Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/145

 

 

 

                                      2021/ШЦТ/145

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Буяндалай

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг

Шүүгдэгч: С.Л, Ч.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Чгийн Ч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Сын Л нарт холбогдох эрүүгийн 2112000330062 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1982 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн .........гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, О овогт Сын Л/РД:АД............../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Өндөр- Улаан сумын ............... газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Чгийн Ч/РД:АЭ................/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.Л, Ч.Ч нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Уужим гэх газраас С.Цын эзэмшлийн хар халтар зүсмийн, 1 тооны адууг хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч С.Л нь машин механизм ашиглаж 2018 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Уужим гэх газраас С.Цын эзэмшлийн зүүн талын чих онь   имтэй, тамгагүй, 1 тооны хар шүдлэн байдсыг хулгайлж, иргэн А.Бт худалдан борлуулж, хохирогч С.Цад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн нутаг Хуст гэх газраас С.Цын      эзэмшлийн им, тамгагүй, тухайн үед хондлой дээрээ ногоон өнгийн будагтай, сүүл цагаан, шийр цагаан, том сартай, цагаан амтай, хар тарлан зүсмийн, им тамгагүй, хондлой дээрээ ногоон өнгийн будагтай хойд хоёр хөл шийр цагаан, сартай бор тарлан зүсмийн 2 тооны бярууг хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 05 дугаар сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн нутаг дэвсгэр Хуст гэх газраас хохирогч С.Цын эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

        

         *Эрүүгийн 2112000330062  тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч С.Цын өгсөн:

 “...2020 оны 05 сарын дунд үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Хуст гэх газраас бэлчээр дээрээсээ 1 тооны хар тарлан үнээ алдсан. Миний алдсан гэх үхэр баруун талын чих урдаасаа ухам имтэй, баруун талын чих цоорхой, ээмэг хийгээд унаж байсан. Сүүл цагаан, хойд 2 хөл шийр цагаан, тод хар, нас нийлсэн тарлан үнээ байсан. Надад сэжиглэж байгаа хүн байгаа, С.Лийг сэжиглэж байна, учир нь С.Л сүүлд сонсоход С.Бт хар тарлан үнээг өрөндөө өгөөд нөгөө үхэр нь үхчихсэн гэж сонссон. Би алдсан гэх хар тарлан үнээг 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна, алдсан үхрийн үнэ 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 5-6 дугаар тал/

 

*Гэрч Б.Аийн өгсөн:

“...Би 2020 оны 05 дугаар сарын 12-ны үеэр манайх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Хуст гэх газарт малаа голын захаас гаргасан. Тэгээд маргааш өглөө нь манай хар тарлан үнээ алга болчихсон байсан. Манай алдсан үхэр сүүл цагаан, тод хар тарлан үнээ байсан. Тэгээд сүүлд нь сонсоход С.Л сумын төвд хүнд өгчихсөн байсан гэж нөхрөөсөө сонссон...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 7-8 дугаар тал/

 

*Гэрч С.Бын өгсөн:

“...Би 2020 оны 05 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр байсан талаар санахгүй байна. Би 2019 оны намраас 2020 оны хавар хүртэл С.Лийнд өөрийн үхрээ хариулж байсан. 2020 оны хавар үхрээ С.Лоос буцааж аваад бүртгэж үзэхэд 1 тооны сувай үнээ дутчихсан байсан. Би С.Лоос миний 1 тооны сувай үнээ хаана байна гэж асуухад байгаа шилрээд тугалчихсан сүүлд нь олоод аваачиж өгье гэж хэлсэн сүүлд сураг тавьсан чинь миний мухар хар зүсмийн сувай үнээг С.Л нь алаад идчихсэн байсан. Тэгэхээр нь би өөрт нь энэ талаар хэлсэн чинь би идээгүй гэж гүрийж байгаад сүүлдээ би таны сувай үнээг төлж өгье гэж хэлсэн. Тухайн 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр намайг С.Л утсаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн төв зам дагуу байдаг. Зам ангийн уулзвар дээр хүрч ирээд 1 тооны үхэр ав гэж хэлэхээр нь би тухайн газарт очтол С.Л нь 1 тооны мухар хар тарлан үнээ ганцааранг нь мотоциклоор тууж авч ирж өгсөн. Тухайн үедээ надад С.Л нь наадах чинь буруу гарын үнээ байж магадгүй шүү гэж хэлэхэд нь би юу яриад байгаа юм тэгвэл буцаагаад энийгээ ав гэж хэлэхэд зүгээрээ би аргалчихна наад үхэр чинь асуудалгүй болохгүй бол би буцаагаад авчихна гэж хэлээд яваад өгсөн. Би тухайн мухар хар тарлан үнээг туугаад үхэр сүрэгтэйгээ нийлүүлээд харж байтал 5-6 хоногийн дараа үхчихсэн байсан. Тухайн үед С.Л нь ганцаараа Улбар шар өнгийн Даюун маркийн мотоциклтой тухайн хар тарлан үнээг тууж авч ирж өгсөн. Тухайн С.Лийн өгсөн үхэр нь мухар тод хар тарлан үнээ байсан имийг нь би хараагүй хөгшин нас нийлсэн хойд 2 хөл шийр цагаан, сүүл цагаан үнээ байх шиг байсан тухайн үед маш их туранхай муу үнээ байсан туугаад явахгүй байсан. Тухайн үед С.Л үхрийг тууж ирэхэд хол явсан шинжтэй цуцсан байдалтай байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Үхэр С.Лоос авах үед С.Л бид 2 л байсан өөр хүн байгаагүй. Би тухайн 1 тооны үхрийг авах үед хулгайн адуу гэж мэдээгүй байсан гэхдээ С.Лийг наад үхэр чинь буруу гарын үхэр байж магадгүй гэж хэлэхээр нь сэжиглээд би тухайн үхрийг буцаагаад ав гэж хэлтэл С.Л нь зүгээр гээд орхичхоод яваад өгсөн.  Тэгэхээр нь би үлдээгээд явалтай нь биш авч ирээд үхэр сүрэг дотроо нийлүүлээд харж байсан чинь үхчихсэн. Сүүлд нь хулгайн мал болохыг мэдсэн. Би тухайн үед С.Лоос асуухад наад үхэр чинь зүгээрээ асуудалгүй та санаа зоволтгүй гэж хэлэхэд нь би тайвширчихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-20 дугаар тал/,

 

*Гэрч Д.Эын өгсөн:

“...Манайх 2018-2020 оны хавар хүртэл өвлийн цагт С.Лид үхрээ харуулдаг байсан гэтэл 2020 оны хавар үхрээ бүртгэж авахад 1 тооны сувай үнээ дутсан байсан юм. Манай нөхөр С.Лтой ярьж байгаад 1 тооны үхэр авахаар болсон. Манай нөхөр С.Б 2020 оны 05 дугаар сарын дунд хавьцаа С.Лоос 1 тооны үхэр авч ирж өөрийн үхэр сүрэгтэй нийлүүлсэн чинь 5-6 хоногийн дараа үхчихсэн. С.Лоос авсан гэх үхэр нь мухар хар тарлан үнээ байсан нас нийлсэн имийг нь бол хараагүй хойд 2 хөл шийр цагаан сүүл цагаан байсан санаж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 23-24 дүгээр тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаартай: “...Нас гүйцсэн 1 тооны үнээний үнэлгээг 2020 оны 05 дугаар сарын байдлаар 800.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 14 дүгээр тал/

 

*Яллагдагч С.Лийн өгсөн:

“...Би гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 44-45 дугаар тал/

 

*Хохирогч С.Цын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 15-ны үед С.Б гэх хүний адуунд миний 2 тооны адуу байсан чинь 1 тооны адуугаа алдчихсан. Миний алдсан гэх адуу нь зүүн талын чих нь имтэй, тамгагүй, хар шүдлэн байдас байсан. Надад сэжиглэж байгаа хүн байгаа, сүүлд 2019 онд хүнээс С.Л нь миний алдсан байдсыг А.Бт зарсан гэж сонссон. Тиймээс С.Лийг сэжиглэж байна. Би алдсан гэх нэг адуугаа 800.000 төгрөгөөр үнэлж байна. Би маш их гомдолтой байна. Тухайн адууны хохирол 800.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 68-69 дүгээр тал/

 

*Гэрч Б.Аийн өгсөн:

“...Би тухайн 2018 оны 11 сард Улаанбаатар хотод байсан, тэгэхэд гэртээ ирсэн чинь манай нөхөр С.Ц 1 тооны хар шүдлэн байдас алдсан гэж хэлсэн. С.Л А.Бт манай адууг зарчихсан байна гэж манай нөхөр надад хэлсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 70-71 дүгээр тал/

 

*Гэрч А.Бын өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын дунд үед идэшний үе байсан юм тухайн үед С.Л нь адуу зарна гэж надтай эхнэрийнхээ хамт ирж уулзаад 350.000 төгрөгөөр 1 шүдлэн адуу авахаар болоод тохиролцоод явцгаасан тэгээд тухайн үеэр би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Уужим гэх газар очиж С.Лоос тухайн тохиролцсон шүдлэн адууг худалдаж авсан. Тухайн авсан адуу нь Хар халтар шүдлэн байдас байсан, им, тамгыг нь санахгүй байна. Тухайн адууны арьс, ширийг 2018 онд ченжид өгчихсөн. Би тухайн адууны төлбөрийг бэлнээр 350.000 төгрөг С.Лид өгсөн. Тухайн адууг авах үед С.Л бид 2 байсан. Тухайн адууны төлбөрийг өгөх үед миний хажууд С.Л байсан өөр хүн байгаагүй. Би С.Лоос худалдаж авахад хулгайн адуу гэж огт мэдээгүй С.Л манай адуу энэ адууг ав гээд өөрийн юм шиг барьж өгсөн. Тэгээд 2019 онд С.Ц надтай ирж уулзаад өөрийнх нь адуу байсан талаар хэлж байсан. Тэгээд би хулгайн адуу юм байна гэж бодсон...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 73-74 дүгээр тал/

 

*Гэрч Х.Бын өгсөн:

“...Манайх 2018 оны 11 дүгээр сард идшиндээ 1 тооны адуу авсан. Тухайн үед миний нөхөр А.Б хүнээс нэг адуу авч ирсэн тухайн үед би хэнээс авсан талаар мэдэхгүй байж байгаад сүүлд нь нөхрөөсөө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн иргэн С.Лоос авсан гэж дуулсан. Тухайн адууны зүс нь хар зүсмийн адуу байсан, би яг морины зүс сайн мэдэхгүй, им тамгыг бол огт хараагүй манай нөхөр тухайн үед авч ирээд янзлаад өвлийн идшинд хэрэглэсэн. Тухайн адууг 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан тухайн адууны төлбөрийг миний нөхөр А.Б бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 88-89 дүгээр тал/

 

*Гэрч С.Цын өгсөн:

“...С.Ц нь миний төрсөн дүү, С.Лтой айл өвөлждөг. Сүүлд С.Л нь А.Бт С.Цын адууг зарсан байна гэж дуулсан. С.Л нь манай гэрээр орж ирдэггүй, би ч гэрээр нь ордоггүй, харьцахад нийтлэг гаагүй байдаг...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 94 дүгээр тал/

 

*Гэрч С.Бийн өгсөн:

“...Дээрх хугацаанд С.Ц нь манай адуунд даага насны шүдлэн болох гэж байсан хар, хүрэн зүсмийн 2 тооны байдас харуулдаг байсан. Тухайн 2 даагыг нь манай азарга хураачихсан байсан. Би тухайн хоёр даагыг ямар им, тамгатай байсан талаар одоо сайн санахгүй байна. Тухайн үед би адуугаа тогтмол хураагаад байдаггүй байсан. Тэгтэл С.Ц нь 2 байдсаа авах гэж ирэхдээ хар зүсмийн байдас нь алга болчихсон, байхгүй байна гэж хэлээд надаас сураглаж байсан. Би яагаад байхгүй болсон талаар нь мэдэхгүй байсан болохоор тухайн үедээ мэдэхгүйгээ хэлж байсан. Дараа нь хүрэн зүсмийн байдсаа авч байсан. Хар байдас нь тухайн үедээ олдоогүй.

Тухайн үед уг хар зүсмийн байдас нь шүдлэн насных болчихсон байсан байх. Би ямар им, тамгатай байсан талаар марчихсан байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 242-243 дугаар тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаартай:

“...Нас гүйцсэн 1 тооны адууны үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын байдлаар 800.000/найман зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 78 дугаар тал/

 

*Яллагдагч С.Лийн өгсөн:

“...Би гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 100-101 дүгээр тал/

 

*Хохирогч С.Цын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн:

“...2020 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Хуст гэх газраас бэлчээр дээрээсээ 2 тооны бяруу алдсан. Миний алдсан гэх 2 тооны бяруу нь нэг нь хар тарлан имгүй, тамгагүй, тухайн үед хондлой дээрээ ногоон өнгийн будагтай, сүүл цагаан, шийр цагаан том сартай, цагаан амтай, нөгөөх нь сартай бор тарлан, имгүй, тамгагүй, хондлой дээрээ ногоон өнгийн будагтай хойд хоёр хөл шийр цагаан бяруу байсан. Надад сэжиглэж байгаа хүн байгаа, 2020 оны 06 сард хүнээс сураглахад С.Л нь миний 2 бярууг Д.Сгийн хүүд өдрийн цагаар туулгаад нэг бярууг нь 100.000 төгрөгөөр зарсан байсан. Нийт 200.000 төгрөгөөр зарсан байсан. Би тэгээд очиж уулзаад 2 бярууг буцаагаар авсан. Би алдсан гэх 2 бярууг нэгийг нь 350.000 төгрөгөөр нийт 700.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 111-113 дугаар тал/

 

*Гэрч Б.Аийн өгсөн:

“...Би 2020 оны 04 сард Архангай аймгийн төвд эмнэлэгт хэвтэж байхад манай нөхөр малаа харж байхад 2 тооны бяруу алдчихлаа гэж хэлсэн. Халтар амтай хар тарлан бяруу, бор тарлан байсан сүүлд нөхөр С.Цтай Д.С ахын хүүгээс очиж 2 бяруугаа авсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 114-115 дугаар тал/

 

*Гэрч С.Бийн өгсөн:

“...Би 2020 оны хавар 04 дүгээр сарын эхэн үед яаг хэдний өдөр байсан талаар сайн санахгүй байна би С.Лоос 2 тооны бяруу нэгийг нь 100.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байсан. Тэгээд тухайн 2020 оны 04 дүгээр сарын эхэнд С.Л намайг нөгөө 2 бяруугаа ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд би хэлсэн газар болох Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Уужим гэх газарт Дулаан энгэр гэх газрын урд талд С.Лтой уулзахад 2 тооны бяруу бэлчээр дээрээс нь салгаад надад өгсөн. Би тухайн 2 бярууг аваад гэртээ ирсэн. Тэгээд 2-3 сарын дараа С.Ц ах манай 2 бяруу байна гээд тухайн 2 бярууг аваад явчихсан. Тухайн 2 бярууны нэг нь бор зүстэй, сартай хойд 2 хөл шийр цагаан имгүй, хондлой дээрээ ногоон будагтай байсан нөгөө бяруу нь хар зүстэй сартай нуруун дээрээ цагаан, сүүл цагаан, 2 хөл шийр цагаан байсан шиг санагдаж байна имгүй хондлой дээрээ ногоон будагтай байсан тарлан бяруу байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би С.Лоос буцаагаад 200.000 төгрөг авчихсан. Би тухайн 2 бярууны төлбөрийг С.Лид бэлнээр өгсөн. Тухайн үед С.Л бид 2 байсан өөр хүн байгаагүй. Би тухайн 2 тооны бярууг хулгайн бяруу гэж огт мэдээгүй байсан, тухайн үед би С.Лоос энэ чинь хулгайн мал биш биз дээ гэж асуухад С.Л үгүй би чамд өөрийн малаас өөрийн 2 бярууг барьж өгч байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгээд 2 сайхан бяруу өглөө шүү гэж хэлж байсан, тэгэхээр нь би хулгайн мал гэж огт бодоогүй. Харин сүүлд нь С.Ц ах ирээд манай 2 бяруу байна алдчихаад олохгүй байсан юм гэж хэлж байсан тэгэх үед л би хулгайн мал юм байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 116-117 дугаар тал/

 

*Гэрч Д.Сгийн өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сард С.Лтой таарсан чинь танд мөнгө байна уу надад 100.000 төгрөг хэрэг болоод байна та бяруу авах уу гэхээр нь авъя гэж хэлсэн. Тэгээд манай хүү бүр сүүлд нь очиж бяруу аваад манай үхэртэй нийлүүлсэн. Тухайн 2 бярууны нэг нь бор зүстэй сартай хойд 2 шийр цагаан имгүй, хондлой дээрээ ногоон будагтай тарлан бяруу байсан нөгөө бяруу нь хар сартай нуруун дээрээ цагаан, сүүл цагаан, 2 шийр цагаан байсан шиг санагдаж байна имгүй хондлой дээрээ ногоон будагтай байсан тарлан бяруу байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 119-120 дугаар тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 347 дугаартай: “...2 тооны сарлагийн бярууны үнэлгээг 2020 оны 04 дүгээр сарын байдлаар нийт 700.000/долоон зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 124 дүгээр тал/

 

*Хохирогч С.Цын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн:

“...Би 2019 оны 11 дүгээр сарын дунд үед бэлчээр дээрээсээ 1 тооны адуу алдсан. Миний алдсан гэх адуу нь зүүн талын чих онь имтэй, "S” үсгэн тамгатай, хар халтар шүдлэн үрээ байсан. Би сүүлд нутгийн хүнээс сонсоход С.Л нь миний хар халтар шүдлэн үрээг Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэн М.От зарсан гэж сонссон. Би 2019 онд алдсан үрээг 700.000 төгрөгөөр үнэлж байна. Би маш их гомдолтой байна, би алдсан адууны үнэ болох 700.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 157-158 дугаар тал/

        

*Гэрч Б.Аийн өгсөн:

“...Би 2019 оны 10 дугаар сарын 30-нд найр болоод нөхөр бид хоёр болон С.Л эхнэртэйгээ бид 4 Архангай аймгийн төвд найранд оччихоод буцаад ирсэн чинь манай 1 тооны адууг Ч.Ч хүн зарчихсан байсан, түүнийг би сүүлд сонссон. Тухайн үед нэг тооны адуу алдсан. Манай алдсан гэх нэг адуу нь “S” тамгатай хар халтар шүдлэн үрээ байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 159-160 дугаар тал/

 

*Гэрч М.Оын өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын дунд хавьцаа байх яаг хэдний өдөр байсныг би сайн санахгүй байна. Тухайн өдөр би 1 тооны адуу Бэлхи багийн хонь Ч гэх хүнээс авах гээд тохирчихсон байсан. Тэгээд тухайн өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Уужим гэх газарт Орших ахтай очоод 1 адуугаа авах гэхэд хонь Ч 1 азарга адуу тууж ирээд хашаад байж байтал хонь Ч 1 адуу зүсэлсэн тэр адуу нь хар халтар шүдлэн үрээ, зүүн талын гуян дээрээ бүдэгхэн “S” үсгэн тамгатай байсан. Тэгээд тэр адууг 450.000 төгрөгөөр би худалдаж аваад хонь Чгийн гэрийн гадаа тухайн адууг гаргаж өгөөд гэдэс дотрыг нь цэвэрлэж өгөөд би аваад явсан. Намайг адуу худалдаж авах үед С.Л эхнэртэйгээ, хонь Ч эхнэртэйгээ мөн надтай цуг явж байсан Орших ах байсан өөр хүн байгаагүй. Тухайн үед С.Лийн эхнэр мөн хонь Чгийн эхнэр адууны гэдэс дотрыг гаргаж цэвэрлэж өгсөн. Би тухайн адууг хулгайн адуу гэж огт мэдээгүй байсан надад өдрийн цагаар хашаад манай адуу гэж хонь Ч хэлж байсан би саяхан хулгайн адуу байсныг дуулсан. Би тухайн адууны төлбөрийг адуу авахаас өмнө хонь Чд бэлнээр 200.000 төгрөг өгсөн тэгээд адуу очиж авах цаг хугацааанд үлдсэн 250.000 төгрөгийг бэлнээр хонь Чд өгсөн. Тухайн адууг С.Л барилцаж өгсөн. Би тухайн адууг хонь Чгийн, адуу гэж бодож байсан. Гэтэл сүүлд С.Цтай уулзахад С.Цын адуу байсныг олж мэдсэн. Тухайн адууны арьс, шир, толгойг С.Ц өөрөө миний адууны толгой шир, арьс байна гээд аваад явчихсан сүүлд сонсоход хонь Чтай зохицоод мөнгө төгрөгөө авалцсан гэсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 168-170 дугаар тал/

 

*Гэрч А.Бын өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сард М.О надад идэшний адуу зарах хүн байвал олж өгөөч гэж хэлсэн тэгээд явж байтал сумын төрийн банкны урд хонь Чтай тааралдсан чинь би нэг даага, соёолон үрээ 2 зармаар байна гэж хэлэхээр нь би М.От энд хонь Ч адуу зарна гэж байна гээд холбож өгсөн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын дунд үед идэшний үеэр М.О намайг цуг яваад өгөөч гээд бид 2 мотоциклоор хонь Чгийнд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Уужимын ойрхон Сүрэн гэх газар байх тэндээс Хонь Чтай уулзаж 1 тооны хар халтар зүсмийн шүдлэн үрээ хашаад барьж өгөөд тэнд нь гаргуулаад С.Л нь машинаар сумын төвд М.Оынд хүргэж өгсөн. Тухайн адуу нь зүүн гуян дээрээ тамгатай байна гэж М.О хэлсэн. Би ямар тамга байсныг анзаараагүй тухайн адуу нь хар халтар шүдлэн үрээ байсан. М.О тухайн адууны төлбөрийг бэлнээр өгсөн гэсэн. Тухайн адууг авах үед М.О, С.Л түүний эхнэр, хонь Ч түүний эхнэр, Б түүний эхнэр, бид нар байсан. Би хонь Ч М.От өгсөн адууг хулгайн адуу гэж огт мэдээгүй тухайн үед тэр хотныхон бүгд байсан учир хулгайн адуу гэж санаанд ороогүй сүүлд сонсоход хулгайн адуу байсан юм байна лээ...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 171-172 дугаар тал/

 

*Гэрч Б.Өын өгсөн:

“...Манай нөхөр С.Л нь М.От 2019 онд ямар ч адуу зараагүй. М.От Ч ах адуу зарж байгаа гэртээ гэртээ адуу гаргаад байсан. Тэгээд М.О гэдэд арилгалцаад өгөөч гэхээр нь би гэдсийг нь арилгалцаж өгсөн. Би сайн анзаараагүй, хар халтар гэмээр зүстэй байсан, им тамгыг нь мэдэхгүй. Тухайн үед Ч ах, би, С.Лийн ах Б түүний эхнэр, Чгийн эхнэр С.Ц нар байсан. С.Л тэр үед байгаагүй. М.О бэлнээр Ч ахад төлбөрөө өгөөд явсан гэж сонссон, хэдэн төгрөгөөр зарж борлуулсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 179-180 дугаар тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай: “...1 тооны шүдлэн адууны үнэлгээг 2019 оны 11 сарын байдлаар 600.000/зургаан зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 164 дүгээр тал/

 

*Яллагдагч С.Лийн өгсөн:

“..Би гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 209-210 дугаар тал/

 

*Яллагдагч Ч.Чын өгсөн:

“...Би гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 218-219 дүгээр тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 48, 223 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Л, Ч.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Уужим гэх газраас С.Цын эзэмшлийн хар халтар зүсмийн 1 тооны адуу хулгайд алдагдаж, 600.000 төгрөгийн хохирол учирсан,

2018 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Уужим гэх газраас С.Цын эзэмшлийн зүүн талын чих онь имтэй, тамгагүй, 1 тооны хар шүдлэн байдас хулгайд алдагдаж, хохирогч С.Цад 800.000 төгрөгийн хохирол учирсан,

2020 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн нутаг Хуст гэх газраас С.Цын эзэмшлийн им, тамгагүй, тухайн үед хондлой дээрээ ногоон өнгийн будагтай, сүүл цагаан, шийр цагаан, том сартай, цагаан амтай, хар тарлан зүсмийн, им тамгагүй, хондлой дээрээ ногоон өнгийн будагтай хойд хоёр хөл шийр цагаан, сартай бор тарлан зүсмийн 2 тооны бяруу хулгайд алдагдаж, 700.000 төгрөгийн хохирол учирсан,

2020 оны 05 дугаар сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн нутаг дэвсгэр Хуст гэх газраас хохирогч С.Цын эзэмшлийн 1 тооны үхэр хулгайд алдагдаж, түүнд 800.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч С.Л, Ч.Ч нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Уужим гэх газраас С.Цын эзэмшлийн хар халтар зүсмийн, 1 тооны адууг хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болох нь хохирогч С.Цын“...Би 2019 оны 11 дүгээр сарын дунд үед бэлчээр дээрээсээ 1 тооны адуу алдсан. Миний алдсан гэх адуу нь зүүн талын чих онь имтэй, "S” үсгэн тамгатай, хар халтар шүдлэн үрээ байсан. Би сүүлд нутгийн хүнээс сонсоход С.Л нь миний хар халтар шүдлэн үрээг Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэн М.От зарсан гэж сонссон..” гэх мэдүүлэг,  гэрч М.Оын”... Тухайн өдөр би 1 тооны адуу Бэлхи багийн хонь Ч гэх хүнээс авах гээд тохирчихсон байсан. Тэгээд тухайн өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Уужим гэх газарт Орших ахтай очоод 1 адуугаа авах гэхэд хонь Ч 1 азарга адуу тууж ирээд хашаад байж байтал хонь Ч 1 адуу зүсэлсэн тэр адуу нь хар халтар шүдлэн үрээ, зүүн талын гуян дээрээ бүдэгхэн “S” үсгэн тамгатай байсан. Тухайн үед С.Лийн эхнэр мөн хонь Чгийн эхнэр адууны гэдэс дотрыг гаргаж цэвэрлэж өгсөн. Би тухайн адууг хулгайн адуу гэж огт мэдээгүй байсан надад өдрийн цагаар хашаад манай адуу гэж хонь Ч хэлж байсан би саяхан хулгайн адуу байсныг дуулсан. Би тухайн адууны төлбөрийг адуу авахаас өмнө хонь Чд бэлнээр 200.000 төгрөг өгсөн тэгээд адуу очиж авах цаг хугацааанд үлдсэн 250.000 төгрөгийг бэлнээр хонь Чд өгсөн. Тухайн адууг С.Л барилцаж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч А.Бын”...2019 оны 11 дүгээр сард М.О надад идэшний адуу зарах хүн байвал олж өгөөч гэж хэлсэн тэгээд явж байтал сумын төрийн банкны урд хонь Чтай тааралдсан чинь би нэг даага, соёолон үрээ 2 зармаар байна гэж хэлэхээр нь би М.От энд хонь Ч адуу зарна гэж байна гээд холбож өгсөн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын дунд үед идэшний үеэр М.О намайг цуг яваад өгөөч гээд бид 2 мотоциклоор хонь Чгийнд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Уужимын ойрхон Сүрэн гэх газар байх тэндээс Хонь Чтай уулзаж 1 тооны хар халтар зүсмийн шүдлэн үрээ хашаад барьж өгөөд тэнд нь гаргуулаад С.Л нь машинаар сумын төвд М.Оынд хүргэж өгсөн. Тухайн адуу нь зүүн гуян дээрээ тамгатай байна гэж М.О хэлсэн..” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай дүгнэлт, яллагдагч С.Л, Ч.Ч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч С.Л ганцаараа нь машин механизм ашиглаж 2018 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Уужим гэх газраас С.Цын эзэмшлийн 1 адууг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 04 дүгээр сард мөн нутгаас мөн багийн нутаг Хуст гэх газраас С.Цын эзэмшлийн 2 тооны бярууг хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 05 дугаар сард тус газраас хохирогч С.Цын эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Цын”...Би 2018 оны 11 дүгээр сарын 15-ны үед С.Б гэх хүний адуунд миний 2 тооны адуу байсан чинь 1 тооны адуугаа алдчихсан. Миний алдсан гэх адуу нь зүүн талын чих нь имтэй, тамгагүй, хар шүдлэн байдас байсан. Надад сэжиглэж байгаа хүн байгаа, сүүлд 2019 онд хүнээс С.Л нь миний алдсан байдсыг А.Бт зарсан гэж сонссон...” гэх мэдүүлэг, гэрч А.Бийн ”...2018 оны 11 дүгээр сарын дунд үед идэшний үе байсан юм тухайн үед С.Л нь адуу зарна гэж надтай эхнэрийнхээ хамт ирж уулзаад 350.000 төгрөгөөр 1 шүдлэн адуу авахаар болоод тохиролцоод явцгаасан тэгээд тухайн үеэр би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Уужим гэх газар очиж С.Лоос тухайн тохиролцсон шүдлэн адууг худалдаж авсан. Тухайн авсан адуу нь Хар халтар шүдлэн байдас байсан, им, тамгыг нь санахгүй байна. Тухайн адууны арьс, ширийг 2018 онд ченжид өгчихсөн. Би тухайн адууны төлбөрийг бэлнээр 350.000 төгрөг С.Лид өгсөн. Тухайн адууг авах үед С.Л бид 2 байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Бийн”...С.Ц нь манай адуунд даага насны шүдлэн болох гэж байсан хар, хүрэн зүсмийн 2 тооны байдас харуулдаг байсан. Тухайн 2 даагыг нь манай азарга хураачихсан байсан. Би тухайн хоёр даагыг ямар им, тамгатай байсан талаар одоо сайн санахгүй байна. Тухайн үед би адуугаа тогтмол хураагаад байдаггүй байсан. Тэгтэл С.Ц нь 2 байдсаа авах гэж ирэхдээ хар зүсмийн байдас нь алга болчихсон, байхгүй байна гэж хэлээд надаас сураглаж байсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаартай дүгнэлт, яллагдагч С.Лийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

Хохирогч С.Цын”...2020 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Хуст гэх газраас бэлчээр дээрээсээ 2 тооны бяруу алдсан. Надад сэжиглэж байгаа хүн байгаа, 2020 оны 06 сард хүнээс сураглахад С.Л нь миний 2 бярууг Д.Сгийн хүүд өдрийн цагаар туулгаад нэг бярууг нь 100.000 төгрөгөөр зарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Бийн”...Би 2020 оны хавар 04 дүгээр сарын эхэн үед яаг хэдний өдөр байсан талаар сайн санахгүй байна би С.Лоос 2 тооны бяруу нэгийг нь 100.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байсан. Тэгээд тухайн 2020 оны 04 дүгээр сарын эхэнд С.Л намайг нөгөө 2 бяруугаа ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд би хэлсэн газар болох Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Уужим гэх газарт Дулаан энгэр гэх газрын урд талд С.Лтой уулзахад 2 тооны бяруу бэлчээр дээрээс нь салгаад надад өгсөн. Би тухайн 2 бярууг аваад гэртээ ирсэн. Тэгээд 2-3 сарын дараа С.Ц ах манай 2 бяруу байна гээд тухайн 2 бярууг аваад явчихсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Сгийн”...Би 2019 оны 12 дугаар сард С.Лтой таарсан чинь танд мөнгө байна уу надад 100.000 төгрөг хэрэг болоод байна та бяруу авах уу гэхээр нь авъя гэж хэлсэн. Тэгээд манай хүү бүр сүүлд нь очиж бяруу аваад манай үхэртэй нийлүүлсэн...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 347 дугаартай дүгнэлт, яллагдагч С.Лийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

хохирогч С.Цын”...2020 оны 05 сарын дунд үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Хуст гэх газраас бэлчээр дээрээсээ 1 тооны хар тарлан үнээ алдсан. Миний алдсан гэх үхэр баруун талын чих урдаасаа ухам имтэй, баруун талын чих цоорхой, ээмэг хийгээд унаж байсан. Сүүл цагаан, хойд 2 хөл шийр цагаан, тод хар, нас нийлсэн тарлан үнээ байсан. Надад сэжиглэж байгаа хүн байгаа, С.Лийг сэжиглэж байна, учир нь С.Л сүүлд сонсоход С.Бт хар тарлан үнээг өрөндөө өгөөд нөгөө үхэр нь үхчихсэн гэж сонссон...” гэх мэдүүлэг, гэрч С.Бын”...2020 оны 04 дүгээр сарын сүүлээр намайг С.Л утсаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн төв зам дагуу байдаг. Зам ангийн уулзвар дээр хүрч ирээд 1 тооны үхэр ав гэж хэлэхээр нь би тухайн газарт очтол С.Л нь 1 тооны мухар хар тарлан үнээг нь мотоциклоор тууж авч ирж өгсөн. Би тухайн мухар хар тарлан үнээг туугаад үхэр сүрэгтэйгээ нийлүүлээд харж байтал 5-6 хоногийн дараа үхчихсэн байсан. Тухайн үед С.Л нь ганцаараа Улбар шар өнгийн Даюун маркийн мотоциклтой тухайн хар тарлан үнээг тууж авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Эын”...Манай нөхөр С.Б 2020 оны 05 дугаар сарын дунд хавьцаа С.Лоос 1 тооны үхэр авч ирж өөрийн үхэр сүрэгтэй нийлүүлсэн чинь 5-6 хоногийн дараа үхчихсэн. С.Лоос авсан гэх үхэр нь мухар хар тарлан үнээ байсан нас нийлсэн имийг нь бол хараагүй хойд 2 хөл шийр цагаан сүүл цагаан байсан санаж байна...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт, яллагдагч С.Лийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Ч, С.Л нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан, шүүгдэгч С.Лийг бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ч, С.Л нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Лийг бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус  зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “...бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан, шүүгдэгч С.Л, Ч.Ч нар нь бүлэглэн 2019 оны 11 сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн нутаг Уужим гэх газраас бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуульд орсон тус өөрчлөлтөөс өмнөх үйлдэл бөгөөд  Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухай гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан тул прокуророос шүүгдэгч С.Л, Ч.Ч нарт Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг зөвтгөж Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Цад учруулсан 2.900.000 төгрөгийн хохирол учирсанаас шүүгдэгч Ч.Ч 600.000 төгрөг, шүүгдэгч С.Л 2.600.000 төгрөгийг төлж барагдуулсан, гомдол саналгүй  талаар хохирогч С.Ц нь хүсэлт ирүүлсэн байх тул  шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шүүгдэгч С.Лийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 200.000/хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Даюун маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Л, Ч.Ч болон шүүгдэгч С.Лийн өмгөөлөгч Б.Алтанчимэг нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруу, хэргийн зүйлчлэл, хохирол төлбөр, хор уршигийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Чад зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч С.Лид хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүгдэгч С.Лид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар тухайн зүйл хэсэгт заасан хорих ялаас доогуур ял оногдуулах санал гаргасныг хүлээн авах боломжгүй юм. Учир нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч С.Л нь үргэлжилсэн нийт 4 удаагийн үйлдлээр хохирогч С.Цын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хохирол, уршгийн шинж зэргийг харгалзан хуульд зааснаас доогуур ял оногдуулах боломжгүй гэж дүгнэв.

2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж  7 дугаар зүйлийн 7.2 дэх хэсэгт “....Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт ...” заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг  зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...гэж, тус тус заасан байна. Шүүгдэгч С.Лийн үйлдсэн гэмт хэрэг тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байна. Иймд 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Л, Ч.Ч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Сын Л, Ш овогт Чгийн Ч  нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт, шүүгдэгч О овогт Сын Лийг бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чыг 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лид оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л, Ч.Ч нар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэрээс явахыг шүүгдэгч Ч.Чад 6/зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч С.Лид 2/хоёр/ жилийн хугацаанд хориглосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л, Ч.Ч нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

 

7. Шүүгдэгч С.Л, Ч.Ч нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч С.Лийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 200.000/хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Даюун маркийн мотоциклийг хураан улсын орлого болгосугай.

 

9. Шүүгдэгч С.Л, Ч.Ч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Л, Ч.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           П.ГАНДОЛГОР