Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 354

 

 

 

 

 

   2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2018/00354

                    Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Баянзүрх  дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 34 дүгээр байрны 40 тоотод оршин суух Д.Б /РД: /-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун, 126 дугаар байрны 226 тоотод оршин суух Э.С /РД: /-д холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Нарангарав, хариуцагч А.Дэлгэрсайхан, нарийн бичгийн дарга П.Отгон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие 2005 онд Э.Стой танилцан дотносч 2009 оноос хамт амьдарч байгаад 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүү С.Чингүүнийг төрүүлж, улмаар 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Э.С нь 2012 оны 9 дүгээр сараас 2 жилийн хугацаатай Тайвань улсад суралцахаар явсанаас хойш бидний харилцаа хөндийрч, таарамжгүй байдал үүсч цаашид хамт амьдрах боломжгүй болж 2013 оны 8 дугаар сараас салж тус тусдаа амьдрах болсон. Түүнээс хойш миний бие хүүгээ эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж байна. Одоо бид тус тусдаа өөр хүнтэй амьдарч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү С.Чингүүнийг миний асрамжинд үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Э.С шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Бтой санал нэг байна. Бид 2005 онд танилцаж оюутан байхдаа үерхэж хамт амьдарч эхэлсэн. 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүү С.Чингүүн төрсөн. 2012 онд би ажлаа хийж байгаад гадагшаа сургуульд явах боломж гараад явсан. 2013 оноос таарамжгүй болсон тул тус тусдаа амьдарч байна. Одоо миний бие өөр хүнтэй амьдарч байгаа цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Э.С нар 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүү С.Чингүүн төрсөн болох нь зохигчдын тайлбар болон гэрлэлтийн болон хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2013 оны 8 дугаар сараас тусдаа амьдарч байгаа, хэн аль нь өөр хүнтэй амьдрах болсон  зэрэг нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.

     Дээрхи шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

    Насанд хүрээгүй хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ хүүхдүүдийн зохигчдын тайлбар зэргийг харгалзан хүү С.Чингүүнийг эх Д.Бгийн асрамжинд үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул хүү С.Чингүүнийг эцэг Э.С нь тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдийн тэтгэлэг тогтоох үндэслэлтэй байна.

    Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

    Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь  хуульд нийцнэ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шарайд овогт Дондогбаатарын Б, Их мэргэд овогт Эрдэнэцогтын С нарын гэрлэлтийг цуцалсугай.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү С.Чингүүнийг эх Д.Бгийн асрамжинд үлдээсүгэй.

         3. Гэр  бүлийн  тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2  дахь  хэсэгт  заасныг  баримтлан хүү С.Чингүүнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Э.С нь  тэжээн тэтгэсүгэй.

          4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Соос улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Э.Соос улсын тэмдэгтийн хураамжид 33.148 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

         5. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

          6.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Солонгод даалгасугай.

     7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

          8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР