| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0142/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/148 |
| Огноо | 2021-11-16 |
| Зүйл хэсэг | 20.14.2., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ
улсын яллагч А.Баясгалан
шүүгдэгч М.Отгонсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.14 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан М.Отгонсүхэд холбогдох 2131000000231 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 12-ны өдөр, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, дуү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 7 дугаар баг, Замчин 2 дугаар гудамжны 49 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Боржигон овогт Мөнхөөгийн Отгонсүх /РД:ТЕ86051214/
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Отгонсүх нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй "LIANHUA QINWEN JIAONANG” гэсэн бичиглэл бүхий эмийг гар дээрээс худалдаалсан буюу эм худалдаалах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Отгонсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч М.Отгонсүх нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ ...би буруу зүйл хийснээ ойлгож мэдсэн юм. Би өөрөө ковид тусчхаад энэ Лянхуа гэдэг эмийг эмийн сангаас авч уусан, тэгээд Улаанбаатар хотод байхдаа Лянхуа эмийг интернэт зараар зарж байхаар нь би авч зарах санаатай 50 ширхгийг худалдаж аваад нэгийг зарсан баригдсан, хувь хүн эм, эмийн бүтээгдэхүүн зарж болохгүй, энэ эм нь Монгол Улсад зөвшөөрөгдсөн эм биш гэдгийг мэдсэн ...” гэжээ
Шүүгдэгч М.Отгонсүх мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр сарын 10-нд яллагдагчаар өгсөн: “...Би уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ...2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бид нар Алтанбулаг чөлөөт бүс орж архи согтууруулах ундааны зүйл авчхаад эргээд Сүхбаатар суманд найз Баярсайханыд ирсэн. Тэр үед би дахин цахим хуудсаараа эм худалдах зараа оруулсан. Уг зарын дагуу нэг эмэгтэй хүн над руу утасдаж эм авах талаараа хэлсэн. Бид нар 15 цагийн үед эргээд Дархан Уул аймаг руу буцах гэж байхад эм авна гэсэн эмэгтэй “Петровис” шатахуун түгээх станцын тэнд ирж надтай уулзаад 1 хайрцаг эм 14.000 төгрөгөөр худалдан авч мөнгөө миний 504555927 дугаарын “Хаан банк”-ны данс руу шилжүүлсэн. Тухайн эмэгтэйд эмээ өгчхөөд бид нар хөдлөөд хорооллоос гараад явж байхад замын цагдаа зогсоогоод “араас чинь өөр цагдаа нар ирж байгаа машинд чинь үзлэг хийнэ” гэж хэлсэн. Удалгүй араас өөр цагдаа нар ирээд машин шалгаад цагдаагийн газарт авч ирсэн. Үзлэг шалгалт хийсэн цагдаа машинд байсан 49 хайрцаг “Лянхуа” эмийг хураан авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 87-р хуудас/,
2.Гэрч Б.Баатархүүгийн 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...16 цагийн үед Дархан аймаг руу явахаар найз Баярсайханы гэрээс хөдөлсөн. Тэгтэл гурвалжин гараад "Петровис" нэртэй колонкын хажууд явж байтал манай найз Отгонсүх нэг хүнтэй утсаар яриад зогсож бай “нэг хүн эм авна гэж байна хүлээж байгаад өгөөд явуулъя” гэхээр нь зогсоод тухайн хүнд 1 ширхэг “Лянхуа” нэртэй эм өгөөд явуулсан. Тэгээд цааш бид нар явж байтал Шонхор дэлгүүрийн хажууд явж байхад замын цагдаа зогсоогоод жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ шалгаад байж байтал араас 2 цагдаа ирээд багажид байгаа эд зүйлсийг маань үзээд “цагдаа руу яваад очоорой шалгах юм байна” гэж хэлээд дагуулаад явсан. Тээврийн хэрэгслийн багажид байсан Лянхуа нэртэй эмийн гаралтай зүйл манай найз Отгонсүхийн эзэмшлийнх. Би тухайн эмийн гаралтай зүйлийг хаанаас авсан талаар мэдэхгүй байна. Ямартай ч Отгонсүх нь фэйсбүүкийн зарын грүпп-д “Лянхуа” гэх эмийг зарах талаар зар оруулж байсан. Тэгээд надад сэтгэгдэл хэсэгт нь нэг иргэн зарж болохгүй гэдэг утгатай зүйл бичихээр нь би устгачихлаа гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр ахин бичсэн юм шиг байна лээ. Өнөөдөр яг бичсэн талаар сайн мэдэхгүй байна. Өдөр Дархан руу хөдлөхийн өмнө нэг эмэгтэй ирж авч байсан. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33 дугаар хуудас/,
3.Гэрч Д.Мөнхтуулын 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Дархан Уул аймаг руу буцах замд “Петровис” гэх шатахуун түгээх станцын гадаа зогсоож байгаад Отгонсүх нь нэг эмэгтэйд хайрцаг эм өгсөн. Отгонсүх нь манай нөхрийн найз байгаа юм. Бид нар танилцаад 10 гаруй жил болж байна. М.Отгонсүх Дархан Уул аймагт байдаг. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
4.Гэрч Н.Ганбатын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “...Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Өмнө энд тэнд байгууллагуудын тогооч хийдэг байсан. Бүх төрлийн хоолыг бол маш сайн хийдэг. Хүмүүс ч гэсэн урьж их хоол хийлгэдэг. Хувийн зан байдал гэвэл даруу төлөв, сайхан сэтгэлтэй хүн байгаа юм. Түүнийг хүнтэй муудалцаж, хэрүүл маргаан хийж байхыг арван хэдэн жил найзлахдаа харж байгаагүй ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39 дүгээр хуудас/,
5.Эм бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.Чинчулууны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
-2010 оны ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ хуулийн 3.1.1."эм" гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх дархлаажуулах зориулалттай. үйлчлэл нь эм судлал. эмнэлзүйн сорилт туршилтаар нотлогдсон, нийлэг буюу амьтан. ургамал. эрдсийн гаралтай бодисыг тодорхой хэлбэрт оруулсан, зохих тун, хэмжээгээр хэрэглэдэг бэлдмэлийг хэлнэ гэж заасан байдаг учир уг бэлдмэл нь 0,35 граммын тунгаар капсул хэлбэрт оруулсан савлагаатай байгаа учир эмийн бэлдмэл ба эмийг дагалдаж ирсэн заавраас харахад томуу, томуу төст өвчний үед хэрэглэх бэлдмэл болно.
-Энэхүү эмийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө заавал эмч болон эм зүйчтэй зөвлөлдсөн байх шаардлагатай ба түүний найрлагад буй аль нэгэн бодист харшилтай өвчтөнд хэрэглэж болохгүй мөн тамирчин хүмүүст болгоомжтой хэрэглэх нь зүйтэй гэж заасан байна
-Хятад улсын Shijiazhuang yiling pharmaceutical Co.Ltd үйлдвэрийн бүтээгдэхүүн болох "LIANHUA QINWEN JIAONANG” тус эм нь 2020 оны 10 дугаар сарын 14-нд үйлдвэрлэгдсэн ба уг эмтэй төстэй найрлагатай Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн Лянхуа Чингвен капсул нь фармакологиин үндсэн судалгаагаар томуугийн вирусээр (FМ1) халдварлагдсан томуугийн вирус, иж томуугийн вирус L, амьсгалын синцитал вирус аденовирусын 3 болон 7 дугаар төрөл, энгийнг херпес вирус 1 болон, амьсгалын цочмог халтай хам шинжийн SARS үед уг бүтээгдэхүүн вирусын эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй болох нь in vitro судалгаагаар баталж эмчилгээнд хэрэглэхээр гаргасан байдаг.
-LIANHUA QINWEN JIAONANG” гэсэн бичиглэл бүхий эмийн бэлдмэл нь Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй. Бүртгэлтэй загвар нь ОМБОЛ ХХК эм ханган нийлүүлэх байгууллага Лянхуа Чингвэн капсул хэлбэрээр 2025 он хүртэл импортлох зөвшөөрөл авсан байна.
-Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох нь 2001 оны АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ хуулиар тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөлд хамрагдсан байдаг тул тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж импортлох, худалдан борлуулах эрхтэй, хувь хүн болохгүй.
-Энэхүү эм бэлдмэл нь хүний биеийн ямар эрхтэнд хэрхэн нөлөөлдөг, ямар хэмжээгээр хэрэглэвэл, ямар хор уршиг учирч болох вэ ? гэсэн асуултад 6. Энэхүү бэлдмэлийн найрлагад орсон үйлчлэгч бодисоос харахад бохирдлыг гадагшлуулан, хорт бодисыг зайлуулж, уушгинд нэвчин халууныг гадагшлуулах, ханиад-томуугийн үед уушигны үрэвслийн шинж тэмдэг болох халуурах өндөр халуурах, жихүүдэс хүрэх, булчингаар өвдөх, хамар битүүрэх, нусгайрах, ханиах, толгой өвдөх, хоолой хатах ба сөөх, хэл улайх, хэлэн дээр шар, зузаан шар өнгөр тогтох зэргийн үед хэрэглэдэг ургамлууд орсон байна. Түүний найрлагад буй аль нэгэн бодист харшилтай өвчтөнд хэрэглэж болохгүй учир эм бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчтэй зөвлөлдсөн байх шаардлагатай. Зах зээлийн дараах хяналтын мэдээллүүдээс харахад энэхүү эмийн бүтээгдэхүүн нь дотор муухайрах, суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх ба ам хатах зэрэг ходоод гэдэсний замын гаж урвалууд, арьсан дээр тууралт гарах, загатнах болон толгой эргэх зэрэг гаж урвал үүсгэж болзошгүй байна....” гэх дүгнэлт, /хх-ийн 44-46 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-03-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07-р хуудас/, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл ачаа, тээш мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-27-р хуудас/, шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 43-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 79-р хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хүлээн авсан тухай прокурорын тогтоол, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Отгонсүх нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй "LIANHUA QINWEN JIAONANG” гэсэн бичиглэл бүхий эмийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдаалсан буюу эм худалдаалах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...би буруу зүйл хийснээ ойлгож мэдсэн юм. Би өөрөө ковид тусчхаад энэ Лянхуа гэдэг эмийг эмийн сангаас авч уусан, тэгээд Улаанбаатар хотод байхдаа Лянхуа эмийг интернэт зараар зарж байхаар нь би авч зарах санаатай 50 ширхгийг худалдаж аваад нэгийг зарсан баригдсан, хувь хүн эм, эмийн бүтээгдэхүүн зарж болохгүй, энэ эм нь Монгол Улсад зөвшөөрөгдсөн эм биш гэдгийг мэдсэн...” гэх, гэрч Б.Баатархүүгийн “... "Петровис" нэртэй колонкын хажууд явж байтал манай найз Отгонсүх нэг хүнтэй утсаар яриад зогсож бай “нэг хүн эм авна гэж байна хүлээж байгаад өгөөд явуулъя” гэхээр нь зогсоод тухайн хүнд 1 ширхэг “Лянхуа” нэртэй эм өгөөд явуулсан. ... Тээврийн хэрэгслийн багажид байсан Лянхуа нэртэй эмийн гаралтай зүйл манай найз Отгонсүхийнх,...” гэх, гэрч Д.Мөнхтуулын “...Дархан Уул аймаг руу буцах замд “Петровис” гэх шатахуун түгээх станцын гадаа зогсоож байгаад Отгонсүх нь нэг эмэгтэйд хайрцаг эм өгсөн. ...” гэх мэдүүлгүүдээр, мөн Эм бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.Чинчулууны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн “... LIANHUA QINWEN JIAONANG” гэсэн бичиглэл бүхий эмийн бэлдмэл нь Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй. Бүртгэлтэй загвар нь ОМБОЛ ХХК эм ханган нийлүүлэх байгууллага Лянхуа Чингвэн капсул хэлбэрээр 2025 он хүртэл импортлох зөвшөөрөл авсан байна. Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах,импортлох нь 2001 оны АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ хуулиар тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөлд хамрагдсан байдаг тул тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж импортлох, худалдан борлуулах эрхтэй, хувь хүн болохгүй...” гэх дүгнэлт дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Отгонсүх нь Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн LIANHUA QINWEN JIAONANG нэртэй Монгол Улсад импортлох, худалдан борлуулах зөвшөөрөлгүй эмийг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд бусдад худалдан борлуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, АШИГ СОНИРХЛЫН ЭСРЭГ” гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1-т заасан “Зөвшөөрөгдөөгүй эм худалдсан” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн байна.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Отгонсүхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” шийтгэхээр хуульчлагдсан байна.
Шүүгдэгч М.Отгонсүхийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Отгонсүх нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокуророос сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул М.Отгонсүхэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Отгонсүхийг “Зөвшөөрөгдөөгүй эм худалдсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: ,
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Отгонсүх нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Отгонсүхэд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч М.Отгонсүхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч М.Отгонсүхэд нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Зөвшөөрөгдөөгүй эм худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 49 хайрцаг Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн LIANHUA QINWEN JIAONANG нэртэй эмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжилгээний зардал болох 150.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Отгонсүхээр төлүүлснийг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Отгонсүх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Мөнхөөгийн Отгонсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Зөвшөөрөгдөөгүй эм худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Отгонсүхийг 1 / нэг / жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг” шүүгдэгч М.Отгонсүхэд анхааруулсугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 49 хайрцаг Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн “LIANHUA QINWEN JIAONANG” нэртэй эмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8з.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ