| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0175/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/148 |
| Огноо | 2021-07-27 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/148
2021/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.ГанД даргалж
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: В.Удвал
Шүүгдэгч: Э.Б, Б.Н, Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эын Б, Х овогт Бгийн Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бгийн Д нарт холбогдох эрүүгийн 2012000000116 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ........... гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Эын Б/РД:АБ............./
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувийн малаа малладаг малчин, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Бгийн Н/РД:АБ............/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ................ газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Бгийн Д/РД:АЯ............./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Б, Б.Н нар нь 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын Тамир баг, Байц гэх хохирогч Ч.Бийн 1 тооны сарлагийн эр үхрийг бүлэглэн хулгайлж, хохирогч Ч.Бт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Э.Б, Б.Н нарын бүлэглэж хулгайлсан 1 тооны үхрийн махыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж, иргэн Ш.Цад 500.000 төгрөгөөр худалдаж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012000000116 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ч.Бийн өгсөн:
“...Би Архангай аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг Байц гэх газар байх гэрийнхээ гадна 2019 оны 11 дүгээр сарын 15-ны орой 19 цагийн үед үхрээ хураасан. Тэр өдөр манайх идэш идсэн байсан учраас би шөнийн 01 цагийн үед унтаж амарсан. Намайг унтахаас өмнө гадаа тугал мөөрөөд байхаар нь би гараад харахад манай хажуу айл Э.Бын хашаанд тугал мөөрөөд байсан. Тухайн өдөр Э.Бынх үхрээ хураагаагүй байсан би манай тугал тэдний хашаа руу нь орсон байхаар нь гайхаад нэг их юм бодолгүй унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 11 дүгээр сарын 16-ны өглөө манай нөхөр Н.Г адуу үргэж гадаа орж ирэхээр нь гараад 04 цаг өнгөрч байхад гараад харахад манай хажуу айлын Э.Бын машин нь байхгүй гэр нь цоожтой мөн хажууд нь айл өвөлжиж байсан Б.Нын гэр нь цоожтой эзгүй байна гэж надад хэлсэн. Өглөө 07 цагийн үед Э.Б, Б.Н хоёр машинтайгаа гэртээ ирээд байж байгаад 08 цагийн үед мотоциклио унаад доошоо уруудаад яваад өгсөн. Манай нөхөр босоод 08 цагийн үед гарч үхрээ хурааж бүртгээд сартай халтар сарлагийн эр үхэр байхгүй байна гэж хэлсэн. Манай нөхөр гэрийн ойр орчмын өвөлжөө байруудаар хайгаад олоогүй ирсэн. Би 09 цагийн үед Э.Бын гэрийн гадуур явж үзэхэд малын байрных нь ард талд шинэ гаргасан үхрийн сэвс байсан мөн хашааг тойроод явахад цустай, малын баастай цагаан өнгийн том шуудай байсан. Машин дээр нь очиж үзэхэд ачаа нь цус болсон, дээр нь үхэр барьж авсан бололтой цус, үхрийн үс болсон сур байсан. Тэгээд бид хоёр 13 цагийн үед дээд айлын У гэдэг залуугийн хүүхэд У.Уыг дуудаж гар утсан дээр нь Э.Бын машин болон үхрийн шинэ сэвсний зургийг авахуулсан. Тэгээд сумынхаа цагдаад мэдэгдсэн. Сартай халтар, хойд талын зүүн хөл нь шагайны хэсгээрээ бүдэгхэн цагаан, нас гүйцсэн сарлагийн эр үхэр байсан. Манай нөхөр Н.Г 2019 оны 11 дүгээр сарын 15-ны орой үхрээ хураахдаа бүртгэхэд манай үхэр бүрэн байсан. Би хулгайд алдсан 1 тооны нас гүйцсэн сарлагийн эр үхрээ 1.300.000 төгрөгөөр үнэлж байна. Би хажуу айлын Э.Б, Б.Н нарыг сэжиглэж байна. Учир нь манай үхэр алга болдог шөнө тэр 2 архи уугаад байсан. Өглөө эрт босоход машин тэрэг нь байгаагүй бөгөөд өглөө 07 цагийн үед машинтайгаа гэртээ ирсэн. Машин дээр нь цус, үхрийн үс болсон сур байсан мөн хашааных нь ар талд шинэ гаргасан үхрийн сэвс байсан учраас сэжиглэж байгаа. Манайх үхрээ алдсанаас хойш 5-6 хоногийн дараа дахин 1 тооны цагаан зүсмийн сувай үнээгээ хулгайд алдсан. Мөн намайг эзгүй байхад Э.Бын төрсөн ах Батмөнх гэх хүн 2019 оны 12 дугаар сарын дундуур манай гэрт халамцуу ирээд манай нөхөр Н.Гид агсам тавиад чи яасан их хулгайд алдах малтай юм манай дүү тэр үхрийг чинь аваагүй, чамд мал байдаг бол би бүгдийг нь зайлуулна, үгүй хийнэ гэх зэргээр хэл амаар доромжилж 2-3 удаа хоолойг нь боож унагааж айлгаж сүрдүүлээд явсан байсан. Мөн 2020 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 2 тооны морио хулгайд алдсан. Би ингэж элэг бариулж, дарамтлуулж, малаа алдаж байгаа явдалд маш их гомдолтой байна, намайг сүрдүүлсэн хүмүүс л авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-36 дугаар тал/,
* Гэрч Г.Аийн өгсөн:
“...Би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байхад 11 цагийн үед манай ээж Ч.Б утсаар залгаад урьд шөнө 1 эр үхрээ хулгайд алдчихлаа аймагт цагдаад мэдэгдээдэх гэж хэлсэн. Би цагдаа дээр очиход Булган сумын 2 дугаар багийн засаг дарга Т.Дтой хамт Халзангийн хяналтын камерыг шүүх гэтэл хүн нь байгаагүй. Хэд хоногийн дараа би О.Бь гэдэг цагдаагаар Халзангийн хяналтын камерын бичлэгийг шүүлгэхэд 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөөний 04 цагийн үед 04-93 АРА улсын дугаартай, цагаан өнгийн Портер маркийн машин Халзангийн даваагаар аймгийн төв рүү орж ирээд өглөөний 06 цаг 25 минутад аймгийн төвөөс гарч явсан бичлэг байна гэж хэлээд над руу чатаар явуулсан тэр бичлэг нь одоо надад байхгүй устгагдсан байгаа. 04-93 АРА улсын дугаартай автомашиныг мэднэ, манай хажуу айлын Э.Б гэдэг хүний машин манайхтай айл байдаг учраас би машиныг нь сайн мэднэ...’’гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр тал/,
*Насанд хүрээгүй гэрч У.Уын өгсөн:
“...Би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө цагийг нь сайн санахгүй байна, аав, ээж, дүү нарын хамт манай доор байдаг Н.Г ахын гэрт идэш хийхээр очсон. Тэнд очоод би Н.Г ахтай аргамжаатай морийг нь авч ирэхээр хойд энгэр дээр нь явсан тэр үед манай аав Ууганбаатар хойд энгэрт нь хонио дараад явж байсан. Бид хоёрыг аргамжаатай морин дээр байхад Н.Г ахын эхнэр Булгаа эгч Э.Бын гэрээс цустай гэмээр шуудайнууд бариад гэр рүүгээ ирж байсан. Г ах бид хоёрыг морио бариад гэрт ирэхэд Булгаа эгч сая Ууганбаатар над дээр ирээд Э.Бын гадаа шинээрээ үхрийн сэвс байна гэж хэллээ гэж байсан. Н.Г ах намайг чи гар утсаараа зураг дараад өгөөч гэж хэлээд манай гэрт надтай хамт очиж манай гар утсыг аваад Н.Г ахын гэрт очиж цэнэглэж асаасан. Утсаа цэнэглэж асаагаад Н.Г ахын хамт Э.Б ахын гэр рүү очоод малын байрных нь ард очсон. Тэнд очиход малын байрных нь чанх ард шинээрээ малын сэвс дээрээс нь тэр өдөр цас орж байсан болохоор бага зэрэг цас дарсан байдалтай байсан. Би тэр сэвсийг өөрийнхөө Ай фоне 5 маркийн гар утсаар зургийг нь дарсан. Дараа нь бид хоёр Э.Б ахын машин дээр нь очиход машиных нь тэвш дээр байсан цустай сур, суранд нь малын бараан өнгийн үс байсан. Би мөн гар утсаараа машин болон тэвш, сурных нь зургийг дарсан мөн гар утсаараа машин болон тэвш сурных нь зургийг дарсан. Н.Г ах суран дээр байсан бараан өнгийн малын үсийг манай үхрийн үс мөн гэж хэлээд аваад бид хоёр Н.Г ахын гэр рүү явсан. Дараа нь өдөр цагийг нь сайн санахгүй байна, манай сумын хэсгийн төлөөлөгч Н.Г ахынд ирээд миний гар утсан дээр дарсан зургийг өөрийнхөө гар утсаар дарж аваад явсан. Одоо миний гар утсан дээр байхгүй, би маргааш өдөр нь утсан дээрээсээ устгасан. Манай хэсгийн төлөөлөгч Б миний утсан дээрээс утсаараа дарж авсан. Малын байрны ар талд нь малын шинэ сэвс байсан, өөр ямар нэгэн зүйл байгаагүй. Мөн машин дээр нь цус, малын үс болсон сур байсан...’’гэх мэдүүлэг/хх-ийн 45-47 дугаар тал/,
*Гэрч Ш.Цын өгсөн:
“...Намайг 2019 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдөр байсан байх сайн санахгүй байна Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нийтийн худалдааны төв дээр байхад 16 цагийн үед Э.Бын эхнэр нь утсаар залгаад манайх банкны мөнгө өгөх гээд үхэр авч ирсэн юм би өөрөө 2 хүүхэдтэй байгаа болохоор гарч чадахгүй байна та ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би удалгүй утсаар нь ярьж гэрийнх нь хаягийг аваад гэрт нь өөрийнхөө 27-45 АРА улсын дугаартай УАЗ-69 маркийн машинтай Эрдэнэбулган сумын Халзангийн давааны ойролцоо гэрт нь очсон. Гэрт нь очоод хашаанд нь машинаа оруулаад гэрийнх урд талд байдаг амбаараас сарлагийн мах, арьс, толгойг нь аваад тэндээ махыг нь хиллээд тооцоог нь тэндээ хийж мөнгийг нь өгсөн. Миний худалдаж авсан мах нийт 104 килограмм татаад таван зуу гаран мянган төгрөг болоод мөнгийг нь Э.Бын эхнэрт бэлнээр нь өгсөн. Би махаа машиндаа ачиж гэртээ аваачаад эвдэж янзалж амбаартаа дэлгэсэн. Би Э.Боос өмнө нь мах авч байгаагүй. Хар зүсмийн жижгэвтэр сарлагийн арьс, мах авсан. Имийг нь би сайн харж чадаагүй. Хар зүсмийн, жижгэвтэр сарлагийн арьс л байсан. Би тухайн махыг идшиндээ хэрэглэх гэж худалдаж авсан. Тухайн мах нь гарал үүслийн бичиггүй байсан. Э.Бын эхнэр надад би гарал үүслийг нь өөрөө хийлгэж өгнө гэж хэлсэн...’’гэх мэдүүлэг/хх-ийн 48-50 дугаар тал/,
*Гэрч Т.Дын өгсөн:
“...Би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Э.Бын Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Цагаандаваа гэх газар байх гэрт нь шилжин ирсэн айл өрхийн бүртгэл судалгааг авах ажлаар очсон. Тухайн үед Э.Бын эхнэр нь 2 хүүхэдтэйгээ гэртээ байсан, өөр хүн байгаагүй. Би тэдний гэрт очихдоо хашаа гэрийг нь сайн ажиглахад хашаа болон гэрт нь мал гаргасан шинж огт байгаагүй. Хашаанд нь малын сэвс, цус харагдаагүй. Би ганцаараа очсон, өөр хүн очоогүй. Тухайн үед би Э.Быг эхнэрээс нь хаана байгаа талаар асуухад хөдөө Булган суманд мал дээрээ байгаа тэнгэр гайгүй бол бид нар бас хөдөө явах санаатай байна, манай нөхөр ойрд аймгийн төвд гэртээ ирээгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 62-63 дугаар тал/
*Гэрч Г.Дгийн өгсөн:
“...Манай хэсгийн төлөөлөгч бид хоёр 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө Булган сумын Тамир багийн нутаг Байц гэх газар дуудлагаар иргэн Н.Гийн гэрт очоод тэдний хажуухан талаас мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдүүд болох Э.Б, Б.Н нарыг авч Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд ирсэн. Аймгийн төвд цагдаагийн газарт ирээд байж байхад Э.Б нь та гар утсаараа яриулаач эхнэр рүүгээ ярих гэсэн юм гэж надаас асуусан. Би өөрийн барьдаг ажлын газраас өгсөн /самсунг-Х ковер/ маркийн гар утсыг Э.Бт өгч эхнэртэй нь яриулсан. Э.Бт би гар утсаа өгчихөөд цагдаагийн газрын байр руу орсон. Удалгүй 5-10 минутын дараа би гараад Э.Боос гар утсаа авсан. Миний гар утас утсаар ярьсан яриаг рекорд хийж хураадаг, хийсэн рекордууд нь дүүрээд байдаг болохоор нь би гар утасныхаа рекордыг үзээд рекорд нь дүүрчихсэн байхаар нь устгах гээд сүүлд бичигдсэн дугааруудын рекордуудыг сонсоод шалгаж үзэхэд Э.Бын 88254833 гэсэн дугаар руу залгаж ярьсан 2 удаагийн яриа нь миний гар утсан дээр хураагдсан байсан. Би тухайн яриаг устгах гээд санамсаргүй сонсож үзэхэд Э.Б аав нь байна ээж нь наана чинь байна уу ээжтэй нь яръя гээд эхнэртэйгээ ярьж байгаа бололтой би аймаг ороод ирчихсэн цагдаа дээр байна. Чи нөгөөдхөө гялс зайлуулах арга байхгүй юу? чи гялс хүн амьтан руу яриад наадхаа зайлуулаадхаач гэсэн утгатай юм эхнэртэйгээ ярьсан байсан. Мөн дахин нэг залгаж ярьсан рекорд дээр Э.Боос эхнэр нь Цогоо гэх ченжийн дугаарыг асуусан утгатай яриа бичигдэж үлдсэн байсан. Тухайн үед тэр бичлэгийг хэрэг болж магадгүй гэж бодоод би устгахаасаа өмнө Сиди дээр хуулж авсан. Одоо тэр бичлэг надад байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 67-69 дүгээр тал/
*Гэрч Н.Гийн өгсөн:
“...Би тухайн орой морио аргамжаад буцаад явж байтал Б.Н намайг дуудаад би Э.Бын гэрт ороход Э.Б Б.Н хоёр архи уугаад сууж байсан. Намайг архи уу гээд хийж өгөхөөр нь ах нь уухгүй гэж хэлээд гараад явсан. Тухайн орой Э.Бын үхэр сүрэг гэрийнхээ ард хэсэг рүү бэлчээд явсан байсан. 22 цагийн үед байх харанхуй болсон байсан. Хашаанд нь үхэр уячихсан байсан үгүйг би хараагүй тухайн орой тас харанхуй, сар оройтож гарч байсан. Тухайн орой Э.Б огт үхрээ хураагаагүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 82-83 дугаар тал/
*Гэрч О.Бийн өгсөн:
“...Би тухайн өдрийн камерын бичлэгийг шүүж өгсөн. Г.Аь нь Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Байц гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө 1 тооны сарлагийн үхрээ хулгайд алдсан Халзангийн давааны постоор аймгийн төвд цагаан өнгийн портер маркийн машин орж ирсэн үгүйг мэдмээр байна шүүгээд өгөөч гэхээр нь би шүүж өгсөн. Тухайн камерийн бичлэгийг шүүж үзэхэд шөнийн 04 цаг 07 минутад цагаан өнгийн 04-93 АРХ юм уу АРА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл аймгийн төв рүү орж ирээд өглөө 06 цаг 25 минутад тухайн тээврийн хэрэгсэл буцаад гараад явсан бичлэг хадгалагдсан байсан. Камерын бичлэгт ямар нэгэн зүйл ачсан үгүй нь мэдэгдээгүй тэвш хэсэг нь гэрэл ойгоод харагдаагүй. Урд талын номерны тоо нь харагдаад үсэг нь сайн харагдахгүй бүдэг байсан. Тэвшин дээрээ ямар нэгэн зүйл ачаагүй байсан. Кабин дотор сууж яваа хүмүүс харагдаагүй учир нь тухайн тээврийн хэрэгслийг араас нь бичсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 дугаар тал/
*Гэрч С.Бын өгсөн:
“...Би Архангай аймгийн Булган сумын хэсгийн төлөөлөгчийн албан ажлыг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэж байсан. Нийт 8 сарын хугацаанд Архангай аймгийн Булган сумын хэсгийн төлөөлөгчөөр ажилласан. Би Яллагдагч Э.Б, Б.Н, Б.Д хохирогч Ч.Б гэх хүмүүсийг бүгдийг нь зүс төдий таньж мэднэ. Одоо харвал сайн танихгүй ч байж магадгүй. Эдгээр хүмүүс нь миний ажиллаж байсан Архангай аймгийн Булган суманд мал аж ахуй эрхлэн аж төрж амьдардаг хүмүүс. Тэр үеэс хойш нэлээд хугацаа өнгөрсөн учраас би хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Би иргэн Ч.Бтэй уулзаж ярилцаж байсан. Тухайн үед хохирогч Ч.Б нь Э.Б, Б.Н гэх хүмүүсийг сэжиглэж байгаа талаараа хэлж байсан. Би болсон хэрэг явдлын талаар мэдээ мэдээлэл нууц далд аргаар цуглуулж ажиллаж байсан. Э.Б, Б.Н гэх хүмүүсийн үйл хөдлөлд хяналт тавьж ажиллаж байсан. Ямар ажиллагаа хийж байснаа сайн санахгүй байна. Тухайн үед иргэдээс олон тооны гомдол мэдээлэл хүлээн авч шалгалтын ажиллагааг явуулдаг байсан учраас. Нэг бүрчлэн яг таг сайн санаад байдаггүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 59-60 дугаар тал/
*Яллагдагч Б.Дын өгсөн:
“...Манай хүүхэд 3 настай Азбаяр ханиад хүрээд манайх мөнгө төгрөггүй болсон байсан учир үхэр нядалж зараад мөнгөтэй залгах гээд 2019 оны 11 дүгээр сарын 16-ны үүрээр манай нөхөр Э.Б Б.Нтай хамт Булган сумаас аймгийн төвийн гэрт нэг тооны сарлагийн сувай гунж авч ирээд нядалсан. Тухайн махыг Ш.Ц гэдэг ченжид 566.000 төгрөгөөр зарсан. Хар зүсмийн, баруун талын чих нь цуулбар имтэй зүүн чих нь имгүй, 3 настай, эм үхэр байсан. Тухайн үхрийн өөрийнхөө Портер маркийн 04-93 АРА улсын дугаартай машинаар ачиж ирээд Б.Нтай хамт нядалсан. Тухайн үхрийг Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Байц гэх газар өөрийнхөө үхэр сүргээс ачиж ирсэн. Урд өмнө манай нөхөр үхэр нядалж зарах талаар ярьж байсан. Манайх 60 орчим сарлагийн үхэртэй, багийн даргаас зөвшөөрлийн бичиг аваагүй, тухайн өдөр хагас сайн/амралтын/ өдөр байсан. Ш.Ц ченжид ажлын өдөр эхлэхээр гарал үүслийн бичиг авч өгнө гэж хэлээд зарсан. Э.Б, Б.Н нар согтуу ирсэн. Үхэр авч ирээд нядлахад нь би огт гэрээс гараагүй, махаа зарахдаа арьс толгойг нь хараад эм гунж байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 122-125 дугаар тал/
*Яллагдагч Э.Бын өгсөн:
“...Би 2019 он 11 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Байц гэх газраас Архангай аймгийн төвд байдаг гэр рүүгээ үдээс өмнө өөрийнхөө 04-93 АРА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машин дээр Б.Нын улсын дугааргүй шар өнгийн мотоцикльтой аймаг орж янзлуулахаар ачаад Б.Нын хамт аймаг орж ирээд мотоциклио янзалж дуусаад 17 цаг өнгөрч буцаад хөдөөний гэртээ ирэхэд 19 цаг өнгөрч байсан. Би үхрээ хураагаад аймгийн төв орж нядалж зарах зорилгоор хар зүсмийн соёолон насны гунж, баруун чих цуулбар, зүүн чих нь имгүй сарлагийн үхэр барьж аваад хашаанд уясан. Б.Н бид хоёр гэртээ ороод аймгийн төвөөс авсан Улаанбаатар нэртэй 0.75 литрийн 2 шил архи хувааж уугаад тасраад унтсан байсан. Үүрээр сэрээд хашаанд уясан үхрээ өөрийнхөө Портер маркийн машинд ачаад Б.Ныг сэрээгээд аймгийн төв рүү явсан. Аймагт гэртээ ирэхэд 6 цаг болж байсан бид хоёр үхрээ нядлаад амбаарт махыг нь хийгээд эхнэрийг зарчих гэж хэлээд буцаад Булган сум руу явж хөдөө гэртээ ирэхэд 7 цаг болж байсан. Тухайн өдөр Цэдэнпил гэдэг айлыг өвөлжөөнд нь буулгалцаад гэр рүүгээ явж байхад 2 цагдаа аймгийн төв рүү дагуулаад явсан. Цагдаа дээр ирээд Г.Д цагдаагийн утсыг гуйгаад эхнэр Б.Дтай ярихдаа наад үхрийнхээ махыг хурдан зайлуулчих гэж хэлсэн. Би үхэр нядлах талаар эхнэртэйгээ ярилцаж байсан. Тухайн үхрийг би өөрийнхөө үхэр сүргээс авч ирсэн. Хэн ч цэвэрлээгүй, уушги, элэг, бөөр, зүрхийг эхнэрт өгсөн, бусдыг нь 00-ын буланд хаясан. Манайх 63 тооны сарлагийн үхэртэй, тухайн хар зүсмийн сартай гунжийг манайх гэдгийг мэдэх хүн байхгүй. Манайхтай Ч.Бийн гэрт ойролцоогоор 200 метр зайтай байгаа. Тухайн өдөр амралтын өдөр байсан, багийн дарга аймгийн төвд байдаг болохоор авч чадаагүй. Б.Н бид хоёр гэр гэртээ ганцаараа байдаг. Манай хоёр хамт айл байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 126-129 дүгээр тал/
*Яллагдагч Б.Нын өгсөн:
“...Би 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Байц гэх газраас Архангай аймгийн төв рүү орж өөрийнхөө эвдэрсэн мотоциклийг янзлуулахаар Э.Бын 04-93 АРА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машин дээр ачиж яваад Э.Бын хашаанд хамт янзалж дуусаад буцаад хөдөө явсан. Байц гэх газар гэртээ 19 цагийн үед ирээд Э.Б бид хоёр үхрээ хурааж хотлуулаад Э.Бын гэрт орж аймгийн төвөөс авсан 2 шил 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи хувааж уусан. Архи ууж байхдаа саахалт айлын Г гэх хүн морио аргамжиж байхаар нь дуудаад гэрт орж ирэхээр нь архи уух уу гээд аягалаад өгсөн чинь за яахав ах нь архи уухгүй гэж хэлээд жоохон сууж байгаад гараад явсан. Дараа нь найз Цэдээгийн утас руу залгаад маргааш бид хоёр очиж гэрийг чинь нүүлгэлцэж өгнө гэж хэлсэн. Би тухайн үед архи уугаад согтоод унтах гэж байхад Э.Б гэрээс гараад явсан, би хэсэг унтсан байсан. Тэгтэл Э.Б намайг сэрээгээд аймаг руу явъя үхэр аччихлаа гэж хэлсэн. Тэгээд би гараад харахад 1 тооны хар зүсмийн сарлагийн үхэр ачсан байсан. Бид хоёр аймаг руу яваад Э.Бын аймагт байдаг гэрийн хашаанд нөгөө үхрээ нядалсан. Тухайн үед би гэрэл тусгаж өгөөд өвчихөд нь тусалж хөлийг нь барьж өгсөн. Нядалж дуусаад махыг нь амбаарт дэлгэж тавиад буцаад хөдөө гэр рүүгээ явсан. Хөдөө гэрт ирэхэд үүр цайж байсан. Тухайн үхрийг хаанаас авч ирсэн талаар мэдэхгүй байна. Намайг унтаж байх хойгуур машин дээрээ үхрээ ачсан байсан. Надад хэлэхдээ өөрийнхөө үхрийг ачлаа гэж байсан. Урьд өмнө нь надад үхэр нядлах талаар ярьж байсан. Хар зүсмийн сарлагийн сувай үнээ байсан. Ямар имтэйг хараагүй. Гэдсийг нь цэвэрлээгүй хаясан. Эхнэр нь гэртээ орж гараад байж байсан. Гарч ирэхээр хүүхэд нь уйлаад байсан. Шөнө 2-3 цаг болж байсан. Тухайн үед цаг хараагүй ямар ч байсан шөнө байсан, би гэрэл тусгаж өгч байсан. Ч.Бийнх манайхтай ойролцоогоор 300 метр зайтай байгаа. Э.Бын ихэнх үхэр нь хар зүсмийн өнгөтэй. Бид хоёр л гэр гэртээ ганцаараа байдаг. Заримдаа Э.Бын эхнэр хүүхдүүдтэйгээ ирдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 130-133 дугаар хуудас/,
*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 424 дугаартай:
“...Нас нийлсэн сарлагийн эр үхрийн үнэлгээг 2019 оны 11 дүгээр сарын байдлаар 1.000.000/нэг сая/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 88 дугаар тал/,
*Гэрч Г.Дгийн гар утсанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/хх-ийн 12-13 дугаар тал/
*Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, прокурорын зөвшөөрөл /2-р хх-ийн 51-52 дугаар тал/
*Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагаа/2-р хх-ийн 72 дугаар тал/
*Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол/2-р хх-ийн 76-78 дугаар тал/
*Вендо хөрөнгө үнэлгээний компанийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн В21 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хх-ийн 81-82 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 134-136 дугаар тал/
* Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД нэг ширхэг зэргийг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Э.Б, Б.Н, Б.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 11 сарын 15-наас 16-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын Тамир баг, Байц гэх иргэн Ч.Бийн 1 тооны сарлагийн эр үхэр хулгайд алдагдаж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учирсан, уг хулгайн үхрийн махыг шүүгдэгч Б.Д нь зарж борлуулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Э.Б, Б.Н нар бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ч.Бийн”...Намайг унтахаас өмнө гадаа тугал мөөрөөд байхаар нь би гараад харахад манай хажуу айл Э.Бын хашаанд тугал мөөрөөд байсан. Тухайн өдөр Э.Бынх үхрээ хураагаагүй байсан би манай тугал тэдний хашаа руу нь орсон байхаар нь гайхаад нэг их юм бодолгүй унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 11 дүгээр сарын 16-ны өглөө манай нөхөр Н.Г адуу үргэж гадаа орж ирэхээр нь гараад 04 цаг өнгөрч байхад гараад харахад манай хажуу айлын Э.Бын машин нь байхгүй гэр нь цоожтой мөн хажууд нь айл өвөлжиж байсан Б.Нын гэр нь цоожтой эзгүй байна гэж надад хэлсэн. Өглөө 07 цагийн үед Э.Б, Б.Н хоёр машинтайгаа гэртээ ирээд байж байгаад 08 цагийн үед мотоциклио унаад доошоо уруудаад яваад өгсөн. Манай нөхөр босоод 08 цагийн үед гарч үхрээ хурааж бүртгээд сартай халтар сарлагийн эр үхэр байхгүй байна гэж хэлсэн. Манай нөхөр гэрийн ойр орчмын өвөлжөө байруудаар хайгаад олоогүй ирсэн. Би 09 цагийн үед Э.Бын гэрийн гадуур явж үзэхэд малын байрных нь ард талд шинэ гаргасан үхрийн сэвс байсан мөн хашааг тойроод явахад цустай, малын баастай цагаан өнгийн том шуудай байсан. Машин дээр нь очиж үзэхэд ачаа нь цус болсон, дээр нь үхэр барьж авсан бололтой цус, үхрийн үс болсон сур байсан. Тэгээд бид хоёр 13 цагийн үед дээд айлын У гэдэг залуугийн хүүхэд У.Уыг дуудаж гар утсан дээр нь Э.Бын машин болон үхрийн шинэ сэвсний зургийг авахуулсан. Тэгээд сумынхаа цагдаад мэдэгдсэн. Сартай халтар, хойд талын зүүн хөл нь шагайны хэсгээрээ бүдэгхэн цагаан, нас гүйцсэн сарлагийн эр үхэр байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Аийн”...Би цагдаа дээр очиход Булган сумын 2 дугаар багийн засаг дарга Т.Дтой хамт Халзангийн хяналтын камерыг шүүх гэтэл хүн нь байгаагүй. Хэд хоногийн дараа би О.Бь гэдэг цагдаагаар Халзангийн хяналтын камерын бичлэгийг шүүлгэхэд 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөөний 04 цагийн үед 04-93 АРА улсын дугаартай, цагаан өнгийн Портер маркийн машин Халзангийн даваагаар аймгийн төв рүү орж ирээд өглөөний 06 цаг 25 минутад аймгийн төвөөс гарч явсан бичлэг байна гэж хэлээд над руу чатаар явуулсан тэр бичлэг нь одоо надад байхгүй устгагдсан байгаа. 04-93 АРА улсын дугаартай автомашиныг мэднэ, манай хажуу айлын Э.Б гэдэг хүний машин манайхтай айл байдаг учраас би машиныг нь сайн мэднэ...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч У.Уын”...Г ах бид хоёрыг морио бариад гэрт ирэхэд Булгаа эгч сая Ууганбаатар над дээр ирээд Э.Бын гадаа шинээрээ үхрийн сэвс байна гэж хэллээ гэж байсан. Н.Г ах намайг чи гар утсаараа зураг дараад өгөөч гэж хэлээд манай гэрт надтай хамт очиж манай гар утсыг аваад Н.Г ахын гэрт очиж цэнэглэж асаасан. Утсаа цэнэглэж асаагаад Н.Г ахын хамт Э.Б ахын гэр рүү очоод малын байрных нь ард очсон. Тэнд очиход малын байрных нь чанх ард шинээрээ малын сэвс дээрээс нь тэр өдөр цас орж байсан болохоор бага зэрэг цас дарсан байдалтай байсан, бид хоёр Э.Б ахын машин дээр нь очиход машиных нь тэвш дээр байсан цустай сур, суранд нь малын бараан өнгийн үс байсан. Би мөн гар утсаараа машин болон тэвш, сурных нь зургийг дарсан мөн гар утсаараа машин болон тэвш сурных нь зургийг дарсан. Н.Г ах суран дээр байсан бараан өнгийн малын үсийг манай үхрийн үс мөн гэж хэлээд аваад бид хоёр Н.Г ахын гэр рүү явсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Дгийн”...Манай хэсгийн төлөөлөгч бид хоёр 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө Булган сумын Тамир багийн нутаг Байц гэх газар дуудлагаар иргэн Н.Гийн гэрт очоод тэдний хажуухан талаас мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдүүд болох Э.Б, Б.Н нарыг авч Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд ирсэн. Аймгийн төвд цагдаагийн газарт ирээд байж байхад Э.Б нь та гар утсаараа яриулаач эхнэр рүүгээ ярих гэсэн юм гэж надаас асуусан. Би өөрийн барьдаг ажлын газраас өгсөн /самсунг-Х ковер/ маркийн гар утсыг Э.Бт өгч эхнэртэй нь яриулсан. Э.Бт би гар утсаа өгчихөөд цагдаагийн газрын байр руу орсон. Удалгүй 5-10 минутын дараа би гараад Э.Боос гар утсаа авсан. Миний гар утас утсаар ярьсан яриаг рекорд хийж хураадаг, хийсэн рекордууд нь дүүрээд байдаг болохоор нь би гар утасныхаа рекордыг үзээд рекорд нь дүүрчихсэн байхаар нь устгах гээд сүүлд бичигдсэн дугааруудын рекордуудыг сонсоод шалгаж үзэхэд Э.Бын 88254833 гэсэн дугаар руу залгаж ярьсан 2 удаагийн яриа нь миний гар утсан дээр хураагдсан байсан. Би тухайн яриаг устгах гээд санамсаргүй сонсож үзэхэд Э.Б аав нь байна ээж нь наана чинь байна уу ээжтэй нь яръя гээд эхнэртэйгээ ярьж байгаа бололтой би аймаг ороод ирчихсэн цагдаа дээр байна. Чи нөгөөдхөө гялс зайлуулах арга байхгүй юу? чи гялс хүн амьтан руу яриад наадхаа зайлуулаадхаач гэсэн утгатай юм эхнэртэйгээ ярьсан байсан. Мөн дахин нэг залгаж ярьсан рекорд дээр Э.Боос эхнэр нь Цогоо гэх ченжийн дугаарыг асуусан утгатай яриа бичигдэж үлдсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Бийн”...Би тухайн өдрийн камерын бичлэгийг шүүж өгсөн. Г.Аь нь Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Байц гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө 1 тооны сарлагийн үхрээ хулгайд алдсан Халзангийн давааны постоор аймгийн төвд цагаан өнгийн портер маркийн машин орж ирсэн үгүйг мэдмээр байна шүүгээд өгөөч гэхээр нь би шүүж өгсөн. Тухайн камерын бичлэгийг шүүж үзэхэд шөнийн 04 цаг 07 минутад цагаан өнгийн 04-93 АРХ юм уу АРА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл аймгийн төв рүү орж ирээд өглөө 06 цаг 25 минутад тухайн тээврийн хэрэгсэл буцаад гараад явсан бичлэг хадгалагдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Бын”... Би иргэн Ч.Бтэй уулзаж ярилцаж байсан. Тухайн үед хохирогч Ч.Б нь Э.Б, Б.Н гэх хүмүүсийг сэжиглэж байгаа талаараа хэлж байсан. Би болсон хэрэг явдлын талаар мэдээ мэдээлэл нууц далд аргаар цуглуулж ажиллаж байсан. Э.Б, Б.Н гэх хүмүүсийн үйл хөдлөлд хяналт тавьж ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэг, Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 424 дугаартай зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э.Б, Б.Н нарын бүлэглэж бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч Б.Д нь Э.Б, Б.Н нарын бүлэглэж хулгайлсан 1 тооны үхрийн махыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж, худалдаж ашигласан болох нь гэрч Ш.Цын “...Намайг 2019 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдөр байсан байх сайн санахгүй байна Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нийтийн худалдааны төв дээр байхад 16 цагийн үед Э.Бын эхнэр нь утсаар залгаад манайх банкны мөнгө өгөх гээд үхэр авч ирсэн юм би өөрөө 2 хүүхэдтэй байгаа болохоор гарч чадахгүй байна та ирээд авчих гэж хэлсэн. Гэрт нь очоод хашаанд нь машинаа оруулаад гэрийнх урд талд байдаг амбаараас сарлагийн мах, арьс, толгойг нь аваад тэндээ махыг нь хиллээд тооцоог нь тэндээ хийж мөнгийг нь өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч О.Бийн”...Би тухайн өдрийн камерын бичлэгийг шүүж өгсөн. Г.Аь нь Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Байц гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө 1 тооны сарлагийн үхрээ хулгайд алдсан Халзангийн давааны постоор аймгийн төвд цагаан өнгийн портер маркийн машин орж ирсэн үгүйг мэдмээр байна шүүгээд өгөөч гэхээр нь би шүүж өгсөн. Тухайн камерын бичлэгийг шүүж үзэхэд шөнийн 04 цаг 07 минутад цагаан өнгийн 04-93 АРХ юм уу АРА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл аймгийн төв рүү орж ирээд өглөө 06 цаг 25 минутад тухайн тээврийн хэрэгсэл буцаад гараад явсан...гэх мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Э.Б, Б.Н нарын бүлэглэж хулгайлсан 1 тооны үхрийн махыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж, иргэн Ш.Цад 500.000 төгрөгөөр худалдаж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б, Б.Н, Б.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал нарын Э.Б өөрийн нэг тооны үхрийг аймагт авчирч гаргаад зарсан гэмт хэрэг үйлдээгүй, Э.Б, Б.Н нар нь тухайн гэмт хэргийг хэзээ, хаана, хэрхэн үйлдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоож чадаагүй тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар гаргасан хүсэлт няцаагдаж байгаа болно. Хулгайлах гэмт хэрэг нууц далд аргаар үйлдэгддэг, бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч өөрийн өмч адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд шүүгдэгч Э.Б, Б.Н нар нь Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Байц гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө хохирогч Ч.Бийн нэг тооны үхрийг хулгайлж, үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор Э.Бын эзэмшлийн машинаар тээвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэгийг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Б нь цагдаад тус хэргийн талаар шалгагдаж байхдаа өөрийн эхнэр Б.Дтай “...чи нөгөөдхөө гялс зайлуулах арга байхгүй юу, чи наагуураа хүн амьтан руу яриад наадахаа гялс зайлуулаадах...” гэж устаар ярихдаа тухайн үед гэрт байсан үхрийн махны талаар ярьсан талаар маргаагүй, мөн түүний эхнэр Б.Д нөхөртэйгөө утсаар ярьж Цогоо гэх хүний утасны дугаарыг авч махаа зарсан нөхцөл байдал тогтоогдсон болно. Хэрвээ өөрийн үхрээ гаргаж зарсан тохиолдолд уг үхрийн мах болон арьс шир нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй болохыг нотлох гол баримт болохоор байхад гялс зайлуулж байхгүй болгох гэж байгаа нь шүүгдэгч нарын гэмт үйлдлийг нотолсон баримт гэж үзэхээр байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.Б, Б.Н нарыг бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Дыг гэмт хэргийг улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж худалдаж ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Э.Б, Б.Нт нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “...бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж...” үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан, шүүгдэгч Э.Б, Б.Н нар нь бүлэглэн 2019 оны 11 сарын 15-наас 16-нд шилжих шөнө бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуульд орсон тус өөрчлөлтөөс өмнөх үйлдэл байх бөгөөд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухай гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан тул прокуророос шүүгдэгч Э.Б, Б.Н нарт Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг зөвтгөж Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Бт нэг сая төгрөгийн хохирол учирсан болох нь Хас Үнэлгээ ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б, Б.Н нараас нэг сая төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ч.Бт олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шүүгдэгч Э.Б Б.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5.000.000/таван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Хьюндай Портер маркийн автомашиныг хурааж, гэмт хэргийн улмаас учруулсан 1.000.000/нэг сая/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 4.000.000/дөрвөн сая/ төгрөгийг улсын орлого болгож, шүүгдэгч Э.Б, Б.Н нарын тус бүр нэг тооны үхэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй ...” гэж заасан бөгөөд уг хууль нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор баталсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар хуульчилсан бөгөөд 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж заасан байсныг 2020 оны 01 сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно...” гэж өөрчилсөн. Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэрэгт зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан ба Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 01 сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орох хуулиас өмнө дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан, шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Э.Б, Б.Н нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...” заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...гэж, тус тус заасан байна. Шүүгдэгч Э.Б, Б.Н нар нь 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байна. Иймд 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Б.Н нарт Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Б, Б.Н, Б.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Эын Б, Х овогт Бгийн Н нарыг бүлэглэж бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б овогт Бгийн Дыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Дт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ныг 8/найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Б.Н нарт оногдуулсан 8/найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Б.Нт нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8/найм/ сарын хугацаагаар хорих ялыг 8/найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Б.Н нар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн шүүгдэгч Э.Б нь өөрийн оршин суух Архангай аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.Н нь өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг тус тус 8/найм/ сарын хугацаанд хориглосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Б.Н нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч Э.Б, Б.Н нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Б.Н нараас тус бүр 500.000/таван зуун мянга/ төгрөг, нийт 1.000.000/нэг сая/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн ............гэх газар оршин суух хаягтай, Монгол овогт Чойжамцын Б/РД:АБ............/-т олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 29, 30 дугаартай, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн 5.000.000/таван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Хьюндай Портер маркийн автомашиныг хурааж, гэмт хэргийн улмаас учруулсан 1.000.000/нэг сая/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 4.000.000/дөрвөн сая/ төгрөгийг улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийг хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.
11. Шүүгдэгч Э.Б, Б.Н, Б.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Б, Б.Н, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР