| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0140/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/150 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Т |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван,
улсын яллагч В.Батдэлгэр,
шүүгдэгч Х.Б нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б овогт Хын Бд холбогдох эрүүгийн 2031001750128 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Хын Б, Монгол улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн “Б” суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Батлан хамгаалах их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Завхан аймгийн “Т” сумын 3 дугаар баг, Цооргийн задгайд оршин суух хаягтай боловч, Сэлэнгэ аймаг “С” сумын ** дугаар баг, ** дүгээр хэсэг, ** тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, РД:/******** /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Х.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 23-наас 2020 оны 04 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 042 тоотод иргэн Т.Гийн гэрт өөрийг нь “сэтэрхий уруултай” гэж үг хэлээр доромжилсон гэж иргэн Б.Гын биед хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 23-наас 2020 оны 04 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 042 тоотод иргэн Т.Гийн гэрт өөрийг нь “сэтэрхий уруултай” гэж үг хэлээр доромжилсон гэж иргэн Б.Гын биед хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Х.Б гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
хүлээн зөвшөөрч байна. Хохирол, эмчилгээний зардалд 500,000 төгрөг нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг[1],
2. Хохирогч Б.Гын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд би эхнэрээ Х.Бгаас өмөөрч маргалдаж байх үед Х.Б эхлээд баруун гараа атгаж байгаад миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд Т.Гийн гэрээс гараад явахаар нь би түүний араас гарч Х.Бд хандаж “чи яаж байгаа юм бэ? яалаа гэж намайг цохиж байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь юу ч ярилгүй дахин гараа атгаж байгаад миний нүүр рүү 2 удаа цохих үед би манараад газар унасан. Намайг газар унасан байх үед нүүр рүү өшиглөж, дээрээс дэвслээд хэл үгээр элдвээр хэлээд байсан. Би Х.Бд цохиулан өшиглүүлж байх үедээ ухаан санаа манарсан байсан...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Т.Гийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Удалгүй Х.Б эргэж ирээд Б, Б.Г нарыг хүргэж өгөх гэтэл Б “Би танай бузар машинд суухгүй” гээд уурлаад байсан. Харин Б.Г эхнэрийгээ “гэртээ харья” гэхэд Б “Гэндэнжаваа чи дуугүй байж бай. Би энд унтана” гэж нөхөр рүүгээ уурласан. Мөн миний гараас зуурчихаад “Ахаа бид нар эндээ хоночихоод маргааш явчихъя” гэж хэлээд гуйгаад байсан. Тэр үед Б.Г Х.Бг “сэтэрхий уруултай” гэж хэлж доромжилсны улмаас тэр хоёр барьцалдаад гараад явсан. Ингээд би Быг “унт” гэж хэлээд том өрөө рүү оруулчихаад гадагш гарахад Б.Г манай хашаанд байсан ачааны машины хажуу талд эвхэрчихсэн хэвтэж байхаар нь тэр хоёрыг “та хоёр одоо боль” гээд Б.Гын хувцас хунар болон нүүрний цусыг нь цэвэрлэж өг гэж Х.Бд хэлчихээд эргээд гэр рүү орсон...” гэх мэдүүлэг[3],
4. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Б.Гын биед хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[4],
5. Яллагдагч Х.Бгийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Б над руу “танай бузар машинд суухгүй” гэж хэлэхэд нь миний уур хүрч түүнтэй хэрүүл маргаан хийхэд нөхөр нь эхнэрээ өмөөрч намайг “сэтэрхий уруултай юм минь зайл” гэж хэл үгээр доромжилсон. Тэгэхээр нь миний уур хүрч Б.Гын нүүр рүү гараараа нэг удаа цохитол Т.Г, Б хоёр салгахаар би Б.Гын хамт гарч хашаанд хэсэг зодолдоод эргэж эвлэрсэн...” гэх мэдүүлэг[5],
6. Цагдаагийн газар, хэлтэст шалгагдаж байгаа эсэхийг шалгах хуудас[6], 7.Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7], 8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8], 9.Хохирол төлбөр төлсөн тухай баталгаа[9], 10.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[10], 11.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол[11], 12.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн прокурорын санал[12] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Бгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Г хавтаст хэргийн материалтай танилцахдаа хохирол төлбөрт 500,000 төгрөг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Хын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бгийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Х.Бд анхааруулсугай.
5. Шүүгдэгч Х.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 8-9 дүгээр тал
[3] Хавтаст хэргийн 12-14 дүгээр тал
[4] Хавтаст хэргийн 15 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 24-25 дүгээр тал
[6] Хавтаст хэсгийн 28 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 29 дүгээр тал
[8] Хавтаст хэргийн 30 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 37 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 39, 40 дүгээр тал
[11] Хавтаст хэргийн 44 дүгээр тал
[12] Хавтаст хэргийн 49 дүгээр тал