Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00011

 

2021           01            06                                          001/ХТ2021/00011

 

 

 

..........ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/00682 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 105 дугаар магадлалтай,

 

..........ны нэхэмжлэлтэй

..........д холбогдох

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 292.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч ..........ын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч .........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ..........ны гүйцэтгэх захирал С.Баттуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..........хороолол байгуулагдсан цагаас эхлэн хорооллын дундын өмчлөлийн зүйлийн хадгалалтыг хэрхэх талаарх асуудал оршин суугчид дунд чухал асуудал байсан. Мөн тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна гээд 15.1.1 дэх хэсэгт орон сууцны байшингийн хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэг дүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны хонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж дундын өмчлөлийн эд хөрөнгийг нарийвчлан тогтоож өгсөн байдаг. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын зорилго нь оршин суугчдыг ая тухтай орчинд амьдруулах, дундын өмчлөлийн эд зүйлс хулгайд алдагдах, элдэв халдлагаас хамгаалахад оршдог. 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ..........ны удирдах зөвлөлийн хурлын 2 дугаар тогтоолын дагуу 24 цагийн харуул хамгаалалтын албатай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Үүний дараагаар 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан бүх гишүүдийн хурлаас оршин суугчдын саналын дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын асуудлыг үргэлжлүүлэн тусгай харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Учир нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг оршин суугч хамгаалах боломжгүй, хулгайд алдах болон халдлагад өртсөн тохиолдолд хариуцах эзэнтэй байлгах болон оршин суугчдыг аятай таатай нөхцөлд амьдруулах үндсэн зорилготой байдаг. Уг хурлаар шийдвэрлэгдсэн асуудлын дагуу 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ..........ны бүх гишүүдийн хурлын №1 тогтоол гарсан. Уг тогтоолоор харуулын албаны хөлсийг айл бүрт ижил тэгш хэмжээгээр хуваарилан үргэлжлүүлэн нэг сарын 7.500 төгрөгөөр буюу өмнө нь мөрдөж байсан хэмжээгээр тогтоосон байдаг. ..........хорооллын 104 дүгээр байрны 57 тоот хаягт оршин суух .......... нь 2016 онд 90.000 төгрөг, 2017 онд 90.000 төгрөг, 2018 онд 90.000 төгрөг, 2019 онд 22.500 төгрөг нийт 292.500 төгрөгийн харуул хамгаалалтын хөлсийг төлөх үлдэгдэл үүсээд байна. Харуул хамгаалалтын албаны хөлсийг айл бүрт ижил хэмжээгээр хуваарилдаг учир нэг айл, нэг сард уг хөлсийг төлөөгүй тохиолдолд харуул хамгаалалтын албанд төлөх ёстой мөнгө хүрэхгүй нөхцөл байдал үүсч ..........-ны үйл ажиллагаанд ихээхэн хүндрэлтэй байна. Иймээс ..........аас ..........хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын хөлс болох 292.500 төгрөг гаргуулан ..........нд олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч .......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ..........хотхонд 2015 оноос эхэлж амьдарч байгаа. Урьд нь Улаанбаатар хотод амьдарч байсан. Улаанбаатар хотод амьдарч байхдаа ..........хотхонд төлдөг шиг ийм хэмжээний хөлс төлөөд, үүнээс илүү үйлчилгээ авч байсан. Би энэ тухай ..........-нд харуул хамгаалалтаа сайжруул гэдгийг ..........-ны даргад нэг биш удаа хэлж байсан. Харуул хамгаалалтын ажилтанд ч хэлсэн. ..........-ны дарга ямар нэгэн асуудлыг хэрүүлийн чанартай хүлээж авдаг. Харуул хамгаалалт огт сайжраагүй. Би 7.500 төгрөгтөө тохирсон үйлчилгээ авах ёстой. 7.500 төгрөг гэдгийг хэн тогтоосон юм бүү мэд. Миний сонссоноор 40 айл байгаад түүний 20 айл нь хуралдаж шийдсэн юм шиг байгаа юм. 2016 онд хуралд орж хэлье гэхэд хурал нь болоогүй. Тоглоомын талбайд гадны хүүхдүүд ирж тоглодог. Орцонд шөнөжин нохой хуцаад унтуулдаггүй, машин хаагаад зогсчихдог. Өглөө хүн ажилд явах гэтэл машиныг нь хаагаад тавьчихсан болохоор нөгөөдүүл нь сигналдана. Тэгээд унтаж байсан хүүхэд, хөгшчүүл сэрээчихнэ. Би энэ талаар ..........-ны дарга, харуул хамгаалалтын ажилтанд хэлэхэд огт хүлээж аваагүй. Тэнд байгаа камер нь шаардлага хангахгүй. Харуул хамгаалалтын албанд нь дандаа тэтгэврийн хүмүүс байдаг. Хамгаалж байгаа бол хамгаалсан шиг хамгаалах хэрэгтэй. Хүүхдийн тэрэг, унадаг дугуйг харахгүй. Өөр юу харах гээд байгаа юм бэ? 2015 оноос хойш энэ .......... яг ийм зүйл хийлээ гэдэг зүйлийг би нэг ч хараагүй. Хүүхдийн тоглоомын талбай цементээрээ байна. Хүүхдийн савлуурын доор резинэн юм тавьчих гэж хэлдэг. Орцны цэвэрлэгээ маш муу, ариун цэврийн шаардлага хангахгүй. Орцны гэрэл байнга шатдаг. Шаардлага тавихаар хүн явуулсан байгаа л гэдэг. Орцонд солиотой, сэтгэцийн өвчтэй хүн хүүхэд, эмэгтэйчүүдийг айлгадаг. ..........-ны хурал бол хуулиндаа жилд дор хаяж нэг удаа хуралдах юм байна лээ. Бичгээр санал авахыг тооцдоггүй юм байна, хуралд оролцохгүй бичгээр санал өгсөн хүмүүсийн тоо бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж хуульд заасан байна. Албан ёсны хурал нэгч болоогүй. Би төлсөн үнэндээ хүрсэн үйлчилгээ авахгүй байгаа болохоор хагас жил төлөөд дахиж төлөөгүй. Би өөрийнхөө санал бодлыг зөндөө хэлж байсан. Ерөөсөө хүлээж авдаггүй. 2013 оны ..........-ны хурлыг хэлээд байна. Тэр үед нийт 19, 20 хүн хуралд хамрагдсан гэж яриад байна. Хуульд зааснаар 2013 оны хурал, 2016 оны хурал бүгд хүчин төгөлдөр биш, бүх гишүүдийн 50 хувиас дээш хувь нь оролцож байж асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/00682 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.5, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ..........ны нэхэмжлэлтэй хариуцагч ..........д холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 292.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9.425 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 105 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/00682 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.5, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ..........ны нэхэмжлэлтэй хариуцагч ..........д холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 292.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3., 148.3., Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3., 13.2.9.,-д зааснаар хариуцагч ..........аас харуул хамгаалалтын хөлс 292.500 төгрөг гаргуулж ....................-д олгосугай гэж өөрчилж,  Шийдвэрийн 2 дугаар заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9.425 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй гэсний дараа ..........аас Улсын тэмдэгтийн хураамж 9.425 төгрөг гаргуулж ....................-д олгосугай гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.725 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч .......... хяналтын гомдолдоо: Шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, өмнөх шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулж үзээгүйн улмаас үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй учир давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах /жишээ нь: 2016 оны бүх гишүүдийн хурал гэх нь анхандаа санал асуулга нэртэй байсан одоо бүх гишүүдийн хурал нэртэй болсныг судалж үзээгүй. 2013.08.26-нд болсон ..........-ны хуралд нийт 75 оршин суугч айл байснаас 20 айл оролцож шийдвэр гаргасан 101, 102-р байрууд нь 2012 онд ашиглалтанд орсон. Манай 104-р байр 2014 онд ашиглалтанд орсон. 2014 онд 104-р байранд орсон 60 оршин суугч яагаад 20-н хүний ирцтэй болсон хурлын шийдвэрийг дагах ёстой гэж. 2016.01.30-нд болсон гэх ..........-ны хурал нь анхандаа санал асуулга /ажил сайжруулах зорилгоор/ одоо болохоор бүх гишүүдийн хурал болчихоод явж байна. Уул нь хурал нь 14 хоногийн мэдэгдэж хэлэлцэх асуудал, төслөө бичгээр мэдэгдэнэ гэсэн хуулийн заалттай юмсан. ..........ны хурал нь хуульд заасны албан ёсны хурал нэг ч удаа болоогүй. Өөрсдийнх нь хэлж байгаа 2013.08.26-нд болсон хурал ирц нь хүрээгүй. 2016.01.30-ны бүх гишүүдийн хурал санал асуулга байснаа одоо болохоор хурал болгоод явчихсан. Тус сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг дараах зүйл заалтуудыг удаа дараалан зөрчиж ирсэн. Тус сууц өмчлөгчдийн холбооны албан ёсоор сууц өмчлөгчдийн хүсэл сонирхлоор зохион байгуулагдаагүй. Номин ХХК-ний урьдчилан бэлдсэн тавилттай жүжгээр зохион байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбоо юм. Нэг ч удаа хурлын протоколтой хурал байхгүй. Би 4 жил амьдрахад нэг ч хурал болоогүй, надтай байгуулсан гэрээ ч байхгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 2019.06.17-ны өдрийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч .................... хариуцагч ..........аас дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 292 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж, дундын өмчлөлийн эд хөрөнгөд харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгүүлэх талаар .................... сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурлын ирц бүрдээгүй байхад тогтоол гаргасан, харуул хамгаалалт нь зохих ёсоор ажилладаггүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээнэ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан байна.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

 

.................... нь 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ..........-ны удирдах зөвлөлийн хурлын 2 дугаар тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийг үргэлжлүүлэн тусгай харуул хамгаалалтын байгууллагаар харж хамгаалуулах санал гаргасан, харуулын хөлсийг айл бүрт адил тэгш хэмжээгээр хуваарилж сар бүр 7.500 төгрөг төлөхөөр тогтоосон гэх үндэслэлийг зааж, ..........аас 2016-2018, 2019 оны 1, 2, 3 сарын төлөх ёстой нийт 292 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын дээрх шийдвэрийг хүчингүй болгосон баримт байхгүй байхад анхан шатны шүүх бүх гишүүдийн хурлыг товлох, мэдэгдэх журам, хурлын ирц, хэлэлцэх асуудал, санал авах, саналын хувь, хурлаас гаргасан шийдвэрийн талаар дүгнэлт хийж, шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчсөн, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж, хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2 дугаар тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг тусгай харуул хамгаалалтын байгууллагаар үргэлжлүүлэн хамгаалуулах санал гаргаж дэмжин, одоог хүртэл харуул хамгаалалтыг хэрэгжүүлж байгаа гэх үйл баримтыг хууль бус талаар эрх зөрчигдсөн этгээд шаардлага гаргаагүй, энэ талаарх шийдвэрийг хүчингүй болгоогүй нөхцөлд шүүх хүчингүй гэж үзэх нь нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлыг шийдвэрлэсэн агуулгатай болохоос гадна байгууллага, албан тушаалтны шийдвэр хуульд нийцсэн эсэх, иргэний эрхийг зөрчсөн эсэхийг шүүх дүгнэх үүрэгтэй байхад маргааны үйл баримтад хамаарахгүй “хүчин төгөлдөр бус” гэх эрх зүйн ойлголтыг хэрэглэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт алдаатай болжээ.

 

Шүүх шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг буюу сууц өмчлөгч тухайн зардлыг төлөх үүрэгтэй эсэх нэхэмжлэлийг шийдвэрлэж байгаа бөгөөд шийдвэр хууль бус болохыг тогтоосон шийдвэр байхгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй байна. .................... нь гэрээний үндсэн дээр дундын өмчлөлийн эд хөрөнгийг харж хамгаалуулахаар бусадтай гэрээ байгуулж, зардлыг сууц өмчлөгч нарт хуваарилсан, энэ талаарх шийдвэр хүчинтэй байгаа тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх зохигчийн маргасан үйл баримтын хүрээнд дүгнэлт хийдэг ба  хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 105 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                                  П.ЗОЛЗАЯА