Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 81

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 03 өдөр                Дугаар 81                             Улаанбаатар хот

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Л.Цэндсүрэн,

шүүгдэгч С.Мөнхжин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрсүүд овогт Сүхбаатарын Мөнхжинд холбогдох эрүүгийн 201626030873 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар тариалангийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 65-63 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хөдөлмөрийн чадвар алдагдалтын 70% групп-т байдаг гэх, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хэрсүүд овогт Сүхбаатарын Мөнхжин /РД:ШЗ71071977/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч С.Мөнхжин нь согтуугаар 2016 оны 06 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 65 дугаар байрны 35 тоотод оршин суух иргэн /86 настай, эмэгтэй/ С.Түмэнхүүг унтаж байхад нь гэрийн хаалгыг нь хөшиж, эвдэн орж 75.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн, мөн С.Түмэнхүүг шалтаг шалтгаангүйгээр зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба шүүгдэгч нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөлгчөө сонгон авах эрхтэй бөгөөд шүүгдэгч С.Мөнхжингөөс шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлт бичгээр гаргасныг шүүх хүлээн авч түүний өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

                                               

1. Шүүгдэгч С.Мөнхжингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

 

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа ойлгож байна. Манай гэр тухайн байрны 9 давхарт, хохирогчийн гэр 5 давхарт байдаг. Би хохирогчийн гэрийн хаалгыг яаж онгойлгосноо сайн санахгүй байна. Хаалганы төлбөрт би 75.000 төгрөг төлсөн. Согтуу байсан учраас хохирогч Түмэнхүүг зодсон гэдгээ би мэдээгүй. Хэрэг болдог өдөр би гэртээ ганцаараа 1.5 литрийн пиво уусан. Хохирогчоос уучлалт гуйсан, надад маш их гэм буруу байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

 

   Эрүүгийн 201626030873 дугаартай хэргээс:

 

 1. Хохирогч С.Түмэнхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

       “...2016 оны 06 сарын 20-21-нд шилжих шөнийн 01:30 цагийн үед би гэртээ ганцаараа унтаж байтал хаалга хүчтэй дугараад би сэрсэн. Тэгэхэд эрэгтэй хүн хашгираад миний хажууд ирж зогсоод, хөнжил хуу татаж хаяад, намайг чирээд орноос унагаагаад, миний бүх бие рүү гараараа болон хөлөөрөө цохиод байсан. Тэгэхдээ ихэнхдээ гараараа цохиод базаад байсан. Би болиулж чадахгүй байсан. Тэгтэл тэр залуу гэнэт “би одоо унтана” гээд намайг цохиж зодохоо болиод чимээгүй болохоор нь би 2 гараараа газар тулаад, бөгсөөрөө өнхөрч үүдэн дээрээ очоод хаалгаа онгойлгоод орц руугаа гараад өөдөөс харсан хаалгыг цохиход эзэнгүй байсан. Би ээжээ гээд л орилоод байсан чинь манай жижүүр эмэгтэй цагдаатай хамт ирээд “юу болсон бэ” гэж асуухад нь би манайд танихгүй хүн хаалга эвдэж орж ирээд намайг зодчихлоо гэж болсон зүйлийн талаар хэлэхэд цагдаа залуу манайх руу ороод нөгөө залууг манай гэрээс аваад явсан. Манай хаалга цоожтой байсан. Уул нь гаднаасаа онгойдоггүй юм. Гэтэл тэр залуу гаднаас нь хөшиж эвдэж онгойлгосон байсан.

...Одоо миний хавирга маш их өвдөөд эдгэж өгөхгүй байна. Би их аймхай болчихсон, өдөр шөнө хоёуланд нь айж байна. Хэрэг болсон өдрийн өглөө бага хэмжээтэй цус гарсан. Тэрнээс хойш дахиж доошоо цус гараагүй. Би хаалгаа 75.000 төгрөгөөр янзлуулсан. Одоо надад гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй, хохиролд хаалга засуулсан 75.000 төгрөг, эмчилгээний зардалд 630.000 төгрөг нийт 705.000 төгрөг хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-34х/,

 

2. Гэрч М.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Би нөхөртэйгөө 1997 онд танилцаж 1997 оны 10 сард гэр бүлээ албан ёсоор батлуулж нэг гэрт орсон. Бид хоёр 1998 оны 6 сард том хүү Бадмаарагийг төрүүлж, 2003 онд бага охин Индранилыг төрүүлсэн. Манай нөхрийн 1 нүд нь сохор учраас групп-т байдаг. Хувийн зан аашийн хувьд уур уцааргүй, үг дуу цөөтэй, их хартай. 2000 оноос хойш хардаж хэрүүл хийж эхэлсэн. 2016 оны 06 сарын 20-ны өдөр 22:30 минутын үед манай ажил тарахад манай нөхөр намайг ажлаас ирж аваад, би шууд ээжийндээ хүргүүлсэн. Намайг хүргэж өгчихөөд гэр рүүгээ харилаа гээд явсан. Тэгтэл маргааш өдөр нь манай хүү над руу яриад “аав цагдаа дээр хүн зодоод баригдсан байна” гэж хэлсэн.

Намайг 2016 оноос өмнө зодож байгаагүй. 2016 он гараад 2 сард цагаан сарын үеэр согтуу гэртээ орж ирчихээд хардаад 2 удаа алгадаж байсан.Дараа нь 2016 оны 03 сарын 19-ний өдөр бас гэр бүлийн маргаанаас болж маргалдаад намайг алгадаж байсан. Би өмнө нь нөхөртөө зодуулчихаад нэг л удаа цагдаад хандаад, 1 удаа шүүх эмнэлэгт үзүүлж байсан. Тэгээд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй учраас миний өргөдөл хаагдсан, өөрөөр эмнэлэг болон цагдаад хандаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 35-37х/,   

 

3. Гэрч М.Бадмаарагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Манай аав бусдын үгийг сонсдоггүй, өөрийнхөөрөө зөрүүдэлдэг, ааш муутай, хүнтэй харьцаж чаддаггүй хүн. Хийж байгаа ажилдаа нямбай ханддаг. Ээж болон дүү, бид хоёрт халамж анхаарал сайн тавьдаг, аавынхаа үүргийг сайн биелүүлдэг. Манай аав 6 жилийн өмнөөс архийг 7 хоногтоо 3-4 удаа уудаг байсан. 4 жилийн өмнөөс архи уух нь багассан. Архи уусан үедээ хэрүүл хийх гээд ээжид үг хаяад, тэгээд ээжтэй хэрэлддэг. Манай аавын 1 талын нүд нь юм хардаггүй, ажил хийж байхдаа осолд ороод нүд нь юм харахаа больсон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39х/,

 

4. Гэрч Б.Байгальмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 06 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01:30 цагийн үед орцноос гарч байсан хүн “дээр хүн орилоод байна шүү” гэж надад хэлсэн. Би лифтэнд суугаад дээшээ 9 давхарт гартал ямар ч хүн байхгүй, харин 63 тоот айлын хаалганых нь гадна үүдэнд оосортой түлхүүр байсан, хаалга нь цоожтой байсан, би түлхүүрийг аваад доошоо шатаар буугаад явтал 5 давхарт амьдардаг эмээ “ёо ёо” гээд орилоод байсан. Мөн эрэгтэй хүн орилоод юм яриад байсан, яг юу гэж хэлээд байгаа нь сонсогдохгүй байсан. Тэгээд би хаалгыг нь татахад цоожтой байсан. Би доошоо буугаад нөхрөө аваад дээшээ гарах гэж байтал 2 цагдаа манай орцонд орж ирээд “9 давхарт хүн орилоод байна гэж дуудлага өгсөн, хаана юу болоод байна” гэхээр нь би “9 давхарт хүн байхгүй, би гарч харсан, харин 5 давхрын эмээ орилоод байсан” гэж хэлээд 2 цагдаатай хамт 5 давхрын эмээгийн гэрт очтол эмээ гэрээсээ гараад хажуу айлынхаа хаалганы үүдэнд газарт суучихсан “авраачээ ёо ёо” гээд орилж байсан. Цагдаа нар “яасан бэ” гэж эмээгээс асуутал эмээ “намайг танихгүй хүн зодоод байна” гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар дотогшоо ортол нэг эрэгтэй хүн эмээгийн хөнжил дээр сууж байсан, цагдаа нар согтуу эрэгтэй хүнийг аваад явсан. Би эмээг гэр лүү нь оруулаад, хүүхдүүдийг нь дуудаад ,хүүхдүүдийг нь иртэл би хамт байсан. Би түргэн дуудаж эмээг үзүүлсэн.

Миний олсон түлхүүрийг 2 хоногийн дараа Мөнхжин гэдэг залуугийн эхнэр надаас авсан. Тухайн өдөр Мөнхжин гэж залуу орж гарч л байсан, гэхдээ яг хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна, эрүүл байна гэж би харсан, архи уусан байсныг нь мэдэхгүй байна. Дандаа ганцаараа орж гарч байсан. Эмээгээс би юу болсон талаар асуухад “хаалга түгжээтэй намайг унтаж байхад саяны залуу орж ирээд намайг зодоод байсан” гэж хэлсэн. ...Эмээгийн хаана нь ямар гэмтэл учирсныг мэдэхгүй байна, эмээг зодсон гэж хэлсэн яг яаж зодсон талаар эмээ надад хэлээгүй. Их чичрээд ярьж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-42х/,

 

5. Гэрч С.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 06 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн үед байх цагаа яг сайн санахгүй байна, цагдаагийн дэслэгч Мөнх-Эрдэнийн хамт “Нисэхийн 65 дугаар байрны 9 давхарт хүн орилоод байна” гэсэн дуудлагын дагуу очсон. Бид хоёр орц руу орох гэтэл орцны хаалга кодтой байсан, дуудлага өгсөн хүн рүү ярьж кодыг асуугаад дотогшоо ороход орцны жижүүр “5 давхарт хүн орилоод байсан” гэж хэлсний дагуу жижүүртэй хамт 5 давхар руу гартал унтлагын хувцастай хөгшин 5 давхрын урд жигүүрийн коридорт хоёр хөлөө жийгээд газарт сууж байсан. Юу болсон талаар эмээгээс асуутал “согтуу хүн намайг унтаж байхад орж ирээд зодчихлоо, би тэр хүнийг танихгүй, одоо манай гэр дотор байна” гэж хэлсний дагуу дотогшоо ортол 35-40 орчим насны, 170 см орчим өндөртэй залуу газарт 4 хөллөөд байж байсан. Тэр залуугаас юу хийж байгаа талаар асуутал юм ярих чадваргүй, их согтуу байсан болохоор шууд хэлтсийн саатуулах байранд авчирж хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 43-44х/,

 

6. Гэрч М.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 06 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө, цагийг нь сайн санахгүй байна, шөнө болчихсон байсан. “65 дугаар байрны 9 давхарт согтуу хүн орилоод байна” гэсэн дуудлагыг хүлээн авч цагдаа жолооч Наранбаатарын хамт очиход “..орцны жижүүр 5 давхарт хүн орилоод байна” гэж хэлэхээр нь 5 давхар руу гартал 35 тоотын хаалга онгорхой хаалганыхаа гадаа үүдэнд хөгшин эмээ хөлөө жийгээд суучихсан “туслаарай” гээд байж байсан. Би цагдаатайгаа хамт дотогшоо ортол 35-40 орчим насны эрэгтэй газарт 4 хөллөөд байж байсан. Тэр хүн ямар ч юм ярих чадваргүй, согтуу байсан болохоор шууд Цагдаагийн хэлтэс рүү эрүүлжүүлэхээр авч явсан. Эмээгээс юу болсон талаар асуутал “танихгүй эрэгтэй хүн намайг унтаж байхад орж ирсэн. Яг яаж орж ирснийг мэдэхгүй байна, миний хоолой боогоод чирж орноос буулгаад зодсон” гэж хэлсэн. ...Эмээгийн биед гэмтэл шарх байгааг харах боломжгүй байсан, яагаад гэвэл эмээ унтлаганыхаа хувцастай байсан, ил хэсэг буюу нүүрэнд нь гэмтэл шарх байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-46х/,

 

7. Гэрч С.Батжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Манай ах Мөнхжин нь 1971 оны 07 сарын 19-ний өдөр төрсөн, айлын 2 дахь хүү бид нар эхээс 5-уулаа. Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. Хувийн зан байдлын хувьд төлөв даруу зантай, уур уцааргүй, нэг нүд нь хараагүй болохоор групп-т байдаг. Ер нь нүд муутай болохоор хүнтэй маргалдаж зодоон хийгээд байдаггүй. Би эхнэр, хүүхэдтэйгээ маргалдсан, хэрүүл хийсэн гэж сонсож байгаагүй. Манай ах өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Баяр ёслолын үеэр л архи уудаг, байнга уугаад байдаггүй, архи уусан үедээ янз бүрийн зан ааш гаргаж байхыг нь би харж байгаагүй. Бид нар багаасаа тус тусынхаа амьдралыг хөөгөөд тусдаа гарч амьдарсан болохоор ахыг сүүлийн үед ямар зан ааш гаргадаг болсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-48х/,

 

8. Гэрч Г.Анхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 06 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад согтуу эрэгтэй хүн “янхаан би чамтай амьдрахгүй” гээд муухай орилоод байсан. Тэгээд хаалга хүчтэй нүдээд байсан, би яг аль айлын хаалгыг нүдэж байгааг харж чадаагүй. Бараг 20 минут орчим “янхаан би чамтай амьдрахгүй” гээд орилсон байх, орилох чимээ нь унтуулахгүй байсан учраас би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа 15-20 минутын дараа над руу залгаж орцны код асууж байсан, тэр үед хүн орилохоо больчихсон байсан. Би тэр орилж байсан хүний царайг хараагүй. 63 тоот манай жигүүр биш, эсрэг талын жигүүр, хүн орилоод байсан жигүүрт байдаг...” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-50х/,

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 сарын 21-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №8728 тоот актын:

1. С.Түмэнхүү-н биед баруун шуу, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 53х/,

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 сарын 26-ны өдрийн хавтаст хэргийн материалаар хийсэн дахин шинжилгээний №964 тоот дүгнэлт:

1. С.Түмэнхүүгийн биед баруун талын 5-р хавирганы далд хугарал, тархины доргилт, цээж, баруун шуу, баруун гуяны зөөлөн эдийн няцралт, зулгаралт, цус хуралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. 2016-06-21-ний өдрийн шинжээч эмч Ц.Бадралын 8728 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжээч эмч Ц.Бадрал нь дээрх дүгнэлтийг 2014-12-08-ны өдөр Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А 216/422 тоот тушаалаар баталсан ШЭ-ийн гэмтлийн зэрэг тогтоох журмыг баримтлан гаргасан байна.

4. С.Түмэнхүүд учирсан дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх 2016-06-20-ноос 21-нд шилжих шөнө учирсан байх боломжтой.

5. С.Түмэнхүүгийн биед тархины доргилт, цээж, баруун шуу, баруун гуяны зөөлөн эдийн няцралт, зулгаралт, цус хуралт гэмтлүүдээс гадна 1 хавирганы буюу баруун талын 5-р хавирганы далд хугарал гэмтэл учирсан байх ба энэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул дээрх (Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А216/422 тоот тушаалаар батлагдсан) Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хэргийн 59-60х/,

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн №5676 тоот шинжээчийн дүгнэлт:

1. С.Түмэнхүүгийн өмсөж байсан гэх цагаан эрээн өнгийн өмд дээр үрийн шингэн, эр бэлгийн эс, цус, шүлс, үс илрээгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 62х/,

 

12. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Зарим тохиолдолд доргилтын улмаас эмэгтэй хүний үтрээнээс цус гарч болно...” гэсэн мэдүүлэг /хэргийн 65х/,

 

13. Хохирогч С.Түмэнхүүгийн хохирлын нэхэмжлэл, баримтууд /хэргийн 105-108х/,

 

14. Хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 106х, 109х/,

 

15. Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 107х/,

 

16. Хохирогч С.Түмэнхүүгийн бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 110х/,

 

17. С.Мөнхжингийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

 

“...Би 1971 оны 05 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод Сүхбаатарын 2 дахь хүү болж төрсөн, эхээс 5-уулаа, Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэгт хүмүүжиж байгаад 1979 онд Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн 1-р ангид элсэн орж 1989 онд 10 дугаар ангиа төгссөн. Сургуулиа төгсөөд 1989-1991 оныг хүртэл Загвар бүтээгчдийн ордонд лаборант хийж байгаад 1991 ондоо Хэт компанид техникч хийж байгаад 1991 оны 10 сард барилгын завсарын ажил хийж байгаад лантуу нь ойж толгой цохиод хэлтэрхий нь миний нүд рүү орж баруун талын нүд сохорсон. Одоо миний баруун талын нүд юу ч хардаггүй, баруун чих сонсголгүй, 70%-ийн группд байдаг.

...2016 оны 06 сарын 20-ны өдөр 22 цаг өнгөрч байхад эхнэр Энхтуяагийн ажил дээр очиж эхнэрээ авсан, манай охин хадам ээжийн гэрт нь байсан учраас эхнэр ээжийнхээ гэрт хононо гээд би эхнэрээ хадам ээжийнд хүргэж өгчихөөд гэртээ ганцаараа харьсан. Гэртээ орохоосоо өмнө дэлгүүрээс 1,5 литрийн пиво 2 савыг аваад гэртээ ороод ганцаараа уусан. Нэг сав пиво ууж дуусгаснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг огт санахгүй байна. Нэг мэдсэн чинь миний нүүр рүү нэг хүн цохиод байх шиг байсан, яг хэн цохиж байсныг санахгүй байна. Тэгээд Цагдаагийн хэлтэс дээр ирсэн байхад ухаан гүйцэд орсон. Би пиво уусан болохоор тасарчихсан байсан. Би байрныхаа 35 тоотод оршин суух хохирогч С.Түмэнхүүг танихгүй. Тэр өдөр би 23:40 цагт гэртээ орсон.

Би хохирогч С.Түмэнхүүг яагаад зодсноо мэдэхгүй, юу ч санахгүй байна. Би сүүлийн үед эхнэртэйгээ байнга гэр бүлийн маргаантай байгаа. Би охиноо тэр өдөр хадам ээжийн гэрээс авч явъя гэсэн чинь охиныг өгөөгүй юм, тэр уурандаа би ганцаараа пиво уусан. Би эмээг санаатай зодож цохъё гэсэн бодол байгаагүй, би эмээг зодсондоо үнэхээр итгэхгүй байна, эмээгийн хаалганы номер 35 тоот бол манайх 63 тоот яг хаалга нь адилхан лифтний хажууд байдаг болохоор гэр рүүгээ орж байна гэж андуурч ороод,  эмээг эхнэртэйгээ андуурч зодсон байх. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 73-75х, 77-78х/ болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-8х/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 20-22х/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 24-28х/, хохирогч С.Түмэнхүүгийн рентген оношлогооны хариу /хэргийн 57х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 80х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 33х/, Хан-Уул дүүргийн 14-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 86х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 87х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 88-89х/, Монгол Улсын хөдөө аж ахуйн их сургуулийн бакалаврын дипломын хуулбар /хэргийн 90-91х/, эмчлүүлэгчийн картын хуулбар /хэргийн 93-97х/, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /хэргийн 98х/, тэтгэврийн дэвтрийн хуулбар /хэргийн 99-104х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судаллаа.  

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь хуульд заасан арга хэрэгсэл, үндэслэл журмын дагуу авагдсан ба тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж, хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж С.Мөнхжинд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд:

 

Шүүгдэгч С.Мөнхжин нь согтуугаар 2016 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 65 дугаар байрны 35 тоотод оршин суух иргэн /86 настай, эмэгтэй/ С.Түмэнхүүг унтаж байхад нь гэрийн хаалгыг нь хөшиж, эвдэн орж 75.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн,

Мөн цаг хугацаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 65 дугаар байрны 35 тоотод оршин суух иргэн /86 настай, эмэгтэй/ С.Түмэнхүүг унтаж байхад нь гэрт нь орж түүнийг шалтаг шалтгаангүйгээр зодож, биед нь “...тархины доргилт, цээж, баруун шуу, баруун гуяны зөөлөн эдийн няцралт, зулгаралт, цус хуралт, баруун талын 5-р хавирганы далд хугарал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

- Хохирогч С.Түмэнхүүгийн: “...2016 оны 06 сарын 20-21-нд шилжих шөнийн 01:30 цагийн үед би гэртээ ганцаараа унтаж байтал хаалга хүчтэй дугараад би сэрсэн. Тэгэхэд эрэгтэй хүн хашгираад миний хажууд ирж зогсоод хөнжил хуу татаж хаяад намайг чирээд орноос унагаагаад миний бүх бие рүү гараараа болон хөлөөрөө цохиод байсан, тэгэхдээ ихэнхдээ гараараа цохиод базаад байсан. Би болиулж чадахгүй байсан. ...Манай хаалга цоожтой байсан. Уул нь гаднаасаа онгойдоггүй юм. Гэтэл тэр залуу гаднаас нь гөшиж эвдэж онгойлгосон байсан. ...Одоо миний хавирга маш их өвдөөд эдгэж өгөхгүй байна. Би их аймхай болчихсон, өдөр шөнө хоёуланд нь айж байна. Хэрэг болсон өдрийн өглөө бага хэмжээтэй цус гарсан. Тэрнээс хойш дахиж доошоо цус гараагүй. Би хаалгаа 75.000 төгрөгөөр янзлуулсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-34х/,

 

- Гэрч Б.Байгальмаагийн: “...2016 оны 06 сарын 20-21-нд шилжих шөнө 01:30 цагийн үед ... 5 давхарт амдардаг эмээ “ёо ёо” гээд орилоод байсан, мөн эрэгтэй хүн орилоод юм яриад байсан яг юу гэж хэлээд байгаа нь сонсогдохгүй байсан, тэгээд би хаалгыг нь татахад цоожтой байсан. ...2 цагдаатай хамт 5 давхрын эмээгийн гэрт очтол эмээ гэрээсээ гараад хажуу айлынхаа хаалганы үүдэнд газарт суучихсан “авраач ээ ёо ёо” гээд орилж байсан. Цагдаа нар “яасан бэ” гэж эмээгээс асуутал эмээ “намайг танихгүй хүн зодоод байна” гэж хэлсэн цагдаа нар дотогшоо ортол нэг эрэгтэй хүн эмээгийн хөнжил дээр ууж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-42х/,

 

- Гэрч С.Наранбаатарын “...2016 оны 06 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн үед ...цагдаагийн дэслэгч Мөнх-Эрдэнийн хамт Нисэхийн 65 дугаар байрны 9 давхарт хүн орилоод байна гэсэн дуудлагын дагуу очсон. ... 5 давхар руу гартал унтлагын хувцастай хөгшин настай хүн 5 давхрын урд жигүүрийн коридорт хоёр хөлөө жийгээд газарт сууж байсан, юу болсон талаар эмээгээс асуутал “согтуу хүн намайг унтаж байхад орж ирээд зодчихлоо би тэр хүнийг танихгүй одоо манай гэр дотор байна” гэж хэлсний дагуу дотогшоо ортол 35-40 орчим насны, 170 см орчим өндөртэй залуу газарт 4 хөллөөд байж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 43-44х/,

 

- Гэрч М.Мөнх-Эрдэний: “...2016 оны 06 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ... 65 дугаар байрны 9 давхарт согтуу хүн орилоод байна гэсэн дуудлагыг хүлээн авч цагдаа жолооч Наранбаатарын хамт очиход ...орцны жижүүр 5 давхарт хүн орилоод байна гэж хэлэхээр нь 5 давхар руу гартал 35 тоотын хаалга онгорхой хаалганыхаа гадаа үүдэнд хөгшин эмээ хөлөө жийгээд суучихсан “туслаарай” гээд байж байсан. Би цагдаатайгаа хамт дотогшоо ортол 35-40 оричм насны эрэгтэй газарт 4 хөллөөд байж байсан. ... Эмээгээс юу болсон талаар асуутал “танихгүй эрэгтэй хүн намайг унтаж байхад орж ирсэн. Яг яаж орж ирснийг мэдэхгүй байна, миний хоолой боогоод чирж орноос буулгаад зодсон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-46х/,

 

- Гэрч Г.Анхтуяагийн: “...2016 оны 06 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад согтуу эрэгтэй хүн “янхаан би чамтай амьдрахгүй” гээд муухай орилоод байсан, тэгээд хаалга хүчтэй нүдээд байсан би яг аль айлын хаалгыг нүдэж байгааг харж чадаагүй, бараг 20 минут орчим “янхаан би чамтай амьдрахгүй” гээд орилсон байх, орилох чимээ нь унтуулахгүй байсан учраас би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа 15-20 минутын дараа над руу залгаж орцны код асууж байсан, тэр үед хүн орилохоо больчихсон байсан.

Би тэр орилж байсан хүний царайг хараагүй. 63 тоот манай жигүүр биш, эсрэг талын жигүүр, хүн орилоод байсан жигүүрт байдаг...” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-50х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8728, 964, 5676 тоот шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйлийн үнэлгээ /хэргийн 107х/, хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 106х, 109х/, хохирлын баримт /хэргийн 108х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-8х/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 20-22х/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 24-28х/, шүүгдэгч С.Мөнхжингийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.  

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас С.Мөнхжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгчийн гэмт үйлдэлд  тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүх С.Мөнхжинг бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, мөн танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  эрх зүйн үндэслэлтэй.  

 

Шүүгдэгч С.Мөнхжин нь гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд тооцож  хохирогч С.Түмэнхүүд эмчилгээний зардлын 630.000 /зургаан зуун гучин мянга/ болон эд хөрөнгөд учирсан хохирлын 75.000 /далан таван мянга/ төгрөг тус тус нөхөн төлж, гэм хорыг арилгасан нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Түмэнхүүд хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 106х, 109х/ баримт, хохирогчоос бичгээр гаргасан “Эмчилгээний болон бусад эд зүйлийн хохирлоо бүрэн авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухай хүсэлт /хэргийн 110х/ зэрэг баримтаар нотлогдсон тул шүүгдэгч С.Мөнхжинг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнд тооцож, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч С.Мөнхжин нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт хэргийн 83-р талд авагдсан байх тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм.  

 

Шүүх, шүүгдэгч С.Мөнхжинд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарласан, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болон хохирогч Түмэнхүү гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурьдах нь зүйтэй.    

 

Шүүх, шүүгдэгч нь хорих ял шийтгүүлж болох гэмт хэрэгт анх удаа ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж барагдуулсан, хохирогч нь  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон гэм буруугаа ойлгон ухамсарласан, хөдөлмөрийн чадвар алталдтын 70 хувиар групп-т байдаг зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж үзэв.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

 

1. Хэрсүүд овогт Сүхбаатарын Мөнхжинг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. С.Мөнхжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Мөнхжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг бүгд 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Мөнхжинд оногдуулсан 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Мөнхжин нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, төлөх төлбөргүй, хохирогч С.Түмэнхүү гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан ялтан С.Мөнхжинд оногдуулсан 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзан, түүний засрал, хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн харъяалах Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан С.Мөнхжинд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД