Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар  2020/ШЦТ/162

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван,

 улсын яллагч Т.Нансалмаа,

 шүүгдэгч О.О,

 түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар №0771/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ш овогт Оийн От холбогдох эрүүгийн 2031000000145 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш овогт Оийн О, Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн А сумын  * дугаар баг, Х гэх газар оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:******** /

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Яллагдагч О.О нь 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 07 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 1 дүгээр хэсгийн Намгийн зүүн задгай тоот хашаанд согтуугаар иргэн Л.Этай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж, биед нь эрүү ясны хугарал, зүүн ташаанд цус хуралт, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүдэгч О.О нь 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 07 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 1 дүгээр хэсгийн Намгийн зүүн задгай тоот хашаанд согтуугаар иргэн Л.Этай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж, биед нь эрүү ясны хугарал, зүүн ташаанд цус хуралт, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт О.О гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нилээд орой тамхи дуусаад ирэхдээ Этай хамт ирсэн. Шөнөжингөө 2 шил архийг гурвуулаа хувааж уусан. Э айлд шүлсээ хаяахад нь би “чи боль гэсэн”, гэтэл “чамд хамаагүй” гэсэн. Э намайг эхлээд 1 удаа цохьсон. Эргүүлээд би 1 удаа цохьсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 1,200,000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг[1],

2. Хохирогч Л.Эын 2020 оны 07 дугаар сарын 2-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 12-ны орой 22 цагийн орчимд унтаж байхад Г.Ш манай гэрт ирээд “ахаа манайд очиж ярьж сууя” гэж хэлсэн юм. Тэгээд зүүн намагт байх тэдний гэрт очиход Шын эхнэр Мөнхцэцэг, О, түүний эхнэр Уранбилэг, Гансүх нар байсан. Тэгээд бид наамдын сонин сайхан ярих зуур 0,75 литрийн “Хараа” архи хувааж ууцгаагаад үүр цайлгасан. Тэгээд бид морь яриад байж байсан юм. Г.Ш бид 2 хашааны гадна гарч морь мэддэг, мэддэггүй гээд ярилцаж, жаахан маргалдаж байхад О.О гарч ирээд “яагаад байгаа юм бэ” гэж хэлээд үгээр дайрахад нь би нэг удаа цохисон. Гэтэл О.О нүүр рүү цохиход нүд рүү гал бутарч байгаа юм шиг болоод газарт 4 хөллөөд түрийлгээ харж хэвтсэн. О.Отгонбаяр газарт унасны дараа дээрээс нэг, хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн. ...Миний эмчилгээний зардалд 1,200,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Г.Шын 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед Л.Э согтсондоо болоод манай гэрт шүлсээ хаяад байсан тул О.О “та ингэж болохгүй” гэхэд Э бид хоёрт хандаж “гараад ир, сайхан үзчихье” гээд байхаар нь би “та харьж амар” гэж хэлээд Эыг гэрээсээ авч гарсан. Тэгээд Эыг “та харьж амар гэж хэлээд байж байтал О.О манай гэрээс гарч ирээд Эт “та арай ингэж болохгүй, айлд байж айлын гэрт шүлсээ хаяж болохгүй” гэхэд Э Оын баруун шанаа тус газар руу гараараа 1 удаа цохисон. Хариуд нь О.О гараагаа Эын нүүрний баруун хэрэг рүү нэг удаа савж цохисон. Тухайн үед би тэр хоёрыг салгаад Эыг гэр рүү нь явуулсан...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Н.Мийн 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 07  дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 04 цагийн үед намайг унтаж байхад хүмүүс чанга, чанга дуугараад байхаар нь би сэрээд хартал Э ах гэрт шүлсээ хаяад “чи муу яах юм” гэх зэргээр бие бие рүүгээ үг хаяад байсан. Тэгээд Ш “гарч ярилцъя, хүүхдүүд сэрлээ” гээд гараад явсан. Тэгээд араас нь О.О “юу болоод байна вэ?” гээд гарсан. Тэгээд манай хонь айлын овьёос тарьсан хашаа руу орох гэж байхаар нь би тийшээ гүйж хонио эргүүлчихээд эргээд ирсэн чинь нөгөө 3 зүгээр ярилцаад зогсож байсан ба Э ах надад хандан “наад хоёр чинь намайг цохьчихлоо, Баагий руу залгаад өг” гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Г.Нандин-Эрдэний 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр манай ээж над руу утсаар залгаж “Энхээ ах чинь хүнд зодуулчихсан юм шиг байна. Гэрт нь очоодох” гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь очиход Э ах хашаан дотроо хашааны банз налаад зогсож байсан. Тэгэхээр нь би “юу болов” гэж асуухад “хуурай дүү болох Г.Шынд очоод архи ууж байгаад зодуулчихлаа, замд хөрш айлын хүн таарч усны тэргэн дээр суулгаад хүргэж өглөө” гэж хэлсэн. Э ахыг гаднаас нь харахад шарх, шалбархай байгаагүй. Харин хацрын яс нь хонхойсон байсныг анзаарсан юм...” гэх мэдүүлэг[5],

6. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 221 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Л.Эын биед эрүү ясны хугарал, зүүн ташаанд цус хуралт, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[6],

7. Яллагдагч О.Оын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Тэгээд юу болоод байна аа гэхэд Э чамд хамаагүй гээд миний нүүр рүү гараараа хүчтэй цохиход нь нүд харанхуйлаад зөрүүлээд би Эыг гараараа цохисон. Биенийх нь аль хэсэгт, хаана цохисон гэдгээ мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг[7],

8. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[8], 9. Яаралтай тусламжийн хуудас[9], 10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], 11. Захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 12. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[12] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Оын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.Эт шүүгдэгч О.Оын зүгээс эмчилгээний зардалд 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөг нөхөн төлсөн байна. Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч О.От эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”; 1.2 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг нөхөн төлсөн”; 1.4 дэх хэсэгт заасан “” хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хуульд тус тус заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас О.Оыг чөлөөлж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч О.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Оийн От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас О.Оыг чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч О.О нь хохирогч Л.Эын эмчилгээний зардалд 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөг нөхөн төлснийг дурьдсугай.

4. Шүүгдэгч О.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 18 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 5-6 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал

[10] Хавтас хэргийн 42 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 43 дугаар тал

[12] 2 дугаар хавтаст хэргийн 64-65 дугаар тал,