Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/30

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ

улсын яллагч А.Энхтуяа

шүүгдэгч Д.Алтанхундага

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В.” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Догиролын Алтанхундагад холбогдох эрүүгийн 2231000000025 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн тохижилт үйлчилгээний газарт ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 8-р баг, 3-р хэсэг 12-р байр 17 тоотод оршин суух хаягтай,  

Урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэгсийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авч байсан, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэнсэх ялыг 4 сар 7 хоногийн хорих ялаар сольсон

Боржигон овогт Догиролын Алтанхундага, РД:МЭ69102215

Холбогдсон хэргийн талаар, /яллах дүгнэлтэд дурьдсанаар/, :

Шүүгдэгч Д.Алтанхундага нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын  8-р баг, 3-р хэсэг 12-р байр 17 тоот буюу гэртээ хүү А.Ганзоригтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан өөдөөс нь гарын салаавч гаргасан гэх шалтгаанаар түүний хөл гар луу өшиглөн, гэрээс гарч явах үед нь араас нь очиж ноцолдож байхдаа хутгаар нүүрэн тус газарт нь зүсэж хамар, уруулд нь шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Алтанхундагыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Д.Алтанхундагын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Төрсөн хүүхдийнхээ өмнөөс хутга далайдаг ямар эцэг байх вэ дээ...” гэжээ

Шүүгдэгч Д.Алтанхундагын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Ганзориг 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр намайг согтуу байхад миний өөдөөс гарын салаавч гаргасан учир би 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ орж ирэхээр нь би “чи аавынхаа өөдөөс салаавч гаргалаа” гэж хэлээд загнасан. Тэгтэл бага хүү Ганзориг миний үгийг сонсохгүй гараад явахаар нь би араас нь гарсан юм.Тэгтэл Ганзориг нь орцоор гарч байснаа буцаж орж ирээд гэрийн хаалганы урд ирээд бид хоёр тэнд ноцолдсон юм. Тэгээд би хүү Ганзоригийн нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа мангасдаад цааш түлхсэн. Тэгсэн чинь Ганзориг цус гарчихлаа, цус гарчихлаа гэж хэлээд цааш явсан. Тэгэхээр нь би дотогш гэр лүүгээ орсон. Тэгээд эхнэр хүүхдүүд эмнэлэг яваад цагдаа нар манай гэрт ирсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,

Хохирогч А.Ганзоригийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...аав Алтанхундага нь араас орилж гарч ирээд намайг барьж авсан. Тэгэхээр нь би гараас нь мултрах зорилгоор ноцолдож байтал гартаа барьсан хүрэн өнгийн жижиг иштэй хутгаар миний нүүр хэсэгт зүссэн. Тэгтэл манай хажуу айлын Мөнхзаяа эгч гарч ирээд “Алтанхундага ах хүүхдээ хутгалчихлаа” гэж орилсон. Тэгээд би нүүр хэсэгтээ гараараа хүртэл миний гар цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Ш.Алтантуяагийн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Ганзориг гарах гээд хувцсаа өмсөөд байж байтал Алтанхундага нь Ганзориг руу дайрч хөл гар луу нь өшиглөсөн. Тэгээд Ганзориг хажуугаар нь зөрөөд гараад явтал Алтанхундага нь араас нь хөөж ирэн харанхуй коридорт хүү Ганзоригийг барьж аваад нүүрэн тус газар нь цохих шиг болсон. Юугаар цохисон болохыг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч .ГанхуягийАн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...би буцаад очтол дүү Ганзориг нь хамраа хөвөнгөөр дараад зогсож байсан, ээж Алтантуяа уйлчихсан, аав Алтанхундага гэр дотор сууж байсан. Тэгээд би ээж, дүүг аваад хувийн машинаараа эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

Гэрч Т.Мөнхзаяагийн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...2 жилийн өмнө архины хамааралтай этгээдийн судалгаанд байдаг байж байгаад архины албадан эмчилгээнд яваад сүүлийн 2 жилийн хугацаанд архи уухгүй байж байгаад 2021 оны 11 дүгээр сард эхлэн тасралтгүй ууж байгаа гэж ар гэрийн хүмүүс нь хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

Гэрч Э.Дөлгөөний 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Ганзориг гэх иргэний сэтгэл санаа тогтворгүй бөгөөд одоогийн байдлаар аавтайгаа харилцаа маш муу байгаа талаар тогтоогдсон. Мөн хохирогчийн хэлж байгаагаар Алтанхундага нь сарын хугацаатай согтууруулах ундаа хэрэглэж байгаа бөгөөд уусан үедээ хэрцгий догшин авиртай болдог гэсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

Гэрч О.Дэлгэрзаяагийн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Алтанхундага нь айл саахалт байх хугацаанд гэрийнхэнтэйгээ хэрүүл маргаан, зодоон цохион хийж, эхнэрээ зовоогоод байгаа харагддаг...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. А.Ганзоригийн биед хамар, дээд уруулд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.А.Ганзоригийн биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5,Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01-р хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 59-60 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03-09 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, /хх-ийн 68-78 дүгээр хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 79-80 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас, /хх-ийн 68-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 95-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Алтанхундага нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын  8-р баг, 3-р хэсэг 12-р байр 17 тоот буюу гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүү А.Ганзоригийг гарын салаавч гаргасан гэх шалтгаанаар хөл гар луу өшиглөн, хохирогчийг гэрээс гарч явах үед нь араас нь очиж ноцолдож байхдаа хутгаар нүүрэн тус газарт нь зүсэж хамар, уруулд нь шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь    

Шүүгдэгч Д.Алтанхундагын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Төрсөн хүүхдийнхээ өмнөөс хутга далайдаг ямар эцэг байх вэ дээ...” гэх мэдүүлэг, хохирогч А.Ганзоригийн “...аав Алтанхундага нь араас орилж гарч ирээд намайг барьж авсан. Тэгэхээр нь би гараас нь мултрах зорилгоор ноцолдож байтал гартаа барьсан хүрэн өнгийн жижиг иштэй хутгаар миний нүүр хэсэгт зүссэн. Тэгтэл манай хажуу айлын Мөнхзаяа эгч гарч ирээд “Алтанхундага ах хүүхдээ хутгалчихлаа” гэж орилсон. Тэгээд би нүүр хэсэгтээ гараараа хүртэл миний гар цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлтэд, А.Ганзоригийн биед хамар, дээд уруулд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн, А.Ганзоригийн биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, болсон үйл явдлын талаар өөрийн мэдэх зүйлээ  мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар энэ зүйлчлэлд оногдуулах ялын санкц нь “ Дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Д.Алтанхундагын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Хохирогч А.Ганзориг нь шүүгдэгч Д.Алтанхундагаас  хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Алтанхундага нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Алтанхундагад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Алтанхундага нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэдгээ мэдэгдсэн, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Д.Алтанхундагад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 6 сарын хугацаанд архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож  шийдвэрлэв.    

Энэ хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Алтанхундага нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

Шүүгдэгч Д.Алтанхундага урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Алтанхундагыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Алтанхундагыг  1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, сарын хугацаатай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 6 сарын хугацаанд архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Энэ гэмт хэргийн улмаас хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Алтанхундага нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ