| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2020/0023/З |
| Дугаар | 110/ШШ2020/0050 |
| Огноо | 2020-07-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 110/ШШ2020/0050
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Е,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга,
“Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаар захирамжийн хавсралтын 18 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай,
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Е, хариуцагч Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ахмарал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн С.Е миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 167 дугаар захирамжаар 5000 м.кв газрыг ойжуулах зориулалтаар 30 жилийн хугацаатайгаар эзэмшиж, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, 0404761 тоот газар эзэмших гэрчилгээ авсан билээ.
Дээрх хууль ёсоор эзэмшсэн газартаа 2013 оны 04 дүгээр сард торон хашаа татаж, худаг ухаж ус гаргасан бөгөөд хашааны манаачид зориулан бие засах газар барьж байгуулан зуны улиралд эсгий гэрээр манаач ажиллуулан, бургас модны үр суулган, мод ургуулж хамгаалан эзэмшиж газрыг төлбөрийг төлж байсан юм.
Гэтэл миний хууль ёсоор эзэмшиж, зориулалтын дагуу ашиглаж явж байсан, хашаалж хамгаалж байсан газрын эзэмших эрхийн гэрчилгээ болон захирамжийг Өлгий сумын Засаг дарга Х.Бахытхумар хууль бусаар хүчингүй болгосон байх бөгөөд тэрхүү хүчингүй болгосон шийдвэрийг миний бие 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус газрыг иргэн Х.Арманд шилжүүлэхээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт очих үеэр мэдээд тэр өдөрт нь аймгийн Засаг дарга А.Гылымханд хандаж гомдол гаргасан боловч өнөөдөр хүртэл гомдлын хариуг албан ёсоор өгөөгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм.
Миний эзэмшлийн газрын гэрчилгээ, захирамжийг хүчингүй болгосон Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 тоот захирамжийг хууль бус хэмээн үзэж байгаа учир нь,
Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх”, 4.2.3-т “ил тод, нээлттэй байх”, 4.2.5-т “шийдвэр нь зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх”, “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн захиргааны үйл ажиллагааны тусгаж зарчмыг зөрчсөн.
Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “...захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох” гэж заасан заалтыг зөрчсөн.
Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэсэн заалтыг, 32 дугаар зүйлийн 32.1-т “захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгч танилцах боломж олгох” 32.3-т “баримт бичигтэй танилцуулах ажиллагааг тухайн захиргааны байгууллага хариуцна” гэсэн заалтыг, 43 дугаар зүйлд заасан “захиргааны актыг мэдэгдэх” ажиллагааны талаар заалтууд тус тус зөрчигдсөн.
Иймд миний хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан газрыг зориулалтын дагуу ашиглаж, төлбөр төлж, хашаалж хамгаалж байхад үндэслэлгүй хүчингүй болгосон захиргааны акт гаргах бодит шаардлага үндэслэлийг надад урьдчилаад тайлбарлаагүй, мэдэгдээгүй, захиргааны акт гаргахаас өмнө сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрхээр хангаагүй гарах захиргааны шийдвэрийн төсөлтэй танилцуулаагүй, миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргасан талаар огт мэдэгдээгүй, захиргааны актыг албан ёсоор гардуулж өгөөгүй зэрэг захиргааны акт гаргах ажиллагааны маш олон алдаатай, Захиргааны ерөнхий хуулийн маш олон заалтыг зөрчсөн, миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хууль бусаар халдсан, иргэний эдлэх ёстой эрхийг эдлүүлээгүй үйлдэл нь илт хууль бус хэмээн үзэж Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дүгээр захирамжийн хавсралтын 18 дахь хэсгийг хүчингүй болгуулж, хавсралтаас хасуулах тухай шийдвэр гаргаж иргэний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгөхийг шударга шүүхээс хүсэж нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч С.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өлгий сумын Засаг даргын 165 дугаартай тогтоолоор Өлгий сумын 6 дугаар багаас 5000 м2 газар авсан. 2013 оны 4 дүгээр сард торон хашаа татаж, 9 метрийн гүнтэй худаг ухаж 2013-2014 онд тэнд зусаж суусан. Эдийн засгийн боломжгүй байсан тул 2 жилийн дотор ойжуулалт хийгээгүй, 2015 онд 15 ширхэг бургас мод тарьсан. Намар нь тэр хавийн айл өрхүүд мал оруулаад, хашааг сүйтгээд тарьсан мод сайн ургаагүй. 2019 онд торон хашаагаа сэргээж, 15 ширхэг чацаргана тарьсан. 2019 оны 4 дүгээр сард газрын татвар гэж 75.000 төгрөг төлүүлсэн гэв.
Хариуцагч Өлгий сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
С.Е нь 2012 онд эзэмшилдээ авсан газрыг 5 жилийн хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлж зохих журмын дагуу ашиглаагүй тул хүчингүй болгосон. Захирамжийг хүчингүй болгохоос өмнө Өлгий сумын газрын даамал Б.Аманбек, Т.Зангар нар С.Ед мэдэгдсэн болно.
Иймд С.Еын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч С.Е нь 2012 оны 11 дүгээр сарын сүүлээр 5000 м2 газрыг ойжуулах зориулалтай эзэмшсэн байна. Энэхүү газрыг 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй учир 2017 оны 4 дүгээр сарын сүүлээр 104 тоот захирамжаар эзэмшлийг хүчингүй болгосон. Зориулалтын дагуу ашиглаагүй иргэдийн судалгааг гаргаж, иргэдэд танилцуулж, өөрт нь мэдэгдсэн. Нэгэнт зориулалтын дагуу ашиглах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир гэрээг хүчингүй болгосон.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч С.Еоос хариуцагч Өлгий сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаар захирамжийн хавсралтын 18 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Өлгий сумын Засаг дарга нь нэхэмжлэгч С.Ед 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 167 дугаар захирамжийн[1] холбогдох хэсгээр Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс 5000 м2 газрыг ойжуулах зориулалтаар 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд уг захирамжийг үндэслээд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0404761 дугаартай гэрчилгээ[2] олгож, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг[3] байгуулсан байна.
Хариуцагч Өлгий сумын Засаг дарга нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дүгээр захирамжийн хавсралтын холбогдох хэсгээр[4] нэхэмжлэгч С.Ед ойжуулах зориулалтаар эзэмшүүлсэн 5000 м2 бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ, захирамжийн холбогдох хэсгийг тус тус Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан үндэслэлээр хүчингүй болгожээ.
Өлгий сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтны нэхэмжлэгч С.Етой байгуулсан газар эзэмших гэрээний хоёрдугаар зүйлийн “гэрээний нөхцөл” хэсэгт “ойжуулах” зориулалтаар гэж тусгагдсан байна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”-ээр газар эзэмшигчийн хүлээх үүргийг , 40 дүгээр зүйлийн 40.1.6-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус заасан.
Нэхэмжлэгч нь газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор тухайн газраа зориулалтын дагуу, тодруулбал, ойжуулах зориулалтаар ашиглаагүй, энэ нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хавсралтын холбогдох хэсгээр[5], шүүхээс хийсэн газрын үзлэгийн тэмдэглэл[6], 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр[7] тус тус батлагдсан.
Нэхэмжлэгчийн тайлбарласан дээрх үйл баримтуудаас дүгнэхэд гэрээ байгуулагдсанаас хойшхи хуульд заасан хугацаанд маргаан бүхий газрыг хашаалж, худаг гаргаж, бие засах газар барьсан байх ба үүнийг ойжуулах зориулалтаар газраа ашигласан гэж шүүхээс дүгнэх боломжгүй байна.
Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгох ба маргаан бүхий газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшихэд тухайн газар эзэмшигчээс үл хамаарах дээрх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, “хашааг сүйтгэж бусдын мал орсон”, “эдийн засгийн боломжгүй байдал” зэрэг нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан биш тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эзэмшлийн газраа 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, ойжуулалт хийх үйл ажиллагаа явуулаагүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр хуулийн дээрх заалтуудтай нийцсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч талаас хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргах үед Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж маргажээ.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасан.
Эрх бүхий албан тушаалтан буюу Өлгий сумын Засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг гаргах үед хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй болох нь нотлогдож байгаа боловч сонсох ажиллагааг хэрэгжүүлсэн нөхцөлд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нь эзэмшлийн газраа “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдлыг бий болгохгүй, захиргааны байгууллагаас гарах шийдвэрт нөлөөлөхгүй тул сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг баримтлаагүй үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй байна.
Иймд Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дүгээр захирамжийн хавсралтын С.Ед холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүхээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Еоос Өлгий сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаар захирамжийн хавсралтын 18 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША