Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/31

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.О* даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н*

улсын яллагч А.Б*

шүүгдэгч А.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адууч овогт Алтангэрэлийн Баярмагнайд холбогдох эрүүгийн 2231000000033 дугаартай хэргийг 2022 оны  02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Монгол Улсын иргэн, 19** оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг, 6 дугаар байр 306 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Адууч овогт Алтангэрэлийн  Баярмагнай /РД:МЕ89083013/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

           Шүүгдэгч А.Баярмагнай нь 2022 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын  2 дугаар баг, Баянгол гэх газарт иргэн Д.Баярцогтын гэрт Д.Баярцогттой харилцан зодолдож толгой тус газар нь малын хөлдүү баасаар олон удаа зохиж биед нь цус хуралтын зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Баярмагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч А.Баярмагнайн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэжээ

Шүүгдэгч А.Баярмагнайн 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Д.Баярцогтын эмчилгээ болон эм тарианы зардалд 400,000 төгрөг өгсөн. Би уг үйлдэлдээ маш их харамсаж байгаа ба архи ууснаас ийм асуудал болсон гэж бодож байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р хуудас/,

Хохирогч Д.Баярцогтын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Баярмагнай манай эхнэрийг оролдоод байхаар нь би
болиоч ээ гэж хэлэхэд хөлдүү баас аваад хэд хэдэн удаа миний толгой руу цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /XX-06-07-р хуудас/,

Гэрч Б.Минжзаяагийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...манай нөхөр Баярцогт Баярмагнай ахыг барьж аваад тэр 2 бие биетэйгээ ноцолдоод байсан. Хэдэн хормын дараа Баярмагнай ах гарч зугтаагаад явж байхад нь манай нөхөр араас нь гүйцэж очоод хавираад унагачихсан. ...Баярмагнай ах босож ирээд манай нөхөр Баярцогтын толгой, нүүр хэсэг рүү маш их цохиж байсан. ...Баярмагнай ах манай гэрт орж ирээд Баярцогтыг чирээд авч гараад малын хөлдүү баасаар толгой руу нь цохиод байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 43 дугаартай “...Д.Баярцогтын биед цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт /хх-17-18-р хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 32-33 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, /хх-ийн 39-45-р хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 46-47 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас, /хх-ийн 45-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 58-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Баярмагнай нь 2022 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын  2 дугаар баг, Баянгол гэх газарт иргэн Д.Баярцогтын гэрт, түүнтэй маргалдаж толгой, нүүрэн тус газар нь малын хөлдүү баасаар олон удаа цохиж  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь   

Шүүгдэгч А.Баярмагнайн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Баярцогтын “...Баярмагнай манай эхнэрийг оролдоод байхаар нь би болиоч ээ гэж хэлэхэд хөлдүү баас аваад хэд хэдэн удаа миний толгой руу цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт, хууль сануулан гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар энэ зүйлчлэлд оногдуулах ялын санкц нь “ Дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч А.Баярмагнайн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Хохирогч  Д.Баярцогт нь шүүгдэгч А.Баярмагнайгаас нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй талаар хүсэлтийг ирүүлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Д.Баярмагнайг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.Баярмагнай нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Баярмагнайд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч А.Баярмагнайд нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар А.Баярмагнай нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.    

Энэ хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Баярмагнайд нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.    

Шүүгдэгч А.Баярмагнайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Адууч овгийн Алтангэрэлийн Баярмагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баярмагнайг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар А.Баярмагнай нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Баярмагнай нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ