Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/65

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,

улсын яллагч А.Энхтуяа,

шүүгдэгч С.Баатарчулуун,

түүний өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Түмэн овогт Самданхоролын Баатарчулуунд холбогдох эрүүгийн 2131003390004 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр баг, 4-04 тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Түмэн овогт Самданхоролын Баатарчулуун, /РД:ВЮ79110677/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.Баатарчулуун нь 2021 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр баг, Найрамдлын 4-4 тоотод оршин суух гэртээ согтуугаар эхнэр Б.Өнөрцэцэгийн нурууны баруун тал руу 1 удаа хутгалж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Баатарчулуун нь 2021 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр баг, найрамдлын 4-4 тоотод оршин суух гэртээ согтуугаар эхнэр Б.Өнөрцэцэгийн нурууны баруун тал руу 1 удаа хутгалж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.Баатарчулуун гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч С.Баатарчулуун шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутгагдаж байгаа, үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.[1]

2.Хохирогч Б.Өнөрцэцэг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний орой 17 цагийн үед ажлаа тараад нөхрийгөө “ирээд ав” гэж утсаар ярьтал манай нөхөр “Мээгий найз ирчихсэн байна, жаахан байж байгаад очьё” гэж хэлсэн. Удалгүй нөхөр ирээд бид 2 дэлгүүр ороод 0,75 шилтэй “Аураг” нэртэй архи авсан. Тэгээд гэртээ очоод байж байтал манай найз Шүрээ “хоол хийчихсэн байна, хүрээд ир” гэж утсаар ярьсан. Тэгээд нөхөрт хэлтэл “явахгүй” гэхээр нь “та 2 Шүрээгийн гадаа машин дотроо архиа уугаад сууж бай, би хоол идчихээд гараад ирье” гэж хэлсэн. Мээгийг найзууд нь дуудаад байна гээд Шүрээг дагуулаад явж Мээгийг хүргэж өгөөд 1 шил архиа уусан. Тэгээд дараа нь Шүрээ гэрт нь хүргэж өгөөд бид 2 харьсан юм. Манай нөхөр согтчихоод гэрээс гараад явсан. Би унтаж байтал шөнө 2-3 цагийн үед нөхөр орж ирсэн. Орондоо орохгүй байхаар нь гайхаад очоод нөхрийгөө татаад “унтаж, амраач” гэж хэлэхэд нөхөр босоод миний араар гартал миний ар нуруунаас халуун дүүгээд явчихсан юм. Тэгээд эргээд хартал манай нөхрийн гарт цустай хутга байсан ба манай нөхөр “би хүн алчихлаа” гээд цустай хутгаа хугалж байсан юм. Тэгээд манай нөхөр өөрийн төрсөн дүү Отгонцэцэг рүү яриад намайг эмнэлэг рүү явуулсан юм. Өмнө нь манай нөхөр намайг цохиж, зодож байгаагүй. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг[2],

3. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 427 дугаартай шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “Б.Өнөрцэцэгийн биед хэвлийн хөндийд нэвтэрч хатгагдсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 -д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарнагэх дүгнэлт[3], 4.Гэрч С.Оюунтөгс, Н.Энхбаяр, С.Энхтайван, Б.Эрдэнэчимэг, Д.Наранбаяр, А.Энхдэлгэр, Б.Бат-Оюун нарын мэдүүлэг[4], 5.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[5], 6.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[6], 7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7], 8.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[8] зэрэг бичгийн нотлох баримт болно.

     Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч С.Баатарчулуунд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Баатарчулуунаас хохирогч Б.Өнөрцэцэг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг үндэслэн түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч С.Баатарчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч С.Баатарчулуунд анхааруулсан болно.

Шүүгдэгч С.Баатарчулуун нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Түмэн овогт Самданхоролын Баатарчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баатарчулууныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баатарчулууны хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Баатарчулуунд анхааруулсугай.

5. Шүүгдэгч С.Баатарчулуун нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРГЭРЭЛ