Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 00149

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.Номин

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч Г.Алтансүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг

Шүүгдэгч Б.Батбилэг нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Орьгох овгийн Батцэрэнгийн Батбилэгт холбогдох 201614000310 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1.1. Орьгох овгийн Батцэрэнгийн Батбилэг, Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн Завхан мандал суманд төрсөн, 39 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Хабитатын 146 тоотод оршин суух, Завхан аймгийн шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 267.2-д зааснаар 9 сарын хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай. РД:ИЕ77012391

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

2.1. Шүүгдэгч Б.Батбилэг нь 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хабитатын 146 тоотод Г.Алтансүхийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Г.Алтансүхийн Би Оюунхишиг гэх эмэгтэйтэй 2014 оноос хойш уулзаж гэр бүл болох санаатай байгаа юм. Гэтэл 2016 оны 06 сарын 11-ний өдөр Оюунхишиг Эрдэнэ баг Хабитатын 146 тоотод хамаатныхаа ахын гэрт мод хөрөөдөж байна гэж хэлсэн. Тэгээд би хаягаар нь яваад очтол Оюунхишиг хашааны гадаа гарч ирээд арай болоогүй байна гэж хэлсэн. Тэгээд би нэг цагийн дараа дахин очтол хашааных нь хаалга онгорхой, Оюунхишиг хүмүүстэй архи, пиво уугаад сууж байсан. Би хаалганы хажууд зогсож байгаад Оюунхишигийг дуудаад явъя гэтэл явахгүй гэж хэлсэн. Тэгээд миний уур хүрээд янхан царайлаад хүмүүстэй архи уугаад байх юм, явъя гэж хэлтэл явахгүй гээд суугаад байсан. Тэгээд би Оюунхишигийн төрсөн ахын эхнэр Туяатай гудамжинд тааралдаад Оюунхишиг хүмүүстэй архи уугаад суугаад байна, хамт очоод авъя гэж хэлээд нөгөө айлд цуг очсон. Тэгээд Туяа эгч бид хоёр Оюунхишигийг аваад гэрт нь ирээд байж байтал Оюунхишиг гар утсаа мартчихсан байна гэж хэлсэн. Оюунхишигийн гэрт нь очих замдаа нэг том савтай пиво авсан байснаа уучихаад Оюунхишиг бид хоёр түлээ хөрөөдөж байсан айлд очсон. Оюунхишиг гар утсаа авахаар гэр рүү нь ороод би гадаа зогсож байтал Батбилэг гэдэг ах нь ор гэж хэлсэн. Би гэрт нь орж суугаад Та Оюунхишигээр түлээ хөрөөдүүлнэ гэж гэж хэлчихээд хамт архи уугаад байхдаа яадаг юм бэ? ах нь юм байж хамт архи уугаад түлээгээ хөрөөдүүлчихээд явуулчихгүй гэж хэлээд Батбилэг ахтай нь хальт маргалдсан юм. Тэгээд би босоод явах гэтэл Оюунхишиг явахгүй суугаад байхаар нь явъя гэж хэлээд толгой руу нь гараараа түлхтэл Батбилэг гэх ах нь босч ирээд миний зүүн хацар руу гараараа цохиод намайг газарт унах үед гэдэс рүү өшиглөөд зүүн хацар толгойн хэсэг рүү дэвссэн. Тэгээд нэг хэсэг би манараад гэрээс гараад явсан. Хэн нэг нь цусаа угаа гэж хэлээд байсан гэсэн мэдүүлэг. хх-ийн 10 дугаар хуудас

 

2. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 453 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Г.Алтансүхийн биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, хамрын ясны хугарал, зүүн нүдний салстад цус харвалт, хоёр нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдэд цус хуралт зулгаралт зэрэг гэмтлүүд үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлийн улмаас үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Бүгд шинэ гэмтэл байна. хацар ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал зүүн нүдний салстад цус харвалт, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, хамрын ясны хугарал зүүн нүдний салстад цус харвалт, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын нуруу зүүн хацарт зөөлөн эдэд цус хуралт нь хамрын ясны хугарал, зүүн хацар ясны хугаралтай шалтгаант холбоо бүхий гэмтлүүд болно гэсэн дүгнэлт. хх-ийн 22 –р хуудас

 

3.Гэрч Амардэлгэрийн Түлээ хөрөөдөж өгсөн эмэгтэй нь хамт орж ирсэн залуутайгаа Батбилэгийн гэрт маргалдаад эхэлсэн. Нөгөө залуу нь тэр эмэгтэйг дагуулж явах гээд эмэгтэй нь явахгүй суугаад байсан. Тэгтэл нөгөө согтуу залуу хамт явж байсан хүүхнээ мангасдаад татаж чангаагаад байсан. Тэгтэл Батбилэг уурлаад та нар гэр оронд хэрүүл хийлээ гэтэл нөгөө залуу нь Батбилэг рүү дайраад архи дарс ууж идлээ гээд байсан. Тэгээд Батбилэг нөгөө согтуу залууг барьж аваад нүүрэн тус газарт нь хоёр удаа цохитол хамраас нь цус гарчихсан гэсэн мэдүүлэг хх-ийн -27-р хуудас

 

4. Гэрч Т.Эрдэнэбаярын Оюунхишиг гэх Батбилэгийн хамаатны эмэгтэйг дуудсан юм. Оюунхишиг цахилгаан хөрөөтэй, түлээ хөрөөддөг юм билээ. Ингээд Оюунхишиг Батбилэгийн гэрт түлээ хөрөөдөж байх үед нэг машинтай хүн гэрийн гадаа ирээд Оюунхишигийг дуудаад байсан. Оюунхишиг би завгүй байна, дуусаагүй байна гэж хэлж байсан. Тэгтэл удалгүй машинтай залуу ирээд пизда минь, янхан минь гэж дуудсаар Оюунхишигийг аваад явсан. Тэгтэл Оюунхишиг гар утсаа Батбилэгийн гэрт цэнэглээд мартсан байсан бөгөөд удалгүй нөгөө залуутай хүрээд ирсэн. Батбилэг бид хоёр Амардэлгэр гэх Батбилэгийн хөршийнд хамт хоол идээд, нэг шил архи задлаад сууж байсан юм. Оюунхишиг гэх эмэгтэй түлээ хөрөөдөж дуусаад 1 лааз пиво уугаад явсан боловч гар утсаа авахаар эргэж ирэхдээ нөгөө залуугийн хамт нилээн халамцуу орж ирсэн. Тэгээд Оюунхишиг гар утсаа аваад зогсож байтал хамт явж байсан залуу нь Оюунхишигийг хэл үгээр доромжилж, хараалын үг хэлээд байсан. Оюунхишигийг авч явах гээд нөгөөх нь явахгүй суугаад байсан. Гэтэл нөгөө залуу нь Оюунхишигийг толгой руу нь цохиж, нүүр рүү нь мангасдаад байсан тул Батбилэг уурлаж та нарын хэрүүл хйидэг газар биш, явцгаа гэж хэлсэн боловч явахгүй гэрт нь маргалдаад байсан. Гэтэл тэр залууг Батбилэг барьж аваад нүүрэн тус газарт нь хоёр удаа алгадтал хамраас нь цус гарсан гэсэн мэдүүлэг. хх-ийн 27-р хуудас

 

5. Гэрч Д.Оюунхишигийн Батбилэг ах намайг өмөөрөөд цохисон юм. Үүнээс өөр тэр хоёрын дунд маргалдаж шалтгаан байгаагүй. Өдөр нь намайг модоо хөрөөдөж дуусгаад явъя гэхэд Алтансүх янхан явъя гэж хэлсэн. Энэ үгэнд нь Батбилэг ах эмзэглэсэн байх. Дараа нь Батбилэг ах Алтансүхийг цохих үедээ маргаж байхад нь би юу гэснийг сонсоогүй гэсэн мэдүүлэг хх-ийн 28-р хуудас болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.Алтансүх мэдүүлэхдээ  миний эмчилгээний зардалд нийт 1 600 000 төгрөг төлсөн нь үнэн. Цаашид хагалгаанд орох эсэхийг эмчид үзүүлж шийдвэрлэнэ. Одоо эмчилгээ хийлгэх мөнгөгүй байна. Хохирлын баримт одоогоор байхгүй. Миний хувьд гомдолгүй гэж хэлмээргүй байна. Эвлэрэх эсэхээ мэдэхгүй байна гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг мэтгэлцэхдээ  Шүүгдэгч Б.Батбилэг нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэхгүй. Батбилэг нь урьд ял шийтгүүлсэн боловч ялгүйд тооцох хугцаа өнгөрсөн. Хохирогчийн эмчилгээний зардлыг цаг тухайд нь өгч нийт 1 600 000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй. Иймд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулж уг ялыг тэнсэж хянан харгалаж өгнө үү гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Батбилэг нь 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Хабитатын 146 тоотод Г.Алтансүхийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгч Б.Батбилэг нь урьд ял шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцох хугацаа өнгөрсөн байх тул түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэж шүүгдэгчид оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Г.Алтансүх нь цаашид гарах эмчилгээний зардал, цалин орлогын талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 201614000310 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Орьгох овгийн Батцэрэнгийн Батбилэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Б.Батбилэгийг 1 хоёр жил 3 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Батбилэгт оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Алтансүх нь цаашид гарах эмчилгээний зардал, цалин орлогоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Батбилэгт оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батбилэгт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.АЛТАНГАДАС