| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зүмбэрэллхамын Шүрэнчулуун |
| Хэргийн индекс | 169/2021/0028/Э |
| Дугаар | ШЦТ/2021/28 |
| Огноо | 2021-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар ШЦТ/2021/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.Оргилболд
Хохирогч Г.Ж /цахимаар/
Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Дд холбогдох эрүүгийн ............ тоот хэргийг 2021 оны 03 сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ төрсөн, .... настай, ..... боловсролтой, ......... хамт ........ оршин суух, З овогт Г Д гэв. РД:/.........../
Шүүгдэгч Г.Д нь / яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Ж, Б.Б нарын биед халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
- Шүүгдэгч Г.Д мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Х манай найз байгаа юм. Х намайг найзуудтайгаа төрсөн өдөр тэмдэглэж байхад зодуулчихлаа гэхээр нь би тоогоогүй юм. Тэгсэн чинь намайг дуудаад ганц пиво авч ууя гэхээр нь би машинд нь суусан чинь сумын төв рүү хөдөлсөн. Х надад “би 3-4 залууд зодуулчихлаа” гээд хандаж “чи зодоод өгчих, би арыг нь даана” гэсэн. Тэгээд замд нөгөө залуучууд нь таарсан чинь Х намайг чи шууд зодчих гэхээр нь би тухайн залуучуудыг зодчихсон юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буруу үйлдэл гаргасандаа гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-69-70/
- Хохирогч Г.Ж шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед би найзуудтайгаа ажлаар Адаацаг суманд очсон байсан. Тодорхой хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Машинаас дөнгөж буунгуут Д, Н бид 2-ыг зодсон. Тэгээд буудалд унтаж байсан найзууд руу бас орж зодсон. Би тэр үед эмчид үзүүлэх гэтэл эмч нь Дтэй архи уугаад согтуу байсан. Одоо хамрын хагалгаанд орох шаардлагатай байгаа. Хамрын хагалгаанд орох зардлыг нэхэмжилж байна” гэв.
- Хохирогч Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020.06.13-ны өдөр Адаацаг сум руу Б, Ж, Н гээд 3 найзын хамт очсон. Тэгээд сагс тоглоод орой найзуудтайгаа хамт пиво уусан. Адаацаг суманд зочид буудалд хонохоор болоод байж байгаад хүнтэй уулзах болоод гараад би машин дотор унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь Б Х гэх залуутай муудалцаад эвлэрсэн байсан. Тэгээд Б бид 2 буудалд очоод унтаж байтал Д гэх залуу орж ирээд бид 2-ыг цохиж сэрээсэн. Тэгсэн Б гарч учраа олъё гээд гарцгаасан. Тэгээд буудлын гадаа гарч ирснээс хойш Д гэх залуу намайг гараараа нүүр лүү цохиод газар унагаад босож ирэхээр дахиад цохиж унагаагаад байсан. Тэр үед миний биед ил харагдах гэмтэл учраагүй байсан. Тэгээд байж байтал Н, Ж хоёр ирээд, намайг харахад Д гэх залуу нь Жийг цохиод газарт унагааж байсан. Би харилцан зодоон болгохгүй гээд Дийг болиулсан чинь намайг гараараа нүүр хэсэг цохиход би газарт унасан байхад миний нүүр хэсэгт өшиглөсөн. Тэгэхэд Дийг надаас Х бас нэг залуутай нийлж салгасан. Намайг өөр хэн нэгэн цохисон зүйл байхгүй. Манай найзуудын нэг нь намайг босгоход миний хөмсөг язраад нүүр цус болсон байсан. Тэгээд Х, Д болон тэнд байсан бусад хүмүүс явсан. Бид нар цагдаагийн газар очоод цагдаад мэдэгдэж эмнэлэгт үзүүлээд би хөмсөгнийхөө хажууд оёдол тавиулсан. Би гомдолтой байна, нүүрэндээ сорвитой болсон. Эмнэлгийн байгууллагад үзүүлж гарсан зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-14-15/
- Гэрч У.Нын: “...2020.06.13-ны өдөр Адаацаг сум орж тэндээ хэд хонох шаардлагатай болсон учраас зочид буудалд байрласан. Бид нар суманд байхдаа нэг сагс пиво авсан. Би машин барьж байсан болохоор архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэгээд орой манай найзууд наадмын талбайн хажууд хүнтэй уулзана гээд очиход бор шаргал өнгийн приус 20 маркийн машинтай хүмүүс байсан. Би Д, Б хоёрыг буудалдаа хүргэж өгөөд эргэж ирээд Жийг хамт явж байсан 2 эмэгтэйтэй нь хамт хүргэж өгөх санаатай явж байтал машины гэрэл туссан. Тэгэхээр нь зогсоод ирж байсан машиныг хүлээсэн чинь дотроос нь хэдэн залуучууд бууж ирээд жолооч талын хаалгыг нээгээд намайг нүүр лүү 2 удаа цохисон, мөн нэг удаа бөөр хэсэг рүү жийж өшиглөсөн. Манай найз Жийг машинаас буусан чинь нүүрэнд нь мөргөсөн. Тэгээд эргэж хараад намайг дахин цохисон. Хамт байсан нөгөө 2 эмэгтэй салгасан. Манай найзын хамраас цус гараад би цусыг нь тогтоолцож өгөөд сум руу ирэхэд нөгөө залуус араас ирж байсан. Цагдаагийн хэсэг байхаар нь үүдэн дээр нь очиход хаалга нь цоожтой байсан. Цагдаагийн хэсгийн гадаа машинаа орхиод байрлаж байсан буудал руугаа очих замд хүмүүс маргалдах чимээ гараад байсан. Очиход буудалд амарч байсан манай хоёр найзыг гаргаж ирээд хоорондоо маргалдаж байсан. Яваад очиход манай найз Б нэг залуу барьж аваад цохиж байсан, харин Д тонгойчихсон цээжээр нь тэвэрсэн байдалтай байсан. Би тэнд байсан залуучуудыг харсан чинь нэг залуу нь эрүүл архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй юм шиг харагдаад байхаар нь та нар одоо найз нараа салга л даа манай нэг найз хамар нь мурийчихлаа, одоо зодоон цохион хэрэггүй юм биш үү гэж хэлсэн харин тэр залуу одоо та нар боль гэж хэлээд байхад Д гэх залуу Жийг хоёулаа хэдэн үг солих уу гээд дагуулж яваад нүүр лүү 2-3 удаа угсруулаад цохисон. Ж газар ойчсон би тэр үед нь босгох гэтэл Быг нэг залуу нь цохиод Б хажууд унасан. Би тэр хүмүүсийг тус тусад нь хориглоод найз нараа босгоход Даг Д гэх залуу цохиж унагаасан. Тэгээд тэр залуучууд машиндаа суугаад явсан. Бид нар сумын цагдаагийн хэсэг дээр ирж уулзаад эмнэлэг орж Бын зүүн хөмсөгт 4 оёдол тавиулж Ж хамраа үзүүлсэн. Эргэж цагдаагийн хэсэг дээр ирж өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг /хх-20-21/
- Гэрч Б.Бын мэдүүлэг: “...Би 2020.06.14-ны шөнө найз нарынхаа хамтаар Адаацаг суманд ирээд байж байгаад сумын төвд зочид буудалд байрласан юм. Тэгээд сумын төвөөс зайтай хүнтэй уулзахаар болоод наадмын талбай дээр очсон. Би тэнд таньдаг хүнтэй таараад таарамжгүй харилцаанаас болоод маргалдсан. Манай найз гарч ирээд салгаад маргалдахаа зогсоосон. Харин манай найз Ж нөгөө Х гэх хүний машинд суугаад явахаар нь бид нар машинтайгаа арай зайтай араас нь дагаад явж байтал нөгөө машин нь манай найз Жийг 2 эмэгтэйн хамт буулгаад урагшаа чиглээд явсан юм. Бид нар уулзаад машин барьж явсан Н намайг болон манай найз Б байрлаж байсан буудалд хүргэж өгөөд машинтайгаа эргээд явсан. Бид 2 буудалд амарч байсан чинь намайг нэг хүн цохиод авах шиг болсон. Тэгээд сэрээд харсан чинь Д, Х нар байсан. Яагаад цохиж байгаа юм бэ гэхэд Х над руу дайраад байсан. Тэгэхээр нь би бүгдээрээ өрөөнд маргалдаад яах юм бэ гараад учраа олъё гэж хэлээд гарсан. Гэтэл гадаа гараад Х намайг шууд нүүр лүү цохисон, би ч Хг зөрүүлээд цохисон. Хг Д одоо боль гээд салгасан чинь Б Д нүүр лүү нь гараараа цохисон. Би дундуур нь ороод Д салгасан чинь Х над руу дайраад, намайг холдох үед Б Д очоод цохиж аваад нэг харсан Д газарт унаж байсан. Ер нь Д Б цохих болгонд газарт унаж байсан. Д Б нэлээд цохисон, цохих болгондоо нүүр лүү нь цохисон. Тэр үед надтай хамт явсан Ж, Н нар явган ирсэн. Х, Д хоёр бид нар луу дайраад байсан. Манай найз Ж, Д нарын нүүр цус болсон байсан. Гэтэл Д, Х нар машиндаа суугаад бүгдээрээ явцгаасан. Харин бид нар сумын цагдаагийн хэсэг дээр уулзаад, эмнэлэг орж Д хөмсгөндөө 4 оёдол тавиулж, Ж эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-23-24/
- Гэрч Б.А: “...Би 2020.06.13-ны өдөр Хтөрсөн өдрийг тохиолдуулж Х болон манай ангийн Ш, М, манай ихэр Х бид 5 гэрийн үүдэнд уулзсан. Тэгээд бид 5 наадмын талбай ороод байж байхад Ж над руу залгаад “хаана байна” гэхээр нь би энд байна гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь Ж, Н, Д, Б нар ирсэн. Тэгээд намайг бие засаад ирэхэд Б, Х хоёр хоорондоо маргалдаж байсан, очоод болиулахад Б Хнуруунд цохисон. Тэгээд бид нар юм яриад зогсож байгаад тэр хоёр эвлэрсэн. Тэгээд Хмашинд М, Х, Ж бид 4 суугаад сумаас гараад, Х хөдөө явна гэхээр нь би маргалдаад машинаас нь Ж, Х бид 3 буугаад үлдсэн. Тэгээд нөгөө хэдийг дуудаад Д, Б хоёр буудалд үлдсэн. Тэгээд бид нар хөдлөх гэж байтал Х, Д дагуулаад хүрээд ирсэн. Ирснийхээ дараа Жтой юм яриад сууж байсан чинь Д Ныг машинаас чирч гаргаад, Ж машинаас буусан чинь Д Ныг духаараа нүүр лүү нь мөргөсөн, дараа нь Жийг духаараа нүүр рүү нь мөргөсөн. Тэгсэн Ж, Н хоёр машинтайгаа сумын төв яваад өгсөн. Бид нар Хмашинд суусан чинь Д нөгөө хоёр найз дээр нь очно гээд шууд зочид буудал дээр ирсэн. Д Д, Б хоёрыг цохиж сэрээгээд буудлаас гараад муудалцаад байх шиг байсан. Д Б 2-3 удаа газар унагаасан. Тэр хоёрыг болиулаад байж байтал нэг мэдсэн Н, Ж 2 ирсэн зогсож байсан. Тэгсэн Д зүгээр зогсож байснаа Жийг цохиод авсан. Ахиад Б газар унатал нь нүүр хэсэгт нь цохиод Х, Ш хоёр Д салгаад тарцгаасан...” гэх мэдүүлэг /хх-28-29/
- Гэрч Б.Шийн: “...Тэр өдөр наадмын тайлбай дээр хэсэг найзуудын хамт байж байтал приус-20 маркийн машинтай 4 залуу ирсэн. Нэг нь Х бид 2-ын таних Б гэх залуу байсан. Б машинаасаа нэлээн согтуу бууж ирээд Х бид хоёртой мэндэлсэн. Б архи уухаараа ер нь бага зэрэг агсан, тавьтаргүй зантай тул Х бид 2 эвтэйхэн байхыг бодсон. Тэгээд Х Бод хандаж “найзууд чинь зарим нь согтуу байх шиг байна, асуудал гаргахгүй биз дээ” гэхэд Б уурлаад “манай найзуудыг юу гэж бодоод байгаа юм бэ” гэх утгатай үг хэлж байсан. Тухайн үед би бие засаад ирэхэд бага зэрэг муудалцах уур амьсгал орсон байсан. Б манай машины хажууд зогсож байсан, Х нь машин дотроо жолоочийн хажуугийн суудалд цонхоо нээсэн сууж байтал Б нэг гараараа Хнүүр хэсэг руу нь нэг удаа цохисон. Машинаас Бын найз болох Н, Ж нар бууж ирээд “одоо болно, найзууд чинь байна ш дээ” гээд хорьсон чинь Х машинаасаа буутал Х хөлөөрөө цээжин хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. Дараа нь Д машинаасаа бууж ирээд над руу цамцаа тайлаад агсарч дайраад байсан. Гэхдээ цохиж зодоогүй. Би өмнөөс нь огт дуугараагүй. Тэгээд Ж бид 2 солигдож суугаад бүгдээрээ буудал орохоор болсон. Буудлын гадаа очиход тэр хэд ирээгүй байсан. Гэтэл А миний утас руу залгаад М, Х хоёр хөдөө явна гээд явчихлаа Ж, Х бид гурав сумын зүүн урд байна гэхээр нь Б, Д 2-г буудалд нь үлдээгээд Н бид 2 тэр 3-ыг очиж авсан. Х угаасаа хөдөө найз руугаа явна гэж байсан тул явсан байх гэж бодсон. Тэгээд гудамжинд хүлээж байтал дөрвүүлээ ирсэн. Тэр хэд бууж ирээд Д ах Жийг машинд байхад нь 2 удаа цохих гэсэн. Тэгээд шууд буудал руу явцгаасан. Бид 4 араас нь дагаад буудал орсон. Х, Д, М бид 4 буудлын дотор ороход Д Б 2 унтаж байсан. Д тэр 2-т хандаж “миний дүү нар яагаад байгаа юм бэ” гараад ирцгээ гээд тэр 2-ыг дагуулж гаргаж ирсэн. Д ах эхлээд Быг “яасан том болчихсон юм бэ” гээд хацар луу нь 2 удаа алгадсан. Биеийнх нь дунд хэсэгт байхаа хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Д тэр 2-ыг салгах гээд дундуур нь ортол Д гараараа нүүр лүү нь мангасдаад буюу түлхээд унагаасан. Тэр хоёрыг нүүр лүү нэг удаа алгадсан. Ер нь Д хүн болгон луу дайрч салбаганаад байсан. Б Х “чи муу ахыгаа дуудлаа, чи надтай нэгийгээ үзчих” гэж дайрч ирээд Хнүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэр хоёр хоорондоо 2-3 цохилцож байхад нь салгасан. Тэр хооронд Д ах Б газар унагачихсан тонгойгоод зодож байх шиг байхаар нь Х Дийг болиулаад би араас бид 5 машинтайгаа явсан...” гэх мэдүүлэг /хх-30-31/
- Гэрч Ж.Д: “...2020.06.13-ны өдөр 4 залуу будалд орсон. Өөр хүн байгаагүй. Би өглөө гарах үед нь өрөөгөө шалгаж авсан. Буудлын эд зүйл эвдэрч, хохирсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-39/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 154 дугаартай: “Б биед хөмсгөнд язарсан шарх, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх-42-43/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 155 дугаартай: “Г.Жийн биед тархи доргилт, хамрын нуруу, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх-49-50/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76/
- Адаацаг сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-71/
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-83/
- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 сарын 16-ны өдөр хохирогч Б.Б, Г.Ж нарыг зодож бие махбодод нь халдсан үйл явдал болсон болох нь шүүгдэгч Г.Дийн мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б, Г.Ж нарын мэдүүлэг, гэрч У.Н, Б.Б, Б.А, Б.Ш, Ж.Д нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Б.Б нь шүүгдэгчид зодуулсны улмаас биед нь “хөмсгөнд язарсан шарх, зовхинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийг хохирол учирсан болох нь шинжээч эмчийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 154 дугаартай дүгнэлтээр,
Хохирогч Г.Ж нь шүүгдэгчид зодуулсны улмаас биед нь “тархи доргилт, хамрын нуруу, хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээч эмчийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 155 дугаартай дүгнэлтүүдээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Дийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Дийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Дийн үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч Г.Ж нь цаашид хамрын хагалгаанд орох шаардлага гэсэн боловч энэ талаарх баримтыг хэрэг ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин Г.Жийг цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэснийг үндэслэн цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 8 цагийг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч З овогт Г Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 8 цагийг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан авсан битүүмжлүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Ж, Б.Б нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ШҮРЭНЧУЛУУН