Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
Хэргийн индекс | 175/2022/0066/Э |
Дугаар | 2022/ШЦТ/67 |
Огноо | 2022-04-28 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/67
Монгол Улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Ө.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2231000850081 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, хувиараа тээврийн жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг, Ганзам 2 дугаар хэсэг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******ын *******, /РД:МЮ831110*******/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ө.******* нь 2022 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 03 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт машин дотроо эхнэр ыг толгой, хөл рүү нь цохиж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ө.******* нь 2022 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 03 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт машин дотроо эхнэр ыг толгой, хөл рүү нь цохиж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ө.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүгдэгч Ө.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.[1]
2.Хохирогч 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 09 цагийн орчим манай найзууд болох Алтанхүү, Шүрхүү нар нь манай гэрт орж ирээд найзуудын зураг авахуулахаар хувцаслаж нүүр амаа будаад байж байсан. Манай нөхөр тухайн үед хүүхдүүдээ аваад уулнаас гулгана гэж хэлж байсан. Бид нар 15 цагийн орчим зургаа авахуулчихаад “ИХО” нэртэй зоогийн газар орж хоол захиалаад дундаа нэг 0.5 литрийн хэмжээтэй архи худалдан авч хувааж уусан. Шүрхүү манай гэрт хонохоор болж бид нар манай гэрт очиж үзэхэд хүн байхгүй байсан. Нөхөр лүүгээ залгаад хаана явж байгааг нь асуухад Одмөнх гэдэг найзындаа сууцгааж байна гэхээр нь хүүхдүүдээ явуулчих гэж хэлсэн. Би орой 22 цагийн орчим өөрийн найзууд болох Алтанхүү, Шүрхүү нарын хамтаар Одмөнхийн гэрт очсон. Тухайн үед гэрт Одмөнх болон түүний эхнэр Отгоннаран, манай нөхөр ******* нар хоол идээд сууцгааж байсан. Бид нарыг ороод удаагүй байхад ******* харьж хүүхдүүдээ харахаар түрүүлээд явсан. Бид нар хоол цай болоод Одмөнхийн гэрт байсан 0.7 литрийн Соёрхол нэртэй архийг хувааж уугаад сууцгааж байсан. Нэг мэдсэн цаг нилээн болчихсон 02 цаг өнгөрч байсан. Утсаа үзэхэд *******гаас “Битгий давраад байгаарай” гэсэн утгатай чат ирсэн байхаар нь хэсэг байж байгаад харъя гэж бодсон. Явья гэсэн такси болон машин тэрэг байгаагүй. Шөнө 03 цаг өнгөрч байхад ******* Одмөнхийн гэрт ирээд намайг дагуулаад гэртээ харихаар явсан. Бид хоёр хорооллын голоор явж байхад ******* надад “битгий давраад байгаарай, шөнө орой явлаа” гэхээр нь би түүнд “ганц удаа найз нөхдөөрөө явж болно шүү дээ, битгий уурлаад есөн шид болоод бай” гэж хэлсэн. Гэтэл ******* машинтайгаа хорооллын Шонхор дэлгүүрийн замын эсрэг талд гарч зогсоогоод намайг арын суудал руу суулгасан. Тэгээд миний нүүр болон биеийн гар хөл хэсэг рүү гараараа их олон удаа цохиж зодсон. Хэсэг байж байгаад машиныхаа урд суулгаад гэртээ харьсан. Би маргааш өглөө нь босоод нүүр амаа хартал хөхөрч няцраад хавдчихсан байсан. Би хоёр хоног гэртээ байж байгаад ажлынхаа Наранжаргал гэдэг эгч рүү утасдаад “нүүр ам хэцүү байна, та даргад учирлаад хэлчих” гэж хэлээд тухайн өдрөө Наранжаргал эгчийн гэрт хоносон. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өглөө би цагдаад өргөдөл өгсөн. Манай нөхөр их аж ахуй ч цэвэрч бас гэр ахуйдаа арчаатай байнга цэвэрлэж хивс дрож байсан ч шинийг аваад тавьчихдаг хүн байдаг. Манай нөхөр нь хамт олонтойгоо нийтэч найз нөхөд олонтой шоо ч хөгжөөнтэй хүн байдаг. Ганц муу тал нь их түргэн ууртай өмнө хэрэлдэж маргалдсан үедээ гараад явчихдаг байсан. Энэ удаа яасан талаар нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[2],
3.******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 97 дугаартай шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “...ын биед баруун зүүн нүдний салст, дээд доод зовхи, хүзүү, баруун шуу, сарвуу, зүүн бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[3], 4.Гэрч С.Шүрхүү, Б.Алтанхүү, Х.Батдорж нарын мэдүүлэг[4], 5.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[5], 6.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[6], 7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7], 8.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[8] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Ө.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон нь хохирол төлбөр нэхэмжлээгүйд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Ө.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.*******д анхааруулсан болно.
Шүүгдэгч Ө.*******д нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******гийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.*******д анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ө.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ