| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0123/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/137 |
| Огноо | 2021-07-21 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/137
2021/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн
Шүүгдэгч: А.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Аийн Ут холбогдох эрүүгийн 2112000610123 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн .............гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ө овогт Аийн У/РД:АЕ............/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.У нь согтуурсан үедээ 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг, Ямаатын өвөр гэх газар өөрийн эзэмшлийн ногоон өнгийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсгийн “В”, мөн дүрмийн 3.5 дахь хэсгийн “А”, 9.5-д заасныг тус тус зөрчсөний улмаас осол гарган мотоцикл онхолдсон зам тээврийн осол гаргаж мотоциклийн ард сууж явсан иргэн Ц.Сийн амь нас хохирсон, уг гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112000610123 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Цын өгсөн:
“...Миний хүү Ц.Сэ нь 1981 онд Архангай аймгийн Өлзийт суманд айлын хоёр дахь хүүхэд болж мэндэлсэн. Дээрээ нэг эгчтэй доороо дүүтэй. Ц.Сэ нь бага насаа аав ээжийн гар дээр өсөж Өлзийт сумын сургуульд 8 жил сурч мал дээр гарсан. Өдийг хүртэл Өлзийт суманд малаа хараад эхнэр бид хоёрт тусалж дэмжээд явж байсан. Ц.Сэ нь хань ижил үр хүүхэд байхгүй. Төлөв даруу, үг дуу цөөтэй, хүнд тусархуу хүү байсан. 2021 оны 03 сарын 05-ны өдөр Бичээч гэх газар байдаг Батаа гэх айлд очиж гэж гараад 2 хоног холбоогүй алга болсон. Өнөө өглөө Өлзийт сумын эмнэлгээс Ц.Сэ нас барсан талаар мэдэгдсэн. Гэнэтийн зүйл тохиолдлоо, гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг/хх-ийн 37-39 дүгээр тал/
*Гэрч А.Хийн өгсөн:
“...2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед манайд буюу Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Балбий гэх газар У ах, С ах 2 ирсэн байсан. Ногоон өнгийн мотоциклоор ирсэн байсан. Би тухайн үед малд яваад орж ирсэн. Тэгээд манайд хоол унд идэж уугаад манай нэг шилтэй архи задлаад У ах, С ах хоёр хувааж уугаад дуусаад манай гэрийн гаднаас У ах мотоциклоо бариад хөдөлсөн. Хаашаа явсныг мэдэхгүй, тэгээд би явуулчихаад буцаад малдаа мордсон. Өөр надад мэдэх зүйл байхгүй. У ах, С ах хоёр хэвийн байсан, шарх гэмтэл байгаагүй. Манайхаас хөдлөхдөө нэлээн согтуу хөдөлсөн, У ах нь хүрэн өнгийн дээл өмссөн байсан. С ахын өмссөн дээлийн өнгийг санахгүй байна. Манайхаас хөдөлсөн цагийг мэдэхгүй байна, нэлээн удсан. 2021 оны 03 сарын 06-ны орой 22 цагийн үед санагдаж байна, нийслэл хүүхэн гээд кино үзэж байхад У ах ганцаараа мотоциклтой ирээд хоноод өглөө явсан. Би У ахаас асуухад бид хоёр мотоциклоос унаад С хаашаа явсныг мэдэхгүй байна гэсэн, дээлийн ханцуй нь ар хэсгээр шороо болчихсон байсан, аль талын ханцуй шороо болсныг санахгүй байна. У ах энэ, тэнд уналаа гэж байршил хэлээгүй. У ах өглөө эрт босоод хүйтэн ус уучихаад мотоциклоо унаад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 82-87 дугаар тал/
*Шинжээч Б.Оын өгсөн:
“...Би 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр улаан бөглөөтэй хуруу шилтэй 4 мл орчим цус хүлээж авсан. Уг хуруу шилэн дээр А.У 03.07, 16:54 гэж бичиж ирүүлсэн байсан. Тогтоолд хэргийн болсон байдлын талаар 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэж бичсэн байсан. Шинжилгээ хийхэд уг цусанд спиртийн зүйл илрээгүй. Хэрэг болсон цаг хугацаанаас хойш буюу маргааш өдөр нь цус авсан байсан учир цусанд спиртийн зүйл илрээгүй байж болно. Амьд хүний цусанд байх спиртийн агууламж нь уусан архины хэмжээ, дотор эрхтний байдал, арьс, хөлс, шээсээр спирт ялгардагтай холбоотой учир А.Уын цуснаас спиртийн зүйл илрэхгүй байсан байх. Согтууруулах ундааны зүйл гэдэгт архи, пиво, ундаа, айраг, төрөл бүрийн дарснууд орно. Эдгээр нь бүгд өөр, өөр градустай тул шимэгдэж ялгарах хугацаа нь өөр. Уусан спиртийн зүйл эхний 30 минутын дотор шууд хүний цусанд шимэгдэнэ, хоол унд идсэн бол зарим нь өөх тосонд шингэж өтгөнөөр ялгарна, 12-24 цагийн хугацаанд хүний биеэс гадагшилна. Дунд зэргийн согтолттой үед хүн өөрийгөө удирдан жолоодох чадвар байх боловч орон зай, цаг хугацааны баримжаалал буурах, алдагдах, зүрхний цохилт олширч, даралт ихсэх, багасах зэрэг ургал мэдрэлийн зүгээс өөрчлөлт илэрнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 146-147 дугаар тал/
*Гэрч Ц.Бын өгсөн:
“...2021 оны 03 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед А.У гэх залуу өөрийнхөө Мустанг-5 маркийн ногоон өнгийн мотоциклоор ганцаараа ирээд, удалгүй Сэ, Сүхээ 2 цагаан өнгийн Портер машинтай хоёулаа ирээд би цагаан сарын юм гээд 0.75 граммын шилтэй архи задалж өгөөд, тэрийг хувааж уугаад А.У, Сэ 2 мотоциклоор, А.У жолоодоод манайхаас хөдлөөд явсан. Тэгээд хаана очсоныг нь мэдэхгүй байна. А.У, Сэ нар нь архи уучихсан согтуу ирцгээсэн. .А. У бол Зоригоо гэх айлд хоноод ирлээ гэж ярьж байсан, Сийг хаана хоноод ирснийг мэдэхгүй байна. У, Сэ нар нь маргалдсан зүйл байгаагүй, манай гэрийн гаднаас сумын төв чиглэлтэй хөдлөөд явсан. А.У болон Сэ нарын биеийн гадаад төрх хэвийн байсан, биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн шарх, сорви байхгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-48 дугаар тал/
*Гэрч П.Нийн өгсөн:
“...2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед байх манайд А.У, Сэ нар архи уучихсан, согтуу ирээд идээ амсаад буцаад гарсан. А.У, Сэ 2 манайд мотоциклоор буюу А.У өөрийн эзэмшлийн ногоон мотоцикль жолоодоод, Сэ ард нь суусан байсан. А.У, Сэ хоёрын гадаад төрх хэвийн байсан, ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. А.У, Сэ 2 малчин, өөрсдийн малыг малладаг, хоорондоо найзууд, хааяадаа нийлж архи уучихсан харагддаг. Манайхаас гараад хаана хүрснийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-54 дүгээр тал/
*Гэрч Ц.Аийн өгсөн:
“...Би 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын төв ороод, Өлзийт сумын Ямаат багийн Балбий гэх газарт байх гэртээ ирэхэд манайд А.У, Ц.Сэ 2 согтуу ирчихсэн, ногоон өнгийн мотоцикль гэрийн гадаа байсан. Тэгээд би гэртээ орж цай хийж өгөөд цагаан сараар ирээгүй гээд Соёрхол нэртэй 0.5 граммын архи задалж өгөхөд дунд нь ортол уугаад, А.У нь мотоциклоо бариад, манай гэрийн гаднаас хөдлөөд явсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 07-ны өглөө 08 цагийн үед байх У ногоон өнгийн мотоцикл уначихсан ганцаараа ирээд би өчигдөр танайхаас гарснаа мэдэхгүй байна, тасарчихсан байна, С хаана хоносон гэсэн юм яриад хүйтэн цай уучхаад, мотоциклын базуур хугараад хаягдчихсан байна, хаана хаясан бол гэж үглээд, мотоциклоо унаад доошоо явсан. А.У, Сэ 2 согтуу, бусдаар бол нүүр, ил гарсан хэсэгт гэмтэл, шарх байхгүй байсан. Манайд тал архи уугаад, хэрэлдэж, маргалдсан зүйл байгаагүй. Манайд нөхөр, А.У, Ц.Сэ, хүүхдүүд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 68-72 дугаар тал/
*Гэрч Э.Бын өгсөн:
“...2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг өнгөрч байхад А.У, Ц.Сэ гэх хүмүүс архи уучихсан согтуу орж ирсэн. Тэгээд манай нөхөр 1 шил архи задлахад хувааж уугаад 15 цаг өнгөрөөгөөд манай гэрийн гаднаас хөдлөөд явсан. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 06-ны орой “Нийслэл хүүхэн” нэртэй кино гарч байхад У ах ганцаараа мотоциклоо уначихсан ирсэн. Манайд нэлээн согтуу орж ирээд, хүйтэн юм байна уу, хээр унтаж байгаад ирлээ, хамт явсан залуу ирээгүй юм уу гэсээр орж ирээд газар унтаад, өглөө эрт 7 цаг өнгөрөөгөөд мотоциклоо унаад явсан. А.У ах нэлээн согтуу, гуйвсаар, даарсан байдалтай орж ирсэн. Улаан хүрэн дээл өмссөн, дээлийн урд болон ард хэсэг нь нэлэнхийдээ шороо болчихсон орж ирсэн. Тэгээд орж ирээд хүйтэн ус уугаад унтаад өгсөн. А.У ах хамт явсан залуутай 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манайд ирэхэд биеийн ил харагдах хэсэгт гэмтэл шарх харагдаагүй, мөн У ах орой ирэхэд нүүр гар нь шалбарсан зүйл байгаагүй, дээл нь шороо болсон байсан. “Нийслэл хүүхэн” гээд кино гарч байсан гэж бодохоор 21 цаг 30 минут нэлээн өнгөрчихсөн байсан санагдаж байна. Бараг 22 цаг болж байхад ирсэн. У ах хамт явсан залууг энд тэнд үлдээсэн талаар юм хэлээгүй, ирээгүй юм уу л гэж асуусан, нэлээн согтуу байсан...”гэх мэдүүлэг/хх-ийн 75-79 дүгээр тал/
*Яллагдагч А.Уын өгсөн:
“...Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 186-187 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 109 дугаартай ”...А.Уын биед зүүн өвдөгт жижиг зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 107-108 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаартай ”...Талийгаачийн Ц.Сийн цогцост хийсэн шинжилгээгээр дагз ясны баруун хайрст хэсгээс дагзны арын хонхор дайрч баруун чулуулаг яс хүрсэн, баруун чулуулаг яснаас турк эмээл дайрч зүүн чулуулаг яс хүрсэн шугаман хугарал, Их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, баруун зүүн ховдлын цус хуралт, зүүн дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, баруун чамархай, дагзны хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, нүүр, баруун гарын сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Гавал тархины гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3.1.2, 3.1,3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн *ХҮНД* зэрэгт хамаарна. Нүүр, баруун гарын сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тус бүр нь 2-6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач Ц.Сэ нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 2021.03.07-ний 12 цаг 30 минутад цогцост хийсэн гадна үзлэгээр нас бараад 15-18 цаг орчим болсон байх боломжтой. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Ц.Сэ нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаач Ц.Сэ нь А(ll) бүлгийн цустай байна. /дүгнэлтийг хавсаргав./...” гэх дүгнэлт /хх-ийн 124-128 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 111 дүгээр тал/
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 3-9 дүгээр тал/
*Ослын газрын схем зураг/хх-ийн 10 дугаар тал/ зэрэг болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч А.Ут холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.У нь согтуурсан үедээ 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг, Ямаатын өвөр гэх газар өөрийн эзэмшлийн ногоон өнгийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас осол гарган мотоцикль онхолдсон зам тээврийн осол гаргаж мотоциклийн ард сууж явсан иргэн Ц.Сийн амь нас хохирсон, уг гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч А.У нь согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Цын”...2021 оны 03 сарын 05-ны өдөр Бичээч гэх газар байдаг Батаа гэх айлд очиж гэж гараад 2 хоног холбоогүй алга болсон. Өнөө өглөө Өлзийт сумын эмнэлгээс Ц.Сэ нас барсан талаар мэдэгдсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.Хийн”...2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед манайд буюу Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Балбий гэх газар У ах, С ах 2 ирсэн байсан. Ногоон өнгийн мотоциклоор ирсэн байсан. Би тухайн үед малд яваад орж ирсэн. Тэгээд манайд хоол унд идэж уугаад манай нэг шилтэй архи задлаад У ах, С ах хоёр хувааж уугаад дуусаад манай гэрийн гаднаас У ах мотоциклоо бариад хөдөлсөн. Хаашаа явсныг мэдэхгүй, тэгээд би явуулчихаад буцаад малдаа мордсон. Өөр надад мэдэх зүйл байхгүй. У ах, С ах хоёр хэвийн байсан, шарх гэмтэл байгаагүй. Манайхаас хөдлөхдөө нэлээн согтуу хөдөлсөн...” гэх мэдүүлэг, Шинжээч эмч Б.Оын”...Би 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр улаан бөглөөтэй хуруу шилтэй 4 мл орчим цус хүлээж авсан. Уг хуруу шилэн дээр А.У 03.07, 16:54 гэж бичиж ирүүлсэн байсан. Тогтоолд хэргийн болсон байдлын талаар 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэж бичсэн байсан. Шинжилгээ хийхэд уг цусанд спиртийн зүйл илрээгүй. Хэрэг болсон цаг хугацаанаас хойш буюу маргааш өдөр нь цус авсан байсан учир цусанд спиртийн зүйл илрээгүй байж болно. Амьд хүний цусанд байх спиртийн агууламж нь уусан архины хэмжээ, дотор эрхтний байдал, арьс, хөлс, шээсээр спирт ялгардагтай холбоотой учир А.Уын цуснаас спиртийн зүйл илрэхгүй байсан байх. Дунд зэргийн согтолттой үед хүн өөрийгөө удирдан жолоодох чадвар байх боловч орон зай, цаг хугацааны баримжаалал буурах, алдагдах, зүрхний цохилт олширч, даралт ихсэх, багасах зэрэг ургал мэдрэлийн зүгээс өөрчлөлт илэрнэ...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бын”...2021 оны 03 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед А.У гэх залуу өөрийнхөө Мустанг-5 маркийн ногоон өнгийн мотоциклоор ганцаараа ирээд, удалгүй Сэ, Сүхээ 2 цагаан өнгийн Портер машинтай хоёулаа ирээд би цагаан сарын юм гээд 0.75 граммын шилтэй архи задалж өгөөд, тэрийг хувааж уугаад А.У, Сэ 2 мотоциклоор, А.У жолоодоод манайхаас хөдлөөд явсан. А. У бол Зоригоо гэх айлд хоноод ирлээ гэж ярьж байсан, Сийг хаана хоноод ирснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Аийн”... А.У, Ц.Сэ 2 согтуу ирчихсэн, ногоон өнгийн мотоцикль гэрийн гадаа байсан. Тэгээд би гэртээ орж цай хийж өгөөд цагаан сараар ирээгүй гээд Соёрхол нэртэй 0.5 граммын архи задалж өгөхөд дунд нь ортол уугаад, А.У нь мотоциклоо бариад, манай гэрийн гаднаас хөдлөөд явсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 07-ны өглөө 08 цагийн үед байх У ногоон өнгийн мотоцикл уначихсан ганцаараа ирээд би өчигдөр танайхаас гарснаа мэдэхгүй байна, тасарчихсан байна, С хаана хоносон гэсэн юм яриад хүйтэн цай уучхаад, мотоциклын базуур хугараад хаягдчихсан байна, хаана хаясан бол гэж үглээд, мотоциклоо унаад доошоо явсан...” гэх мэдүүлэг, Талийгаач Ц.Сийн цогцост хийсэн шинжилгээгээр дагз ясны баруун хайрст хэсгээс дагзны арын хонхор дайрч баруун чулуулаг яс хүрсэн, баруун чулуулаг яснаас турк эмээл дайрч зүүн чулуулаг яс хүрсэн шугаман хугарал, Их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, баруун зүүн ховдлын цус хуралт, зүүн дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, баруун чамархай, дагзны хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, нүүр, баруун гарын сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Гавал тархины гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3.1.2, 3.1,3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн *ХҮНД* зэрэгт хамаарна. Нүүр, баруун гарын сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тус бүр нь 2-6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач Ц.Сэ нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Уын согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 хэсэгт зааснаар, хэргийн газрын зориуд орхиж зугтаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Уын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл болон уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой, Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан, мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул шүүгдэгч А.У нь тухайн гэмт хэргийн субъект мөн байна.
Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч А.Уын цусанд этилийн спирт илрээгүй талаар дүгнэсэн боловч хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагчийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь тогтоогдож байх тул түүнийг согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч А.У нь тухайн осол болсон цаг хугацаанд өөрөө гэмтсэн, осол гарсан талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх боломжгүй байсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч А.Уыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Сэ нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 28 дугаартай дүгнэлт тогтоогдсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 300.000 төгрөгийг төлсөн талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч А.У болон түүний өмгөөлөгч нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч А.У нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “... Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно...” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “....Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт ...” заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэж заасан, шүүгдэгч А.У нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас хоёр жилийг өршөөн хасах үндэслэлтэй байна. Мөн тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.4 дүгээр зүйлд “...шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлэхээр...” хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.Уын үйлдсэн авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Харин тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан нэмэгдэл ял өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй байна.
Шүүгдэгч А.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, мотоциклийн төмөр дөрөө 1 ширхэг 29 см урттай, 2 см голтой, түүний үзүүрт 22 см урттай нарын төмөртэй, 1 ширхэг мотоциклийн дөрөө, уг төмрийг холбосон пүрштэй, мотоциклийн консны базуур төмөр урт нь 16 см урттай, гол хэсгээрээ бага зэрэг нумарсан, урд хэсэгтээ жижиг бөмбөлөгтэй төмөр металл 1 ширхэг, гутлын салсан хар өсгий 1 ширхэг, 8x8.5 см, өсгийн өндөр 2 см, 11 ширхэг хадаастай, саарал өнгийн ноосон малгай 1 ширхэг тойруулаад “blonsu” гэсэн латин бичиглэлтэй, “Улаан шонхор” гэсэн бичиглэлтэй тамхины иш 6 ширхэг “Улаан шонхор” гэсэн бичиглэлтэй тамхины хоосон хайрцаг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Аийн Уыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн, хэрэгсэхгүй болгосугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хасаж, 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ут оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ут оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хорих ялыг өршөөн, хассугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклийн төмөр дөрөө 1 ширхэг 29 см урттай, 2 см голтой, түүний үзүүрт 22 см урттай нарын төмөртэй, 1 ширхэг мотоциклийн дөрөө, уг төмрийг холбосон пүрштэй, мотоциклийн консны базуур төмөр урт нь 16 см урттай, гол хэсгээрээ бага зэрэг нумарсан, урд хэсэгтээ жижиг бөмбөлөгтэй төмөр металл 1 ширхэг, гутлын салсан хар өсгий 1 ширхэг, 8x8.5 см, өсгийн өндөр 2 см, 11 ширхэг хадаастай, саарал өнгийн ноосон малгай 1 ширхэг тойруулаад “blonsu” гэсэн латин бичиглэлтэй, “Улаан шонхор” гэсэн бичиглэлтэй тамхины иш 6 ширхэг “Улаан шонхор” гэсэн бичиглэлтэй тамхины хоосон хайрцаг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шүүгдэгч А.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч А.Уын 1064126 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүрүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР