Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 106

 

                                      

 

 

 

 

 

  2018         01          30                                                 138/ШШ2018/00106

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Э.З нэхэмжлэлтэй “Иргэний үнэмлэхийг буруу олгогдсон болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг 2017 оны 12 сарын 25-ны өдөр  хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.П, иргэний бүртгэлийн төлөөлөгч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэхэмжлэгч Э.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3-р багийн иргэн Энхбатын Э.З би 1990 оны 4 сарын 9-нд Чойбалсан хотын 1-р төрөх тасагт төрж Баянтүмэн сумын төрсний бүртгэлд 1990 оны 5 сарын 18-нд бүртгүүлсэн байна. Аав Энхбат, ээж Наранцэцэг нар нь 2000 онд салаад би аав Энхбатын хамт, ээж дүү нарыг авч явсан. Намайг гэрт болон гэрийнхэн Зоригоо л гэж дууддаг. Би Хан-Уул сургуульд сурч байгаад 2002 оны зун ээж дээрээ шилжиж очсон боловч буцаж ирээд сургуульд ороогүй, аавтайгаа мал маллаж байсан. Намайг иргэний үнэмлэх авах үед аав нас барсан байсан надад хэн иргэний үнэмлэх авч өгснийг мэдэхгүй байна. Гэтэл 1993 оны 11 сарын 20-нд төрөөд 1994 оны 4 сарын 01-ныөдөр нас барсан миний дүү болох Энхбатын Э.Гийн төрсний гэрчилгээгээр надад иргэний үнэмлэх олгогдсон байна. Би ээж Наранцэцэгтй хаа нэг утсаар ярьдаг, эхнэр хүүхэдтэй болоод очихдоо Зоригоо гэж дууддаг байсан болохоор ээж ч миний энэ байдлыг мэдээгүй өнгөрсөн байна. Би 2017 оны 12 сарын 07-ны өдөр бусдад зодуулж хагалгаанд орж эхнэр маань ээжид дуулган ээж ирээд миний нэр өөрчлөгдсөн болохыг мэдсэн. Би босож чадахгүй байсан тул ээж маань бүх газраар орж хөөцөлдсөн боловч Иргэний бүртгэлийн газар шүүхээр шийдвэрлүүлж ир гээд хүлээж авахгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасны дагуу 1990 оны 5 сарын 18-ны өдөр Баянтүмэн сумын Иргэний бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгэгдсэн Энхбатын Э.З миний иргэний үнэмлэх Энхбатын Э.Г гэх 1993 оны 11 сарын 20-нд төрж 1994 оны 4 сарын 1-нд нас барсан хүний нэрээр буруу олгогдсон болохыг тогтоож өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энхбатын Э.З нь миний дүүгийн хүүхэд юм. Бага байхад нь эцэг, эх нь салаад Э.З нь аавтайгаа үлдээд аав нь нас барахад манай эгчийнд ирсэн. Э.Зыг Э.Г гэж дүүгийнх нь нэр дээр иргэний үнэмлэх авсныг сая хагалгаанд орох үеэр ээж нь ирээд мэдсэн. Гэрийнх нь хүмүүс Зоригоо л гэж дууддаг. Энэ хүний иргэний үнэмлэхийг зөвөөр өөрчилж авах хүсэлтэй байна. Дүү Э.Г нь багадаа нас барсан гэсэн. Иймд дүү Э.Гоор олгосон иргэний үнэмлэхийг зөвтгөж өгнө үү гэв.

        Иргэний бүртгэлийн төлөөлөгч Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энхбатын Э.Зын иргэний үнэмлэхийг Энхбатын Э.Г гэж олгогдсон гэдэг. Яагаад ингэж олгогдсон нь тодорхойгүй байна. Э.Г нь нас барсны бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Иймээс Э.Зт иргэний үнэмлэх олгохдоо дахин материал бүрдүүлж гарын хээ оруулж байж иргэний үнэмлэх олгох болно. Энэ талаар шүүхийн шийдвэрт тусгасны дагуу шийдвэрлэнэ гэв.

         Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

          Нэхэмжлэгч Э.З нь  иргэний үнэмлэх олгохдоо 1993 оны 11 сарын 20-ны өдөр төрж 1994 оны 4 сарын 1-нд нас барсан Э.Гийн нэрээр буруу олгогдсон болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хандан гаргажээ.

          Нэхэмжлэгч Э.З нь 1990 оны 04 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотын 1-р төрөх тасагт төрж Баянтүмэн сумын төрсний бүртгэлд 1990 оны 5 сарын 18-ны өдөр бүртгүүлсэн байна.

            Нэхэмжлэгч Энхбатын Э.Зт 2013 оны 11 сарын 28-ны өдөр иргэний үнэмлэх олгохдоо ЖБ93112014 регистрийн дугаартай 1993 оны 11 сарын 20-ны өдөр төрсөн, Энхбатын Э.Г гэж олгожээ.

        Гэтэл Энхбатын Э.Г нь ЖБ93112014 регистрийн дугаартай, 1994 оны 4 сарын 01-ний өдөр гэртээ “механик аспирац оношоор нас барсан” гэж Иргэний бүртгэлийн нас барсны бүртгэлийн 10 дугаарт бүртгэгдсэн байгаа нь Баян-түмэн сумын Иргэний бүртгэлийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр батлагдаж байна.

        Нэхэмжлэгч Э.З нь “өөрт олгогдсон иргэний үнэмлэхийг өөрийн дүү Э.Э.Гийн нэрээр олгосон болохыг өөрийн эх Наранцэцэгийн хэлснээр мэдсэн байна. Энэ үеэс эхлэн Иргэний бүртгэлийн хэлтэст хандсан боловч шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн тайлбар өгсөн” байна.   

      Иргэний бүртгэлийн хэлтсийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Э.Зын иргэний үнэмлэхийг дахин олгоход шүүхийн шийдвэр гарч улсын байцаагч дүгнэлт гаргаж байж үнэмлэх олгох ажиллагаа явуулна” гэж  тус тус тайлбарлаж байна.         

        Дээрх тайлбараас үзвэл нэхэмжлэгч Э.Зт иргэний үнэмлэх олгохдоо ЖБ93112014 регистрийн дугаартай, Энхбатын Э.Гийн нэрээр олгогдсон бөгөөд Э.Э.Г нь 1994 оны 4 сарын 01-ний өдөр нас барсан байтал түүний нэрээр иргэний үнэмлэх олгосон нь хуульд заасан журмын дагуу олгогдоогүй байна.

            Иймээс Э.Э.Гийн нэрээр олгогдсон иргэний үнэмлэхийг хүчингүйд тооцож 1990 оны 04 сарын 09-нмй өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрж ЖБ90040970 регистрийн дугаартай, Энхбатын Э.Зт иргэний үнэмлэх олгохдоо хуульд заасан шаардлагыг хангаж олгох нь зүйтэй байна.

        Иймд нэхэмжлэгч Э.Зын иргэний бүртгэлд залруулга хийж иргэний үнэмлэх олгох ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгахаар шийдвэрлэлээ.

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Энхбатын Э.Зт 2013 оны 11 сарын 28-ны өдөр олгосон иргэний үнэмлэхийг ЖБ93112014 регистрийн дугаартай, Иөншөөбү овогтой Энхбатын Э.Г гэж иргэний гэр бүлийн байдалд буруу  бичигдсэн болохыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар  нэхэмжлэгч Иөншөөбү овогт Энхбатын Э.Зт иргэний бүртгэлд залруулга хийж ЖБ90040970 регистрийн дугаартай, 1990 оны 5 сарын 18-ны өдөр төрсөн, гэж иргэний үнэмлэх олгох ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймгийн Улсын  бүртгэлийн хэлтэст даалгасугай.

           3. Монгол Улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

        5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                  

                          

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Т.БАЙГАЛМАА