртгэгч нь  материал дутуу гэх үндэслэлээр буцааж, үрчлэлтийн гэрчилгээ олгоогүй байсан ба тухайн асуудалд үрчлэн авагч эцэг, эх хайнга хандсаны улмаас үрчлэлтийг бүртгэж, гэрчилгээ олгогдолгүй өдий хүрсэн.

Иймээс Улаанхус сумын Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” 106 дугаар захирамж одоо хүртэл хүчин төгөлдөр учраас улсын бүртгэгчийн үрчлэлтийг нөхөн бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Улсын бүртгэгчийн хууль бус үйлдлийн улмаас хүүхдийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Гэр бүлийн  тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8-д “Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ”, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ гэж заасны дагуу хүү Гасырнурыг Т.А, Ө.Г нар үрчлэн авсныг нөхөн бүртгэхийг Улаанхус сумын улсын бүртгэгчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Улаанхус сумын улсын бүртгэгч Б.Бахытгүл шүүхэд ирүүлсэн  тайлбартаа:

Улаанхус сумны 7 дугаар багийн иргэн Т.А нь надад өнгөрсөн 2019 оны сүүлчээр хандаж би 2013 оны захирамжийг нас барахаас өмнө болгож болгож хүүхэд үрчлүүлсэн захирамж гаргуулаад авсан. Чи одоо  бүртгэж өгөөрэй гэж хэлсэн. Эхнэр нь болох Гүлжайна 2019 оны 08 дугаар сард нас барсан болно. 2013 оны захирамжийг эхнэр нь Гүлжайна амьд сэрүүн байхад яагаад бүртгүүлж, үрчлэлтийн гэрчилгээ аваагүй юм бэ. Надад өмнө нь эхнэр Гүлжайна нь амьд байх үедээ огт хүүхэд үрчлүүлэх талаар хандаж байгаагүй ба ямар нэгэн өргөдөл болон бусад материалаа бүрдүүлж өгч байгаагүй. Би 2013 оны захирамжийг огт харж байгаагүй. Тухайн үед гарсан хүүхэд үрчлүүлэх тухай захирамжуудыг иргэд газар дээр нь шийдвэрлүүлж, хууль журмын дагаа гэрчилгээг бичүүлж авдаг байсан. Тийм учраас нотлох баримт нь зөрчилтэй буюу эх нь өнөөдрийн байдлаар нас барсан тул 2013 оны захирамжийг үндэслэн нөхөн бүртгэл хийх боломжгүй.

Ийм учраас манай байгууллага болон улсын бүртгэгч миний бие уг үрчлэлтийн бүртгэлийг бүртгэхээс татгалзаж байгаа болно. Учир нь хүүхэд үрчлэн авах иргэд хоёулаа биечлэн ирэх ёстой. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг зөрчиж байгаа тул бүртгэхээс татгалзаж байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Улаанхус сумын Засаг даргын  2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 106 дугаар   “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар  Ахылбек овогтой Гасырнурыг Т.А, Ө.Г нарт үрчлүүлж, үрчлэгдсэн хүүхдэд холбогдох хууль тогтоомжийн  дагуу материалыг бүрдүүлж, бүртгэлийн ажиллагаа явуулахыг улсын бүртгэгч Б.Бахытгүлд зөвшөөрсөн[1] байна. 

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байна”, 55.6-д “Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана”, 55.7-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас[2]  үзэхэд  хүү Гасырнурыг үрчлүүлэх тухай  эцэг, эх болох Т.Ахылбек, Н.Асел  нарын зөвшөөрөл болон  үрчлэн авагч  Т.А, Ө.Г  нарын хүсэлтийг үндэслэн Улаанхус сумын Засаг даргаас хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийг гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтуудтай нийцсэн байна гэж үзлээ.

Хариуцагч Улаанхус сумын улсын бүртгэгч  Б.Бахытгүл  нь “...Би 2013 оны захирамжийг огт харж байгаагүй. ...Тийм учраас нотлох баримт нь зөрчилтэй буюу эх нь өнөөдрийн байдлаар нас барсан тул 2013 оны захирамжийг үндэслэн нөхөн бүртгэл хийх боломжгүй. ...Учир нь хүүхэд үрчлэн авах иргэд хоёулаа биечлэн ирэх ёстой. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг зөрчиж байгаа тул бүртгэхээс татгалзаж байгаа”  гэж тайлбарлаж, А.Гыг Т.А, Ө.Г нарт үрчилснийг  бүртгэхээс татгалзсан нь дараах байдлаар хууль бус байна.

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т улсын бүртгэгчийн эрх, үүргийг  хуульчилсан ба 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”  гэж  тус тус заасан, мөн  хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д зааснаар иргэний улсын бүртгэлийн төрөлд  үрчилсний бүртгэл хамаарч байна.

А.Гыг Улаанхус  сумын Засаг даргаас 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 106 дугаар захирамжаар Т.А, Ө.Г нарт үрчлүүлсэн нь дээрх байдлаар хуульд нийцсэн, өөрөөр хэлбэл  Гэр бүлийн тухай 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 16 дугаар зүйлийн 16.2-т заасан баримт бичгүүдийг үрчлэн авагчаас бүрдүүлж өгснөөр хүүхэд үрчлүүлэх тухай шийдвэр 2013 онд  гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[3] тогтоогдож байх тул хариуцагчийн захирамж тухайн үед гараагүй буюу нотлох баримт нь  зөрчилтэй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

2. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8-д “Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ”, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 11 дүгээр зүйлийн 11.6-д  “Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш  ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ” гэж тус тус  заасан.

Эдгээр зохицуулалтуудаас үзэхэд  улсын бүртгэгч нь  эрх бүхий этгээд болох сумын Засаг даргын  шийдвэрийг үндэслэн түүнийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор  үрчилсний бүртгэл хөтлөхөөр хуульчилсан,  энэхүү бүртгэл хийх  ажлын 1 өдөр нь улсын бүртгэгчээс бүртгэл хийхэд  хамаарах хугацаа юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] 2013 онд А.Гыг Т.А, Ө.Г нарт  үрчлүүлэх тухай Улаанхус сумын Засаг даргын шийдвэр гарсны  дараа уг шийдвэрийг сумын  улсын бүртгэгчид танилцуулсан, өөрөөр хэлбэл  хариуцагч Б.Бахытгүл нь хүүхэд үрчилсэн тухай шийдвэр гарсныг мэдсэн, уг захирамж гарснаас хойш 6 жил өнгөрсний дараа 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үрчлэн авагч эх Ө.Г нь нас барсан байх ба  2019 оны 12 дугаар сард үрчлэн авагч Т.А нь  үрчлэлтийг бүртгүүлэхээр улсын бүртгэгч Б.Бахытгүлд хандсан болох нь тус тус тогтоогдож байна.

Хэдийгээр хүүхдийг үрчлэн авагч эх Ө.Г нь нас барсан байх боловч  хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхөд  үрчлэн авагч эцэг, эхийг заавал байлцуулах зохицуулалт бүхий “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ыг баталсан Хууль зүйн сайдын 2015 оны А/193 дугаар тушаалыг  Хууль зүй, дотоод хэргийн  сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/207 дугаар тушаалаар хүчингүй болгож, уг тушаалын хавсралтаар “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ыг шинээр  баталжээ.

 Энэхүү шинээр баталсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 12.1-д “Үрчилсний бүртгэлийг хөтлөхөд Гэр бүлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтлах бөгөөд мөн хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрт үндэслэнэ”, 12.2-т “Хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхөд үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэгийг, эсхүл асран хамгаалах байгууллагын ажилтныг байлцуулна” гэж тус тус заасан. 

Улаанхус сумын  Засаг даргын 2013 оны 106 дугаар “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж нь хуульд заасан журмын дагуу гарсан  бөгөөд хүчинтэй байгаа, уг захирамжийн дагуу үрчлэлтийг бүртгүүлэхээр   үрчлэн авагч эцэг Т.Агээс  2019 оны 12 дугаар сард  сумын улсын бүтгэгчид хандсан ба хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхөд үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэгийг, эсхүл асран хамгаалах байгууллагын ажилтныг байлцуулахаар зохицуулагдсан байх тул үрчлэн авагч эх   нас барсан нь  А.Гыг  Т.А, Ө.Г нар үрчилж авсан үйл баримтыг үгүйсгэх, үрчилсний бүртгэл хийхээс татгалзах үндэслэл болохгүй гэж үзлээ.  

Дээрх байдлаар эрх бүхий этгээдээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу  хүүхэд үрчлүүлэх тухай шийдвэр гаргасан болох нь тогтоогдсон, уг шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгчээс үрчилсний бүртгэл хөтлөхөөр  хуульчилсан, ингэхдээ үрчлэн авч байгаа эцэг, эхийн аль нэгийг байлцуулан хүүхэд үрчилсний бүртгэл хөтлөхөөр зохицуулсан байх тул   хариуцагчийн “захирамж тухайн үед гараагүй, үрчлэн авагч эх нас барсан”  гэсэн үндэслэлээр А.Гыг  Т.А, Ө.Г нарт үрчилснийг бүртгэхээс татгалзсан нь үрчлэлтийн бүртгэлийн талаар зохицуулсан хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй хууль бус бөгөөд үрчлэн авагчийн болон хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  байна гэж шүүхээс  дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улаанхус сумын Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 106 дугаар  захирамжийн дагуу Ахылбекийн Гасырнурыг Т.А, Ө.Г нарт үрчилснийг улсын бүртгэлд бүртгэж, төрсний гэрчилгээ олгохыг Улаанхус сумын улсын бүртгэгчид  даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/  11 дүгээр зүйлийн 11.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ахылбекийн Гасырнурыг Т.А, Ө.Г нарт үрчилснийг улсын бүртгэлд бүртгэж, төрсний гэрчилгээ олгохыг Улаанхус сумын улсын бүртгэгчид  даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЕРКЕШ

 

 

 

[1] Хэргийн 2-р хуудас

[2] Хэргийн 30-32,35-36,38-43, 58-59, 62-63, 75-р хуудас

[3] Хэргийн  30-32, 35-36, 38-43, 44-50, 58-59, 62-63, 75-р хуудас

[4] Хэргийн 23, 30-32,33-34-р хуудас