Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/137

 

 

 

 

                                    2021/ШЦТ/137

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч: П.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Пгийн Гт холбогдох эрүүгийн 201200370033 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, хувийн малаа малладаг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Архангай аймгийн .................гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 34 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, А овогт Пгийн Г/РД:АД............./

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч П.Г нь хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой баг, Өлзийтийн булан гэх газарт байрлах иргэн Н.Зийн гэрт хонохдоо иргэн Б.Оын дэрлээд унтаж байсан, түүний эзэмшлийн цүнхтэй бэлэн 3.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 201200370033 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Б.Оын өгсөн:

“...Би 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн төвөөс өөрийнхөө машинтай ганцаараа Архангай аймгийн Эрдэнэбулган сум орох гээд явж байсан тэгтэл нэг танихгүй дугаараас миний утсанд дуудлага ирээд дуудлагыг хүлээж автал П.Г нь би Архангай аймгийн Донгой багийн төв дээр байна Завхан яваад ирлээ та хаана явна гэж хэлэхээр нь би Өлзийтийн булан орох гэж явна гэж хэлсэн чинь П.Г намайг ирээд авчих гэхээр нь би Донгой багийн төвөөс очиж аваад буцаад Өлзийтийн булангаас хүнээс 2-3 тооны үхэр авах гээд цүнхэндээ бэлэн 3,000,000 төгрөгтэй явж байсан. Өлзийтийн буланд байдаг Аяа гэх залуугаас 1 үхэр авахаар ярилцаж Аяа хагас сайн өдөр учир гэрээс юм гаргахгүй маргааш авчих гэж гээд Аяатай хамт 2 литрийн пиво уугаад хэдэн литр айраг уусан тэгээд орой 00 цагийн орчимд унтацгаах гээд Зэ гэх айлд бид 3 зэрэгцээд ор засуулаад цүнхтэй мөнгөө дэрлээд унтсан тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн орчимд би сэрээд дэрлэсэн байсан цүнхтэй мөнгөө үзтэл цүнхтэй мөнгө тэр чигтэй алга болсон байсан мөн миний баруун талд унтаж байсан. П.Г бас байхгүй байхгүй байхаар нь би гэрээс нь гараад ойр хавиар П.Гийг хайсан чинь П.Г байхгүй байхаар нь би маргааш нь өдөржингөө П.Гийг ирнэ гэж хүлээсэн тэгээд үдээс хойшхондоо цагдаагийн байгууллагад хандсан. Би нийт 3,000,000 төгрөг алдаад маргааш нь 2,200,000 төгрөг эргүүлээд олоод авсан. Би Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгчид дуудлага өгч мэдэгдсэний дараахан манай хэсгийн төлөөлөгч Өндөр-Улаан сумын төвд П.Гийг олчихсон та хүрээд ир гэхээр нь би яваад очтол П.Г би Цогт ахын дэлгүүрт таны мөнгөний 1.700.000 төгрөгийг үлдээчихсэн байгаа үлдсэн 500.000 төгрөг нь байна гэж хэлсэн тэгээд би Цогт ахын дэлгүүрээс очиж П.Гийн хадгалуулсан 1.700.000 төгрөгийг аваад өөрөөс нь 500.000 төгрөгийг аваад нийт 2.200.000 төгрөгийг эргүүлэн олж авсан. Би Гыг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-6 дугаар тал/

 

          *Хохирогч Б.Оын өгсөн:

           “...П.Г нь миний хохирлыг бүрэн барагдуулсан. Хэрэг гарснаас хойш удаагүй 3.000.000 төгрөгийн үлдэгдэл болох 800.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг П.Г бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-45 дугаар тал/

 

          *Гэрч Л.Дгийн өгсөн:

          “...Би О-д 2-3 тооны үхэр зарах гээд товлочихсон байсан. Тэгээд тухайн 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б.О надтай яриад ирж худалдаж авах үхрээ харж наймаалцах гээд ирэхдээ П.Г гэх залуугийн хамт ирсэн. Тухайн үед надад П.Гыг танилцуулахдаа манай ахын хүүхэд гэж хэлсэн. Тэгээд бид 3 наймаагаа маргааш хийе учир нь өнөөдөр хагас сайн өдөр мал гаргахгүй гээд Донгой багын Өлзийтийн булан гэх газарт Зийн гэрт очиж 1-2 шил архи ууцгаагаад орой 22-23 цагийн орчимд унтацгаая гээд Б.О, П.Г бид 3 зэрэгцээд ор засуулаад хэвтэцгээгээд унтаж байтал 2020 оны 09 дүгээр сарын 12-13-г шилжих шөнө хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна.  Намайг дуудаж сэрээгээд миний цүнхтэй мөнгө алга болчихсон бас манай дүү П.Г алга байна гэж хэлсэн. Тэгээд гадагш гарч хараад за за маргааш больё П.Г хүрээд ирчих байлгүй гээд унтацгаагаад маргааш нь Б.О бид 2 П.Гыг ирэхийг хүлээж нэлээн удаад Б.О за за манай дүү ирэхгүй юм шиг байна наймаагаа дараа болъё доо гээд салцгаасан. Тухайн үед Зийн гэрт Б.О, П.Г, Зэ бид 4 байсан өөр хүн байгаагүй. Тухайн үед бид 2 үхрийн наймаа хийх гэж байсан болохоор мөнгөтэй явж байсныг бол мэднэ гэхдээ яг хэдэн төгрөгтэй явж байсныг мэдэхгүй Б.О хэлэхдээ 3.000.000 төгрөг бэлэн байна гэж хэлж байсан. Би П.Г гэх залууг танихгүй тухайн үед Б.Отай цуг ирж танилцсан Б.О хэлэхдээ манай ахын хүүхэд гэж хэлж байсан бас Хануй багийн шар даваа гэх газарт гэр нь байдаг гэж дуулсан өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар тал/

        

          *Гэрч Л.Эын өгсөн:

          “...Би 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн дэлгүүртээ худалдагчаар сууж байсан. Тэгэхэд орой 17:00-18:00 цагийн хооронд нэг залуу нутгийн залуу болох Цтой хамт орж ирээд идэж уух юм бас архи аваад байсан яг юу авсныг одоо санахгүй байна. Тэгээд Цтой явж байгаа залуу нь ахаа би таньд мөнгө хадгалуулчихъя өглөө орж ирээд мөнгөө авъя гэж хэлээд маргааш нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өглөө манай Өндөр-Улаан сумын Хануй багийн иргэн Б.О нь миний мөнгийг өчигдөр тэр П.Г гэх залуу аваад явчхаж би таньд хадгалуулсан мөнгийг нь авах гэсэн юм гэхээр нь би Б.Оад П.Г гэх залуугийн хадгалуулсан 1.700.000 төгрөгийг өгсөн өөр зүйл мэдэхгүй.  Би П.Г гэх залууг өмнө нь харч байгаагүй. Надад мөнгө хадгалуулсан хүнийг хараад би танина...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал/

 

          *Гэрч Б.Цийн өгсөн:

          “...2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд сумын төвд П.Гтой тааралдаад Л.Э ахын дэлгүүр орж П.Г архи авсан. Тэгээд манай гэрт очсон би П.Гтой эхлээд тааралдсанаа эхнэртэй хэлээгүй байсан. Би Л.Э ахын дэлгүүрт П.Гын хамт орсон 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 17-18 цагийн орчимд дэлгүүр орсон яаг хэдэн цаг болж байсан талаар санахгүй байна. Намайг П.Гын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед онц их зүйл яриагүй нутгийн хүмүүс болон хов жив ярьж инээж хөхөрч байгаад би согтоод унтсан. Би П.Гт ямар учиртай, хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй тухайн өдөр Л.Э ахын дэлгүүрт П.Гын хамт ороход П.Г нь хэдэн төгрөг байсныг мэдэхгүй Л.Э ахад хадгалуулаад байх шиг байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-39 дүгээр тал/

 

           *Гэрч Э.Эы өгсөн:

            “...П.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны орой 19-20 цагийн орчимд гэрт орж ирсэн тухайн үед манай нөхөр Б.Ц нь гэрт байсан П.Гоос жаахан өмнө орж ирсэн. Би яриаг нь сайн сонсоогүй манай нөхөртэй хуучлаад, инээлдээд архиа уугаад байсан би яриа болон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх үед нь тоогоогүй, оролцоогүй. П.Гын биед мөнгө байсан эсэх талаар ч мэдээгүй, ямар учиртай мөнгө байсан талаар огт мэдээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43 дугаар тал/

 

                  *Яллагдагч П.Гийн өгсөн:

          “...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 79-80 дугаар тал/

 

        *Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 159 дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хянал тогтоох” тухай шүүгчийн захирамж/хх-ийн 58-60 дугаар тал/

 

         *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

           Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Гансүхэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой баг, Өлзийтийн булан гэх газарт байрлах иргэн Н.Зийн гэрээс иргэн Б.Оын эзэмшлийн цүнхтэй бэлэн 3.000.000 төгрөг хулгайд алдагдаж, түүнд 3.000.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.Г үйлдсэн болох нь хохирогч Б.Оын”...П.Г нь би Архангай аймгийн Донгой багийн төв дээр байна Завхан яваад ирлээ та хаана явна гэж хэлэхээр нь би Өлзийтийн булан орох гэж явна гэж хэлсэн чинь П.Г намайг ирээд авчих гэхээр нь би Донгой багийн төвөөс очиж аваад буцаад Өлзийтийн булангаас хүнээс 2-3 тооны үхэр авах гээд цүнхэндээ бэлэн 3,000,000 төгрөгтэй явж байсан. Тэгээд орой 00 цагийн орчимд унтацгаах гээд Зэ гэх айлд бид 3 зэрэгцээд ор засуулаад цүнхтэй мөнгөө дэрлээд унтсан, 2020 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн орчимд би сэрээд дэрлэсэн байсан цүнхтэй мөнгөө үзтэл цүнхтэй мөнгө тэр чигтэй алга болсон байсан мөн миний баруун талд унтаж байсан П.Г бас байхгүй байхгүй байхаар нь би гэрээс нь гараад ойр хавиар П.Гийг хайсан чинь П.Г байхгүй байхаар нь би маргааш нь өдөржингөө П.Гийг ирнэ гэж хүлээсэн тэгээд үдээс хойшхондоо цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Дгийн ”... Донгой багын Өлзийтийн булан гэх газарт Зийн гэрт очиж 1-2 шил архи ууцгаагаад орой 22-23 цагийн орчимд унтацгаая гээд Б.О, П.Г бид 3 зэрэгцээд ор засуулаад хэвтэцгээгээд унтаж байтал 2020 оны 09 дүгээр сарын 12-13-г шилжих шөнө хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна.  Намайг дуудаж сэрээгээд миний цүнхтэй мөнгө алга болчихсон бас манай дүү П.Г алга байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Эын ”...Тэгээд Цтой явж байгаа залуу нь ахаа би таньд мөнгө хадгалуулчихъя өглөө орж ирээд мөнгөө авъя гэж хэлээд маргааш нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өглөө манай Өндөр-Улаан сумын Хануй багийн иргэн Б.О нь миний мөнгийг өчигдөр тэр П.Г гэх залуу аваад явчхаж би таньд хадгалуулсан мөнгийг нь авах гэсэн юм гэхээр нь би Б.Оад П.Г гэх залуугийн хадгалуулсан 1.700.000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч П.Гын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч П.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч П.Гын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл хохирол төлбөрийг талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч П.Г нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 24-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 08 сарын 19-ны өдрийн 159 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 сарын хугацааны ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон байх бөгөөд уг хяналтын хугацаандаа буюу 2020 оны 09 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Иймд шүүгдэгч П.Гыг хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон  хугацаандаа  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.О нь хохирол төлбөрөө авсан гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, мөн хэргийн материалтай танилцаад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч П.Гыг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч П.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн  1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч П.Гт ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь  зүйтэй байна гэж үзэв.

 

2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно...” гэж , 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “....Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...” заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...гэж, тус тус заасан байна. Шүүгдэгч П.Гт  нь  2020 оны 09 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байх боловч түүнийг хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа нь тус Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэргийг хуульчилсан ба 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь багтаагүй тул  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч А овогт Пгийн Гыг хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаандаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гыг  1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч П.Гт 2020 оны 01 дүгээр сарын сарын 24-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1/нэг/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гт оногдуулсан 1/нэг/ жил 4/дөрөв/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гт оногдуулсан 1/нэг/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нэг жил дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэрээс явахыг 1/нэг/ жил 4/дөрөв/ сарын хугацаанд хориглосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч П.Гт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           9. Шүүгдэгч П.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

             10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР