Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00031

 

2021           01            13                                          001/ХТ2021/00031

 

 

 

..........-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00964 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1296 дугаар магадлалтай,

 

..........-ний нэхэмжлэлтэй

..........ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 46 969 277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбулганы гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбулган, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Болорцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ..........ХХК-нь 1. 2015 оны 5 дугаар сарын 12-ний өдрийн ЗГ00150075 тоот зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу зээл, зээлийн хүүг сар бүр төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч зээлдэгч нь 2017 оны 1сарын 31-нийг дуусталх хугацаанд хүүд 7 361 666,66 төгрөг, 2018 оны 2 дугаар сард зээлийн хүүгийн төлбөрт 454 055 төгрөг, нийт зээлийн хүү 7 815 721 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 571 666,64 төгрөгийг төлсөн. Зээл,хүүг хугацаандаа төлөх үүргийг биелүүлээгүй, зээлийн хугацаа 2016 оны 5 дугаар сарын 12-нд дууссан тул зээлдэгчтэй хийсэн тооцоо нийлсэн акт болон 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх зээлд 10 000 000 төгрөг, хүүд 4 492 612,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 187 666,98 төгрөг нийт 15 680 279 төгрөгийг, 2. 2015 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн ЗГ00150077 тоот зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний хавсралт графикийн дагуу зээл, зээлийн хүүг сар бүр төлж барагдуулах үүрэг хүлээсэн ч 2015 оны 1 дүгээр сарын 31-нийг дуустал хүүд 7 280 000 төгрөг, 2018 оны 2 дугаар сард хүүд 454 055 төгрөг, нийт хүүд 7 734 055 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 164 114 төгрөг төлсөн. Зээл,хүүг хугацаандаа төлөх үүргийг биелүүлээгүй, зээлийн хугацаа 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дууссан. 2018 оны 3 дугаар 31-ний өдрийг хүртэл зээлд 10 000 000 төгрөг, хүүд 4 496 612 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 593 667төгрөг, нийт 16 086 279 төгрөгийг, 3. 2015 оны 05 дугаар 19-ний өдрийн ЗГ00150080 тоот зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хавсралт графикийн дагуу зээл, зээлийн хүүг сар бүр төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч 2017 оны 4 дүгээр сарын 05-нийг дуустал хүүд 7 968 532 төгрөг, 2018 оны 2 дугаар сард хүүд 780 722 төгрөг, нийт хүүд 8 749 054 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 164 111 төгрөг төлсөн.Гэвч үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хугацаандаа төлөх үүргийг биелүүлээгүй зээлийн хугацаа 2016 оны 5 дугаар сарын 19-ны өдөр дууссан. Иймд 2018 оны 3 дугаар 31-ний өдрийг хүртэл зээлд 10 000 000 төгрөг, хүүд 3 477 612 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 593 406 төгрөг, нийт 15 071 019 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Дээр дурдсан ЗГ00150075, ЗГ00150077, ЗГ00150080 тоот зээлийн гэрээнүүдийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлүүлэхээр манай байгууллагын зүгээс хугацаа олгож, албан бичиг хүргүүлж, уулзалт хийсэн боловч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул дээрх зээлийн гэрээний үүрэгт нийт 46 969 277 төгрөгийг хариуцагч ..........ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна Эдгээр зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, тооцоо нийлсэн актыг ..........ХХК-ийн захирал Дуламсүрэнтэй байгуулсан. Компаний эрхийг өөр этгээдэд шилжүүлсэн талаар мэдээгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ зээлүүдийг авах болсон зорилго нь үл хөдлөх хөрөнгө худалдан авах зорилготой байсан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнүүд хууль бус байсан учраас хууран мэхлэх үйл ажиллагаа гэж цагдаад хандсан. Шүүхээр иргэний хэрэг үүсгэгдээд одоо болтол шийдэгдээгүй явж байгаа. Төлбөр төлөхөөс зайлсхийсэн зүйл байхгүй. Үнэхээр орлогогүй, боломжгүй болсон. 10 000 000 төгрөг зээлсэн мөртлөө миний төлсөн 8, 9 сая төгрөгийг зөвхөн хүүд суутгаж авсан байдаг.Боломжоороо зээлээс төлөөд байхад ийм их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.Компанийн эрх өөр этгээдэд шилжсэн байгаа боловч эдгээр зээлийг ..........хариуцна гэсэн баримт ..........бидний хооронд үйлдсэн гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00964 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч ..........ХХК-иас ЗГ-00150075 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 9.048.520,7 төгрөгийг, ЗГ-00150077 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 9.537.742,4 төгрөгийг, ЗГ-00150080 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 8.531.742,73 төгрөгийг нийтдээ 27.118.005,83 /хорин долоон сая нэг зуун арван найман мянга таван 83/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .......... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19.851.271,7 төгрөгийг хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392.796,39 /гурван зуун ерөн хоёр мянга долоон зуун ерэн зургаан 39/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..........ХХК-иас 293.540 /хоёр зуун ерэн гурван мянга таван зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .......... ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1296 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00964 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбулган хяналтын гомдолдоо: Магадлалыг хүчингүй болгож шийдвэрт өөрчлөлт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай. Магадлалдаа “хэдийгээр хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй ч мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэх дараалалтай юм. Анхан шатны шүүхээс зээлийн гэрээ болгоныг дээрх хуулийн заалтад нийцүүлэн бодолт хийсэн нь хуулийн хэрэглээний хувьд болон тооцооллыг хувьд шалгаж үзэхэд зөв болжээ. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг нэхэмжлэгч зөрчиж зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 12,18,19-ны өдрөөс хойш төлсөн төлбөрийг зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тооцож авсан нь үндэслэлгүй болжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь: Нэгдугээрт, Үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч ..........ХХК нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш өөрөө зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар хүсэл зоригоо илэрхийлж төлсөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт буюу 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэж, тооцоо нийлсэн актаар нотлогддог. Энэ нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 212 дугаар зүйлийн 212.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бод хэд хэдэн үүргээс аль нэгийг нь сонгож гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлнэ”, 216 дугаар зүйлийн 216.1-д “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгон гүйцэтгэх эрхтэй”, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасантай бүрэн нийцнэ. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг ямар тохиолдолд хэрэглэхийг 216 дугаар зүйлд маш тодорхой заасан. Тодруулбал, Иргэний хуулийн 216.1-д “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ”, 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” буюу юуны өмнө ямар үүргийг гүйцэтгэхийг өөрөө сонгож гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгчид олгосон бөгөөд ийнхүү өөрөө сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлэх, төлбөрийн хугацаа болсон хэд хэдэн өр байгаа бол 216.4-т заасан дарааллаар өрийг төлүүлэхээр заасан байна. Гэтэл үүрэг гүйцэтгэгчийн өөрийн хийсэн сонголтыг үл хэрэгсэж, шууд Иргэний 216.4-т заасныг хэрэглэнэ гэж Давж заалдах шатны шүүх үзсэн нь хуулийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хоёрдугаарт, Талуудын хооронд байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэж, Зээлдэгчийн төлөх ёстой төлбөрийг баталгаажуулах тухай актаар зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны зээлийн хүүг 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тооцож, Зээлдэгчийн төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг баталгаажуулсан ба энэ Зээлдэгчийн хүлээн зөвшөөрсөн дүнгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн энэ баталгаажуулах актад “Зээлдэгч нь дээр дурьдсан зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үл маргах журмаар төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тэр дундаа 2016.05.12-2018.03.31 /2016.05.18-2018.03.31, 2016.05.19-2018.03.31 /хооронд бодогдсон зээлийн хүү/ хэтэрсэн хугацааны хүү/-г хүлээн зөвшөөрч төлөхийг баталгаажуулав” гэж маш тодорхой дурдсан. Ийнхүү талуудын хүсэл зоригоо илэрхийлж, баталгаажуулсныг үл хэрэгсэж, зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүүг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх иргэний эрх зүйн үндсэн зарчим буюу диспозитив зарчим, гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг зөрчсөнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хариуцагч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүйг зөвтгөсөн, зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хохироосон хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч .......... нь хариуцагч ..........ХХК-д холбогдуулан зээлийн үүрэгт 46 969 277 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...бусдад хууртагдаж зээлээ төлөх боломжгүй болсон, гэрээ тус бүрд 8-9 сая төгрөг төлсөн байхад зөвхөн хүүд суутгаж авсан, зээлийг ..........хариуцна...” гэх үндэслэлийг заажээ. / хх-1-2, 52 /

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 27 118 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.

 

Хоёр шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, хууль хэрэглээний хувьд алдаа гаргаагүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 

1........... нь 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 10 000 000 төгрөг, хүүд 4 492 612 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 187 666 төгрөг, нийт 15 680 279 төгрөгийг, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний дагуу үндсэн зээлд 10 000 000 төгрөг, хүүд 4 496 612 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 593 667 төгрөг, нийт 16 086 279 төгрөгийг, 2015 оны 05 дугаар 19-ний өдрийн гэрээний дагуу үндсэн зээлд 10 000 000 төгрөг, хүүд 3 477 612 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 593 406 төгрөг, нийт 15 071 019 төгрөгийг буюу эдгээр 3 гэрээний үүрэгт 46 969 277 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх гэрээний төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлдэгчийн үүрэг, үүрэг гүйцэтгэх дараалал зэрэг эрх зүйн асуудлаар Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ тус бүр хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр .......... нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлэх, зээлдэгч ..........ХХК нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээ тус бүрээр зээлдэгчийн биелүүлэх ёстой үүргийг тодорхойлж, гэрээний хугацаа дууссанаас хойш хийсэн төлөлтийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан журмаар тооцсоны улмаас нэхэмжлэлээс 27 118 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 19 851 271 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

 

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа “...шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, гэрээний талууд харилцан тооцоо нийлж, зээлдэгч нь дээр дурьдсан зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн байхад шүүх нэхэмжлэлийг багасгаж, талуудын зарчмыг зөрчсөн...” тул нэхэмжлэлийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа баримтаас үзвэл ..........ХХК нь зээлийн 3 гэрээний дагуу нийт 30 000 000 төгрөгийг хүлээн авч, буцааж 24 298 831 төгрөгийг төлж, үүргээ бүрэн биелүүлээгүй байна. /хх-18,29,41/

 

Гэрээ тус бүрийн хугацаа 1 жил, гэрээний хугацаа 2016 оны 5 сард дууссан байхад .......... нь 2019 оны 1 сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Талууд 2019 оны 1 сарын 21-ний өдөр, гэрээ тус бүрд тооцоо нийлсэн акт үйлдсэн байх боловч зээлдэгч нь уг тооцоог маргасан учраас талуудын тохиролцоо хууль болон гэрээг зөрчсөн эсэхийг дүгнэж, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан “үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.” гэх дарааллын дагуу үүргийг тодорхойлсон шүүхийн хууль хэрэглээг буруутгах боломжгүй гэж үзэв.

Зээлдэгч ..........ХХК нь тооцоо нийлсэн гэрээний дагуу, үүргээ зөвшөөрсөн байгаа боловч үүрэг гүйцэтгэх дарааллыг маргасан, зээлдүүлэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд хандаагүй байгаа байдлаас үзэхэд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг хэрэглэсэн хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзэв. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

 

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00964 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1296 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                                  П.ЗОЛЗАЯА