| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0151/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/146 |
| Огноо | 2021-07-26 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/146
2021/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Шүүгдэгч: П.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Пийн Од холбогдох 2012001000028 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн .............. гэх газарт оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөг хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Пийн О/РД:АЯ............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.О нь 2020 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай баг, Шилүүстэйн хормой гэх газраас хохирогч Э.Жийн 59 тооны буюу олон тооны адууг хулгайлж, түүнд 48.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012001000028 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Э.Жийн өгсөн:
“...Би 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Шилүүстэйн хормой гэх газар өөрийнхөө хар алаг азаргатай адууг хурааж бүртгээд бэлчээрт нь орхисон. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өлзийт сумын төв дээр гэртээ байхад манай найз Б утсаар залгаад алаг азаргатай, чандмань тамгатай адуу хаанахын адуу билээ гэж надаас асуусан. Би юу болсон талаар асуугаад содон зүстэй ямар адуу байгаа талаар асуухад Б алаг азаргатай, чандмань тамгатай, 50 гаран тооны адуу хулгайлсан хүмүүс цагдаад баригдсан байна цагдаа нар тэр адууных нь хохирогчийг нь хайж сураглаад явж байна гэж хэлээд Бын хэлсэн адууных нь содон шинж тэмдэг, тамга нь манай хар алаг азаргатай адуутай ижил болохоор нь Өлзийт сумаас гараад Хайрхан сумын Жарантай багт ирээд цагдаа нартай уулзаж хулгайд алдагдсан гэх хар алаг азаргатай адууг очиж үзэхэд манай хар алаг азаргатай адуу мөн байсан. Би хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүнд унуулсан хоёр морио тавихдаа хурааж бүртгэсэн тэр үед манай хар алаг азаргатай адуу 59 тоотойгоо бүрэн байсан. Манай хулгайд алдсан адуу хар алаг азаргатай, зүүн гуя дээр бага насны адуунууд нь чандмань тамгатай, бусад нь им, тамгагүй байсан. Нийт 59 том бага нийлсэн 59 тооны адуу байсан. Нас гүйцсэн хар алаг азаргаа 1.300.000 төгрөгөөр, нас гүйцсэн 8 тооны морио 12.000.000 төгрөгөөр, нас гүйцсэн 22 гүүгээ 33.000.000 төгрөгөөр, 7 тооны хязаалангаа 7.000000 төгрөгөөр, 9 шүдлэнгээ 5.400.000 төгрөгөөр, 11 тооны даагаа 6.600.000 төгрөгөөр үнэлж байна. Миний дутуу байгаа 4 адуунаас загал саарал морийг би 2015 оны үед дааган шүдлэн 2.000.000 төгрөгөөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас Гомбогийн Амарсанаа гэдэг хүнээс худалдаж авч байсан учраас одоо 3.000.000 төгрөгөөр үнэлээд нийт 59 тооны адуугаа 65.600.000 төгрөгөөр үнэлж байна. Миний алаг азаргатай 59 тооны адуунаас 55 тооны адууг нь надад хүлээлгэж өгсөн үүнээс загал саарал нас гүйцсэн морь зүүн гуяан дээр чандмань тамгатай, нас гүйцсэн улаан хээр гүү зүүн гуя дээр чандмань тамгатай, хоёр чих нь мөлгөр бор хээр гүү им, тамгагүй, халтар шүдлэн байдас зүүн гуя дээр чандмань тамгатай нийт 4 тооны адуу алга болсон байна. Би 59 тооны адуунаас 55 тооны адуугаа хүлээж авсан одоо дутуу 4 тооны адуугаа төлүүлэх болон адуу хулгайд алдсаны улмаас өөрөөсөө гарсан нийт зардлаа төлүүлж хохирлоо бүрэн барагдуулах хүсэлтэй байна. Би 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Шилүүстэй хормойгоос 8 тооны үхэр хулгайд алдаад олоогүй. Тэр үхрийг адуу хулгайлсан хүмүүс хулгайлсан байж магадгүй гэж би сэжиглэж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 19-21 дүгээр тал/
*Хохирогч Э.Жийн дахин өгсөн:
“...Намайг 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байхад надтай цагдаа нар ирж уулзаад азарга адуу алдсан хүн байна уу? гэж асуусан. Манай нутагт машинтай цагдаа нар явж байсан уулзаад ямар адуу юм бэ? гэж асуугаад азарга адуу хулгайлсан гэж 2 танихгүй залуу машиндаа авч явсан. Тэр хоёр залуугийн нэг нь хулгайлсан адууныхаа зүсний талаар ярьж нийт 50 гаран тооны адуу гэж хэлсэн. Тэгээд тэр залуу миний яриад байгаа адуу нь манай өөрийн эзэмшлийн хар алаг азаргатай адуу болж таарсан. Хаанаас хулгайлсан талаар асуухад манай адуу бэлчээрт байсан Хайрхан сумын Жарантай багийн нутаг Шилүүстэйн хормой гэх газрыг гараараа заагаад байсан. Би тэгээд өөрийн хар алаг азаргатай адууг хулгайд алдагдаж Батцэнгэл сум руу хөөгдсөн талаар мэдсэн. 3 адууг нь аймгийн төвд ачиж очоод нядалсан гэж хэлсэн. Би адуугаа 2020 оны 01 дүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд бүртгэж үзэхэд бүрэн байсан. Манай адуу эдгээр өдрүүдэд Шилүүлстэйгийн хормой хормой гэх газарт ууланд бэлчээрт байсан нь үнэн. Би хулгайд адуу алдсан талаараа мэдээгүй байж байхад цагдаа нар манай адууг олж өгсөн. Манай адууг сураад манайд арын айлын Б гэж айлынхаар орж надтай утсаар ярьсан. Б манай адуу юм шиг байна гэж цагдаа нарт хэлсэн байсан. Манай адууг 30 орчим км туусан байсан. Хөөгдсөн байдалтай их хөлөрсөн, одоо хээл нь томорсон байсан гүүнүүд нь хээлээ /дутуу унага гаргаж/ хаяаад хэцүү байна. Бага насны туранхай байсан адуунууд нь хөөгдсөнөөс болж хэвтээд өргүүлээд, тэжээлд орсон байна гэж манай адуучин Б утсаар ярьсан. Зүгээр хөлөөрөө бэлчээрлэж явсан адууг хөөж эцээгээд хаясан байна. Манай адуу нутгаасаа хол явж байгаагүй нутгийн адуунууд, би энэ нутагтаа сүүлийн 8 жил нутаглаж мал маллан амьдарч байгаа малчин хүн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 24-24 дүгээр тал/
*Хохирогч Э.Жийн дахин өгсөн:
“...Манай мал сүүлийн 4, 5 жил Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Шилүүстэнгийн хормой гэх газар байгаа. Би өөрөө мал дээрээ байдаг. 2019 оны 12 дугаар сарын 30, 31-ний үед Хайрхан сумын Шилүүстэнгийн хормой гэх газар малчиндаа морийг сольж өгөөд адуугаа бүртгээд орхисон. Тухайн үед манай 59 тооны адуу бүрэн байсан. Би адуугаа алдсанаа ч мэдээгүй байсан. Намайг адуугаа бүртгээд орхидог өдрөөс хойш 2 хоногийн дараа аймгийн Цагдаагаас яриад манай адууны талаар ярьсан. Тэгээд л мэдсэн. Манай адуунууд Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутаг Шилүүстэнгийн хормой гэх газраас холдохгүй, ийш тийшээ гүйж алга болохгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 дугаар тал/,
*Гэрч Н.Аийн өгсөн:
“...Би 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд гэртээ байхад манай найз Э.Ж ирээд манай хар алаг азаргатай адуу Хайрхан сумын Жарантай багийн Шилүүстэй хормойд байхад нь 2 хүн хулгайлж хөөгөөд Батцэнгэл сумын Улаанчулуу баг руу оруулсан байна цагдаа нар хулгай хийж адуу тууж авч явсан хүмүүсийг болон хулгайлагдсан хар алаг азаргатай адууг маань олоод Бын гэрт ирсэн байгаа гэнэ хоёулаа очиж уулзъя гэж хэлсэн. Бид нар Хайрхан сумын Жарантай багт байх Бын гэр рүү явсан. Тэнд очоод уулзахад цагдаа нар нар ирсэн байсан. Бид нартай уулзаад хар алаг азаргатай, чандмань тамгатай 50 гаран тооны адууг Хайрхан сумын Жарантай багийн Шилүүстэйн хормой гэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө хулгайлж туугаад Батцэнгэл сумын Улаанчулуу баг руу оруулаад тэндээсээ машинтай 3 адууг нь ачиж аймгийн төв оруулаад баригдсан талаар хэлсэн. Тэгээд бид нар утсан дээр дарсан адууны зураг үзүүлэхэд уг хулгайд алдагдсан 59 тооны адуу нь манай найз Э.Жийн алаг азаргатай адуу мөн байсан. Бид нар цагдаа нартай хамт яваад хулгай хийсэн гэх хоёр хүнээр анх байсан гэх Шилүүстэйн хормой болон цааш тууж явсан зам мөн Жарантай багаас Улаанчулуу баг руу тууж оруулаад хашсан малын байр болон 3 тооны адуу ачсан гэх малын байр, 59 тооны адуу хулгайлж тууж явахдаа унаж явсан морь зэргийг адуу хулгайлсан 2 хүнээр заалгасан. Дараа нь бид нар цагдаа нартай хамт манай найз Э.Жигмэдийн алдагдсан алаг азаргатай адуун дээр очиж тоолж бүртгэсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 27-29 дүгээр тал/
*Гэрч Л.Дгийн өгсөн:
“...Би 2020 оны 02 дугаар сарын 01-ний өглөө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгойд ах Төмрөөгийн гэрт байхад манай эхнэр Ц орж ирээд намайг харъя гээд бид хоёр Төмрөө ахын гэрээс гарсан. Гадаа гарахад найз Б цагаан өнгийн портер машинтай ирсэн байсан. Тэгээд бид 3 Тамир хорооллын 51-5109 тоотод байх гэр рүүгээ явсан. Гэртээ очиход манай хашаанд 2 морь уяатай байсан. Нэг залуу адуу гаргаад өвчөөд байж байсан. Би Баас юун адуу мал авч ирсэн талаар асуухад миний адуу байгаа юм зарах гээд гаргаж байгаа юм энэ адуу гаргаж байгаа хүн бой хийдэг хүн гэж хэлсэн. Удалгүй байж байтал гадаа машин зогсоод цагдаа нар хүрч ирсэн. Би тэр өглөө Төмөрөө ахынд хоносон Быг хэзээ манай гэрт ирсэнийг сайн мэдэхгүй байна, өглөө ирсэн байх гэж бодож байна. Манай хашаанд саарал, хүрэн халзан зүсмийн 2 морь уяатай байсан. Зэгэл бор адууг гаргаж нядалсан байдалтай байсан. Б ойрд манай гэрт ирээгүй Батцэнгэлд байгаад байдаг сураг гарсан. Б надад миний өөрийн адуу зарах гэж авч ирсэн гэж хэлсэн. Би им, тамгыг сайн хараагүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 30-32 дугаар тал/
*Гэрч Б.Гын өгсөн:
“...Би 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Хайрхан сумын 3-р баг, Модтолгой гэх газар танил дүү Бын гэрт байхад Ж ирээд адуугаа гэрийн гадаа авч ирээд та морины хор гаргаад хэд хоног унаад өг гээд бор морь, хүрэн халзан хоёр морь барьж өгсөн. Тэгээд 2 хоног унаад 01 дүгээр сарын 30-ны өдөр Ж адуугаа тууж ирээд би унасан хоёр морио тавиад орхисон. Тэгээд тэр өдрөөс хойш Ж ирээгүй тэдний адуу нь ч харагдаагүй. Алаг азаргатай, алаг голдуу адуу байсан. Би им тамгыг нь сайн харж чадаагүй. Э.Ж бор морь, хүрэн халзан морь барьж өгөөд би бор морийг нь унаж өгсөн. Э.Ж бор морио гэрийн гадаа авч ирэх үед л харсан, дахин таараагүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 33-35 дугаар тал/
*Гэрч Н.Эын өгсөн:
“...2020 оны 01 сарын 31-ний өдрийн 22 цагийн үед манайхан амарцгаасан. Тэгээд удаагүй байхад гэрийн ард байсан машин асаад гэрийн ард ачаатай байсан мөсийг буулгаад байх шиг байсан. Тэгээд машин цааш яваад өгөх шиг болсон. Би машинаа хүргэний гэрийн хажууд тавих гэж байгаа юм байна гэж бодоод унтсан. Тэгээд өглөө сэрэхэд Б машинтай явсан байсан, би хаашаа явсаныг мэдэхгүй. Б манайд 2019 оны зун байж байгаад намар 10 сарын сүүлээр яваад буцаад 2020 оны 01 сарын 15-нд ирсэн. Тэгээд 2020 оны 01 дүгээр 31-ний шөнө манай хүргэн Мийн машиныг унаад явсан байсан. 2020 оны 01 сарын 31-ний өдөр 17 цагийн үед Мийн хамт явж мөс ачиж ирээд орой манай гэрт өглөө мөсөө буулгая гэж ярьж байгаад гэнэт мөсөө буулгачихаад яваад өгсөн байсан. Хаашаа явах талаараа яриагүй. 01 сарын 31-ний өдөр П.О манайд ирээгүй. Манай хүргэн М Батцэнгэл сумаас хүнээс авсан машин гэсэн би сайн мэдэхгүй байна. Б заримдаа архи уучих гээд байдаг болохоос хүнд тусархаг ажилсаг хүн...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 40-41 дүгээр тал/
*Яллагдагч Б.Бын өгсөн:
“...2020 оны 01 дүгээр сарын 31-ний орой Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг дэвсгэрт байх ах Бат-Эрдэнийд байхад 21 цагийн орчим П.О морьтой ганцаараа ирсэн. Тэгээд намайг Архангай аймгийн төв оруулаад өгөөч 2, 3 адуу ачиж явах гэж байгаа юм гэсэн. Тэгээд би Портер маркийн 47-43 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр бор зүсмийн, халиун зүсмийн, зээрд зүсмийн нийт 3 тооны адуу ачсан. Тухайн адууг ачаад П.Оийн хамт Архангай аймгийн төв орж ирсэн. Аймгийн төв орж найз Л.Дгийн хашаанд буулгачихаад байж байхад цагдаа нар ирсэн. Би хулгайн гэмт хэрэг хийгээгүй болохоор мэдэхгүй. Харин П.Од туслах мөн гуйхаар нь аймгийн төв рүү явж өгсөн. Ачиж явсан 3 тооны адууг хулгайн адуу гэдгийг мэдээгүй. 21 цагийн үед П.О манайд ирсэн. Бат-Эрдэнэ ахынхаа ертөнцийн зүгээр хойд талд байдаг өвөлжөөн дотор 2 тооны адуу уясан байсан. Харин 1 тооны адууг П.О уначихсан. Тэгээд 2 тооны адуу байсан өвөлжөөний тэнд 3 тооны адуугаа ачсан. П.Оийг гуйхаар нь тухайн 3 тооны адууг ачиж аймгийн төв орж ирсэн нь үнэн. Түүнээс надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Мөнгөний хэрэг гараад өөрийнхөө адуунаас ачиж байгаа гэсэн. П.О бид хоёр хоёулаа ачсан, өөр хүмүүс байгаагүй. Өөрийн гэсэн өмчийн адуу хонь, ямаа, гэх мэтийн олон малтай...” гэх мэдүүлэг/хх-ийн 84-90 дүгээр тал/
*Гэрч Э.Нгийн өгсөн:
“...Э.Ж нь 2020 оны 01 дүгээр сарын эхээр 59 тооны адуу хулгайд алдсан тухайн хэрэгт П.О, Б.Б нарыг холбогдуулан шалгаж байсан. Өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Тухайн үед хэрэг шалгаж явж байхад Жарантай багийн нутаг Шилүүстэй Хормой гэх газраас Батцэнгэл сумын Улаан чулуу баг Модон Овоо гэх газар хүртэл машин замаар явдаг бөгөөд товчлоод явах боломжгүй, Уул, мод, хад, асга, ихтэй газар байсан бөгөөд тойроод явахад 25-30 километр зайтай байсан. Товчлоод машин мотоциклтой явах боломжгүй. Мод, уул жалга гуу, хад, асга ихтэй газар болохоор машин мотоцикл явах боломжгүй байсан. Тийм учир машин замаар тойрч тухайн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Морьтой хүн бол явах боломжтой...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 204-205 дугаар тал/
*Гэрч С.Нн өгсөн:
“...Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багт Модон овоо гэх газраас Хайрхан сумын Жарантай багийн Шилүүстэйн хормой гэх газар хүртэл зайтай. Шилүүстэйн хормой гэх газраас Модон овоо хүртэл газар нь бартаа саад ихтэй ер нь машин мотоциклиор мал тууж явах боломжгүй газар байгаа. Харин морьтой хүн бол адуу туугаад явчих боломжтой байх гэж бодож байна. Шилүүстэйн хормойгоос Жарантайн даваа гэх газраар давж явж болох боловч зам харгуй их муутай хэр барагтай бол тэр замаар явахгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 206-207 дугаар тал/
*Гэрч М.Бийн өгсөн:
“...Э.Ж ахын адууг би малладаг. 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр яг хэдэнд адуугаа алдсаныг би санахгүй байна. Алдаад олж авсан бөгөөд хулгайд алдахаас өмнө адуу нь зүгээр байсан бөгөөд олж авах үед хол газар хөөгдсөн бололтой бага насны адуунууд нь ядарсан шинжтэй хөлс гарч цана хүүрэг цохьсон байсан. Тэгээд 2020 оны 03 сарын сүүлч 04 дүгээр сарын эхнээс эхлээд Э.Ж ахын бага насны адуунууд турж эцээд өргүүлд ороод тэжээл өгөх болсон ер нь бол адуу хулгайлсан хүмүүс адууг нь хол газар тууж явснаас болж бага насны адуунууд их турж тарга тэвээрэг их муудсан гэж үзэж байгаа. Тэрнээс биш бага насны адуу ер нь өргүүлд орж тэжээл идэж онд орох тохиолдол цөөн байдаг бөгөөд ядаж тэжээл идээд онд орчихдог гэтэл Э.Ж ахын бага насны адуунууд нь хавар үхчихсэн. Анх Э.Ж ахын адууг олсон цагдаа нар хэлэхдээ Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Зүүн давааны ар гэх газарт адууг байна гэж хэлсэн боловч Ж ах бид хоёр тэр газраар нь хайгаад олоогүй юм тэгээд орой болж буцаад явж байхад Архангай аймгийн Өлзийт, Хайрхан сумдын зааг нутаг болох Ар булгийн даваа гэх газар байхад нь олж авсан. Би Э.Ж ахын адууг гурван жил маллаж байна ер нь тэр газар руу бэлчээрлээд байдаггүй Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Таван толгой, Хайрханы булаг, Архангай аймгийн Хайрхан сумын Шилүүстэй хормой зэрэг газруудаар бэлчээрлэдэг. Архангай аймгийн Хайрхан сумын шилүүстэйн хормой гэх газар хулгайд алдахаас нь өмнө тогтоогоод орхисон байсан юм адуу нь өөр газар руу бэлчээрлэнэ гэвэл мод толгой орж ус уух байх гэж бодож байна өөр тийшээ бэлчээрлээд байхгүй гэж бодож байгаа. Би Э.Ж ахын адууг 2017 оноос хойш маллаж байгаа юм. Одоо адууг нь маллаж байгаа...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 185-186 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваагийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 347 дугаартай: “...Азарга, морь, гүү, үрээ, байдас, шүдлэн үрээ, шүдлэн байдас, эр даага, охин даага нийт 59 тооны адууны үнэлгээг 2020 оны 01 дүгээр сарын байдлаар 48.200.000/дөчин найман сая хоёр зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 48 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай: “...47-43 УНЛ улсын дугаартай, Хюндей портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 2020 оны 01 дүгээр сарын байдлаар 2.100.000/хоёр сая нэг зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 11 дүгээр тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 76 дугаартай: “...Соёолон насны адууны үнэлгээг 2020 оны 01 дүгээр сарын байдлаар 750.000/долоон зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 178 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваагийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 437 дугаартай: “...Хурдан удмын 1 тооны морины үнэлгээг 2020 оны 04 дүгээр сарын байдлаар 2.000.000/хоёр сая/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 210 дугаар тал/
*Яллагдагч П.Оийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /2-р хх-ийн 3-9 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 118 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч П.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай баг, Шилүүстэйн хормой гэх газраас иргэн Э.Жийн 59 тооны адуу хулгайд алдагдаж, түүнд 48.200.000 төгрөгийн төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч П.О нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Жийн“...Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өлзийт сумын төв дээр гэртээ байхад манай найз Б утсаар залгаад алаг азаргатай, чандмань тамгатай адуу хаанахын адуу билээ гэж надаас асуусан. Би юу болсон талаар асуугаад содон зүстэй ямар адуу байгаа талаар асуухад Б алаг азаргатай, чандмань тамгатай, 50 гаран тооны адуу хулгайлсан хүмүүс цагдаад баригдсан байна цагдаа нар тэр адууных нь хохирогчийг нь хайж сураглаад явж байна гэж хэлээд Бын хэлсэн адууных нь содон шинж тэмдэг, тамга нь манай хар алаг азаргатай адуутай ижил болохоор нь Өлзийт сумаас гараад Хайрхан сумын Жарантай багт ирээд цагдаа нартай уулзаж хулгайд алдагдсан гэх хар алаг азаргатай адууг очиж үзэхэд манай хар алаг азаргатай адуу мөн байсан. Би хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүнд унуулсан хоёр морио тавихдаа хурааж бүртгэсэн тэр үед манай хар алаг азаргатай адуу 59 тоотойгоо бүрэн байсан. Зүгээр хөлөөрөө бэлчээрлэж явсан адууг хөөж эцээгээд хаясан байна. Манай адуу нутгаасаа хол явж байгаагүй нутгийн адуунууд, би энэ нутагтаа сүүлийн 8 жил нутаглаж мал маллан амьдарч байгаа малчин хүн Манай адуунууд Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутаг Шилүүстэнгийн хормой гэх газраас холдохгүй, ийш тийшээ гүйж алга болохгүй..” гэх мэдүүлэг, гэрч Н.Аийн “...Би 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд гэртээ байхад манай найз Э.Ж ирээд манай хар алаг азаргатай адуу Хайрхан сумын Жарантай багийн Шилүүстэй хормойд байхад нь 2 хүн хулгайлж хөөгөөд Батцэнгэл сумын Улаанчулуу баг руу оруулсан байна цагдаа нар хулгай хийж адуу тууж авч явсан хүмүүсийг болон хулгайлагдсан хар алаг азаргатай адууг маань олоод Бын гэрт ирсэн байгаа гэнэ хоёулаа очиж уулзъя гэж хэлсэн. Бид нар Хайрхан сумын Жарантай багт байх Бын гэр рүү явсан. Тэнд очоод уулзахад цагдаа нар нар ирсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Бийн “...Архангай аймгийн Хайрхан сумын шилүүстэйн хормой гэх газар хулгайд алдахаас нь өмнө тогтоогоод орхисон байсан адуу нь өөр газар руу бэлчээрлэнэ гэвэл мод толгой орж ус уух байх гэж бодож байна өөр тийшээ бэлчээрлээд байхгүй гэж бодож байгаа. Би Э.Ж ахын адууг 2017 оноос хойш маллаж байгаа юм. Э.Ж ахын бага насны адуунууд турж эцээд өргүүлд ороод тэжээл өгөх болсон ер нь бол адуу хулгайлсан хүмүүс адууг нь хол газар тууж явснаас болж бага насны адуунууд их турж тарга тэвээрэг их муудсан гэж үзэж байгаа...” гэх мэдүүлэг гэрч Л.Дгийн”...Гадаа гарахад найз Б цагаан өнгийн портер машинтай ирсэн байсан. Тэгээд бид 3 Тамир хорооллын 51-5109 тоотод байх гэр рүүгээ явсан. Гэртээ очиход манай хашаанд 2 морь уяатай байсан. Нэг залуу адуу гаргаад өвчөөд байж байсан. Би Баас юун адуу мал авч ирсэн талаар асуухад миний адуу байгаа юм зарах гээд гаргаж байгаа юм энэ адуу гаргаж байгаа хүн бой хийдэг хүн гэж хэлсэн. Удалгүй байж байтал гадаа машин зогсоод цагдаа нар хүрч ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Эын”...2020 оны 01 сарын 31-ний өдрийн 22 цагийн үед манайхан амарцгаасан. Тэгээд удаагүй байхад гэрийн ард байсан машин асаад гэрийн ард ачаатай байсан мөсийг буулгаад байх шиг байсан. Тэгээд машин цааш яваад өгөх шиг болсон. Би машинаа хүргэний гэрийн хажууд тавих гэж байгаа юм байна гэж бодоод унтсан. Тэгээд өглөө сэрэхэд Б машинтай явсан байсан, би хаашаа явсаныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг, яллагдагчийн буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваагийн 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 347 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Оийн бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв..
Иймд шүүхээс шүүгдэгч П.Оийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд заасан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 48.200,000 төгрөгийн хохирол учирсанаас 55 тооны адууг буцаан өгч, үлдсэн 4 тооны адууны хохирол болох 3.900.000 төгрөгийг шүүгдэгч П.О төлж барагдуулсан, хохирогч Э.Ж нь гомдол саналгүй нэхэмжлэх гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч П.Оийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шүүгдэгч П.Оийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 750.000/долоон зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий нас нийлсэн халтар морийг хурааж улсын орлого болгож, 47-43 УНЛ улсын дугаартай Хьюндай портер маркийн автомашиныг эзэмшигч П.Мд буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч Г.Энхбаяр нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдаж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, мөн Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухай гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан тул прокуророос шүүгдэгч П.Од Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг зөвтгөж Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж 7 дугаар зүйлийн 7.2 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт ...” заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...гэж, тус тус заасан байна. Шүүгдэгч П.О нь 2020 оны 01 сарын 30-наас 31-нд шилжих шөнө бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байна. Иймд 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Оийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 64/жаран дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Пийн Оийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч П.Од хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12, 20 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч П.Оийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 750.000/долоон зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий нас нийлсэн халтар зүсмийн морийг хураан улсын орлого болгож, 47-43 УНЛ улсын дугаартай Хьюндай портер маркийн автомашиныг эзэмшигч П.Мд буцаан олгосугай.
10. Шүүгдэгч П.О нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР