Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 9

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор Т.Нансалмаа

          Яллагдагч Б.Э

         Яллагдагчийн өмгөөлөгч Э.Наранцацрал

         Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан  прокурорын эсэргүүцлээр Б.Э т холбогдох 1828002270010 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 15-р хороо, .................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Саарал овгийн Б.Э , регистрийн дугаар /РД:....................../

Яллагдагч Б.Э  нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өглөөний 07-08 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас баруун тийш Баяндалай сум руу  явдаг хатуу хучилттай замын 35 дахь километрт 08-84 УБА улсын дугаартай, Тоёото Ланд круйзер 100 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “... жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4-ийн б-д ... хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж машинд зорчиж явсан иргэн М.О , Г.М  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн Д.С ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, Н.П ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

              Өмнөговь аймгийн Прокурорын газраас Б.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.                                                            

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э т холбогдох 1828002270010 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх” гэсэн үндэслэлээр Өмнөговь аймгийн прокурорын газарт буцааж, яллагдагч Б.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.         

Прокурор Т.Нансалмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Яллагдагч Б.Э  нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуугаар үйлдсэн гэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагч гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэсэн болно.                        

Шүүгчийн захирамжинд нэр бүхий 9 гэрч  Б.Э ын архи уусан үйлдлийг харсан, ослын дараа согтууруулах ундаа хэрэглэсэн талаар мэдүүлсэн гэрч байдаггүй гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

            Яллагдагч Б.Э ыг гэрч нар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдсэн байх боломжгүй. Гэтэл шүүгч согтуурсан байсан эсэх асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.               Прокуророос ямар зүйл заалтаар, ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргах нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөрдөгч шинжээч томилох тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдэн, шинжээч хуульд заасны дагуу өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлтээ гаргахдаа хурдыг тогтоох боломжгүй гэсэн байдаг.

            Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахдаа өөрийн санаачилгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.15-д зааснаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-д заасан заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.                            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.13-д заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар хэргийн оролцогчдоос ямар нэгэн гомдол гараагүй, мөн хуулийн 6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт оролцогчдоос тавиагүй байхад шүүгч өөрийн санаачилгаар гэж анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхгүйгээр урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно“ гэсэн заалтыг зөрчиж, талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзэж байна.    Тухайлбал прокуророос Б.Э ын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шүүгч ямар үндэслэлээр хуульд заасан журам хэрхэн зөрчигдсөн талаар тодорхой дурдаагүй байна.                                                                              Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж өгнө үү гэжээ.

            Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:               

Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Хэрэв прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд яллагдагчаар татсан бол үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл болно. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа энэ хүнийг согтуураагүй байна гэж үзэж гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтыг үндэслэсэн. Иймд прокуророос ямар нэгэн шийдвэр гарах хууль зүйн үндэслэлгүй юм. Нэгэнт тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг үйлдэхээс өмнө согтуу байсныг нотолсон гэрч байдаггүй учраас яллагдагчид ашигтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Анхан шатны шүүх 9 гэрч нь Б.Э ыг архи уусныг хараагүй, үзээгүй байна гэсэн үндэслэлийг гаргасан. Энэ 9 гэрчээс 5 гэрч нь Б.Э тай тухайн үед явсан зорчигч нар байдаг. 4 гэрч нь арын машинд явж байсан. Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа 5 гэрчийг  түргэн тусламжийн үйлчилгээ авахаар арын машинаар аймаг руу явсан. Үлдсэн 3 гэрч нь сүлжээ хайгаад уул руу явсан. Тэр хооронд Б.Э  айж, сандраад талийгаачийн ууж байсан архинаас уугаад байж байхад түргэний эмч ирсэн.  Түргэний эмч ирэхэд би сая архи уусан гэж гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогддог. 9 гэрч нь яллагдагч Б.Э ыг архи уусан, уугаагүйг харсан гэрч байхгүй, харах боломжгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа тухайн үед Б.Э  талийгаачтай хамт үлдсэн. Яллагдагчийг архи уусныг харсан гэрч байхгүй учраас нотлох боломжгүй.  Хавтаст  хэргийн 47, 59 –р хуудсанд авагдсан 2 гэрчийн мэдүүлэг очоогүй юм шиг байна. Энэ 2 гэрч Б.Э ыг хурдтай явсныг гэрчлээд байхад энэ нотлох баримтуудыг өгүүлэхгүй байж байгаад шинжээчийн дүгнэлт гарсан гэж захирамждаа бичсэн. Хэргийн газрын үзлэг, схем, зураг, нотлох баримтуудаар хурдыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. Гэрэл зургийн үзүүлэлтээр мөсөн дээр дугуйн мөр гарсан. Мөсөн дээр тогтсон мөрөөр хурдыг тогтоох боломжгүй гэж шинжээч тайлбарладаг. Шинжээч өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд дүгнэлт гаргахдаа хурдыг тогтоох боломжгүй гэж гаргасан. Шүүгчид  эргэлзээ төрвөл шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулан энэ  асуудлыг тодруулж асуух боломжтой байсан. Гэтэл энэ боломжийг хангахгүйгээр шууд урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шүүгчийн санаачилгаар хэргийг буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн заалтыг зөрчсөн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.Э  оролцоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг прокурорт танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж өгнө үү гэв.

            Яллагдагч Б.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Миний эрх зүйн  байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Болгоомжгүйгээр хүний амь насыг хохироож, 2 хүнд гэмтэл учруулсандаа үнэхээр их харамсаж байна гэв.

            Яллагдагчийн өмгөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Т.Нансалмаагийн бичсэн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

         Анхан шатны шүүх яллагдагч Б.Э т холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

         Б.Э т холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид дурдсан үндэслэл, хууль хэрэглээний талаар шүүх хуралдаанд оролцох улсын яллагчаас тодруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд”  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлан шалгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байх тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах тухай” прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.    

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

            2. Б.Э т холбогдох 1828002270010 дугаартай эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            3. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл Б.Э т урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА

                                                                                                Т.БЯМБАЖАВ