Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/135

 

 

 

                                   2021/ШЦТ/135

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: С.Бичинхүү

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

              Шүүгдэгч: Ч.Д

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын 2002 оны Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Чийн Дт холбогдох 201603000295 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 02 сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн ................. газар оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг дах Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, Архангай аймаг дах сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсэгт зааснаар бүгд 13 жил 06 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн. Хэрэг хариуцах чадвартай, Б овогт Чийн Д/РД:АН............./

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ч.Д нь Д.Бтой бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн 02-14 тоотод оршин суух иргэн Н.Мын байшинд хууль бусаар нэвтэрч эрэгтэй хүний хурган дотортой дээл 2 ширхэг, элдсэн сур 6 ширхэг, 39 инчийн “Тошиба” телевизор, ДДЭШ-ийн хүлээн авагч, компьютерын дэлгэц, гар, маус, полиосон хазаар, бугуйн цаг зэрэг эд зүйл хулгайлж 4.237.000 /дөрвөн сая хоёр зуун гучин долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

              *Эрүүгийн 201603000295 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Н.Мын өгсөн:

“...Манайх зундаа мал маллан хөдөө байдаг юм. Манай нэг гэр Архангай аймгийн төвд байдаг. Манайх 2016 оны 06 сарын 14, 15-ны үед хөдөө гараад аймгийн төвд байх гэрээ цоожлоод хажуу айлын Гэрлээ гэдэг ахад эргэж тойрч байгаарай гэж захиад явсан байсан. 2016 оны 06 сарын 21-ний өдөр овооны наадам дээр явж байтал манай хүргэн ах Бадарч таараад танай гэрийн цонхийг хагалсан байна. Утсаар хэлэх гэсэн боловч утас чинь болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 06 сарын 22-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийн тампарын цонх нь хагархай, манай гэрийн хаалга цоожгүй онгорхой байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай байшингаас миний 2 ширхэг хурган дотортой дээл, 6 ширхэг элдсэн сур, 39 инчийн Тошиба маркийн Эл Си Ди зурагт, суурин компьютерын дэлгэц, гар, мауз, тасарсан байсан полиусан хазаар, кабелийн хүлээн авагч, 1 ширхэг бугуйн цаг зэрэг эд зүйлс алдагдсан. Би Д.Б гэгчийн сэжиглэж байгаа. Д.Б манайхыг хөдөө нүүхээс өмнө манайхаар орж гараад, миний алдсан адууг олж өгнө гээд худдаа яриад байдаг байсан. Манайхаас хулгай хийсэн манайхыг сайн мэддэг хүн бололтой байсан. Тэгээд л би Д.Быг сэжиглэж байна. Би дүгнэлтүүдтэй танилцлаа ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Д.Б манайхаар өмнө орж гардаггүй байсан. 2016 оны хавар л хааяа нэг орж гардаг болсон. Д.Б манайд хонодоггүй байсан. Би хонуулдаггүй байсан. Д.Быг өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэж байсанг мэдэх болохоор гэрийнхээ өрөөнүүд рүү оруулдаггүй байсан.Намайг байшиндаа ороход нэг давхарт манай зурагт, хүлээн авагч алга болсон байсан. Мөн гал тогооны өрөөний эд зүйлсийг оролдсон байсан. Давхарт авдарт байсан хурганы арьс нэг давхарт зочны өрөөнд байсан. Мөн зурагт байсан хананы тавилган дотроос миний бугуйны цагийг авсан байсан Бугуйн цагийн хажууд том зэс аяга байсан юм. Зэс аяга нь байсан. Байрнаасаа хөдөлсөн шинжтэй байсан. 2 Давхарт байдаг 2 авдрын цоожийг нь эвдээд онгойлгож дотроос нь зүйлс хулгайлсан байсан. Би Д.Быг гал тогооноос өөр өрөө рүү оруулж байгаагүй. Орж ирэхээр нь хажууд бараг сахиж сууж байгаад л гаргадаг байсан. Би гомдолтой байна. Алдагдсан эд зүйлсээ олж авмаар байна. Эд зүйлс нь олдохгүй бол мөнгийг нь олж авмаар байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 19-22 дугаар тал/,

 

*Хохирогч Н.Мын дахин өгсөн:

“...Би Ч.Д гэдгээс нэг ширхэг хурган дотортой дээлээ авсан байгаа. Өөр ямар нэгэн эд зүйл аваагүй байгаа. Надад хохирол төлөөгүй байгаа. Би тухайн үед хөдөө байсан. Б ахын хэлж байгаагаар хулгай орохын өмнөх өдөр хагарсан юм шиг байна лээ. Б ахыг шалгаж үзэхэд манай хаалга цонх цоожтой байсан гэсэн. Тэгэхээр энэ цонх хагарсанг хулгай орсонтой хамаагүй гэж бодож байна. Хүүхдүүд ч тоглоод хагалсан байж болно. Би гомдолтой байна. Үлдсэн эд зүйлсээ олдвол эд зүйлээр нь олдохгүй бол үнийн дүнтэй тэнцэх мөнгийг нь олж авмаар байна. Бас эд зүйлийн үнэлгээ гаргуулсан 30,000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 168-169 дүгээр тал/

 

            *Гэрч Э.Бгийн өгсөн:

            “...2016 оны 06 сарын 21-ний өдөр манай нөхөр Н.М овооны наадамд явна гэж яваад гэртээ ирэхдээ манай байшинд хулгай орсон юм шиг байна. Манай байшингийн цонх нь хагарсан байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид 2 маргааш өглөө нь буюу 2016 оны 06 сарын 22-ны хашаандаа байшиндаа орох гэтэл манай гэрийн тампарын цонх хагарсан, байшингийн гадна болон дотор хаалга онгорхой байсан. Тэгээд гэртээ ортол манай гэрт хулгай орсон шинжтэй манай гэрийн зурагт байхгүй болсон байгаа нь савыг уудалсан байсан. Манай байшингийн нэг давхараас зурагт, зурагтын кабелийн хүлээн авагч, мөн зурагт байдаг хананы тавилган дотор байсан манай нөхрийн бугуйн цаг, гал тогооны өрөөнөөс тасарсан полиусан хазаар, 2 давхраас 6 ширхэг элдсэн сур, 2 ширхэг хурган дотортой дээл, компьютерын дэлгэц, гар, мауз зэрэг эд зүйлс алдагдсан. Би Д.Быг сэжиглэж байгаа. Д.Быг цагдаа дээр хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэж сонсож байсан. Тэгээд Д.Б хавраас манайд орж гараад байдаг болсон. Манай гэрийг эзэнгүй байгааг мэддэг болохоор сэжиглэж байна. Д.Б манайд орж гардаг байсан. Байнга бол биш хавар хэсэг орж гардаг байсан. Д.Б хааяа нэг орж ирэхдээ гал тогоонд орж ирээд л гардаг байсан. Манай хананы тавилга дотроос юм авдаггүй байсан. Тэр өрөөнд ордоггүй байсан. Д.Быг хулгай хийдэг гэж мэддэг болохоор гэртээ хамаагүй байлгадаггүй байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 12-13 дугаар тал/

 

            *Гэрч Б.Аын өгсөн:

            “...Манай найз охин Нгийн аав Сын найз нь гэх Г гэдэг ах Д.С гэдэг айлд 2016 оны 06 сарын 20-ны үед ирчихсэн байсан. Тэр үед Г гэдэг хүн надад дагз хэсгээрээ тасарсан полиусан хазаар намайг авбал ав гээд өгч байсан. Би энэ хазаарыг тэр өдөр архи ууж яваад нэг газар хаясан юм шиг байна лээ. Эргээд олоогүй. Дагз хэсгээрээ тасарсан, жолоогүй, амгайгүй, хазаарын тархи л байсан. Нарийхан полиусан ороолттой байсан. Би энэ хазаарыг тэр өдөр Ч.Д ахтай хамт 1-р сургуулийн хажуу талын сааданд архи ууж байгаад тэндээ хаясан юм шиг байна лээ. Дараа нь эргэж хайгаад олоогүй. Ч.Д гэдэг хүн надтай хамт архи ууж байхдаа намайг авбал ав гээд өгсөн. Би ямар нэгэн мөнгө төлөөгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 70-71 дүгээр тал/

 

*Гэрч Л.Бийн өгсөн:

“...2016 оны 06 сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна. Би Архангай аймгийн төвд эмнэлэгт үзүүлэх гээд Д.Сын гэрт очоод байж байтал тэдний нэг танихгүй залуу байсан.Тэгээд тэр залуу надтай танилцъя намайг Ч.Д гэдэг би танд өөрийнхөө энэ дээлийг өгье гээд Д.Сын авдраас нэг боодолтой юм гаргаж ирээд задалтал дотроос нь улаан шаргал өнгийн хурган дотортой дээл надад гаргаж өгсөн. Тэгээд би тэр дээлийг аваад гэртээ авч ирж байлгаж байгаад цагдаад баригдсан. Надад хулгайн дээл гэж хэлээгүй. Харин би таньд өөрийнхөө дээлийг бэлэглэе гэж хэлсэн. Улаан шаргал гэмээр өнгөтэй, алхан хээтэй торгоор өнгөлсөн, 6 ширхэг мөнгөн товчтой, хурган дотортой дээл байсан. Би ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 73 дугаар тал/

 

*Гэрч О.Тийн өгсөн:

“...Манай дэлгүүрт 2016 оны 06 сарын 20-ны үед нэг овортойдуу царайтай, гэхдээ их хөгшин биш юм шиг хүн компьютерын дэлгэц, гар зэргийг 1 шил 0,75 литрийн ерөөл гэсэн архи, нэг хайрцаг улаан шонхор нэртэй тамхины барьцаанд тавиад эргэж авна гээд аваагүй. Мауз бол байгаагүй. компьютерын дэлгэц, гар л байсан. Эдгээр эд зүйлсийг барьцаанд тавьсан хүн эргэж ирэхгүй, утасны дугаар нь ч надад байхгүй. Тэгээд би өөрийн зарсан эд зүйлсийнхээ мөнгийг олж авахаар зарна гээд лангуун дээрээ ил тавьчихсан байсан. Энийг нэг охин сонирхоод байхаар нь 20,000 төгрөгөөр зарчихсан. Одоо тэр охинд байгаа байх. Би энэ охиныг танихгүй. Гэр нь манайхтай ойрхон байдаг байхаа байнга л орж гардаг юм. Би сайн мэдэхгүй байна. Содон шинж тэмдэг гэхээр зүйл байгаагүй. Хар өнгөтэй компьютерын дэлгэц, гар байсан. ямар маркийнх байсан эсэхийг мэдэхгүй байна. Яаралтай хэрэг гараад байна. Нэг шил архи, нэг хайрцаг тамхи аваад маргааш мөнгийг нь өгчихнө өө энэ компьютерын дэлгэц, гарыг түр барьцаанд орхичихье гээд эргэж аваагүй. Би хулгайнх гэж мэдээгүй. Би тэр болгон эд зүйлс барьцаанд аваад байдаггүй. Хулгайнх гэдгийг мэдэж байсан бол эд зүйл барьцаанд авахгүй байх байсан...” гэх мэдүүлэг/11-н хх-ийн 77-78 дугаар тал/

 

*Гэрч Д.Сын өгсөн:

“...Би хэдэн сарын хэдэн гэдгийг нь мэдэхгүй байна. Манайхаар хонох айлгүй гээд, ганц нэг хоноод явж байсан. Байнга амьдраад байсан зүйл бол байхгүй. Нэг удаа манайхыг нүүж байх үеэр согтуу ирчихсэн байсан санагдаж байна. Тэгээд тэрнээс хойш хаана байгааг нь мэдэхгүй байна. Уулзаагүй удаж байгаа. Би энэ талаар мэдэхгүй. Манайд хамт архи уугаад орж гардаг л байсан. Би хэдэн сарын хэдэн гэдгийг нь мэдэхгүй байна. Манайх нүүдэл хийгээд хашаанаас Баянбулагийн гол руу зусаж бууж байх үед Л.Б ах манайд ирчихсэн байсан. Тэр үед Ч.Д Л.Б ах нар хоорондоо танилцаад хамт архи ууж байгаад Ч.Д нэг хурган дотортой дээл бэлэглэлээ гэж Л.Б ах хэлж байсан. Би яг сайн хараагүй. Би энийг мэдэхгүй байна. Би хүнийг орж гарч байхад юу авч явааг хараад байдаггүй. Манайд лав гаднаас янз бүрийн хулгайн зүйл авч орж байсан удаа байхгүй. Манайд Ч.Д хааяа л нэг ирдэг байсан. Надад өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 80-81 дүгээр тал/

 

*Гэрч А.Нгийн өгсөн:

“...2016 оны 06 сарын 20-ны үед манай гэрийн ойролцоо байх Итгэл нэртэй хүнсний дэлгүүрт компьютерын дэлгэц, гар тавьчихсан хямдхан зарна гэж байсан. Би хэдэн сарын хэдэн гэдгийг нь мэдэхгүй байна. Би зүгээр ажилладаг юм байх гээд ашиглахаар авсан. Тэгтэл эвдэрхий ажилддаггүй юм байсан. Тэгэхээр нь би хог руу хаячихсан. Утас нь тасарсан болохоор ажилладаггүй юм байсан. 2016 оны 06 сарын 20-ны үед манайх Бор Толгой хорооллын 54-02 тоотод байсан. Үүнээс хойш манайх нүүсэн. Тэр хашаанд хогон дээр хаясан. Хогны машин ачаад явсан байхаа би зун нь хөдөө Булган суманд байж байгаад ирсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 82-83 дугаар тал/

 

*Гэрч Ч.Агийн өгсөн:

“...Ч.Д манайд 2016 оны 06 сарын үед хонох айлгүй гээд хааяа хонож байсан. Тийм олон хоногоор байгаагүй. Манай нөхөртэй хамт ял эдэлж байсан гээд таньдаг болохоор ирж байсан. Би энэ талаар мэдэхгүй. Манайд ийм зүйл авч орж ирж байгаагүй. Би энэ талаар мэдэхгүй байна. Манай охин А.Н дэлгүүрт хямдхан компьютер байна авмаар байна гээд надаас 20,000 төгрөг авч байсан. Тэгсэн тэр нь ажилладаггүй юм байхаар хаячихсан юм. Ч.Д дэлгүүрт тавьсан эсэхийг мэдэхгүй байна. Хүүхэд болохоороо л сонирхоод авсан байхаа. Би энэ талаар мэдэхгүй байна. Л.Б ах манайд нүүдэл хийж байх үеэр ирсэн байсан. Тэр үед бас Ч.Д манайд байсан. Гэхдээ би дээл бэлэглэсэн талаар нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 84-85 дугаар тал/

 

*Сэжигтэн Ч.Дын өгсөн:

“...Би Төв аймгийн Баян суманд байх Мааньтын хорих ангид ял эдэлж байгаад 2015 оны 04 сарын 27-ны өдөр суллагдан гарсан. Тэгээд би Улаанбаатар хотод болон Архангай аймгийн Цэцэрлэг сум 2-р багт амьдарч байсан. Тэгээд би 2016 оны 06 сарын 20-ны үед Архангай аймгийн төвд бичиг баримт хөөцөлдөхөөр орж ирсэн байсан. Би цахим үнэмлэх авахаар хөөцөлдсөн боловч миний регистрийн дугаарыг устсан байна гээд цахим үнэмлэх авч чадаагүй. Тэгээд шоронд хамт байсан Д.Сынд байхад Төмсөг Болдоо гэдэг хочтой залуутай танилцсан. Тэгээд Болдоо, Д.С бид нар хамт Д.Сын гэрт архи ууж байтал Болдоо 2-уулаа хамт урагшаа нэг айлд очоод ирье гэсэн. Энэ өдөр яг 6 сарын хэдний өдөр байсанг мэдэхгүй байна. Орой 22 цагийн үед Болдоо бид 2 хамт Цаг Уур хороолол гэх газар очоод 2 давхар байшинтай нэг айлын гадаа очсон. Болдоо намайг байж байгаарай гээд ороод ирье гэсэн. Тэгээд хэсэг удсаны дараа Болдоо намайг ороод ир гээд дуудахаар нь хашаагаар нь ороход хаалгыг нь онгойлгочихсон намайг дуудсан. Би байшинд яваад ортол 2 ширхэг хурган дотортой дээл, нэг зурагт, элдсэн сур, компьютерын дэлгэц, гар, тасархай полиусан хазаар, кабелийн хүлээн авагч зэрэг эд зүйлс гаргаад гал тогооны өрөөнд нь оруулчихсан байсан. Болдоо 2-уулаа эд нарыг аваад явъя гээд хэлэхээр бид 2 хамт эдгээр эд зүйлсийг хувааж аваад 2 тийшээ салаад явсан. Би Улаан өнгийн гадартай үстэй дээл, тасархай полиусан хазаар, 1 ширхэг элдэж эвхсэн сур, компьютерын дэлгэц гар зэрэг эд зүйлсийг авсан. Энэ шөнөө би Д.Сынд очиж хоносон. Д.Сынд орохдоо эдгээр эд зүйлсээ гэрийнх нь гадаа орхичхоод орсон. Намайг Сынд ороход унтацгааж байсан Д.Сынд байхад Архангай аймгийн Хайрхан сумаас Д.Сын хуурай ах нь гээд нэг ахад үстэй дээлийг нь бэлгэлчихсэн. Тасархай полиусан хазаарыг Сын хүргэн Анхаа гэх залууд өгсөн. Компьютерын дэлгэц, гар зэргийг нь Бор Толгой өгсөх замд байдаг нэг дэлгүүрээс архи аваад барьцаанд нь үлдээчихсэн юм. Нэг ширхэг элдсэн сурыг нь Архангай аймгийн зах дээр зарна гээд барьж явж байгаад нэг хөдөөний танихгүй залууд 20,000 төгрөгөөр зарсан. Тэгээд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант баг Ялаат гэх газар байхдаа хэсгийн төлөөлөгчдөө баригдаад ирсэн. Болдоо бид 2 Сынхаас гарахдаа хулгай хийхээр ярилцаагүй байсан Болдоо эхлээд нэг айлд очно гэж байсан. Тэгээд нэг айлын гадаа очоод намайг байж байгаарай гээд удалгүй намайг дуудаад орохдоо хулгай хийж байгааг нь мэдсэн. Намайг тэр айлын байшинд ороход Болдоо хулгай хийчихсэн хамт аваад явъя гэхээр нь хамт аваад явчихсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй нь миний буруу би тухайн үед яаж ч чадаагүй. Болдоо буюу Б бид 2 2 ширхэг үстэй дээл, 1 ширхэг зурагт, компьютерын дэлгэц гар, кабелийн хүлээн авагч, элдэж ороосон сур 3 ширхэг байсан санагдаж байна, амгаагүй, шил нь тасарсан полиусан хазаар зэрэг эд зүйлс хулгайлсан. 2 ширхэг хурган дотортой дээл байсан. Миний авдаг нь улаан өнгийн гадартай байсан. Нөгөө нь ямар байсанг мэдэхгүй байна. Хар өнгийн нимгэн дэлгэцтэй Эл-Сиди зурагт, мөн хар өнгийн компьютерын дэлгэц гар, элдэж эвхсэн сум 3 ширхэг байсан байхаа сайн санахгүй байна. Шил нь тасарсан, амгаагүй полиусан хазаар зэрэг байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор би сайн харж чадаагүй. Намайг хулгай хийсэнг мэдээгүй. Би эдгээр эд зүйлсийг гэрт нь орохдоо гэрийнх нь гадаа нуусан. Намайг гэрт нь ороход унтацгааж байсан. Би тэр хүнийг харвал таних байхаа. Нэрийг Улаан Туг гэж байсан санагдаж байна. Би тэр хүнд хулгайлж авсан гэж хэлээгүй. Хамт архи ууж байгаад бэлэглэж байна гээд өгчихсөн. Надад Бтой хулгай хийх зорилго байгаагүй. Би энэ дээлийг Д.Сынд хамт архи ууж байхдаа өгсөн. Д.Сын гэрийнхэн л байсан. Би тухайн үед Д.Сын хүргэн гэх залуутай хамт 1-р сургуулийн хажууд архи ууж байхдаа ав гээд л өгчихсөн юм. Хулгайнх гэж хэлээгүй. Анхаа энэ хазаарыг алга болгосон гэж байсан. Би энэ дэлгүүрийн нэрийг нь санахгүй байна. Худалдагчийг нь танихгүй. Архи аваад энийг түр орхиод үдээс хойш авчихна гэж хэлээд л өгчихсөн юм. Би сур зарсан танихгүй. Зах дээр л нэг хүн таараад авсан. Би энэ сурыг 20,000 төгрөгөөр зарсан. Надад одоо тодорхой байнгын оршин суух Архангай аймгийн төвд байхгүй. Надад өөрийн гэсэн гэр байхгүй. Найз нөхдийндөө амьдарч байгаа. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Архангай аймгийн Цэцэрлэг суманд найзынхаа малд явдаг байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 104-106 дугаар тал/

 

*Яллагдагч Д.Бын өгсөн:

“...Би Ч.Дтой Н.Мын байшингаас хулгай хийсэн. Эрдэнэбаярын 4 тооны Өд хэлэлгүй хамт хулгай хийсэн. Энэ хэрэгт Өы оролцоо байхгүй. Мөн Оын мотоцикль хулгайлсан нь үнэн. Н.Мын байшингаас 2 ширхэг үстэй дээл, 1 ширхэг зурагт, 3 ширхэг богинохон элдсэн сур, тасарсан байсан полиусан хазаар, зэрэг эд зүйл хулгайлсан. Өөр авсан зүйлгүй. Бусад эд зүйлсийг нь хулгайлаагүй. Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй. Хохирогч нарт хохирол төлбөр төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 46-53 дугаар тал/

*Яллагдагч Ч.Дын өгсөн:

“...201203000167 дугаартай Д.Б холбогдох хэрэгтэй миний хэрэг нэгдсэн байсан юм. Би Быг оргон зайлсан мөрдөн байцаалтад ирэхгүй байгаа гэж сонссон болохоор мөрдөгч дээр ирж уулзаагүй юм. Надад холбоо барих утас байхгүй, би ганц биеэрээ амьдардаг бөгөөд айлын мал харж тогтсон хаяггүй болохоор миний хэрэг тусгаарласан талаар би мэдээгүй. Би сүүлийн 2-н сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Рашаант суманд айлын мал харж байсан бөгөөд Цэцэрлэг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар намайг айлд мал маллаж байхад очиж авч ирсэн бөгөөд намайг эрэн сурвалжилж байгаа талаар надад хэлсэн. Би оргон зайлаагүй. Би өмнө мэдүүлэг өгөхдөө бичүүлж байсан Цэцэрлэг сум Туулант баг Ялаат гэх газарт оршин суух хаягтай гэж явдаг боловч уг хаяган дээрээ байдаггүй юмаа. Тийм болохоор би өөрийгөө эрэн сурвалжилж байгаа талаар мэдээгүй. Харин одоо Б нарт холбогдох хэргээс миний хэргийг тусгаарлаж намайг ганцааранг нь прокурор, шүүх рүү шилжүүлж байгаад би баярлаж байна. Хэргээ хурдан шуурхай шийдүүлмээр байна. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Одоо мөрдөгч, прокурор, шүүхийн дуудсан цагт байгаад байж чадна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 192-193 дугаар тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2016 оны 07 дугаар сарын 06-ны 253 дугаартай:

“...Бор шаргал өнгийн үйтэн хуаран гадартай эрэгтэй хүний хурган дотортой дээл, 7 ширхэг мөнгөн товчтой, Улаан өнгийн хас хээ бүхий гадартай эрэгтэй хүний хурган дотортой дээл, Элдсэн сур, 39 инчийн Тошиба зурагт, Ддэш-ийн хүлээн авах, компьютерын дэлгэц, гар, мауз, полиосон хазаар, эрэгтэй хүний бугуйн цаг зэрэг 10 төрлийн хөрөнгийн үнэлгээг 2016 оны 06 дугаар сарын байдлаар 4.237.000/дөрвөн сая хоёр зуун гучин долоон мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 28-29 дүгээр тал/  

 

*Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай: “...Хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан 3, 4 гэж дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. 4 дугаартай гарын мөр нь санд байгаа гарын дардастай тохирч байна. 4 дугаартай гарын мөр  нь Даваасүрэн овогтой Бын зүүн гарын эрхий хурууны гарын дардастай тохирч байна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 35 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 116 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

               Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Ч.Дт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2016 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн 02-14 тоотод оршин суух иргэн Н.Мын байшингаас эрэгтэй хүний хурган дотортой дээл 2 ширхэг, элдсэн сур 6 ширхэг, 39 инчийн “Тошиба” телевизор, ДДЭШ-ийн хүлээн авагч, компьютерын дэлгэц, гар, маус, полиосон хазаар, бугуйн цаг зэрэг эд зүйл хулгайд алдагдаж, түүнд 4.237.000 /дөрвөн сая хоёр зуун гучин долоон мянга/ төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ч.Д нь бусадтай бүлэглэн үйлдсэн болох нь хохирогч Н.Мын”...Манайх 2016 оны 06 сарын 14, 15-ны үед хөдөө гараад аймгийн төвд байх гэрээ цоожлоод хажуу айлын Гэрлээ гэдэг ахад эргэж тойрч байгаарай гэж захиад явсан байсан. Тэгээд 2016 оны 06 сарын 22-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийн тампарын цонх нь хагархай, манай гэрийн хаалга цоожгүй онгорхой байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай байшингаас миний 2 ширхэг хурган дотортой дээл, 6 ширхэг элдсэн сур, 39 инчийн Тошиба маркийн Эл Си Ди зурагт, суурин компьютерын дэлгэц, гар, мауз, тасарсан байсан полиусан хазаар, кабелийн хүлээн авагч, 1 ширхэг бугуйн цаг зэрэг эд зүйлс алдагдсан. Би Д.Б гэгчийн сэжиглэж байгаа. Д.Б манайхыг хөдөө нүүхээс өмнө манайхаар орж гараад, миний алдсан адууг олж өгнө гээд худлаа яриад байдаг байсан. Манайхаас хулгай хийсэн манайхыг сайн мэддэг хүн бололтой байсан. Тэгээд л би Д.Быг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг, гэрч Э.Бгийн ”...2016 оны 06 сарын 21-ний өдөр манай нөхөр Н.М овооны наадамд явна гэж яваад гэртээ ирэхдээ манай байшинд хулгай орсон юм шиг байна. Манай байшингийн цонх нь хагарсан байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид 2 маргааш өглөө нь буюу 2016 оны 06 сарын 22-ны хашаандаа байшиндаа орох гэтэл манай гэрийн тампарын цонх хагарсан, байшингийн гадна болон дотор хаалга онгорхой байсан. Тэгээд гэртээ ортол манай гэрт хулгай орсон шинжтэй манай гэрийн зурагт байхгүй болсон байгаа нь савыг уудалсан байсан. Манай байшингийн нэг давхараас зурагт, зурагтын кабелийн хүлээн авагч, мөн зурагт байдаг хананы тавилган дотор байсан манай нөхрийн бугуйн цаг, гал тогооны өрөөнөөс тасарсан полиусан хазаар, 2 давхраас 6 ширхэг элдсэн сур, 2 ширхэг хурган дотортой дээл, компьютерын дэлгэц, гар, мауз зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Аын ”...Д.С гэдэг айлд 2016 оны 06 сарын 20-ны үед ирчихсэн байсан. Тэр үед Г гэдэг хүн надад дагз хэсгээрээ тасарсан полиусан хазаар намайг авбал ав гээд өгч байсан. Би энэ хазаарыг тэр өдөр архи ууж яваад нэг газар хаясан юм шиг байна лээ. Эргээд олоогүй. Дагз хэсгээрээ тасарсан, жолоогүй, амгайгүй, хазаарын тархи л байсан. Нарийхан полиусан ороолттой байсан. Би энэ хазаарыг тэр өдөр Ч.Д ахтай хамт 1-р сургуулийн хажуу талын сааданд архи ууж байгаад тэндээ хаясан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг, гэрч Л.Бийн”...Би Архангай аймгийн төвд эмнэлэгт үзүүлэх гээд Д.Сын гэрт очоод байж байтал тэдний нэг танихгүй залуу байсан.Тэгээд тэр залуу надтай танилцъя намайг Ч.Д гэдэг би танд өөрийнхөө энэ дээлийг өгье гээд Д.Сын авдраас нэг боодолтой юм гаргаж ирээд задалтал дотроос нь улаан шаргал өнгийн хурган дотортой дээл надад гаргаж өгсөн. Тэгээд би тэр дээлийг аваад гэртээ авч ирж байлгаж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Тийн”...Манай дэлгүүрт 2016 оны 06 сарын 20-ны үед нэг овортойдуу царайтай, гэхдээ их хөгшин биш юм шиг хүн компьютерын дэлгэц, гар зэргийг 1 шил 0,75 литрийн ерөөл гэсэн архи, нэг хайрцаг улаан шонхор нэртэй тамхины барьцаанд тавиад эргэж авна гээд аваагүй. Мауз бол байгаагүй. компьютерын дэлгэц, гар л байсан. Эдгээр эд зүйлсийг барьцаанд тавьсан хүн эргэж ирэхгүй, утасны дугаар нь ч надад байхгүй. Тэгээд би өөрийн зарсан эд зүйлсийнхээ мөнгийг олж авахаар зарна гээд лангуун дээрээ ил тавьчихсан байсан. Энийг нэг охин сонирхоод байхаар нь 20,000 төгрөгөөр зарчихсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Сын”...Манайх нүүдэл хийгээд хашаанаас Баянбулагийн гол руу зусаж бууж байх үед Л.Б ах манайд ирчихсэн байсан. Тэр үед Ч.Д Л.Б ах нар хоорондоо танилцаад хамт архи ууж байгаад Ч.Д нэг хурган дотортой дээл бэлэглэлээ гэж Л.Б ах хэлж байсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2016 оны 07 дугаар сарын 06-ны 253 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 239 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Дын 2016 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Дыг бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухай гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тогтооно гэж заасан бөгөөд шүүгдэг Ч.Дын гэмт хэрэг үйлдсэн 2016 оны 06 сарын 21-ний үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс тус хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийг ангилалд хамаарч байгаа бөгөөд хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн тул хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналыг гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Ч.Д нь шүүх хуралдааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж түүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2019 оны 04 сарын 29-ний өдрөөс түдгэлзүүлж, шүүгчийг захирамжаар түүнийг эрэн сурвалжилж албадан ирүүлэхийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдэрлэсэн бөгөөд түүнийг 2021 оны 06 сарын 27-ны өдөр Цагдаагийн байгууллага олж ирүүлсэнээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дугаар зүйлд шүүхийн өмнөх шат болон шүүхийн шатнаас гэмт хэрэг үйлдсэн этгээд оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож, уг этгээд баригдсан буюу хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно гэж заасан байна. Иймд түүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа шүүхээс оргосон өдрөөс эхлэн зогсож, түүнийг баривчлагдан ирсэн өдрөөс үргэлжлүүлэн тоолох юм.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор заасан боловч шүүгдэгч Ч.Д нь урьд 2006 оны 09 сарын 18-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 06 сарын 23-ны өдрийн хуулиар оногдуулсан хорих ялаас хоёр жилийг өршөөн хассан байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд  Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэж заасан тул 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай  хуульд шүүгдэгч Ч.Д хамаарахгүй байна.

 

Шүүгдэгч Ч.Д болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал шүүгдэгч Ч.Дын хувьд тогтоогдохгүй байгааг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулж уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Мт нийт дөрвөн сая хоёр зуун гучин долоон мянган төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлоос шүүгдэгч Ч.Доос найман зуун ерэн найман мянга таван зуун төгрөгийг хохирол төлбөрийг аваагүй байгаа талаар хохирогч Н.М бичгээр хүсэлт ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч Ч.Доос найман зуун ерэн мянга таван зуун төгрөг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

              Шүүгдэгч Ч.Дын 2016 оны 09 сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 сарын 22-ны өдөр хүртэл, 2018 оны 10 сарын 24-ны өдрөөс 2019 оны 04 сарын 19-ны өдөр хүртэл, 2021 оны 06 сарын 27-ны өдрөөс 2021 оны 07 сарын 20-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 290 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь байна.

               

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Б овогт Чийн Дыг бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дыг эд хөрөнгө хураахгүйгээр 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дт оногдуулсан 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дын цагдан хоригдсон нийт 290/хоёр зуун ер/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Доос 898.500/найман зуун ерэн найман мянга таван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ........ оршин суух хаягтай, Майдар овогт Нийн М/РД:АД............/-т олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР