Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2014/0045

 

2014 оны 01 сарын 23 өдөр                    Дугаар 45                        Улаанбаатар хот

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулан хийж, Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02/А дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Б-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн иргэдийн Нийтийн Хурал, иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комисст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоол, багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулахыг Цагаанбургас багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах” гэжээ.

Хариуцагч иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Цагаанбургас багийн эхний удаагийн сонгуульд 244 сонгогч оролцсоноос 50 дээш хувийн санал авсан нэр дэвшигч байгаагүй тул хамгийн их санал авсан Н.Б /100 санал/, С.Х /66 санал/ нарыг 2 дахь санал хураалтад оруулсан. Энд 243 хүн санал өгсөн. Үүнээс Н.Б 119 санал, С.Х 122 санал авч, хүчингүй 2 санал гарсан. ...Саналын хуудас давхар хийсэн гэдэг нь худал. Иргэдийн нэрсийн жагсаалтад бичигдээгүй 3 хүний саналыг хайрцгаас гаргасан.

Гадаад улсын иргэн санал өгсөн нь нэхэмжлэгчийн өөрийнх нь өмнө нь Засаг дарга хийж байсан багаас гарсан тул түүний буруу. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Ховд сумын Цагаанбургас багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар намайг сонгож, улмаар багийн Засаг даргыг сонгох санал хураалт болсон. ...2 дахь санал хураалтаар С.Х 122 хүний санал авсан гэж тооллогын комиссын тогтоол гаргаж надад өгсөн. Үүний дагуу олонхын санал авсан С.Х-ыг Цагаанбургас багийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр тогтоол гаргаж сумын Засаг даргад өргөн мэдүүлсэн.” гэжээ.

Гуравдагч этгээд С.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...сонгууль хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч өмнө нь багийн Засаг даргаар ажиллаж байсан ба уг багийн иргэн Монгол Улсын харьяатаас гарсан гэдгийг мэдэхгүй, түүнийг сонгуульд оролцуулсныг ойлгохгүй байна. Энэ нь түүний санаатай хийсэн үйлдэл гэж үзэж байна.” гэжээ.

Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02/А дугаар шийдвэрээр: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэг, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоол, Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын 2013 оны 01 дүгээр 17-ны өдрийн 05 дугаар “Багийн Засаг дарга томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгож, Цагаанбургас багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулахыг Цагаанбургас багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд С.Х давж заалдах гомдолдоо: “...2012 оны ээлжийн орон нутгийн сонгуулиар Ховд сумын Цагаанбургас багийн Засаг даргад өрсөлдөн хуралд оролцсон нийт иргэдийн 50-аас дээш хувийн санал авч тус багийн Засаг дарга болсон. Миний зүгээс 02/А дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр Н.Б-ийн бүхий л шаардлагад нийцсэн гарчээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 зааснаар Цагаанбургас баг 147 өрх, нийт сонгуулийн насны 351 иргэн байдаг тул 244 иргэнтэй ирц хангалттай, хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар би 122 санал авч 50.01 хувийн саналаар тус хурлын тооллогын комиссын тогтоол гарч иргэдээр батлуулсан ба иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг сумын Засаг даргад өргөн мэдүүлж, Цагаанбургас багийн Засаг даргаар албан ёсоор батламжилсан сумын Засаг даргын захирамж байна. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 16.1-т зааснаар багийн Засаг дарга сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргах үүрэгтэй. Иймд тухайн үед Засаг дарга байсан Н.Б өөрөө сонгогчдын нэрсийг гаргасан байх ёстой. Тэрээр уг иргэдийг мэдсээр байж удаа дараагийн сонгуульд оролцуулсан байна. Тиймээс эдгээр сонгуулийг дахин явуулах болбол зардал гарах учир дахин сонгууль явуулах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүхээс даалгасны дагуу дахин хуралдахад гадаад иргэн оролцуулж санал авсан хурлын дарга тэргүүлэгчид, Засаг дарга нар иргэдээ дахин цуглуулан сонгууль явуулах болж байна. Иймд Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02/А дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр явагдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн, санал хураалтыг хоёр шаттай явуулсны үндсэн дээр иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолоор олонхын санал авсан С.Х-ыг Сумын Засаг даргад уламжлахыг иргэдийн Нийтийн Хурлын даргад үүрэг болгожээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, цугларсан баримтуудаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаан хуульд заасан ирцийн шаардлагыг хангаж, тогтоосон дэгийн дагуу явагдсан, багийн Засаг дарга сонгох эхний санал хураалтад 244 иргэн саналаа өгснөөс нэр дэвшигч Н.Б, С.Х нар бусад нэр дэвшигчдээс хамгийн олон санал авч дараагийн санал хураалтад оролцсон, хоёр дахь шатны санал хураалтад 243 иргэн оролцсоноос Н.Б 119, С.Х 122 санал авч, 2 саналын хуудас хүчингүй болсон, түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд зөвхөн тухайн багийн сонгуулийн насны иргэн бүр оролцож болохоор, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-д гадаадын иргэн Монгол Улсын орон нутгийн сонгуульд оролцохыг хориглосон байтал тухайн заалтуудыг зөрчиж Цагаанбургас багийн иргэдийн Нийтийн Хурлын дээрх хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 38, 2012 оны 118 дугаар зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан Х.Б, М.Ж нар оролцож, багийн Засаг даргад нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн зэрэг нь тогтоогджээ.

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д багийн Засаг даргад нэр дэвшигч нь хуралдаанд оролцсон иргэдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан тохиолдолд түүнийг томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгохоор зааснаас үзвэл Цагаанбургас багийн Засаг даргад нэр дэвшигч нь хоёр дахь шатны санал хураалтад оролцсон 243 иргэдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан гэж тооцогдохын тулд багадаа 122 иргэний саналыг авах шаардлагатай байжээ.

Хэдийгээр нэр дэвшигч С.Х тухайн өдөр 122 санал авсан боловч уг саналын тоог хуулиар сонгуульд оролцох ёсгүй Монгол Улсын харьяатаас гарсан хоёр иргэний саналыг оруулан тооцсон дүнгээс гаргасан бөгөөд тэдгээр саналыг хасаж тооцвол С.Х-ыг 50-иас дээш хувийн санал авсанд тооцох боломжгүйд хүргэж байна.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Түүнчлэн нэр дэвшигч Н.Б иргэн Х.Б, М.Ж нарыг Монгол Улсын харьяатаас гарсан гэдгийг мэдэж байсан гэх шалтгаан нь хууль зөрчиж Х.Б, М.Ж нарын саналыг санал хураалтын дүнд оруулан тооцож С.Х-ыг олонхын санал авсан гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна санал хураалтыг нэхэмжлэгч биш Цагаанбургас багийн иргэдийн Нийтийн Хурал өөрөө Тооллогын комиссоороо дамжуулан, тогтоосон дэгийн дагуу зохион байгуулжээ.

Иймд гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02/А дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд С.Х-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.