Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/148

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван, улсын яллагч Т.Нансалмаа, шүүгдэгч Т.С нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Тийн Сд холбогдох эрүүгийн 2031001970130 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт Тийн С, Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Жавхлант” суманд төрсөн, 29 настай,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Б” ХХК-д аж ахуйн туслах ажилтан ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, 7 настай эрэгтэй, 9 настай эмэгтэй, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, “Ерөө”  сумын Буурагчин * дугаар баг, * дүгээр гудамж, **тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:/********** /

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдснаар/

Шүүгдэгч Т.С нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн орчимд согтуугаар Сэлэнгэ аймгийн “Ерөө” сумын нутаг дэвсгэр “Ерөө гол”-ын эрэг дээр хамтран амьдрагч Х.Нтэй үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар гараагаа цохин, хөлөн тус газар нь өшиглөж, хамар ясны хугарал, баруун, зүүн доод зовхи, баруун бугалга, зүүн шилбэнд улаан хүрэн өнгийн цус хуралт, зулгаралттай зөөлөн эдийн няцрал бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.                                                

Шүүгдэгч Т.С нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн орчимд согтуугаар Сэлэнгэ аймгийн “Ерөө” сумын нутаг дэвсгэр “Ерөө” голын эрэг дээр хамтран амьдрагч Х.Нтэй үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар гараагаа цохин, хөлөн тус газар нь өшиглөж, хамар ясны хугарал, баруун, зүүн доод зовхи, баруун бугалга, зүүн шилбэнд улаан хүрэн өнгийн цус хуралт, зулгаралттай зөөлөн эдийн няцрал бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Т.С гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Сгийн өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр эхнэр болон түүний найзуудын хамт голын эрэг дээр пиво ууж сууж байгаад согтчихсон байсан. Тэгээд маргааш нь гэртээ сэрэх үед эхнэрийнхээ биед халдаж зодсон байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],

2. Хохирогч Х.Н 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Голын эрэг дээр найзуудтайгаа суунгаа 2,5 литрийн хэмжээтэй “Нийслэл” нэртэй 2 сав пиво-г дөрвүүлээ хувааж уусан. Гол руу явахаас өмнө манай нөхөр Ц.С нь архи уусан байдалтай ирээд хамт явсан юм. Тэгээд гэр рүүгээ явах гэсэн боловч С уурлаж, “болоогүй байна, дахиад сууя” гэж хэлээд бид хоёрын хооронд хэрүүл маргаан болсон юм. Гэтэл С миний баруун талын нүд хэсэг рүү 1 удаа гараараа цохисон. Бас зүүн хөлийн шилбэ хэсэг рүү 1 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Т.У 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өөрийн найз Х.Н, түүний нөхөр Т.С, найз Б.М нарын хамт “Ерөө” голын эрэг рүү салхинд гарсан юм. Тухайн газартаа 2 литрийн “Нийслэл” нэртэй пиво дөрвүүлээ хувааж уусан юм. Тэгээд 22 цагийн үед Б.М бид 2 түрүүлээд явсан юм. Нямхүү нөхөртэйгээ суугаад үлдсэн. Маргааш нь Х.Н цохисон талаар Х.Н дуулсан юм” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Б.М 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өөрийн найз Х.Н, түүний нөхөр Т.С, найз Т.У нарын хамт “Ерөө” голын эрэг рүү салхинд гарсан юм. Тухайн газартаа 2 литрийн “Нийслэл” нэртэй пиво дөрвүүлээ хувааж уусан юм. Тэгээд 22 цагийн үед Т.Уранжавхаа бид 2 түрүүлээд явсан юм. Х.Н нөхөртэйгээ суугаад үлдсэн. Маргааш нь Х.Н цохисон талаар Х.Н-ээс дуулсан юм” гэх мэдүүлэг[4],

5. Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээчийн 198 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Х.Н-гийн биед хамар ясны хугарал, баруун, зүүн доод зовхи, баруун бугалга, зүүн шилбэнд улаан хүрэн өнгийн цус хуралт, зулгаралттай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[5],

6. Яллагдагч Т.Сгийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр миний бие өглөө гэрээсээ гарч найз А-тай уулзаж гэрт нь 0,75 мл-ийн хэмжээтэй “Соёрхол” нэртэй архийг тухайн айлд байсан 4-5 хүнтэй хувааж уугаад гэртээ ирэхэд миний эхнэр Х.Н нь 2 найзтайгаа гол гарах гэж байсан юм. Тэгэхээр нь миний бие эхнэртэйгээ цуг гол руу явж голын эрэг дээр 2 ширхэг 2,5 литрийн хэмжээтэй “Нийслэл” нэртэй пиво уусан юм. Тэгээд уугаад сууж байхдаа эхнэртэйгээ муудалцсанаа санаж байна. Тэгээд яг юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Өглөө нь эхнэрийнхээ нүүрийг харсан чинь зүүн талын нүд нь улайж хавдсан байсан” гэх мэдүүлэг[6],

7. Хохирогч Х.Нгийн Сэлэнгэ аймгийн “Ерөө” сумын цагдаагийн хэсэгт гаргасан өргөдөл[7], Шүүгдэгч Т.Сгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[8], Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[10], Хялбаршуулсан журмаар ял оногдуулах тухай 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн прокурорын санал[11] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны дагуу цуглуулсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Сгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Х.Н хавтаст хэргийн материалтай танилцахдаа хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Т.Сд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сд торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч Т.С нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Тийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сумчин хошуут овогт Тийн Сд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сгийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Т.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Шүүгдэгч Т.С нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

                       

 

                                                               

 

 

 

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 10 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 12 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 13 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 50 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 6 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 22 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 23 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 54, 55 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 57 дүгээр тал