Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 70

 

 

 

 

 

 

 

 

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 36 дугаар байрны 21 тоотод оршин суух  Ч.Т /РД: /-ийн төлөөлөгч Ч.Ариунаагийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 36 дугаар байрны 21 тоотод оршин суух  Ш.Б /РД: /-д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ариунаа, хариуцагч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эгч Ч.Ариунаа нь Ш.Бтай 1999 онд танилцаж, хамтран амьдрах хугацаанд 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.Билгүүн, 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү Б.Чингүүн нар төрсөн. Тэд зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2012 оноос тус тусдаа амьдарч хэн аль нь өөр амьдрал зохиосон. Энэ хугацаанд хүүхдүүд ээжийнхээ асрамжинд байсан. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Билгүүн, Б.Чингүүн нарыг эх Ч.Тгийн асрамжинд үлдээсэн. Энэхүү шүүхийн шийдвэрээр хүүхийн тэтгэлэг тогтоолгоогүй учир хүү Б.Билгүүн, Б.Чингүүн нарт эцэг Ш.Баас нь хүүхийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Яг одоо хоёр хүүхдийн тэтгэлэгийг төл гэсэн зүйл байхгүй. Боломжоороо хүүхдийн тэтгэлэгээ төлж болно гэв.

 

        Хариуцагч Ш.Б шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Ш.Б миний бие 1999 онд Ттай  танилцан гэр бүл болж хамт амьдарч байх хугацаанд 2003 онд том хүү Б.Билгүүн, 2005 онд хүү Б.Чингүүн нар төрсөн бөгөөд 2012 оноос таарч тохирохоо больсон учир салж тусдаа амьдарсан. 2013 онд БНСУ руу явж ажиллаж амьдарч байгаад 2017 оны 8 дугаар сард баригдан монголд ирсэн. Солонгост байх хугацаанд  гэр бүлдээ хэрэглээний мөнгө байнга явуулж байсан. Гэтэл Т нь 2017 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх нэхэмжлэлээр гэрлэлт цуцлан, 2 хүүхдийн ээж Ч.Тгийн асрамжинд үлдээсэн. Ч.Т нь 2015 онд хуурамч бичиг баримт бүрдүүлэн төрсөн эцэг миний зөвшөөрлийг авалгүй 2 хүүхдээ аваад Герман улс руу явсан байсан. Ч.Т бид 2  манай авга ах Бямбажаваас 25.000.000 төгрөгийг хүүтэй зээлж авсан байсан бөгөөд мөнгөө төлөлгүй орхиод явсан учир дээрх мөнгийг нь би ганцаараа төлж байгаа, сард зөвхөн зээлийн хүүнд 270.000 төгрөг, үндсэн төлбөр төлбөрөөс 500.000 төгрөгийг тус тус төлж байна. Зээлийн төлбөрийн эцсийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй хамт зээлсэн мөнгийг би ганцаараа төлж байна. Ш.Б миний бие нь 2015 онд Солонгос улсад 18000 ам.долларын үнэтэй нүдний болор суулгуулах мэс засал хийлгэсэн, хүнд хөдөлмөр эрхлэх боломжгүй учир тогтсон ажил орлогогүй, мөн зээлийн төлбөр төлж байгаа учир хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байна. Ч.Т нь 2 хүүхдээ харж асрах боломжгүй байгаа бол Ш.Б би өөрийн асрамж халамжинд авахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

            Хариуцагч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Гэхдээ одоохондоо боломжгүй байна. Би энэ хугацаанд ар гэрээ маш сайн авч явж байсан гэж үзэж байна. Хариуцагч талтай ярилцаж байгаад боломжоороо төлнө гэв.

 

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

 

         Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Ш.Бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг  хүссэн нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх үзлээ.

        Зохигчид 1999 онд танилцаж, 2007 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.Билгүүн, 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү Б.Чингүүн нар төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

            Гэрлэгчид хоорондын таарамжгүй байдлын улмаас 2012 оноос тусдаа амьдарч байгаад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/02177 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Билгүүн, Б.Чингүүн нар эх Ч.Тгийн асрамжинд үлджээ.

            Нэхэмжлэгч нь энэхүү шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгоогүй байх тул  2003 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Билгүүн, 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Чингүүн нарт хүүхдийн тэтгэлэг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

            Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргийнхээ дагуу хариуцагч нь хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөх үндэстэй болно.

 

   Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь  зүйтэй байна.

       

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар  хүү Б.Билгүүн, Б.Чингүүн нарыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ш.Б нь тэжээн тэтгэсүгэй.

 

          2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Баас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ш.Баас улсын тэмдэгтийн хураамжид 101.054 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР