Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/163

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван,

 улсын яллагч В.Батдэлгэр,

 шүүгдэгч А.Т нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С овогт Аийн Тт холбогдох эрүүгийн 2031002130147 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт Аийн Т, Монгол улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах машинч мэргэжилтэй, Сүхбаатар депо-д туслах машинч ажилтай, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” сумын * дугаар баг, * дугаар хэсэг, **тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:******** /

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч А.Т нь 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” сумын 8 дугаар баг, 3 дугаар хэсэг, 30-26 тоотод хойд аав Ж.Птэй маргалдаж улмаар түүний дагзны зүүн хэсэгт няцарсан шарх, зүүн хацарт бага зэргийн хавантай зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Т нь 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” сумын 8 дугаар баг, 3 дугаар хэсэг, 30-26 тоотод хойд аав Ж.Птэй маргалдаж улмаар түүний дагзны зүүн хэсэгт няцарсан шарх, зүүн хацарт бага зэргийн хавантай зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч А.Тийн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Тийн өгсөн: “...Хохирогч манай ээжтэй суусан хүн байгаа юм.  Надаас 22-23 насаар ах хүн. 5 нас, 7 настай 2 дүүтэй....” гэх мэдүүлэг[1],

2. Хохирогч Ж.Пгийн 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А.Т миний нүүр, зүүн талын шанаа руу жижиг хэмжээтэй хөнгөн цагаан кострулиар нэг удаа цохисон. Дараа нь бид хоёрын ноцолдож байсан орны ард байсан цагаан өнгийн /ойролцоогоор 70-80 см урт бариултай/ алхаар миний нуруу руу 2-3 удаа цохисон.....” гэх мэдүүлэг[2],

 3. Хохирогч Ж.Пгийн 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд бид 2 маргалдаж Т хөнгөн цагаан 1,5 литрийн хэмжээтэй кострулиар нүүр болон толгойн зүүн талын шанааны хэсэг рүү нэг удаа цохиод авахаар нь би зөрүүлээд тухайн үед гэрт байсан арай том хэмжээтэй кострулиар Тийн толгой руу нэг удаа цохисон юм. Т бид хоёр ноцолдож байхад орны араар байсан хуцанцар, урт иштэй алхаар миний нуруу руу 2-3 удаа цохихоор нь би Тийг орон дээр унагааж дээрээс нь дараад байж байхад Т утсаараа нэг хүн рүү залгаад “хурдан хүрээд ирээч” гээд байсан. Тэгээд бид 2 хэрэлдэж маргалдахаа болиод байж байтал эхнэрийн төрсөн дүү, нэрийг нь сайн мэдэхгүй Төөгөө гэж дууддаг залуу ирсэн. Тэгээд болсон асуудлын талаар Төөгөөд хэлсэн чинь хажуугаас Т хэрүүл хийгээд байсан. Гэтэл Төөгөө босож ирээд “хүүхэд яаж байгаа юм бэ” гээд баруун гараараа миний зүүн шанаа руу 1 удаа цохиход би зөрүүлээд 1 цохисон. Тэгсэн чинь хажуугаас Т орж ирээд тэр 2 намайг орон дээр дарж унагаагаад Т, Төөгөө 2 нийлж миний нүүр болон толгой руу цохисон. Би дээшээ хараад нүүрээ гараараа хааж нэлээд эсэргүүцсэн юм. Тэр хоёр намайг нэлээн хэдэн удаа нүүр толгой руу цохисон. Удалгүй миний толгойноос цус гарсан чинь намайг зодохоо больсон...” гэх мэдүүлэг[3],

 4. Гэрч У.Бын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Ж.Пгийн байрны гадаа сууж байсан чинь Ж.Пгийн гэрт хүмүүс шуугилдаад байхаар нь санаа зовоод гэрийнх нь хаалгыг тогшсон чинь Ж.Пгийн дагавар хүүхэд хаалгаа онгойлгоод намайг түлхэж унагаагаад хөлөөрөө өшиглөсөн. Би архи уусан байсан болохоор сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Б.Аийн 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний нөхөр Ж.П бид 2 хамт амьдраад 8 жил болж байгаа. Бид хоёрын дундаас 2 хүүхэд гарсан. 7 настай Тэнгис, 5 настай Үлэмж гэдэг 2 хүүхэдтэй. Харин Т бол миний том хүү. Би Ж.Птэй анх хамт амьдарч, нэг гэрт ороход миний хүү Т 14 настай байсан. Ж.Птэй хамт амьдарч эхэлсэн цагаас хойш Ж.П миний хүү Ттэй таарамж муу, ялихгүй юмнаас хэрүүл гардаг. Тэгээд миний хүү нэг хэсэгт өвөөгийнх рүүгээ яваад өгдөг болсон. Энэ талаар Ж.Птэй миний хүү Ттэй өөрийн хүү шиг харьцах талаар олон удаа хэлж байсан. Ж.П архи уухаараа 1 сар орчим уудаг. Зан байдлын хувьд ширүүн зан авиртай учраас би хүүгээ хэрэгт орчих вий гэж хэлж байсан. Тийн хувьд зан байдлын хувьд дөлгөөхөн. Миний үгнээс гардаггүй. Архи тамхийг алийг нь ч хэрэглэдэггүй.Төөгөө буюу Гантөгс бол миний төрсөн дүү. Тухай үед хэрүүл, зодоон болох үед миний хүү Т “Ж.П ах намайг зодоод байна” гэж Гантөгс рүү утсаар ярьж хэлсэн. Тэгээд Гантөгс явж очиход хэрүүл, зодоон болоод дуусчихсан байсан гэсэн. Энэ талаар миний 94964371 дугаарын гар утас руу залгаад “Ж.П хүүхдийг чинь боосон байна, ирж учрыг нь ол” гэж хэлсэн. Тухайн үед би сонгуулийн хэсгийн хороонд ажиглагч хийж байсан болохоор очиж чадаагүй. Тэгээд над руу Гантөгс яриад “3 хүүхдийг чинь өвөөгийнд нь аваачиж өглөө” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Б.Гантөгсийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн өдөр би сонгуулийн ажилд явж байсан. 14 цаг 30 минутын үед манай эгчийн хүүхэд Т над руу залгаад “Ж.П ах надтай зодоон хийгээд байна. Та манайд хурдан хүрээд ирээч” гэхэд нь би ойрхон явж байсан болохоор эгчийн гэрт очсон. Тэгсэн манай дүү Т нүүр нь шалбарсан, хувцас нь шар тос болсон, гартаа төмөр коструул барьсан байсан. Тэгээд би юу болсон талаар Төөс асуухад “намайг ингээд зодчихлоо” гээд гартаа булан нь хонхойсон төмөр коструул барьсан байсан. Тэгээд би Ж.Пд “ажилтай хүүхдийг яагаад зодож байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Ж.П намайг “тэгээд юу гээд байгаа юм бэ” гэж хэлэхдээ миний зүүн шанаа руу баруун гараараа 1 удаа цохисон. Би цохих гэсэн чинь Ж.П орон дээр суугаад би хий цохисон. Тэгээд Ж.Пгийн гар утас дугарсан. Ж.П утсаар ярьж байхдаа “хүний хүүхэд хүрэн бөөртэй, намайг зодох гэж байна. Би энийг хотод байвал хэвтүүлнэ” гэж утсаар ярьсанд нь миний дүү Т уурлаад Ж.Пгийн цээж рүү нь хөлөөрөө 1 удаа жийж гараа толгой руу нь 2-3 удаа цохисон. Тэгээд би дүү Тийг салгаад 2 дүүтэй нь хамт гэрээс нь аваад гарахдаа эгч А рүү утсаар залгаад танай хүү Тийг Ж.П зодож нүүрийг нь шалбалсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[6],

7. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 203 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Ж.Пгийн биед дагзны зүүн хэсэгт няцарсан шархтай, зүүн хацарт бага зэргийн хавантай, зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[7],

8. Яллагдагч А.Тийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Ж.П миний өөдөөс тулж зогсоод байхаар нь би гараараа цээж рүү нь тулхэж холдуулсан чинь Ж.П гараараа миний цамцны захаар миний хоолойг боохоор нь би гарыг нь татаж тавиулсан. Тэгээд би утсаар ярих гээд утсаа гаргаж ирсэн чинь миний утсыг булааж аваад хана руу шидсэн. Тэгээд би утсаа аваад эргээд хартал Ж.П намайг төмөр никель кострулиар миний толгой руу цохисон. Тэгээд би ээжийн дүү Гантөгс ах руу залгаад болсон явдлыг талаар хэлсэн. Удалгүй Гантөгс ах орж ирсэн. Тэгээд Ж.Пгээс “юу болоод байгаа юм. Ажилтай хүүхдийг яаж байгаа юм” гэж хэлсэн чинь Ж.П хүнтэй утсаар ярьж байхдаа “хамаатнаараа нийлж дээрэлхээд, хүний хүүхэд хүрэн бөөртэй” гэж хэлж байснаа “хам нь хотод байвал сүвэлж байхгүй юу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад Гантөгс ахын урдуур ороод орон дээр хойшоо налахад нь би гараараа толгой болон дагз руу нь 4-5 удаа цохисон...” гэх мэдүүлэг[8],

9. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл болон тэдгээртэй холбоотой материал[9], 10. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[10], 11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 12. Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12],  13. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[13], 14.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол[14], 15.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын санал[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Тийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ж.П хавтаст хэргийн материалтай танилцахдаа шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч А.Тт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”; мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”; түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тт торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Т нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Аийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг А.Тт анхааруулсугай.

5. Шүүгдэгч А.Т нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 5-6 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 46-47 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 2-11 дүгээр тал

[10] Хавтаст хэргийн 43-44 дүгээр тал

[11] Хавтаст хэргийн 55 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 56 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 59-60 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 62 дугаар тал

[15] Хавтаст хэргийн 67 дугаар тал