Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.Эрхэмбаяр Шүүгдэгч Г.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******ид холбогдох 2223000290051 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 32 настай эрэгтэй, халх, дээд боловсролтой, өрмийн оператор мэргэжилтэй, “*******” ХХК-д өрмийн мастер ажилтай , ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 1-30 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт *******ын ******* /регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч Г.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедэ2022 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн нутагт өөрийн эхнэр Б.*******тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Боржигон овогт *******ын ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн нутагт өөрийн эхнэр Б.*******тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Г.******* нүүрэн тус газарт нь гараараа цохисон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.*******ын “...2022 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө ..01 цаг 30 минутын орчимд ... ******* эгч бид нар руу муухай муухай үг хэлээд байхаар нь би түүнийг зөрүүлээд янхан гэж хэлтэл нөхөр миний нүүр рүү цохисон. ...” гэсэн мэдүүлгээр, Г.******* хохирогч Б.*******ын нүүрэн тус газар гараараа цохисныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Х.Энхжаргалын “...2022 оны 01 дүгээр сарын 23- наас 24-нд шилжих шөнө гэртээ 01 цаг 25 минутын орчимд ... ******* эгч сууж байсан газраасаа босч ирээд “чи яах гээд байгаа юм бэ, боль” гээд чанга дуугараад босоод ирэхээр нь хүргэн ах “чи цаашаа бай, яах гээд байгаа юм бэ” гээд зүүн талын нүд рүү гараараа цохисон. Тэгтэл хамраас нь цус гараад зүүн нүд нь тэр доороо хавдаад эхэлсэн...” гэсэн мэдүүлгээр, гэрч Х.*******гийн “...Манайд шинэ хүргэн Г.******* 2022 оны 01 дүгээр сарын 22-нд Завхан аймагт ирсэн. Тэгээд манай гэрт айлчин хийж оройн 18 цаг өнгөрч байхад ирсэн. Тухайн үед манай дүү Б.******* 2-3 лааз пиво ууж согтоод ширээн дээр байсан том шаазан аяга авч шидээд байхаар нь би дүүгээ тэврээд авсан чинь миний нүүр хэсэгт манай дүү толгойгоороо мөргөсөн байх би хэсэг ухаан алдаж байгаад ухаан ороод гараад явсан, гудманд дүүтэйгээ таарахад “танай нөхөр намайг цохисон” гэж хэлж байсан тухайн үед салхинд гарч яваад согтсон байна лээ. Манай гэрт Б.*******, Г.******* нар манай гэрт айлчин хийж ирсэн. Тухайн орой манай нөхөр Ш.*******, Б.*******, Г.******* бид нар 2.5 литрийн савтай Сэнгүр пиво уусан. Г.******* нь манай гэрт ирэхдээ нэг шил виски авч ирсэн. Тэр вискигээ манай нөхөр Ш.*******, Г.******* нар аваад гарсан хаана хэнтэй уусан талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлгээр, шүүгдэгч Г.*******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эхнэр *******тай 16 цагийн орчимд гадуур явж байхад төрсөн эгч ******* нь манай эхнэр рүү залгаад ирж пицца ид гэхээр нь хадам эгч *******гийн байсан газар болох “*******” караокед очсон. Бид хоёр тэнд нэг нэг лаазтай пиво ууж пицца идээд хэсэг юм ярьж сууж байгаад ******* эгчийн гэрт нь очихоор болоод 18 цаг өнгөрч байхад караокеноос гараад ******* эгчийн гэрт очиход түүний нөхөр ******* нь 3 хүүхэдтэйгээ байсан. Бид гурав замаараа дэлгүүр орж 2.5 литр хэмжээтэй 2 пиво авсан байсан. Тэдний гэрт очоод авчирсан пиво уугаад юм яриад сууж байсан. Тэгтэл манай эхнэр эгч *******тайгаа маргалдаад байхаар нь ******* ах хоёулаа гаръя гээд намайг дагуулаад гэрээс гарсан. Гадаа байж байгаад 1 цагийн дараа буцаад гэр рүү орох гэж байхад манай эхнэр гудамжинд алхаж байсан. ... Манай эхнэр ******* цаанаас орж ирэх гээд байхаар нь дахиад маргалдах байх гэж бодоод цаашаа бай гээд нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгтэл эхнэрийн хамаас цус гарахаар нь яасан юу болсон гэхэд намайг ойртуулахгүй. Намайг “яв зайл” гээд байхаар нь ******* эгч бид хоёр хадам ээжийн гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Г.*******, Б.*******ын нүүрэн тус газар нь гараараа цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 000000082 дугаартай “...1.Иргэн Б.*******ын биед гэмтэл учирсан байна. 2.Иргэн Б.*******ын биед хамрын хянга ясны хугарал, хамрын таславчны муруйлт, зүүн дээд зовхины дотор хэсэг, зүүн доод зовхинд цус хуралт хавдар, зүүн нүдний алимны гадна буланд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх үүссэн гэмтлүүд нь 2022 оны 01 дүгээр сарын 23-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 4.Дээрх гэмтлүүд нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 5.Иргэн Б.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь зэвсгийн чанартай эд зүйлээр үүсгэгдээгүй. 6.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 7.Цаашид биеийн эрүүл мэндэд ямар байдлаар нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 8.Иргэн Б.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсч хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Г.*******ийн хохирогч Б.*******ыг цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ. Шүүгдэгч Г.******* нь хохирогчийг цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Г.******* нь хохирогч Б.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Иймд Г.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Б.*******ын ”... гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Г.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнбусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээшүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийхариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй 15000 /арван таван мянга/ тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Г.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ