Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00029

 

2021           01            13                                          001/ХТ2021/00029

 

 

 

..........ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/01419 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1281 дүгээр магадлалтай,

 

..........ХХК-ний нэхэмжлэлтэй

..........ХХК-д холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 19 327 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, Э.Намжим нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ..........ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХүннүТранс ХХК нь ..........ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр S2017/040 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 1 литр түлшний үнийг 1 580 төгрөгөөр тооцож, 10 000 литр дизель түлшийг худалдан авахаар тохиролцож, 8155 литр нийт 12 884 900 төгрөгийн түлш нийлүүлсэн. Үндсэн төлбөр 12 884 900 төгрөгөөс 0,2 хувиар тооцвол 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны алданги нь үндсэн төлбөрийн 50 хувиас давж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д нийцүүлэн үндсэн төлбөрийн тавин хувь болох 6 442 450 төгрөгийг шаардаж байна. Үндсэн үүрэг 12 884 900 төгрөг, анз 6 442 450, нийт 19 327 350 төгрөгийг ..........ХХК-иас гаргуулж өгнө үү. Хариуцагч талаас захирал нь гарын үсэг зурсан. Анх ШТС-г түрээслэх талаар ярьж байсан боловч энэ нь хэрэгжээгүй, ийм гэрээ байгуулагдаагүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсүрэн нь шүүхэд гаргасан тайлбартаа: Дээрх компани нь ..........ХХК-ний шатахуун түгээгүүрийг худалдан авахаар аман хэлцэл хийж ажиллаж байхдаа нэхэмжлээд байгаа түлшээ нийлүүлсэн бөгөөд тухайн үедээ худалдах худалдан авах гэрээ хийгээгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/01419 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 232.8-д зааснаар хариуцагч ..........ХХК-иас 15 049 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ..........ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 227 850 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 233 192 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 3 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1281 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/01419 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 197 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, Э.Намжим нар хяналтын гомдолдоо: А. Анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг эс зөвшөөрч байгаа үндэслэлийн тухайд, 1.Нийлүүлсэн түлшний хэмжээний тухайд: “Паломино ойл энд энержи” ХХК нь “Хүннү транс” ХХК-д талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 8,155 литр түлш нийлүүлсэн. Ийнхүү түлш нийлүүлэгдсэн талаар баримтыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн бөгөөд тус үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй нь ИХШХШТХ-ийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасны дагуу хүлээн зөвшөөрч буй хэлбэр юм. Гэтэл шүүхээс талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж “Паломино ойл энд энержи” ХХК-ийн нийлүүлсэн түлшнээс 535 литр түлшийг хасан тооцож байгаа нь үндэслэлгүй. 2.Алдангийн хэмжээг багасгасан тухайд: Иргэний хуулийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно ” гэж заасан. Гэтэл бидний “Хүннү транс” ХХК-аас нэхэмжилж буй алдангийн хэмжээ нь илт их биш юм. Тодруулбал, Нэгд, талуудын хооронд байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 3.3-д “Захиалагч тал төлбөрийг гэрээгээр заасан хугацаанд хэтэрсэн хоног тутамд 0,2 хувийн алдангийг төлбөл зохих мөнгөн дүн дээр нэмж тооцож нэхэмжлэх эрхтэй” гэж заасан нь Иргэний хуулийн 232.6-д заасан 0,5 хувиас доогуур хувь юм. Хоёрт, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр нэхэмжилсэн. Гуравт, анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагч компанийг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллагын тусламжтайгаар эрэн сурвалжлуулж нэхэмжлэл гаргасан нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох өмгөөллийн “БЭЗ Партнерс” ХХН-ийн зүгээс хариуцагч “Хүннү транс” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн талаар уулзах, холбогдох мэдэгдэл, шаардлагыг хүргүүлэх гэсэн боловч компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн утасны дугаар холбогдох боломжгүй өөрчлөгдсөн, заасан хаягт байхгүй байсан. Энэ нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 377 дугаар шийдвэрээр нотлогдож байхад шүүхээс “нэхэмжлэгч компанийг эс үйлдэхүйгээр шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь алданги нэмэгдэхэд нөлөөлсөн” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Б. Магадлалыг эс зөвшөөрч байгаа үндэслэлийн тухайд, 1.Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тухайд: Давж заалдах шатны шүүх “шүүх талуудын хооронд ямар харилцаа үүссэн болохыг нарийвчлан тодруулаагүй. Тухайлбал, дизель түлш худалдах-худалдан авах гэрээ байгуулсан уу эсхүл шатахуун түгээх станцын түрээсийн төлбөрөөс суутгах тохиролцоо бүхий гэрээ байгуулсан уу гэх асуудал тодорхой бус байна. Талуудыг энэ асуудлаар мэтгэлцүүлэх боломжоор хангаагүй...” гэжээ. Талуудын хооронд 2017 оны 10 сарын 20-ны өдөр 82017/040 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу “Хүннү транс” ХХК-д түлшний нийлүүлэлтийг хийсэн боловч төлбөрөө төлөөгүй учир хариуцагчийг энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд хандсан. Энэхүү гэрээний хавсарлт 1-ийн 5-д “...тухайн сарын төлбөрийг ШТС-ын сар тутмын түрээсийн төлбөрөөс хасаж тооцно” гэж төлбөрийн нөхцөлийг тохирсон боловч талуудын хооронд ямар нэгэн ШТС түрээслэхтэй холбоотой гэрээ хийгдээгүй, ШТС ч түрээслээгүй. Энэхүү гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ бөгөөд тухайн үед ШТС-ыг түрээслэх талаар яригдаж байсан учир ийнхүү төлбөрийн нөхцөлийг тохирч байсан. Иймээс нэхэмжлэгч нь зөвхөн нийлүүлсэн түлшнийхээ үнийг л тус компаниас нэхэмжилж байгаа болно. Түүнчлэн хариуцагч нь түлшний нийлүүлэлттэй холбоотой маргаагүй, нэхэмжлэгчээс түлш авсан болохоо хүлээн зөвшөөрдөг. 2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тухай: Давж заалдах шатны шүүхээс “хариуцагч талаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай тухай шүүхэд мэдэгдэж анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулсан боловч дараачийн шүүх хуралдааны товыг мэдэгдэх үүргээ зөрчсөн”, “2019 оны 05 дугаар сарын 15-ны хариуцагчид хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдэхгүйгээр, талуудыг мэтгэлцэх боломжоор хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн...” гэжээ. Шүүгчийн туслах 2019 оны 05 сарын 06-ны өдөр хурлын товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид утсаар мэдэгдсэн, иймээс түүнд дахин шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хүргэх шаардлагагүй юм. Мөн шүүхээс “Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг хариуцагч хуулийн этгээдийн хаягаар хүргүүлсэн. Энэ нь ИХШХШТХ-ийн 77.8-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно ” гэж заасанд нийцсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “нэгэнт хүсэлтийг хүлээж авсан байсан тул хурлыг 1 сарын хугацаагаар хойшлуулсан гэж үзсэн болно” гэжээ. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтэд заасан хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах үүрэггүй. Нөгөө талаар энэ тохиолдолд хүсэлт гаргасан этгээд нь итгэмжлэгдсэн төлөөлөгч тул томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралд оролцох боломжгүй бол хариуцагчаас өөр хэн нэгэн этгээдийг төлөөлүүлэн оролцуулах боломжтой. Дээрх байдлаар шүүхээс хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж хурлын товыг мэдэгдсээр байтал хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хайнга хандаж, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй. Мөн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй атлаа гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэнд гомдолтой байх бөгөөд ИХШХШТХ-ийн чухам аль заалтад нийцүүлэн ийнхүү шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 4 227 850 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэг”-ийг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ..........ХХК, хариуцагч ..........ХХК-нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 19 327 350 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй, шатахуун түгээх станц худалдан авахаар тохиролцож шатахуун нийлүүлж байсан гэжээ./ хх-1-2, 62/

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 15 049 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2,168.1.3-т заасныг зөрчөөгүй байна. Хэрэгт ач холбогдол бүхий байдал тогтоогдоогүйгээс гадна маргааны зүйлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эрх зүйн дүгнэлт хийх үүргээ анхан шатны шүүх хангалттай биелүүлсэн гэж үзэх боломжгүй байх тул магадлалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг ханган шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй талуудын байгуулсан худалдах-худалдан авах гэрээний хавсралт 1-д заасан “...дизель түлшний төлбөрийг шатахуун түгээх станцын түрээсийн төлбөрөөс суутган тооцно” гэх тохиролцооноос үзэхэд худалдах-худалдан авах гэрээний үүргээс түрээсийн төлбөрийг суутгах агуулга тусгагдсан, улмаар талуудын хооронд харилцан тооцох үүрэг байгаа эсэх, шатахуун түгээгүүрийг нэхэмжлэгч түрээсэлж байсан эсэх ач холбогдол бүхий байдал тодорхой бус байхад шүүх “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн” гэж үзэж шүүх хуралдааныг товлосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсгийг зөрчжээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг  эсэргүүцээгүй нь нэхэмжлэлийг хангах үндэслэл биш бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүрэгтэй юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой тусгажээ.

Нотлох баримтын бүрдлийн талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1281 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 82 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                П.ЗОЛЗАЯА