Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/27

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ

улсын яллагч Т.Нансалмаа

шүүгдэгч *******

шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2231000440046 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

******* Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгонд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй хувиараа мужааны ажил эрхэлдэг гэх, ам бүл-7, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сум 3-р баг Дулаанхаан тосгоны, Хар усан тохой гудамж 3-37 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй,

******* овгийн ******* Сансар. РД:/*******/,

Холбогдсон хэргийн талаар, /яллах дүгнэлтэд дурьдсанаар/, :

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 23 цагийн орчимд согтуугаар Сэлэнгэ аймгийн Шаамар сум 3 дугаар баг Хар усан тохой гудамж 3-37 тоотод байрлах гэртээ хардалтын улмаас эхнэр Б ******* толгой, нүүр, гар, хөлөн тус газар модоор цохиж биед нь баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, хамар таславчийн мурийлт, зүүн гуянд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, нуруу, баруун шуу, сарвуу, баруун зүүн ташаанд цус хуралт, баруун хацар шанаанд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...архи уугаад гэртээ хариад эхнэрээ зодсон. Тэгээд эрүүлжүүлэх байранд хоноод өглөө болсон явдлын талаар мэдсэн...” гэжээ

Шүүгдэгч *******ын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...ба нэг харсан нэг шил 0.75 литрийн “Хараа" архи тавьчихсан ууж байсан. Ингээд би тэр архинаас нь мөн уусан. Тэр архийг ууж дуусаад тэд нар дэнж гарч караоке орж ганц цаг дуулахаар болсон. Бид нар караоке орж суугаад 1 шил 0.75 литрийн “Хараа” архи захиалаад уусан бөгөөд уг архийг ууж байснаа бол санаж байна. Тэрнээс хойш юу болсон талаар бол санахгүй байна. Нэг мэдсэн эхнэрийн төрсөн дүү , төрсөн эгч ******* болон цагдаа нар ирчихсэн байсан. Би согтож тасарсан байхдаа эхнэрээ зодчихсон юм шиг байгаа. Тэгээд цагдаагийн газарт хүргэж эрүүлжүүлсэн. Би ямар учраас эхнэрээ тэгж зодож. цохисон талаараа мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

Хохирогч 2022 оны 02 дугар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сансар гарч ирээд миний өөдөөс гүйхээр нь түүнийг жорлон руу бие засахаар явж байгаа юм байх гэж бодтол шууд над руу ирээд цээж рүү түлхээд гэдрэг цасан дээр унагаад дээр сандаалж суугаад гартаа барьсан зүйлээрээ нүүр рүү хоёроос гурван удаа цохиход манай найзууд ирээд түүнийг салгаад босгоход тэр жорлон руу гүйгээд орсон. Тэгээд бид дөрөв гэр рүү яваад ороход миний хацрын баруун хэсэг язраад цус гарсан. Удалгүй гаднаас Сансар орж ирсэн ба манай найзууд *******ай "Чи өөрөө түрүүлээд гараад алга болсон биз дээ Чамайг хайж байгаад ирлээ. Чи яалаа гэж эхнэрээ зодож байгаа" гээд бид хэд хэсэг ярилцаад суухад Сансар буруугаа хүлээгээд надаас уучлалт гуйгаад хойд талын өрөөнд ороод унтахаар хэвтсэн. Удалгүй манай найзууд гэр гэртээ харихаар явсан. Би 2 нас гарантай бага охиноо аваад Сансарын хажуугаар унтахаар хэвтээд охиноо унтуулчхаад хэвтэж байхад юм түжигнээд дуугарахаар нь галт тогооны өрөө рүү харахад Сансар босчихсон хоол идээд байж байсан Тэр үед бага охин сэрээд “шээнэ” гэхээр нь шээлгээд, цай уулгахаар галт тогооны өрөө рүү ороод цай хийгээд эргэхэд Сансар "Чи эргээд хүрээд ир, хоёулаа юм ярья" гэхээр нь охиндоо цайг нь уулгачхаад Сансар руу яваад очиход тэр гартаа мод гэмээр зүйл барьчихсан байсан ба үгийн зөрүүгүй гарын шуу, гуя гэсэн нуруу руу олон удаа цохиж, зодож байхад түүний барьж байсан мод нь хугараад цохих зүйлгүй болтол тэр зуухны таг авдаг дэгээ төмөр бариад авахаар нь уг төмрөөс нь зууралдаад булаацалдсан хэдий ч түүнийг дийлэлгүй алдтал тэр тухайн дэгээ төмрөөр намайг хэд хэдэн удаа цохисон Тэр үед хүүхдүүд сэрээд уйлалдаад аавыгаа боль гэсэн учир намайг зодохоо больсон. Удалгүй миний төрсөн дүү манайхаар орж ирсэн. Түүний дараа миний төрсөн эгч ******* ирсэн. Мөн удалгүй цагдаа ирээд Сансарыг аваад явсан Намайг зодсоны улмаас нүд хөхөрсөн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч Б.Сувдчимэгийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг ороход Сансар над руу бас хэл үгээр доромжилсон. Гэрт нь ороход гэрийнх эд зүйл хагарсан байдалтай байсан. Удаагүй байхад цагдаа нар орж ирээд Сансарыг аймгийн төв рүү эрүүлжүүлнэ гээд аваад явсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,,

Гэрч 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...гэрт нь ороход Сансар эхнэрийнхээ дээр нь гараад суучихсан зодоод байсан. Тухайн үед бид нар салгаад гарт нь Сансарыг тайвшруулаад унтаад өгөхөөр нь бид нар гарсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,,

Гэрч Б. 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед гэрт нь ороход манай эгч Отгонцэцэг гал тогооны шалан дээр байсан ба нөхөр Сансар танай эгчийг цагдаа зодсон байна гэхээр нь би гайхаад “юу яриад байгаа юм, чи зодсон юм биш үү” гэхэд манай эгч Сувдчимэг орж ирээд *******ай маргалдаж эхэлсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

Гэрч 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Сансар нь даруу төлөв элдэв аашгүй, хүн байгаа юм. Тэр болгон архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Б.Отгонцэцэгийн биед баруун нүдний ухархайн дээд ханын хугарал /амар таславчийн мурийлт, зүүн гуянд шарх, баруун нүдний дээд доод зовхи нуруу, баруун шуу, сарвуу, баруун зүүн ташаанд цус хуралт, баруун /ацар шанаанд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун /хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4,Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 43 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай, /хх-ийн 01-02 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, /хх-ийн 49-58 дүгээр хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 61-62 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас, /хх-ийн 56-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 82-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 23 цагийн орчимд согтуугаар Сэлэнгэ аймгийн Шаамар сум 3 дугаар баг Хар усан тохой гудамж 3-37 тоотод байрлах гэртээ эхнэр Б Отгонцэцэгийг бусадтай хардаж толгой, нүүр, гар, хөлөн тус газар модоор болон гараараа цохиж биед нь баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, хамар таславчийн мурийлт, зүүн гуянд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, нуруу, баруун шуу, сарвуу, баруун зүүн ташаанд  цус хуралт, баруун хацар шанаанд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь    

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...архи уугаад гэртээ хариад эхнэрээ зодсон. Тэгээд эрүүлжүүлэх байранд хоноод өглөө болсон явдлын талаар мэдсэн. Ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг, хохирогч “... Сансар гарч ирээд ... цээж рүү түлхээд цасан дээр унагаад над дээр сандаалж суугаад гартаа барьсан зүйлээрээ нүүр лүү хоёроос гурван удаа цохисон, ...мөн унтаж сэрээд гал тогооны өрөөнд байхдаа гартаа мод гэмээр зүйл барьчихсан байсан ба үгийн зөрүүгүй гарын шуу, гуя гэсэн нуруу руу нилээн олон удаа цохиж, зодож байхад түүний барьж байсан мод нь хугараад цохих зүйлгүй болтол, тэр зуухны таг авдаг дэгээ төмөр бариад авахаар нь төмрөөс нь барьж аваад зууралдсан боловч дийлээгүй алдтал тэр дэгээ төмрөөр намайг хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн “...Б.Отгонцэцэгийн биед баруун нүдний ухархайн дээд ханын хугарал /хамар таславчийн мурийлт, зүүн гуянд шарх, баруун нүдний дээд доод зовхи нуруу, баруун шуу, сарвуу, баруун зүүн ташаанд цус хуралт, баруун хацар шанаанд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун /хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, болсон үйл явдлын талаар өөрийн мэдэх зүйлээ  мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар энэ зүйлчлэлд оногдуулах ялын санкц нь “Дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч *******ын үйлдэл нь ******* Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Хохирогч Г.Отгонцэцэг нь шүүгдэгч *******аас  хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэдгээ мэдэгдсэн, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож тус тус шийдвэрлэв.    

Энэ хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

Шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овгийн ******* Сансарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ