Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 110/ШШ2020/0051

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Х.Б,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга,

            “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/157 дугаар захирамжийг хүчингүй болгож, аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтэц орон тоонд хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог тусгаж батлах шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай,

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хундыз нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус аймгийн Биеийн тамир, спортын газарт Биеийн тамир спортын газрын даргын 01-60 тоот тушаалаар хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар томилогдон хөдөлмөрийн хугацаагүй гэрээтэй ажиллаж байсан билээ. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Засаг дарга А.Г нь Б/109 тоот захирамж гаргаж намайг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон болно.

Улмаар тус газрын дарга байсан Х.Хайнар нь Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр аймгийн Засаг дарга А.Гы захирамжийг хүчингүй болгож Х.Хайнарыг аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон болно.

Ингээд би ажилгүй болсон ба аймгийн Засаг даргад ажилтай болгох талаар хүсэлт тавихад урьд нь хөнгөн атлетикийн ажилд ажиллуулах, ажилтай болгох талаарх саналаа Биеийн тамир, спортын газрын даргад бичгээр хандсан болно.

Х.Хайнар нь үүнийг үл ойшоож миний урьд нь ажиллаж байсан хөнгөн атлетикийн орон тоо байсан мөртлөө томилохгүй болохоор би иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм.

Хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд өөрөө хууль бус тушаал гаргаж, миний маргаж байсан орон тоог үгүй хийж, орон тоо бүтцийг баталсан байдаг ба хууль бус энэ тушаалыг хүчингүй болгуулахаар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг Улсын дээд шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 94 тоот тогтоолоор энэ тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Хэрэг шүүхэд хянагдаж, тогтоол дөнгөж гарч байхад Засаг дарга А/157 тоот захирамж гаргаж, миний маргаж байсан орон тоог хасаж, өөр 3 орон тоо нэмж бий болгож баталсан нь миний эрх ашгийг ноцтой зөрчсөн болно.

Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр гэдгийг эс зөвшөөрч аймгийн Биеийн тамир спортын газрын дарга аймгийн Засаг даргад “миний маргаж буй хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хасуулах” тухай албан тоот хүргүүлсэн. Аймгийн Засаг дарга 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/157 дугаар захирамжаар шинэ орон тоо баталж, хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хассан.

 Энэхүү орон тоог хасаж байгаа нь миний эрх ашиг болон аймгийн нийтийн спортыг үгүй хийж байгаад нь харамсаж байна.

2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Засаг дарга шүүхэд хариу тайлбар гаргахдаа “2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/157 дугаар захирамж гаргахдаа “Х.Бын 2017 онд нэмж баталсан орон тоог хасаж баталсан юм” гэж тайлбарлажээ.

Энэ орон тоог 2017 онд нэмж батлаагүй бөгөөд уг орон тоо 2012 оноос эхлээд байгаа орон тоо юм. Миний 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хасаж өгнө үү” гэсэн албан бичгийг 2020 онд хэрэгжүүлсэн байна. Би уг албан бичгийг бичихдээ Засаг дарга өөрөө надад нөлөөлсөн. 2017 онд Засаг даргатай эс тохиролцсон 5 гишүүн ардчилсан намтай нийлж Засаг даргыг огцруулах санал гаргаж байсан.

Миний оронд хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар ажиллаж байсан С.Бахыт гэдэг хүн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байсан. 2018 онд аймгийн Засаг дарга намайг дуудаж “С.Бахытыг зайлуулахгүй бол болохгүй, миний эсрэг ажиллалаа” гэж хэлээд хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хасуулах албан бичгийг ажлын дарамт, шахалт үзүүлж бичүүлсэн. Ажлаас нь шууд халах боломжгүй гэхэд сахилгын шийтгэл авч хал гэсэн.

Тэр хүн угаасаа ажил хийдэггүй хүн болохоор удаа дараа сахилгын шийтгэл авч ажлаас халсан. Тухайн үед орон тоог хасах албан бичиг явуулахад аймгийн Засаг дарга орон тоог хасаагүй байсан.

Миний гол маргаж байгаа асуудал бол аймгийн хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог яагаад хасах болсон, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч ажиллаж байх үед яагаад хасаагүй одоо хасаж байгаа юм.  

Дээд шүүхийн шийдвэр гарсан байхад яагаад хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хасаж байгаа вэ, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар төсвөө батлуулдаг, гэтэл 1 дүгээр сар гарчхаад байхад төсвөө батлаагүй байж, яагаад Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа төсвөө батлах болов гэдэг эргэлзээтэй асуудлууд байна.

Хөнгөн атлетикийн спорт бол 2 настай хүүхдээс эхлээд 60 настай хөгшин хүн хүртэл хичээллэдэг бүх нийтийн спорт, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан спорт.

Иймд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/157 дугаар захирамжийг хүчингүй болгож, хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог баталж өгөхийг аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Х.Быг 2017 оны Б/109 дүгээр захирамжаар тус аймгийн Биеийн тамир спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон боловч өмнө нь газрын даргаар ажиллаж байсан Х.Хайнар  нь шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон тул Биеийн тамир спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Быг уг албан тушаалаас чөлөөлсөн болно.

Х.Бын нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий Биеийн тамир спортын газрын бүтэц орон тоо батлах тухай 2020 оны аймгийн Засаг даргын А/157 дугаар захирамжаас хасагдсан хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог аймгийн Засаг даргын 2017 оны А/239 дүгээр захирамжид нэмж баталж өгч байсан ба тухайн үед тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Б нь өөрөө ажиллаж байхад 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар  албан бичгээр, мөн Х.Хайнарын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаар албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар албан бичгээр хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хасаж баталж өгөх тухай хүсэлтийг тус тус ирүүлсэн.

Өмнө нь газрын даргаар ажиллаж байсан Х.Б одоо газрын даргаар ажиллаж байгаа Х.Хайнар нарын бичгээр ирүүлсэн хүсэлтийг судлан үзсэний үндсэн дээр 2020 оны Биеийн тамир спортын газрын бүтэц, орон тоо батлах тухай А/157 дугаар захирамжийг гаргахад хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хасаж баталж өгсөн болно.

Иймд Х.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Баас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/157 дугаар захирамжийг хүчингүй болгож, аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтэц орон тоонд хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог тусгаж батлах шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Б нь анх аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тушаалаар[1] аймгийн Биеийн тамир, спортын газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажилд томилогдсон, дараа нь аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 дүгээр захирамжаар[2] Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд түр томилогдсон, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/63 дугаар захирамжаар[3] түүнийг уг албан тушаалаас чөлөөлжээ.

Х.Б нь газрын даргын түр үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоны дараа    хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоонд Биеийн тамир, спортын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар[4] С.Бахытыг түр  томилсон,  2017 оны 07 дугаар  17-ны өдрийн Б/14 тушаалаар[5] бүр томилсон, дараа  буюу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар[6] түүнийг уг албан тушаалаас чөлөөлсөн байна.

Улмаар маргаан бүхий албан тушаалын орон тоог сул орон тоо байхад Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 дугаартай “Тус газрын бүтэц, орон тоог батлах тухай” тушаалын хавсралтаар[7] хассан, энэ тушаалын талаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гарган маргаснаар Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2020 оны 03 дугар сарын 04-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор[8] “... хуулиар эрх хэмжээ олгоогүй асуудлыг шийдвэрлэсэн” үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан, дараа нь аймгийн Засаг дарга нь  2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Дүрэм, орон тоо батлах тухай”  А/157 дугаар захирамжаар[9] Биеийн тамир, спортын газрын дүрмийг нэгдүгээр хавсралтаар[10], бүтэц орон тоо, албан тушаалыг хоёрдугаар хавсралтаар[11] тус тус  баталсан байх ба энэ захиргааны актаар маргаан бүхий орон тоог хасаж баталжээ.

Дээрх үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба хэргийн оролцогчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч нь хариуцагч Биеийн тамир, спортын газрын  бүтэц, орон тоог батлахдаа хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хассан нь хууль бус гэж маргажээ. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлд аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг,  30 дугаар зүйлийн 30.1.17-т “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” гэж,  Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 65.1.8-т “тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаар төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд аймгийн Засаг дарга нь  төсвийн байгууллагын   орон тоог  батлах бүрэн эрхийг нарийвчлан зохицуулсан, “орон нутгийн төсвийн удирдлага санхүүжилт”-ийн талаар  хуулиар тусгайлан олгосон энэхүү бүрэн эрхийн  хүрээнд аймгийн Засаг дарга  аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтэц, орон тоог баталсан нь   хууль зөрчөөгүй гэж  шүүхээс дүгнэлээ.

Биеийн тамир, спортын газрын бүтэц орон тоог батлахдаа хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хасаж баталсан нь нэхэмжлэгч Х.Бын шууд субьектив эрх рүү чиглээгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хэрэв уг орон тоог баталсан тохиолдолд нэхэмжлэгч нь уг албан тушаалд шууд томилогдох эрх зүйн боломж, үндэслэл нь тодорхой бус, хариуцагчийн хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хасаж баталсан үйлдлийг хууль бус гэж үзэх, шүүхээс тухайн орон тоог нэмж батлахыг хариуцагчид даалгах  хууль зүйн үндэслэлгүй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.17, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Баас  Баян-Өлгий аймгийн  Засаг даргад холбогдуулан гаргасан  “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/157 дугаар захирамжийг хүчингүй болгож, аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтэц орон тоонд хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог тусгаж батлах шийдвэр гаргахыг даалгах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                      

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ГҮЛБАРША

 

 

 

 

[1] Хэргийн 53 дугаар тал

[2] Хэргийн 37 дугаар тал

[3] Хэргийн 56 дугаар тал

[4] Хэргийн 50 дугаар тал

[5] Хэргийн 51 дүгээр тал

[6] Хэргийн 52 дугаар тал

[7] Хэргийн 47-49 дүгээр тал

[8] Хэргийн 4-7 дугаар тал

[9] Хэргийн 97 дугаар хуудас

[10] Хэргийн 98-99 дүгээр тал

[11] Хэргийн 100 дугаар тал