| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зүмбэрэллхамын Шүрэнчулуун |
| Хэргийн индекс | 169/2021/0012/Э |
| Дугаар | ШЦТ/2021/29 |
| Огноо | 2021-04-07 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар ШЦТ/2021/29
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.ШүрэнЧ даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Прокурор Б.Батцэцэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эад холбогдох эрүүгийн ...... тоот хэргийг 2020 оны 12 сарын 21-ныдөр хүлээн авч хэлэлцээд
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... төрсөн,.... настай ..... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, 2011 онд Алтан гадас одонгоор, 2019 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдаж байсан, .............. оршин суудаг, Довогт АЭ гэв. РД:......
Шүүгдэгч А.Э нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2019 онд Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд суудлын авто машин худалдан авах тендерийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэн Д.О давуу байдал бий болгон 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн тоёота ланд-круйзер-100 маркийн 35.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг зах зээлийн ханшнаас хэт дээгүүр буюу 45.000.000 төгрөгөөр худалдан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Дундговь аймгийн засаг дарга аймгийн иргэдийн хурлаар хэлэлцэгдээд 2019 оны жилийн эцсийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр 4, 5 суманд унаа авах асуудлыг шийдээд, тухайн үед 4 сумд 50 сая төгрөг, Өлзийт суманд 45 сая төгрөг баталж өгсөн байдаг. Хавар нь тендер зарлаад, 3 компанид урилга өгсөн. Тендерт шаардлага хангасан компани орж ирсэнгүй гээд шууд гэрээ хийх зөвлөмж өгсөн. Бидэнд 50 сая төгрөг баталж өгөөгүй учраас техникийн тодорхойлолтоо өөрчлөх нөхцөл байдалд хүрсэн. Тухайн үед засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд асуудлыг шийдсэн. Хавтаст хэрэгт ажил хариуцаж байсан хүмүүс тендерийн материалд хавсаргасан байдаг. Уг нь тендерийн материалд биш засаг даргын зөвлөлийн хурлаар тусад нь хийх ёстой зүйлийг тендерийн материалд хийсэн байна гэж мөрдөгч надад хэлж байсан. Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг тендерийн материалд үдээд өгчихсөн. Тендерийн материал нь 35 хуудас байдаг. 5 хуудас илүү материал хийж өгсөн гэдэг байдлаар надаас мэдүүлэг авсан. Энэ асуудлыг тусдаа хийх ёстой гэж саналаа хэлж байсан. Сүүлд нь энэ асуудлыг бид зөвлөлийн хурлаар хэлэлцээд, шууд гэрээ байгуулсан. Манай нутгийн машин тэрэг зардаг хүнээс машиныг аваад 2 сар хадгалсан. Нэг орой ажил тарах үед би ирж аймгийн засаг даргатай уулзаад, гарын үсэг зурж, маргааш нь билүү нөгөөдөр нь Огийн данс руу мөнгө шилжсэн. О мэдүүлэгтээ наймаа хийдэг, ашиг хардаг талаараа мэдүүлсэн байсан. О намайг машины эзэн Хтай уулзуулсан. Тэр үед машин “төд өд” гэж яриагүй байхад ярьснаар мэдүүлэг өгсөн байсан. Мөнгө нь миний данснаас биш, аймгийн орон нутгийн данснаас гарсан. 5 хуудас материал орсон зүйлээс л татгалзаж байна. Тэр нь тусдаа асуудал байхад тендерийн материал дээр нэмэлтээр хийсэн мэт орсон байсан. Тухайн автомашиныг 2019 оны хавар авч, албан хэрэгцээнд 6 сараас эхэлж ашигласан. Отрын айл эргээд явж байхад жолооч мэдэхгүй юм холбосноос болж хянах самбар эвдэрснийг жолооч өөрөө сольсон. 2019 оны эцсээр багийн даргын жолооч гуйж хот явтал машины араас ороод өөрсдийн хөрөнгөөр засаж байсан. Би мөрдөн байцаалтын явцад гэм буруугаа ойлгож байна гэдгээ хэлж байсан. Би тэтгэврээ хөөцөлдөөд улсын хохиролгүй болгох бодолтой байгаа. Хүнд давуу эрх олгосон гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Би анх мэдүүлэг өгөхдөө мэргэжлийн байгууллагууд нь одоо ашиглаж байгаа машины гэрээг байгуулахдаа тохирсон машин 2-ыг үнийн хувьд зөрүүтэй байхаар тогтоосон гэж надад байцаагч танилцуулсан. Тийм бол тэр зөрүү хохирлыг аваад өөр санал, хүсэлт байхгүй. Машин нь бол одоо хэвийн явж байгаа юм билээ” гэв.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би үнэлгээний дүгнэлттэй уншиж танилцлаа. Мэргэжлийн байгууллагаар үнэлгээг тогтоосон болохоор санал нийлж байна. Мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн үнэлгээ байна, мөн төсвийн хөрөнгөөс гаргасан мөнгөний үнийн зөрүүг буруутай этгээдээс зөрүү мөнгийг төрд буцаан олгуулах нь зүйтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 179-180/
- Гэрч Р.Х “...Улсын их хурлаас баталсан сэдвийн дагуу “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын'' төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашигт улсын хэмжээнд жил бүр нэгдсэн удирдамжаар гүйцэтгэлийн аудитын шалгалт хийгддэг. Уг удирдамжийн дагуу манай байгууллагаас Дундговь аймгийн хэмжээнд 2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашигт шалгалт хийсэн. Энэ шалгалтын хүрээнд орон нутгийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг шалгаж үздэг. Өлзийт сумын засаг даргын тамгын газрын худалдаж авсан автомашин нь орон нутгийн хөрөнгөөр хийгдсэн. Шалгалт хийхэд худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа тендерийн баримт бичигт зах зээлийн үнийн санал, техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа хооронд нь уялдуулаагүйгээс аж ахуй нэгжүүдээс тендер ирүүлээгүй, амжилтгүй болсон байсан. Тэгээд амжилтгүй болоод техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй хувь хүнтэй гэрээ байгуулж худалдан авалт хийсэн байсан. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.2 дах хэсгийг баримтлан шууд гэрээ байгуулах ёстой байсан боловч анхны техникийн тодорхойлолтоо үнэлгээний хорооны хурлаар өөрчилж, өөрчлөх зөвлөмжийг захиалагч буюу засаг даргын тамгын газарт хүргүүлэх шийдвэр гаргасан байсан. Тэгээд дараа нь гэрээ байгуулсан байсан. Харьцуулалтын аргаар сонгон шалгаруулалт явуулахдаа 3-аас дээш этгээдэд тендерийн урилга явуулсан байх ёстой байдаг ба Өлзийт сумын автомашин худалдан авсан тендерийн баримт бичигт 3 этгээд рүү явуулсан тендерийн урилга байхгүй байсан 3 этгээдээс урилгын хариу ирүүлсэн байсан. Дээрх 2 төрлийн асуудлаар манай байгууллагаас Өлзийт сумын засаг дарга зөрчлийг арилгуулах албан шаардлага хүргүүлсэн. Тодорхой тайлбар хэлээгүй, үнэлгээний хорооны дарга, засаг даргын орлогч нартай уулзсан. Уулзахдаа үүссэн зөрчлийг танилцуулахад хүргүүлсэн тендерийн урилгыг баримтад оруулж үдэхээ мартсан байх гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-181/
- Гэрч Ш.Ч “...2019 оны 02 сарын 18-ны өдрийн үед гэж санаж байна. Тус тендерийн үнэлгээний хороо байгуулагдсан. Даргаар Б, нарийн бичгээр миний бие, гишүүнээр Г томилогдсон. Уг тендерийг цахимаар 2019.03.01-2019.03.15-ны өдрийн хооронд тендер зарлаад хариу санал ирүүлээгүй. Тэгээд шууд гэрээ байгуулах тухай дүгнэлтээ ЗДТГ-т өгсөн. Тэгээд манай үнэлгээний хорооны ажил дууссан. 2019.03.18-ны өдөр дүгнэлт гаргах гээд 2 дахь хурлаа хийсэн. Автомашины худалдан авах тендерийн урилгыг ямар нэгэн аж ахуй нэгжид хүргүүлээгүй, цахимаар явуулсан. Тус өдөр 3 өөр тендерийн хурлыг цуг дараалан хийж, дүгнэлт гаргасан. 3 аж ахуй нэгж рүү урилга хүргүүлсэн гэдэг нь цэцэрлэг, сургуулийн дотуур байрны хоол, хүнс худалдан авах тендерийн урилгыг хүргүүлсэн аж ахуй нэгжийг андуурч бичсэн байх юм. Үнэлгээний хорооны хурлыг бодитоор хийсэн. Гишүүд бүгд хуралд оролцсон. Би уг 2 хурлын тэмдэглэлийг хөтөлж бичсэн. Д.Ог манай сумын хүн гэдгээр нь танина. Харилцаа холбоо байхгүй. Энэ хүнийг автомашин нийлүүлсэн гэдэг талаар мэдэх зүйл байхгүй. Дүгнэлт гаргаснаас хойших тендертэй холбоотой асуудлын талаар мэдэхгүй. Тухайн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлттэй танилцлаа. Тус хурлын тэмдэглэлийг би хөтлөөгүй, тухайн хурлын тэмдэглэл дээр байгаа 3 аж ахуй нэгж компанийн нэрийг огт мэдэхгүй юм байна. Мөн хурлын тэмдэглэл хөтөлсөн дээр миний гарын үсэг биш байна. Хэн хурлын тэмдэглэл хөтөлж, дуурайлгаж зурсныг би мэдэхгүй байна. Хэрэв хурал хийж, хурлын тэмдэглэлийг би хөтөлсөн бол тухайн хуралд оролцсон гишүүд бүгд гарын үсэг зурсан байх ёстой...” гэх мэдүүлэг /1-р хх-182-184/
- Гэрч А.Т “...Зөвлөлийн гишүүдийн ихэнх нь оролцсон, 6-р багийн засаг дарга Б, 3-р багийн засаг дарга М.А, санхүүгийн албаны дарга Б, засаг дарга Э, нийгмийн бодлогын мэргэжилтэн О нар хуралд оролцсон. Үг хэлж байсан хүмүүсийг санаж байна. Засаг дарга Э, Б, А нар үг хэлж байсан. Зөвлөлийн гишүүдээс 1 хүн дутуу, хурал 90 хувийн ирцтэй байсан гэж санаж байна. Автомашин худалдан авах тендертэй холбоотой тендерийн үнэтэй нь таарсан машин олдохгүй байна гэж байсан. Техникийн тодорхойлолт өөрчлөх талаар хэлэлцэж байсан. “Үнэтэйгээ тохирсон машин авахгүй бол болохгүй юм байна, олдохгүй юм байна, өөр машин авахгүй бол болохгүй юм байна” гэсэн утгатай зүйлийг засаг дарга Э хэлж байсан. Автомашинтай холбоотой зүйлсийг хуралд оролцсон хүмүүс ярьж байсан. Бодитоор хурал зохион байгуулагдаж, би хурлын тэмдэглэлийг хөтөлсөн. Жижиг дунд үйлдвэрлэлийн мэргэжилтэн О хурлын тэмдэглэлд байснаар бичсэн боловч өөрийн биеэр оролцоогүй, бусад нь өөрийн биеэр хуралд оролцсон. Засаг дарга Э тодорхойлолтоо өөрчилье гээд тэмдэглэлд тусгуулж байсан. Өлзийт сумын засаг даргын тамгын газраас автомашин худалдан авах тендерийн урилгыг Эдмоор, Амардалай хурд, АНХЮМЧ гэсэн аж ахуй нэгжүүд рүү явуулж байгаагүй. Засаг даргын тамгын газраас тендерийн урилга гэсэн албан бичиг огт явуулж байгаагүй. 2019.03.18-ны өдөр би бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан...’’ гэх мэдүүлэг /1-р хх-185/
- Гэрч А.Г “...2011-2018 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт татварын байцаагчаар ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөөгөө аваад 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс Дундговь аймгийн татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажилд ороод явж байна. ихэнх худалдан авах ажиллагаанд манай сумын Ч, Б бид 3 оролцож явдаг байсан. Тухайн үнэлгээний хороонд орсноо бол санаж байна. Тус үнэлгээний хорооны анхны хурал 2019 оны 03 сарын эхээр болж байсан санаж байна. Авто машины техникийн тодорхойлолтыг захиалагч талаар гаргаж өгсөн байсан. тухайн техникийн тодорхойлолтын дагуу цахимаар тендерийг зарласан боловч нэг ч аж ахуйн нэгжээс материал ирээгүй байсан. Ингээд бид 3 хуралдаад шууд гэрээ байгуулах зөвлөмж өгсөн байгаа. Тендерийг анх нээхдээ Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Б нээлгэж байсан. Материал ирээгүй болохоор хуулиа баримтлаад зөвлөмж өгсөн байгаа. Миний хувьд бол үнэлгээний хорооноос зөвхөн зөвлөмж өгснөөс цааших ажиллагаанд оролцоогүй. Техникийн тодорхойлолтыг өөрчилсөн урилга хүргүүлсэн талаар бол мэдэхгүй. Надад бол нөлөөлсөн зүйл огт байхгүй. Хуулийн дагуу шууд гэрээ байгуулах зөвлөмжийг өгсөн. Хаанаас ямар авто машин худалдаж авсан талаар нь ч мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-195/
- Гэрч Б.О“...Би 2005-2009 онд Өлзийт сумын “Тогтвортой амьжиргаа” төслийн нарийн бичиг, 2009 оны 03 сараас одоог хүртэл Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, 2018 оны 12 сараас Засаг даргын тамгын газрын даргын үүргийг хавсран гүйцэтгэж байгаа. Тухайн авто машиныг худалдаж авахаар үнэлгээний хороо байгуулагдаж тендер зарласан боловч үнэлгээний хорооноос нэг ч аж ахуйн нэгж санал ирүүлээгүй, тендер хүчингүй болсон тул шууд гэрээ байгуул гэсэн үнэлгээний хорооны дүгнэлт 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ирсэн. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Засаг даргын зөвлөл хуралдаад техникийн тодорхойлолтын үзүүлэлтийг бууруулахгүй бол 40.500.000 төгрөгт машин худалдаж авах боломжгүй байна гэж үзээд 2002 оноос хойш үйлдвэрлэсэн машин байвал зах зээлийн үнэнд тохирно гэж үзээд техникийн тодорхойлолтыг хурлаар өөрчлөхөөр шийдвэрлэсэн. Анхны техникийн тодорхойлолтыг гаргахад би оролцсон бөгөөд 2018 оны 12 сард анх аймгаас төсөвт суулгахдаа сумуудын авто машинд 50 сая төгрөг хуваарилж байгаа гэж ярьсан боловч яг санхүүжилт нь орохдоо 45 сая төгрөгөөр орохоор болсон. 50 сая төгрөг шийдвэрлэж байгаа гэсэн учраас тухайн үнэнд тааруулж техникийн тодорхойлолтоо боловсруулсан. Гэвч 45 сая төгрөг батлагдсан учраас өмнөх боловсруулсан техникийн тодорхойлолтоор тендерээ зарласан боловч аж ахуйн нэгж ирээгүй юм аа. Ингээд тендерийн дараа ахиж техникийн тодорхойлолтоо өөрчилж гаргасан, Өөрчилснөөс хойш албан ёсоор аж ахуйн нэгжүүдэд урилга хүргүүлж санал авсан зүйл байхгүй. Тэгэхдээ Засаг дарга Э өөрөө судалж явж байгаад энэ О гэх хүнийг олж гэрээ байгуулахаар болсон юм шиг байна лээ. Ингээд гэрээ байгуулах Засаг даргын захирамж гараад түүнийх нь дагуу би гэрээ байгуулсан байгаа. Засаг дарга дээр үнэлгээний хорооны зөвлөмж ирсэн. Ингээд зөвлөмжтэй Засаг дарга танилцаад Засаг даргын зөвлөлөөр техникийн тодорхойлолтыг ахиж ярилцъя гэж зөвлөлийг хуралдуулсан байгаа. Шаардлагыг хангаж байна гэж үзээд ажлын хэсэг хүлээж авсан байгаа. Шууд гэрээ байгуул гэдэг нь нийлүүлэх хувь хүн аж ахуйн нэгжээ шууд олж байгуул гэсэн утгаар ойлгоод гэрээ байгуулсан байгаа. Заавал урилга хүргүүлэх, санал авах ёстой гэж ойлгоогүй. Би үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дүгнэлт 2-г үзсэн. Бусад материалыг үзэж танилцаагүй. Ямар компаниудаас санал ирж байсан талаар би танилцаж үзэж байгаагүй. Надад нөлөөлсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-196-197/
- Гэрч Т.Т “...Би 2017 оны 02 сараас одоог хүртэл Засаг даргын тамгын газарт нярваар ажиллаж байна. Анх тендер зарлагдахаас өмнө нягтлан Б, жолооч Б бид 3-г авто машины үнийг судал гэсэн чиглэлийг тамгын газрын дарга О өгч байсан. Ингээд интернетээс хайж үзэж байгаад техникийн тодорхойлолтыг нь боловсруулсан. 50 сая төгрөгт багтах машин гэж анх судалж байсан юм аа. Ингээд техникийн тодорхойлолт гаргаж өгсөн байгаа. Тэрнээс хойш техникийн тодорхойлолт гаргах ажиллагаанд оролцоогүй. Тодорхойлолт дээр байгаа гарын үсэг бол миний гарын үсэг мөн байна. Тэгэхдээ би сүүлд техникийн тодорхойлолт өөрчилж гаргасан талаар санахгүй байна. Энэ техникийн тодорхойлолт өөрчилсөн талаар надад мэдэж байгаа зүйл байхгүй. Ажлын хэсэг байгуулагдаж авто машиныг хүлээж авсан байгаа. Тухайн үедээ ажлын хэсэг бүх зүйлүүдийг нь тулгаж шалгаж үзээд хүлээж авсан байгаа. Авто машиныг хүлээж авах үед бол тухайн автомашин 143.000 орчим явсан байсан. Энэ авто машины хянах нь 2020 оны 01 сард эвдрээд Улаанбаатар хотод очиж солиулж байсан. Би жолооч Б хамт явж хянахыг нь солиулж байсан. Хуучин хянахыг нь тухайн засварын газраа орхиж байсан. Хянах солиулсан зардал нь дөрвөн зуу гаран мянган төгрөг болж байсан бөгөөд зардлыг жолооч Б өөрөөсөө гаргаж байсан. Солиулсан баримт гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-198/
- Гэрч С.Х “...Би 1992-1995 онд Өлзийт сумын Буянт багт малын бага эмч, 2003-2005 онд Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт Тогтвортой амьжиргаа төслийн нарийн бичиг, 2009-2010 онд Өлзийт сумын 1-р багийн Засаг дарга, 2010-2018 онд Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн, тасгийн дарга, 2019 оны 03 сарын 01- ний өдрөөс Мал эмнэлгийн тасгийн даргаар одоог хүртэл ажиллаж байна. Тухайн комиссыг би ахалж ажилласан бөгөөд комиссын бүрэлдэхүүнд хэсгийн мөрдөгч Р.М, тамгын газрын жолооч Ц.Б, нярав Т, татварын байцаагч Г нар байсан бөгөөд техникийн тодорхойлолтын дагуу ажлыг хүлээж авсан. Тухайн авто машин нь Ланд крузер 100 маркийн 2003 онд үйлдвэрлэсэн машин байсан, нарийн зүйлийг унах жолооч буюу Ц.Б шалгаж байсан. Бид нар бусад үзүүлэлтийг нь харж тулгаж байсан. Тэр үедээ шаардлага хангаж байсан. Шаардлага хангаагүй бол хүлээж авахгүй байсан. Надад бол нөлөөлсөн ямар нэгэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-199/
- Гэрч Г.Ггийн “...Би 2018 оны 05 сард сургууль төгсөөд 2018 оны 06 сарын 11-ний өдрөөс Өлзийт суманд татвар хураагчаар томилогдоод 2019 оны 04 сарын 18-ны өдөр ажлаа хүрээлгэж өгсөн байгаа. Тухайн үед автомашин хүлээж авах ажлын хэсэгт хүлээж авахад шаардагдах зүйлийн жагсаалтыг гаргаж өгч байсан бөгөөд хүлээж авсан ланд Крузер 100 машин нь 2003 онд үйлдвэрлэгдсэн 2010 онд монголд импортлогдсон авто машин байсан. Бусад зүйлүүд нь техникийн тодорхойлолтдоо яг таарч байсан тул шалгаад хүлээж авсан байгаа. Тухайн үед би хүлээж авахдаа километрийг шалгаж буюу зургийг авч байсан. Одоо ч миний утсан дээр зураг нь байгаа бөгөөд 143.644 километр явсан машин байсан. Надад бол нөлөөлсөн ямар нэгэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-200/
- Гэрч Ц.Бгийн “...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор ажилд ороод 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Одоо сайн санахгүй байна. Засаг даргын тамгын газрын хэрэгцээнд Ланд Крузер 100 маркийн авто машин худалдаж аваахаар болоод техникийн тодорхойлолтыг нь гаргаж байгаа гээд миний нэрийг оруулсан байсан. Би бол тэгэхдээ тэр тодорхойлолт гаргахад нь оролцоод сүрхий явсан зүйл байхгүй. Техникийн тодорхойлолт сүүлд өөрчилсөн талаар нь бол надад мэдэж байгаа зүйл байхгүй байна. Бичиг баримт бүрдүүлж байгаа гээд янз бүрийн зүйл дээр гарын үсэг зуруулаад нарийн сайн санахгүй байна. Сар өдрийг нь сайн санахгүй байна. Би Улаанбаатар хотод ажилтай явж байсан чинь Засаг дарга Э залгаад машин авах гэж байна чи ирээд хараадах гэхээр нь очиж үзсэн. Тэр үед энэ одоо авчихсан байгаа машиныг үзүүлж байсан. Машиных нь эзнийг нь бол танихгүй. Хажууд нь манай нутгийн О хамт явж байгаа харагдсан. Намайг очиход Э дарга өөрөө тэр машиныг үзээд байж байсан. Өөр ямар нэгэн машин үзэж сонирхоогүй. Тухайн авто машиныг яагаад авах болсон талаар нь мэдэхгүй юм аа. Энэ машиныг хэдэн төгрөгөөр авч байгаа талаар Э дарга надад хэлээгүй. Ажлын хэсэг байгуулагдаж авто машиныг хүлээж авсан байгаа. Тухайн үедээ ажлын хэсэг бүх зүйлүүдийг нь тулгаж шалгаж үзээд хүлээж авсан байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-201/
- Гэрч Д.Огийн “...Нэг нутаг, нэг сумын хүмүүс гэдгээр нь танина. Өөр харилцаа холбоо байхгүй. Өлзийт сумын засаг даргын тамгын газрын хуучин машиныг актлагдаад шинэ машин авч байна гэсэн сургийг нутгийн хүнээс сонссон юм. Хэнээс сонссоноо яг сайн санахгүй. Тэгээд би өөрөө Өлзийт сумын засаг дарга Этай уулзаж “машин авах гэж байгаа юм уу” гэхэд “Ланд Криусер-100 авах гэж байгаа” гэсэн тэгээд би “Надад Ланд Криусер-100 маркийн тээврийн хэрэгсэл байгаа, нутгийн хүнээ дэмжээд надаас машин аваарай” гэсэн. Гэрээ байгуулахаас өмнө 10-аад хоногийн өмнө Өлзийт суманд би хувийн ажлаар явж байхдаа засаг дарга Этай уулзсан юм. Тэгээд засаг дарга Э надтай эргэж холбогдоод жолоочтойгоо хамт миний машиныг Улаанбаатар хотод очиж үзээд 45,000,000 төгрөгөөр авахаар тохироод Өлзийт сум руу авч явсан. 2019 оны 03 дугаар сарын 25, 26-ны үед машиныг Өлзийт сум руу авч явсан санагдаж байна. Тэгээд би дараа нь Өлзийт суманд очиж гэрээ байгуулсан. Тэгээд гэрээ байгуулснаас хойш мөнгө нь орж ирэхгүй сар болоод 40,500,000 төгрөг орж ирсэн. Шимтгэлд 4,500,000 төгрөгийг авсан байсан. Э засаг дарга хэлэхдээ “2000 оноос хойш үйлдвэрлэгдсэн, он залуу машин авна шүү” гэж байсан. Техникийн тодорхойлолтыг надад нарийн хэлээгүй. Миний машиныг үзэж хараад авахаар болсон. Миний худалдсан машин 2002 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол улсад орж ирсэн машин байсан. Зах зээлийн үнэ нь 2000 оноос хойш үйлдвэрлэгдсэн нь 38,000,000 төгрөг байдаг. Би уг машиныг 37,800,000 төгрөгөөр 2019 оны 03 дугаар сарын эхээр авч байсан санагдаж байна. “Да хүрээ” зах дээрээс худалдаж авч байсан, хэн гэдэг хүнээс авсан нэрийг нь мэдэхгүй байна, танихгүй хүнээс авч байсан. Худалдаж авахдаа би бэлэн мөнгө өгөөд авч байсан. Би хувиараа машины бизнес хийдэг, урьд нь хүнээс машин худалдаж авсан мөнгө өгөх ёстой байсан ба санхүүжилтийн мөнгөнөөс тэр мөнгөө өгсөн. Уулзахаас өмнө би уг машиныг худалдаад авчихсан байсан. Би худалдаж авахдаа гэрээ байгуулаад нэр дээрээ шилжүүлээд авчихсан байсан. Ямар ч байсан Улаанбаатар хотод гэрээ байгуулж байсан. Нотариатад өгөх төлбөрөө багасгах гэж үнийн дүнг багаар бичсэн байх гэж бодож байна. Одоо сайн санахгүй байна. Нотариат дээр үнэлгээ багаар бичсэн болохоор авто тээврийн үндэсний төвд өгөхдөө үндсэн үнийг нь бичиж би өгсөн юм шиг байна. Би Ж ахыг таньдаг болохоор Ж ахаар дамжуулж наймаа хийж байсан. Анх бол 34 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон боловч мөнгөө удаасан гэдэг шалтгаанаар 35 сая төгрөг болгож өгсөн. 34 сая төгрөгөөр худалдаж авах хэлцлийг Ж, Х бид 3 хамт байж байгаад тохиролцож байсан. Үнэ тохиролцоход Э байгаагүй. 35 сая төгрөгөөр худалдаж авч байгааг би бол Эад хэлээгүй. Би Этай уулзахаасаа өмнө Ж ахтай утсаар яриад машин байгаа юу гэдгийг асууж байсан. Ингээд машинууд байгаа гэхээр нь Этай уулзсан юм аа. Би зах дээр машин зардаг учраас машин ер нь байгаа гэдгийг мэдэж байсан. Ж ах жийп машин зардаг болохоор байгаа юу гэдгийг өмнө нь асууж байсан. Ж ах байсан Х байгаагүй шиг санаж байна. Одоо сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-186-190/
- Гэрч Д.Жгийн “...О, Х нартай Да хүрээ зах дээр хуучин машин зардаг байсан. О Х 2 бол бие биеэ танихгүй. Э гэх хүнийг би сайн танихгүй бөгөөд О нь анх Өлзийт сумын Засаг дарга гэж танилцуулж байсан. О өөрөө Өлзийт сумын залуу байгаа юм аа. 2019 оны 03 сарын сарын сүүлээр санаж байна. Одоо өдрийг нь сайн санахгүй байна. О надтай утсаар яриад машин авах гэж хотод ирлээ. Дундговь аймгийн 4, 5 сумын Засаг даргын тамгын газар авто машин худалдаж авч байгаа. 1 сум нь Өлзийт сум юм аа. Манай Засаг дарга машин авах гээд хотод ирсэн байгаа. Гоё машин олж өгөх гэсэн юм. Машин байна уу гэж надаас асуусан. Ингээд Хт машин байгааг мэдэж байсан учраас байгаа гэж Од хэлсэн. Маргааш өглөө нь 09 цагийн үед Натурын захын үүдэнд Э, О 2-той уулзаад Х руу залгасан чинь Амгалан орох гээд явж байна гэхээр нь колонк дээрээ зогсож бай одоо очлоо гэж хэлсэн. Ингээд нөгөө 2-г дагуулаад Амгалангийн тэнд колонк дээр очиж уулзаад машиныг нь үзсэн. Х 2 гадаад хүн аваад явж байх шиг байсан. Х машин зарахаас гадна жуулчинд явдаг юм. Э гэх хүн Хын машиныг нь үзээд сайхан машин байна гээд 34 сая төгрөгөөр авахаар тохиролцсон санаж байна. 34 билүү 35 сая төгрөгөөр тохирсон. Би одоо нарийн сайн санахгүй байна. Тухайн үед машиныг нь үзээд авахаар тохиролцоод тэр оройдоо Улаанбаатар их дэлгүүрийн үүдэнд бөөнөөрөө уулзсан. Тухайн сумын жолооч нь гэх 1 хүн дагуулж ирсэн байсан. Ингээд мөнгө нь бол бэлэн бишээ, 3 хоногийн дотор шилжүүлчихнэ. Бүх материал нь бэлэн болчихсон гээд бичиг баримт үзүүлээд байсан. Ингээд нэрийнхээ хуудсыг өгөөд машинаа аваад явсан. Хэд хоногийн дараа машинаа шилжүүлэх шаардлагатай байна гэж хэлэхээр нь Х руу ярьсан чинь Х жуулчинд явчихсан хөдөө байна гэхээр нь Хын иргэний үнэмлэх надад явж байсан учраас Хыг өөрийг нь нотариатын хүнтэй утсаар яриулаад би өөр рүүгээ тэр машиныг нь итгэмжлэл хийлгээд Отай худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан. Ингээд шилжүүлснээс хойш мөнгөө өгөхгүй алга болчихоор нь би өөрөө суман дээр нь очоод Э гэх хүнтэй уулзаад хамт Дундговь аймгийн төв руу яваад аймгийн Засаг дарга дээрээ Э өөрөө ороод бичиг баримт дээр гарын үсэг зуруулаад маргааш нь санхүүжилт нь миний 5018155358 дугаартай данс руу орж ирсэн. Тэр мөнгийг нь Х руу нь шилжүүлж байсан байгаа. Надад бол 34 билүү 35 сая төгрөгөөр зарж байгаа гэж Х хэлж байсан. Анх үзүүлэхдээ тэгж тохиролцсон байгаа. Тэр үнийн дүнгээр нь гэрээ байгуулсан санаж байна. Гэрээний үнийн дүнг сүүлд өөрчилсөн эсэхийг мэдэхгүй юм аа. Засаг даргатайгаа юу гэж тохиролцсоныг мэдэхгүй юм аа...’’ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 202/
- Д.Хын “...2019.01.29-ний өдөр санаж байна. Би тухайн авто машиныг Баянбүрдийн тойргийн орчимд засварын газар ажиллуулдаг Дашзэвэг гэх хүнээс 29.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан санаж байна. Худалдаж авч байсан мөнгийг тухайн үед Дашзэвэгийн данс руу хийж байсан байгаа. Энэ авто машиныг худалдаж авснаас хойш 4 дугуйг нь сольсон буюу засварын ажил хийсэн. Би хуучин машин зах дээр хааяа гарч зардаг бөгөөд зах дээр зогсож машин зардаг танил ах Жд дээрх Ланд 100 маркийн машинаа зарах гэж байгаа талаар хэлсэн. 2019 оны 03 сарын сүүлээр Ж ах над руу залгаад хүмүүс он залуу Ланд сонирхоод байна. Чи ирээд үзүүлчих үү гэхээр нь би Тэрэлж явж байна гээд замд таарч үзүүлэхээр болсон. Ингээд Амгалангийн вокзалын цаад талд байдаг МТ колонкын гадаа үзүүлсэн бөгөөд тухайн үед Ж ахаас гадна 2 хүн ирсэн. 1 хүн нь өөрийгөө Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг дарга Э гэж танилцуулж байсан. Нөгөө хүнийх нь нэрийг сайн санахгүй байна. Тэр Эыг авах гэж байгаа хүн нь гэж Ж ах хэлсэн. Би тухайн үед 36 сая төгрөгөөр зарна гэж хэлээд доошоо гэхээр нь 35 сая төгрөг гэж хэлсэн. Тэгсэн засаг дарга Э нь албанд авах гэж байгаа юм аа. Төсөв нь батлагдчихсан, машинаа сонгоодох гэсэн юм аа гэж байсан. Тэр үнэ ханшийн талаар Э гэгч нь надтай ярилцаж байсан. Машиныг үзүүлчхээд хөдлөөд тэрэлж орсон. Тэрэлж рүү явж байх замд нөгөө хүмүүс машиныг авъя гэхээр нь авч явсан жуулчдаа Тэрэлжид буулгачхаад буцаж хотод ирсэн. Урьдчилгаа мөнгө байхгүй, тэр хүмүүсийг би танихгүй учраас Ж ахад “би танд итгэмжлэл хийгээд өгье. Та бүх мөнгө төгрөгийг нь хариуцна шүү” гэж хэлсэн. Ж ахад итгэмжлэл хийж өгснөөс хойш мөнгө нь орж ирэхгүй 1 сар гаран болсон байгаа. 1 сар орчмын дараа Ж ахаар дамжиж 35 сая төгрөг миний хаан банкны 5032289703 дугаартай данс руу шилжүүлсэн байгаа. Анхнаасаа Э гэх хүн өөрөө ирж үзэж наймаа хийж 35 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байгаа. 35 сая төгрөгөөр худалдаж авч байгаа гэдгийг Э мэдэж байсан. Мэдэхгүй байна гэж байхгүй. Яагаад гэвэл мөнгө нь орохгүй удаад байхаар нь би Э гэх хүн рүү залгаад Улаанбаатар хотод ирчихсэн байна гэхээр нь С талбайн зүүн талын Туушин буудлын доор хүлээлгийн танхимд нь очиж уулзаж байсан. Тэр үед 35 сая төгрөг чинь асуудалгүй орно. Гарын үсэг, 1 материал дутуу байгаа гэж хэлээд явуулж байсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулахад би хажууд нь байгаагүй. Би Ж ахад итгэмжлэл хийгээд өгчихсөн байсан юм аа. Би Э, О гэх хүмүүсийг огт танихгүй. Машин худалдахдаа анх харсан байгаа. Би дээр зарим зүйлийг дутуу ярьсан байна. Би Тэрэлжид хүмүүсээ буулгачхаад ирсэн чинь Э би машиныг чинь барих жолоочдоо үзүүлмээр байна гэхээр нь Улаанбаатар их дэлгүүрийн зүүн урд талын зогсоол дээр үзүүлсэн. Жолооч нь настай ах байсан. Нэрийг нь бол санахгүй байна. Тэр үед бол үнэ төлбөрийн талаар яриагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-203/
- Гэрч Е.Г “...Би 1998 оноос хойш одоог хүртэл Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчаар ажиллаж байна. Д овогтой Ж, Д овогтой Х гэх хүмүүсийг их сайн танихгүй. Энэ 2 хүнийг Да хүрээ зах дээр машин зардаг гэдгээр нь мэднэ. Хэд хэдэн удаа манай нотариатаар үйлчлүүлж байсан байгаа нотариатаар маш олон хүмүүс орж гардаг бөгөөд энэ итгэмжлэл хийх үед талууд байсан эсэхийг санахгүй байна. Би талууд байсан байх гэж бодож байгаа
бөгөөд талууд байхгүй бол итгэмжлэл хийх боломжгүй. Х өөрөө шилжүүлчих гэж хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр итгэмжлэл хийсэн байх гэж бодож байна. Одоо нарийн зүйлийг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-204/
- Гэрч Б.Б “...Би тухайн компанийг 2012 онд гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулж байсан юм аа. Тухайн компани нь сүүлийн 1 жил үйл ажиллагаа нь зогссон байгаа. Компани явуулж байсан үйл ажиллагаа нь гэвэл ажилчдын хоолны газар, Солонго, Орос улсаас авто машин оруулж ирж худалддаг байсан. Би энэ талаар санаж байгаа зүйл байхгүй байна. Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт 2016 онд Patriot автомашины хойд тэнхлэгийг нийлүүлж байсан. Өөр Өлзийт суманд огт машин нийлүүлж байгаагүй. Тендерт оролцох урилга ирж байсан талаар одоо сайн санахгүй байна. Болормаа бол миний төрсөн дүү байгаа юм аа. 2017 онд Б.Болормаа Солонгос улс руу явах визэнд орох гээд компани хэрэгтэй болохоор нь шилжүүлж байсан юм аа. Тэрнээс хойш компани идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй болохоор нэрээ шилжүүлж аваагүй байгаа юм аа. Болормаа одоо Улаанбаатар хотод байгаа. Дундговь аймгаас тендерт оролцох урилга хэд хэдэн удаа ирж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-205/
- Гэрч Б.Д “...Д.О гэх хүн бол манай ангийн хүүхэд байгаа юм аа. Бид 2 Дундговь аймгийн Өлзийт сумын сургуулийн 8-р ангийг хамт төгсөж байсан юм аа. Би тухайн дансыг 2018 оны 08 сард сард анх нээж байсан санаж байна. Анх нээсэн шалтгаан нь манай Өлзийт сумын 8-жилийн ангийн 25 жилийн ойн уулзалт 2018 оны 08 сарын 02-05-ны хооронд болж өнгөрсөн. Тус нийллэг дээр О анги хамт олноосоо хүсэх зүйл байна. Надад нэг данс нээгээд өгөөч ээ. Миний данс шүүхийн шийдвэрт баригдчихсан байгаа. Өөрийн гэсэн данстай болмоор байна гэсэн зүйл ярихаар нь би нээж өгөхөөр болсон. Ингээд
дээрх дансыг нээгээд карт захиалж өгч байсан. АТМ-ээр хийж байгаа гүйлгээг О өөрөө хийж байсан. Интернет гүйлгээг О над руу яриад хэлсэн данс руу би хийж өгдөг байсан. Надад хэлэхдээ Өлзийтийн Эад машин зарсан. Тэр машины мөнгө орж ирэхээр чиний мөнгийг өгнө гэж 1 зүйл ярьж байсан. Тухайн үед би ломбардын 1 хүнээс 1 сая төгрөг аваад Од өгчихсөн. Тэр мөнгөө нэхсэн чинь дээрх тайлбарыг хэлж байсан. Надаар дамжуулж О Эад нарт мөнгө төгрөг өгч байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн-206/
- Гэрч С.Ан “...О бид 2 багын найзууд байгаа юм аа. Бага байхаасаа хамтарч арилжаа наймаа хийж байсан бөгөөд Өлзийт сумын 8 жилийн сургуульд хамт сурч байсан. Надаас 2 доод ангид сурч байсан. Би тухайн дансыг эзэмшдэг бөгөөд 10 гаруй жилийн өмнөөс тухайн дансыг ашиглаж байна. 2019 оны намар Өлзийт сумын Тагт бригадын ахмадын баярыг тэмдэглэхээр болоод тус арга хэмжээний зарим зүйлийг О санхүүжүүлэхээр болсон. Би Отай хавар уулзахдаа дээрх баярын зардлыг нь 2-лаа гаргая гэж ярьж тохирсон байсан. Энэ мөнгийг дансаар шилжүүлсэн байх гэж бодож байна. Яг сайн санахгүй байна. О бид 2-т ямар нэгэн өглөг, авлага байхгүй. Надад тухайн мөнгийг цааш нь дамжуулсан зүйл байхгүй. Би тухайн мөнгөөр Тагт багийн Соёлын төвийг засварлаж цонхыг нь солиулж байсан. Намар баяраа тэмдэглэх орчныг сайжруулсан, мөн тус баяраар тэмээ уралдуулсан бөгөөд тухайн тэмээний бай шагналыг тухайн мөнгөнөөс нь гаргаж байсан санаж байна. О яг хэдэн төгрөг надад өгсөн талаар санахгүй байна. Надад мөнгө өгснөөс гадна намар болсон баярын арга хэмжээнд дуучид авчирч дуулуулсан. Тэр зардлыг О мөн гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207/
- Гэрч Ө.Бын “...Би урд нь хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2014 оны 03 дугаар сараас хойш Дундговь аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн Засаг даргаар эхлэн ажиллаж байна. Ингээд 2019.02.28-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг дарга А.Эын А/10 дугаартай захирамжийн дагуу аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр батлагдсан Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны даргаар томилогдон ажилласан. Нарийн бичгийн даргаар Ш.Ч, гишүүнээр А.Г бид гурав томилогдсон байсан. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үнэлгээний хорооны анхдугаар хурлыг хийсэн, хурлаар үнэлгээний хорооны захирамжийг танилцуулж, сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн техникийн тодорхойлолт зэргийг танилцуулж, цахимаар сонгон шалгаруулалт явуулахаар тохирсон. Тендерийг ажлын 10 хоногоор цахимаар зарласан. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тендерийг нээхэд аж ахуй нэгжээс тендерт ирүүлсэн ямар ч материал байгаагүй бөгөөд тендер амжилтгүй болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар эрх олгоогүй тул мөн хуулийн 34.1.1-т заасны дагуу гэрээ шууд байгуулах тухай үнэлгээний хорооны дүгнэлтийг гаргахаар тогтож, зөвлөмжийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн. Ингээд үнэлгээний хорооны ажил дууссан, үнэлгээний хороо бол дахин хуралдаагүй. Архивласан тендерийн материалыг харахад 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №4 дугаар үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хавсаргагдсан байна, уг тэмдэглэл дээр намайг байсан гэж байна, гэтэл би байгаагүй. Мөн үнэлгээний хороонд ажилласан хүмүүс энэ талаар огт ярилцаагүй зүйл хавсаргагдсан байна. Үнэлгээний хорооны дүгнэлтийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр явуулсан байхад тус өдөр мөн үнэлгээний хороо хуралдаагүй. Хуулийн дагуу үнэлгээний хороо ажилласан. Тухайн үед ажиллаж байсан үнэлгээний хорооны гишүүдийн хувьд мэдлэг дутмаг байсан бөгөөд тэр үед ямар ч аж ахуй нэгж байгууллагаас тендерийн ирүүлээгүй болохоор шууд гэрээ байгуулах үнэлгээний хорооны дүгнэлтийг Засаг даргад хүргүүлсэн байдаг. 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сумын Засаг даргын зөвлөл хуралдана гэж дуудахаар явж очсон бөгөөд тухайн зөвлөлийн хурлаар сумын Засаг даргын тамгын газарт авто машин нийлүүлэх техникийн тодорхойлолтын талаар ярилцсан, үнэлгээний хороонд ирүүлсэн техникийн тодорхойлолтод 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2015 онд Монгол улсад орж ирсэн Land Cruiser 105 маркийн тээврийн хэрэгсэл /40.500.000 төгрөгт/ гэж заасан бөгөөд уг тодорхойлолтоор тендер зарлахад амжилтгүй болсон. Тус зөвлөлийн хурлаар техникийн тодорхойлолтыг өөрчилж, 2002 оноос хойш үйлдвэрлэгдсэн, 2010 оноос хойш Монгол улсад орж ирсэн, Ланд Крузер 100 маркийн авто машин болж өөрчилсөн байдаг. Миний хувьд техникийн тодорхойлолтыг сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар өөрчилж болдог эсэхийг мэдэхгүй байна. Үнэлгээний хорооноос “Анхюмч” ХХК, “Амардалай” ХХК, “Эдмоор” ХХК-нууд руу тендерийн урилга бол огт хүргүүлээгүй. Ямар учиртай албан тоот болохыг би мэдэхгүй байна. Үнэлгээний хороо тендер нээх үед ямар ч аж ахуй нэгжээс албан бичиг, тендерийн материал ирүүлээгүй болохоор үнэлгээний хороо 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, шууд гэрээ байгуулах үнэлгээний хорооны дүгнэлтийг хүргүүлэхээр тогтож шийдвэрлэсэн. Тендерийн урилга дээрх аж ахуй нэгж байгууллагад хүргүүлсэн бол жагсаалтаар тухай компаниудаас хариу ирсэн, ирээгүй гэх жагсаалтыг хавсаргах ёстой, үнэлгээний хорооноос тендерийн урилга хүргүүлээгүй болохоор тухайн жагсаалт тендерийн материалд байхгүй. Тэр үедээ үнэлгээний хороо дүгнэлтийг хүргүүлснээр үнэлгээний хороонд хийгдсэн материалыг нарийн бичгийн дарга Ш.Ч архивлаж, сумын Засаг даргын орлогчид өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-212/
- Гэрч А.Х “...2019 оноос хойш өнөөдрийг хүртэл сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байна. Засаг даргын орлогч нь ажлын байрны тодорхойлолтоор орон нутгийн хөгжлийн сан, хөдөө аж ахуйн салбар болон сумын худалдан авах ажиллагааг хариуцаж ажилладаг. Тухайн үнэлгээний хорооны даргаар Ө.Б, нарийн бичгийн даргаар Ш.Ч, гишүүнээр А.Г нар нь томилогдон орж ажилласан. Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд авто машин нийлүүлэх ажил нь манай сумын 2019 онд худалдан авах төлөвлөгөөнд байгаагүй, харин энэ нь аймгийн Засаг даргын тамгын газраас буюу аймгийн Засаг дарга О.Б 2019 оны 01 дүгээр сарын 08-ны А/12 дугаартай захирамжаар эрх шилжүүлж ирсэн. Тухайн худалдан авах ажиллагаа нь аймгийн орон нутгийн сангаас санхүүжсэн байсан бөгөөд сумын төлөвлөгөөнд нэмж оруулсан байдаг. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Ш.Ч нь надад 37 хуудас бүхий үнэлгээний хорооны ажлын материалыг үлээлгэн өгсөн байдаг. Уг тендер сонгон шалгаруулалт нь амжилтгүй болсон, тендерийн нэг ч материал ирээгүй гэж байсан. Би сая тендерийн материалтай танилцахад “Анхюмч” ХХК, “Амардалай хурд” ХХК, “Эдмоор” ХХК-наас ирсэн албан тоотууд байгаагүй. Харин 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээний хорооны №4 дугаартай хурлын тэмдэглэл байсан эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд сахрын өвчтэй бөгөөд заримдаа өвчний улмаас ажлаасаа чөлөө авдаг, тийм ч учраас миний бие тамгын даргын ачаалалтай ажлаа өөрчилж, засаг даргын орлогч болсон 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр намайг Засаг даргын тамгын газраас дуудуулсан байдаг. Учир нь тухайн үнэлгээний хорооны тендер сонгон шалгаруулалт нь амжилтгүй болсон болохоор сумын Засаг даргын дэргэдэх өөр авто машин нийлүүлэх ажлын техникийн тодорхойлолтын талаар хэлэлцэж байсан. Хэрхэн яаж хэлэлцсэн талаар би санахгүй байна. Одоо ингээд санахад бол “Эдмоор’ ХХК-ны захирал Р.Э гэх хүн над руу залгаж тус тендерийн талаар машины он, үнэтэй холбоотой зүйл асууж байсан. Яг нарийн сайн санахгүй байна. Тэрнээс өөр хүн ярьсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тендерийн баримт бичиг өгсөн, худалдсан зүйл байхгүй. “Эдмоор” ХХК-ны захирал Р.Э нь 2016 онд манай суманд нөхөн сэргээлтийн ажил хийж байсан болохоор тод санаж байна. Төрийн аудитын газраас шиг санаж байна, манай суманд ирж ажиллаад авто машин нийлүүлэх тендертэй холбоотойгоор нийлүүлсэн авто машины км-ын заалт нь зөрүүтэй байна гэж надаас тодруулсан. Би нярав, нягтлан, жолооч нараа дуудаад уг машины хянах самбарын км-ын тоолуурыг асуухад эвдрээд сольсон талаар хэлж байсан. Жолооч нь өөрөө шатаасан болохоор өөрийн зардлаар төлсөн хэлж байсан, нягтланд мөн машины хянах самбар хэсэг эвдэрсэн бол санхүүгээс зардал гарсан байгаа тэрийгээ үзүүл гэхэд төсвөөс мөнгө гараагүй, жолооч өөрөө болохоор өөрөө төлбөрийг нь төлсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 218/
- Гэрч Б.Т “...Би 2018 оны 06 дугаар сард Сангийн яаманд гэрээт ажилтнаар орж 2018 оны 12 дугаар сард үндсэн ажилтнаар томилогдож одоо Сангийн яамны худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байна. Би дээрх зөвлөмж тайлбарыг боловсруулан гаргасан зөвлөмж тайлбарт тендер сонгон шалгаруулалтын урилгыг 2020 оны 03 дугаар 01-ний өдөр зарлаж 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нээсэн гэж бичигдлийн алдаа гаргасан дээрх тендер нь 2019 онд зохион байгуулагдсан байсан. Тендерийн урилга гэрт нь захиалагчаас тендер шалгаруулалт явуулах тухай мэдэгдсэн мэдэгдэл эсхүл хэвлэл, мэдээллээр зарласан баримт бичгийг хэлнэ. Хуулийн 47 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2,1 дэх хэсэг “техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх” гэж заасан байдаг гэхдээ үнэлгээний хороог 50 сая төгрөгөөс дээш бараа ажил үйлчилгээ худалдан авах ажилд заавал байгуулах ёстой байдаг дээрх тендер нь харьцуулалтын аргаар зарлагдсан учир заавал байгуулах шаардлагагүй юм. Шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй бол тендерийг татгалзана. Хурлын шийдвэрийн дагуу техникийн тодорхойлолтоо өөрчилж Тоёота ланд крузер 100 маркийн автомашинтай дүйцэхүйц болгож өөрчилсөн байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн, харьцуулалтын тендер шалгаруулалт ажилтгүй болсон тохиолдолд гэрээ шууд байгуулж болно. Харин техникийн тодорхойлолтоо өөрчилсөн тохиолдолд дахин тендер сонгон шалгаруулалт зохион байгуулна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 215-216/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 9 дэх тал/
- Дундговь аймгийн Төрийн аудитын газрын 01/200 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /1-р хх-ийн 128-152 дахь тал/,
- Мөрдөгчийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, хүчинтэйд тооцуулах тухай санал, хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 14-16 дахь тал/, мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 155-175 дахь тал/
- Дундговь аймгийн Автотээврийн төвийн 60 дугаартай албан бичиг, холбогдох баримтууд /1-р хх-ийн 57-98 дэх тал/
- Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү,төрийн сангийн
- Хэрэгт цугларсан худалдан авах ажиллагаатай холбоотой болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
А/Шүүгдэгчийн гэм буруугийн асуудал, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар А.Э нь 2019 онд Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд автомашин худалдан авах тендерийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэн Д.О давуу байдал бий болгон 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн Тоёота Ланд-круйзер-100 маркийн 35.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг зах зээлийн ханшнаас хэт дээгүүр буюу 45.000.000 төгрөгөөр худалдан авсан болох нь тогтоогдож байна.
Уг автомашиныг худалдан авах үйл явцын талаарх хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Дундговь аймгийн засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/12 дугаартай захирамжаар Өлзийт сумын засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд автомашин нийлүүлэх ажлын эрхийг Өлзийт сумын засаг даргад шилжүүлсэн бөгөөд Өлзийт сумын засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/10 дугаар захирамжаар 3 хүний бүрэлдэхүүнтэй автомашин худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулжээ.
Үнэлгээний хорооноос “Засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд автомашин худалдан авах цахим үнийн санал авах баримт бичиг” /1-р хх-ийн 164-175 дахь тал/-ийг боловсруулахдаа худалдан авах автомашины техникийн тодорхойлолтыг 1 дүгээр хавсралтад “Тоёота Ланд Круйзер 105 маркийн, хар өнгийн, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2015 онд Монгол Улсад орж ирсэн, механик бензин байна ” гэж заажээ.
Автомашин нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендерийг 2019 оны 03 дугаар сарын 15-ний өдөр нээхэд аж ахуй нэгж байгууллагаас материал ирүүлээгүй шалтгаанаар 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үнэлгээний хорооноос гэрээг гүйцэтгэгчтэй шууд байгуулах тухай 03 дугаартай дүгнэлт гарсан бөгөөд Засаг дарга А.Э нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Засаг даргын зөвлөлийг хуралдуулж худалдан авах автомашины техникийн тодорхойлолтыг “Ланд Круйзер-100 маркийн, 2002 оноос хойш үйлдвэрлэсэн, 2010 оноос хойш Монголд орж ирсэн” болгон өөрчилсөн болох нь 1-р хавтаст хэргийн 35-36-р талд авагдсан хурлын тэмдэглэл болон гэрч Б.О“үнэлгээний хорооны зөвлөмжтэй Засаг дарга танилцаад Засаг даргын зөвлөлөөр техникийн тодорхойлолтыг ахиж ярилцъя гэж зөвлөлийг хуралдуулсан байгаа” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр А/22 дугаартай захирамжаар “Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд автомашин нийлүүлэх ДУГАОНӨГ/201912023 дугаартай 45,000,000 төгрөгийн ажлын гэрээг хувиараа хөдөлмөр эрхлэгч Д.Отай байгуулахыг Засаг даргын Тамгын газрын түр орлон гүйцэтгэгч Б.Оад үүрэг болгосон байна.
Шүүгдэгч А.Э нь Д.Отай тээврийн хэрэгслийг худалдан авах талаар урьдчилан үгсэн тохиролцсон болох нь гэрч Д.Огийн “...Нэг нутаг, нэг сумын хүмүүс гэдгээр нь танина. ...Би өөрөө Өлзийт сумын засаг дарга Этай уулзаж “машин авах гэж байгаа юм уу” гэхэд “Ланд Криусер-100 авах гэж байгаа” гэсэн тэгээд би “Надад Ланд Криусер-100 маркийн тээврийн хэрэгсэл байгаа, нутгийн хүнээ дэмжээд надаас машин аваарай гэсэн” гэх мэдүүлэг , гэрч Д.Жгийн “...Маргааш өглөө нь 09 цагийн үед Натурын захын үүдэнд Э, О 2-той уулзаад ... Э гэх хүн Хын машиныг нь үзээд сайхан машин байна гээд 34 сая төгрөгөөр авахаар тохиролцсон санаж байна. 34 билүү 35 сая төгрөгөөр тохирсон. Би одоо нарийн сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Хын “...Тэр Эыг авах гэж байгаа хүн нь гэж Ж ах хэлсэн. Би тухайн үед 36 сая төгрөгөөр зарна гэж хэлээд доошоо гэхээр нь 35 сая төгрөг гэж хэлсэн. Тэгсэн засаг дарга Э нь албанд авах гэж байгаа юм аа. Төсөв нь батлагдчихсан, машинаа сонгоодох гэсэн юм аа гэж байсан. Тэр үнэ ханшийн талаар Э гэгч нь надтай ярилцаж байсан...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Иймээс А.Э нь 00-43 ДУЭ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-100 маркийн тээврийн хэрэгслийг Д.О нь Д.Жгаар дамжуулан Д.Хаас 34-өөс 35,000,000 төгрөгөөр худалдан авч байгаа болохыг анхнаасаа мэдэж байсан байна.
Тоёота Ланд Круйзер-100 маркийн 00-43 улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн ханш 2019 оны 04 дүгээр сарын байдлаар 35,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан болох нь “Ашид Билгүүн” ХХК-ний 2020.06.13-ны өдрийн үнэлгээний дүгнэлтээр тогтоогдож байна.
Уг тээврийн хэрэгсэл нь Д.Хаас 2019 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Д.Жд олгосон итгэмжлэлийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр Д.О шилжиж, Д.Огаас Засаг даргын Тамгын газрын түр орлон гүйцэтгэгч Б.Отай байгуулсан ДУГАОНӨГ/201912023 гэрээний дагуу Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын нэр дээр бүртгэгдсэн болох нь 1-р хх-ийн 58-98-р талд авагдсан байна.
Д.О нь автомашин худалдсан үнэ 45,000,000 төгрөгөөс 10 хувийг орлогын албан татварт суутгуулан 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 40,500,000 төгрөгийг 220900118476 тоот дансаар шилжүүлэн авч, үүнээс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 35,000,000 төгрөгийг Д.Жд 5018155358 тоот дансанд шилжүүлж, Д.Жгаас 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 34,000,000 төгрөгийг Д.Хт 2018155358 тоот дансанд шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн харилцах дансны хуулбараар тогтоогдож байна.
Дээрх байдлаас шүүгдэгч А.Э нь Өлзийт сумын засаг даргаар ажиллах байх үедээ Тоёота Ланд Круйзер-100 маркийн 00-43 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 35,000,000 төгрөгөөр худалдан авч байгаа болохыг мэдсээр байж, Засаг даргын Тамгын газрын түр орлон гүйцэтгэгч Б.Оад Д.Отай 45,000,000 төгрөгөөр гэрээ байгуулахыг үүргийг өгч, улмаар Д.О нь 5,500,000 төгрөгийн ашиг олсон болох нь хангалттай нотлогдож тогтоож байна.
Шүүгдэгч А.Эын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Эыг Дундговь аймгийн Өлзийт сумын засаг даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгосон буюу эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас улсад учирсан 5,500,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба эрүүгийн хариуцлагыг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.
Б/ Хохирол төлбөр, хор уршгийн талаар:
Дундговь аймгийн Өлзийт сумын засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд суудлын автомашин худалдан авсан 40.500.000 төгрөгийг аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөнөөс гаргасан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Дундговь аймгийн засаг даргын тамгын газрын 2020 оны 12 сарын 14-ний өдрийн 1/1461 тоот /1-р хх-ийн 177-рт/ албан бичгийн дагуу тус газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Тыг томилж түүнээс мэдүүлэг авчээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5,500,000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн хуулгаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгчийг хохирол төлбөрөө бүрэн төлсөн бөгөөд хохирогчийн төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэлээ.
Хэрэгт “Ашигт Билгүүн“ ХХК-аар үнэлгээ тогтоолгоход 60,000 төгрөгийн зардал Авлигатай тэмцэх газраас төлөгдсөн тул шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 60,000 төгрөг гаргуулж Авлигатай тэмцэх газарт олгох нь зүйтэй байна.
В/Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч А.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүхээс шүүгдэгч А.Эад торгох ял оногдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Довогт АЭыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. шүүгдэгч А.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч А.Эаас хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 60.000 төгрөгийг гаргуулж Авлигатай тэмцэх газарт олгосугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ШҮРЭНЧ