Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 110/ШШ2020/0057

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: 6 дугаар сургуулийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Өлгий сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/121 дугаартай ”Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн 1 дэх заалтын “...2 га буюу 20000 м2 газрыг 9006117 регистртэй 0270001030 улсын бүртгэлийн дугаартай Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт сургууль барих зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй.” гэснийг “...2 га буюу 20000 м2 газрыг сургууль барих зориулалтаар Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд 30 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй.” гэж өөрчилсөн шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирал Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Б, гуравдагч этгээд тус аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Х.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Халибек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Манай сургууль 1997 онд байгуулагдсан цагаас хойш өөрийн гэсэн эзэмшлийн газаргүй, хичээлийн байргүй байсаар өдий хүртэл ирсэн. Энэ асуудлыг надаас өмнөх бүх үе үеийн захирлууд тухайн үеийн аймгийн удирдлагуудад тавьсаар ирсэн байна. Миний бие 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр  тус сургуулийн захирлаар томилогдож тус оны 12 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргад  болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүсэлт тавьсан. Ингэснээр Баян-Өлгий аймгийг 2017-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт манай сургуулийг газартай, хичээлийн байртай болгох тухай санал тусгагдсан.Үүний дагуу аймгийн удирдлагаас болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар зэрэг төрийн байгууллагуудаас манай сургуульд газар олгох асуудлыг судалж үзсэн байдаг. “Хамгийн түрүүнд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн үер буусан хэсэгт байгаа газрыг танай сургууль олгоно.” гэснээр тус газрыг К.Б дарга болон Засаг даргын орлогч Ш.Хабыл дарга нартай хамт бид очиж үзэж байсан. Тухайн үед уг газар намагтай байсан учраас “...сургууль барих боломжгүй юм байна. Танайд олгох ганц газар нь Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан “Кутты мекен” хорооллын 640 хүүхдийн хичээлийн байр барих газрыг олгох боломжтой.” гэж санал болгож байсан. Тухайн газрыг судалж үзэхэд уг газрыг “Эрчимбаян-Өлгий” ХК-нд ойжуулах зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар 2016 онд олгосон газар байсан тул Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас тухайн газрыг Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд олгохоор болсныг  зөвшилцөхөөр тус компанид санал гаргасан.  Тус саналын дагуу “Эрчимбаян-Өлгий” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Тилеубердээс 2018 оны 5 дугаар сард зарчмын хувьд тухайн асуудлыг зөвшөөрч байна гэсэн хариу ирүүлсэн. Үүний дагуу К.Б даргаас Өлгий сумын Засаг даргад “Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 3.48 га газрыг манай сургуульд олгохыг зөвшөөрч байна шийдвэр гаргаж өгнө үү.” гэсэн агуулгатай албан тоот хүрүүлсэн.

Газрын байршлыг аймгийн ерөнхий архитектур Мандатаар зуруулж, үүний дагуу Өлгий сумын Засаг дарга “Эрчимбаян-Өлгий” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Тилеубердид зөвшилцье гэж түүнийг удаа дараа дуудаж байсан боловч ирээгүй байсан.  2018 оны 06 дугаар сард А /145  тоот захирамж гаргаж тухайн газрыг манай сургуульд эзэмшүүлсэн. Нэгэнд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан учраас  Улсын Их Хурлын чуулганаар 2019 оны төвийг батлах үед “Кутты мекен”  хороололд баригдах 640 хүүхдийн зориулалтай хичээлийн байранд 2020 онд 2.5 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалт хийхээр улсын төсөвт тусгагдсан. Тухайн хичээлийн байрыг барих тендер нь 2019 онд зарлагдаж, манай эзэмшлийн А/145 тоот захирамжаар олгосон газарт баригдахаар зарлагдсан.

Тендер зарлагдах үед Аймгийн Засаг даргын орлогч Ш.Хабылаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэд саяд Д.Ганбаярт бичиг хүрүүлж байсан. Зургийн тодорхойлолт, техникийн үзүүлэлт зэрэг бүх зүйлээр манай сургуулийн авсан газарт тухайн сургууль баригдахаар тендер зарлагдсан байсан юм. Тухайн тендерт манай аймгийн “Көшелик ХХК” шалгарч ажил эхлэх болох үед газрын тодорхой хэсэг нь ойжуулагдсан учраас ойжуулагдаагүй сул чөлөөтэй үлдсэн 0.6 га газарт улаан шугам тавьж өгсөн. Үүний дагуу 2019 оны 09, 10 дугаар саруудад газар шорооны ажлуудаа эхэлж байгаад  зогссон.  Ингээд 2020 онд сургуулийн барилга угсралтын ажил үргэлжлэн явагдаж байхад “Эрчимбаян-Өлгий” ХК-ийн зүгээс “...бид энэ газарт тухайн барилгыг бариулахгүй, өөр газарт бариулна.” гэсэн маргаан үүсгэсэн. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өлгий сумын Засаг дарга захирамж гаргаж А/76 тоот   захирамжаар сургууль барих байршлыг өөрчилж,  Боловсрол, соёл, урлагийн газрын нэр дээр газар эзэмшүүлсэн шийдвэр  гаргасан.  Тухайн захирамжаа дахиж 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр А/96 тоот захирамж гаргаж хүчингүй болгосон.  Дараа нь энэ оны 4 дүгээр сард А/121 тоот захирамжаар өмнөх хүчингүй болгосон захирамжаа сэргээх үед манай сургуульд газар эзэмшүүлсэн А/145 тоот захирамжийг хүчингүй болгосон байдаг.  Манай сургууль өөрийн гэсэн газаргүй, хичээлийн байргүй олсон учраас сум,аймгийн Засаг дарга, аймгийн Хурлын байгууллагад гомдол гаргасан боловч  тодорхой хариу өгөөгүй. “Тухайн хичээлийн байр баригдаж дууссаны дараа хэнд ч олгож болно, хамгийн түрүүнд тухайн барилга баригдах ёстой.” гэсэн хариуг амаар өгсөн тул шүүхэд хандсан. Анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед Өлгий сумын Засаг даргын А /121  тоот захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Яагаад гэвэл тухайн захирамжаар Боловсрол, соёл, урлагийн газарт олгосон газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлтээр энэ газар хичээлийн байр барих ёсгүй гэсэн дүгнэлтэй. “СУАТ” ХХК мөн зөвшөөрөхгүй байгаа зэрэг асуудлууд байсан хэдий ч тухайн газарт одоогийн байдлаар барилга баригдаж барилгын ажил явагдаж байгаа. Иймээс  нэхэмжлэлийнхээ шаардлага өөрчилсөн. Нэгэнт барилга баригдаж, эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажил үргэлжлэн явах ёстой гэж үзсэн.  Аймгийн Боловсролын газраас “Кутты мекен”  хорооллоос газар авах тухай хүсэлт гаргаж байгаагүй. Манай сургууль тухайн байгууллагаас өмнө газар авах тухай хүсэлтээ гаргасан.

Нэгэнт тухайн газраас манай сургуульд анх газар олгосон учраас шинээр баригдаж байгаа хичээлийн байрны газрыг манай сургуулийн нэр дээр гаргах ёстой. Бид цаашдын сургуулийн стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх болон үйл ажиллагаагаа төлөвлөхөд шаардлагатай. Тийм учраас нэхэмжлэлийнхээ шаардлагыг өчигдөр өөрчилсөн тул шүүхээс хүсэх нь Өлгий сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/121 дугаартай ”Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн 1 дэх заалтын “...2 га буюу 20000 м2 газрыг 9006117 регистртэй 0270001030 улсын бүртгэлийн дугаартай Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт сургууль барих зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй.” гэснийг “...2 га буюу 20000 м2 газрыг сургууль барих зориулалтаар Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд 30 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй.” гэж өөрчилсөн шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагаа өөрчлөөд Өлгий сумын Засаг даргын А/121 дүгээр захирамжийн Боловсрол, соёл, урлагийн газар гэдгийг  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль болгон өөрчлүүлэх тухай хүсэлт гаргаж байгаа гэж ойлголоо. Нэгэнт аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан, тухайн сургууль өөрийн гэсэн хичээлийн байргүй гэдгийг нь үндэслэж тухайн захирамжийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар дунд сургууль болгон өөрчлөхөд татгалзах зүйл байхгүй гэж  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Эхлээд сургуульд А/145 дугаар захирамжаар 3,48 га газар эзэмшүүлсэн асуудал бол улсын төсвөөс баригдах сургуулийн төсөв нь батлагдаж тухайн газар баригдах ёстой байсан. Гэхдээ тухайн газрыг анх хувийн байгууллагад ойжуулах зориулалтаар эзэмшүүлсэн, ойжуулалтын  ажлыг нь Улсын комисс хүлээж авсан тийм газар байсан. Эхлээд уг газрыг сургуульд эзэмшүүлэх асуудлаар газар ашиглагч “Эрчимбаян-Өлгий” ХК-тай зөвшилцөхөөр ярьсан. Тухайн үед захирамж гаргах үед компанийн зүгээс “Эрчимбаян-Өлгий” ХК-ийн сургууль” гэх агуулгатай захирамж гаргаж өг гэж ярьсан. “Нэгэнт Улсын төсвөөс хөрөнгө оруулалт нь орж ирж баригдах гэж байгаа сургуулийг хувийн байгууллагад эзэмшүүлэх болохгүй.” гэсэн хариу өгч байсан.  Тухайн байгууллагын зүгээс “...тэгвэл газраа шилжүүлэн эзэмшүүлэхийг зөвшөөрөхгүй.” гэсэн хариу өгсөн учраас сургуулийн газар нь бусдын газартай давхцаж байсан тул газрыг нь өөрчилсөн. А/121 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн сургууль барих зориулалт бүхий газар нь Өлгий сумын тухайн жилд олгох газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багтсан газар байсан. Тухайн газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсний дараа ч гэсэн нэхэмжлэгч байгууллага хүсэлт гаргаж байсан. Тус хүсэлтийг нь Өлгий сумын Засаг даргад уламжилж өгсөн гэв.

Гуравдагч этгээд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын шүүхэд гаргасан тайлбарт:

Өлгий сумын Засаг даргын 2020 оны А/121 дүгээр захирамжаар олгогдсон газарт  баригдаж байгаа 640 хүүхдийн шинэ сургуулийн барилга нь эзэмшигчийн нэр заагдаагүй, эзэнгүй барилга тул тухайн сургуулийн  барилгын эзэмшил газрыг аймгийн хэмжээнд боловсролын бодлого барьж ажиллаж байгаа гэх утгаар Боловсрол,соёл урлагийн газарт эзэмшүүлэхээр гаргасан А/121 дүгээр захирамж хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

640 хүүхдийн хичээлийн байр барих төсвийг 2019-2020 онуудад Улсын төсвөөс гаргахаар УИХ-аас батлахдаа Өлгий сумын 6 дугаар сургуульд шинээр барилга барих гэж албан ёсоор нэр заагдаагүй болно.  Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа.

Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд шинээр барьж байгаа сургуулийн барилгыг эзэмшилд нь олгохтой  холбоотой ямар нэгэн эрхийн акт гараагүй.

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийг байртай болгохоор төлөвлөгөөнд тусгасан боловч тухайн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар аймгийн Засаг даргаас ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа. Энэ нөхцөл шалтгаануудыг үндэслэж Өлгий сумын Засаг дарга А/121 тоот захирамжаар манай байгууллагад 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга байрлах 2 га газрыг эзэмшүүлсэн.

Тухайн захирамж нь одоо хүчин төгөлдөр хэвээр тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгчид өмнө Өлгий сумын Засаг даргын А/145 тоот захирамжаар  газар эзэмшүүлсэн байдаг, гэхдээ тухайн захирамжийг хүчингүй болгосон захирамжтай нэхэмжлэгч маргахгүй байгаа. Сургуулийн барилгыг барьж дууссаны дараа сургууль улсын бүртгэлийн газарт бүртгэгдэж эзэнтэй болно. Хуулиар сургууль байгуулах эрх бүхий этгээд бол аймгийн Засаг дарга байдаг.Тэгэхээр Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээний дагуу шинээр сургууль байгуулах уу, эсхүл өөр сургуульд барилгыг шилжүүлсэн тохиолдолд манай байгууллагын зүгээс тухайн барилгыг шилжүүлж авсан байгууллагад газрыг нь  шилжүүлж өгөх байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан  Өлгий сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/121 дугаартай ”Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, уг захирамжийн 1 дэх заалтын  “...2 га буюу 20000 м2 газрыг 9006117 регистртэй 0270001030 улсын бүртгэлийн дугаартай Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт сургууль барих зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй.” гэснийг “...2 га буюу 20000 м2 газрыг сургууль барих зориулалтаар Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд 30 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй.” гэж өөрчилсөн шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгахыг хүссэн байна.

        Түүнчлэн шүүх хуралдааны явцад анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг мэдэгдсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.” гэж заасныг баримтлан  нэхэмжлэгчээс “Өлгий сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/121 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, А/121 дугаартай захирамжийн 1 дэх заалтыг  “...2 га буюу 20000 м2 газрыг сургууль барих зориулалтаар Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд 30 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй.” гэж өөрчилсөн шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        “Эрчимбаян-Өлгий” ХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 98  дугаартай захирамжаар ойжуулах зориулалтаар ашиглах эрхтэй  Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай 57600 м2 буюу 5.76 га газрын 1.87 га талбайд мод  тарьсан газрыг оролцуулж  3.48 га газрыг тус сумын Засаг даргын 2018 оны А/145 дугаар захирамжаар анх нэхэмжлэгчид 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн нь ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулахыг хориглосон Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-д  заасныг зөрчсөн, мөн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд газар ашиглагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад газар эзэмшүүлсэн хууль бус шийдвэр байх ба А/145 дугаартай захирамжийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/121 дүгээр захирамжийн холбогдох хэсгээр хүчингүй болгосон байжээ.

        Түүнчлэн А/121 дүгээр захирамжаар “...Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Өлгий хотын ерөнхий төлөвлөгөөнд сургууль барихаар тусгагдсан газрыг батлагдсан байршлын схем зургийн дагуу “Эрчимбаян-Өлгий” ХК-ийн зөвшөөрснөөр” гэх үндэслэлээр 2 га газрыг сургууль барих зориулалтаар Баян-Өлгий аймгийн Боловсрол соёл, урлагийн газарт 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

 Сумын Засаг даргын 2018 оны А/145 дугаар захирамжаар нэхэмжлэгчид анх эзэмшүүлсэн 3.48 га газар болон 2020 оны А/121 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн 2 га газар нь Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаардаг байх боловч  байршлын хувьд давхцаагүй өөр өөр газар байна.   Гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн 2 га газрын 0.65 га газар нь “Эрчимбаян-Өлгий” ХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 98  дугаартай захирамжаар ойжуулах зориулалтаар ашиглах эрхтэй 5.76 га газрын тодорхой хэсэг болох нь, үлдсэн газар нь өмнө нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаагүй сул чөлөөтэй газар болох нь, уг 2 га газрын 0.24 га газарт Улсын төсвийн хөрөнгөөр баригдах 640 суудалтай сургуулийн барилга угсралтын ажлыг “Көшелик” ХХК эхлүүлсэн зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад сургуулийн барилга баригдаж буй маргаан бүхий 2 га газрыг эзэмших эрхтэй гэж үзсэн үндэслэлээ “...Манай сургууль 1997 онд байгуулагдсан цагаас хойш газар эзэмшээгүй, хичээлийн байргүй. Уг  асуудлаар аймгийн Засаг дарга,  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүсэлт тавьсны дагуу Баян-Өлгий аймгийн 2017-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт манай сургуулийг  газар, хичээлийн байртай болгох тухай санал тусгагдсан.  Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан учраас  Улсын Их Хурлын чуулганаар 2019 оны төвийг батлах үед “Кутты мекен” хороололд баригдах 640 суудалтай сургуульд хөрөнгө оруулалт хийхээр Улсын төсөвт тусгагдсан. Шинээр баригдаж байгаа сургууль орших газар манай сургуулийн нэр дээр гаргах ёстой, аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1-01/425 дугаар албан бичгээр сургуулийн уг барилгыг манай байгууллагад өгөхөөр шийдвэрлэсэн учраас бид цаашдын сургуулийн стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх болон үйл ажиллагаагаа төлөвлөхөд шаардлагатай.” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн дээрх  үндэслэлээр сумын Засаг даргын А/121 дүгээр захирамжийн 1 дэх заалтыг өөрчлөх замаар маргаан бүхий 2 га газрыг өөрт нь эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдэд даалгахыг шүүхээс хүссэн нэхэмжлэлийн талаар  гуравдагч этгээдээс “Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээний дагуу шинээр сургууль байгуулах уу, эсхүл уг барилгыг өөр сургуульд шилжүүлсэн тохиолдолд манай байгууллагын зүгээс тухайн байгууллагад газрыг нь шилжүүлж өгөх байх. Одоогоор 640 суудалтай сургуулийн барилгыг аль нэг сургуульд эзэмшүүлээгүй учраас  газрыг нь манай байгууллагад эзэмшүүлсэн байгаа. Хаана сургууль баригдах ёстой гэдгийг эрх бүхий этгээд шийдвэрлэдэг учраас манай байгууллагын зүгээс газар эзэмших тухай хүсэлт гаргах шаардлага байгаагүй. Хэрэв сургуулийг барьж дуссаны дараа нь Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд барилгыг шилжүүлэхээр бол манай байгууллагын эзэмшилд байгаа газрыг нэхэмжлэгчид шууд шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй.” гэх тайлбарыг гаргасан байна.

        Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлээр  баталсан Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт бүхий 2 дугаар хавсралтын холбогдох  хэсэгт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Кутты мекен” хотхонд 640 суудалтай сургуулийн барилга баригдахаар тусгагдсан байна. Уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер нь мөн “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  “Кутты мекен” хотхонд баригдах 640 суудалтай  сургуулийн барилга угсралтын ажил”  нэртэйгээр нийтэд зарлагдсан нь хэрэгт авагдсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан,спортын яамны төрийн нарийн бичгийн дарга болон уг барилгын ажлыг гүйцэтгэгч “Көшелик” ХХК-тай байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 21-ний БСШУСЯ/2019/02062 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр тодорхойлогдож байна.  Маргаан бүхий газарт баригдаж байгаа сургуулийн барилга нь Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай  хуульд  нэхэмжлэгч Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар сургуулийн барилга нэртэйгээр баригдахаар тусгагдаагүй, түүнчлэн тухайн барилга нь одоогоор баригдаж дуусаагүй байх ба эрх бүхий этгээдээс уг барилгыг төрийн аль сургуулийн эзэмшил, ашиглалтад олгохыг одоогоор шийдвэрлээгүй байна.

        Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  бий болсон хөрөнгө нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар төрийн болон орон нутгийн өмчид хамаардаг ба аливаа  төрийн байгууллага нь  төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших эрхийг хуульд заасан журмаар олж авах бөгөөд  нэхэмжлэгчийн нэрлэсэн хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт заасан нэхэмжлэгчийг сургуулийн байртай болгох арга хэмжээ болон Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн сурагчдын гаргасан өргөдлийн хариу бүхий “Танай сургуулийн асуудлыг иж бүрэн цогц байдлаар шийдвэрлэх үүднээс “Кутты мекен” хороололд шинэ хичээлийн байр барих ажил эхлэх ба Улсын төсвөөс санхүүжилт хийгдэх тул аливаа асуудалд тэвчээртэй хандахыг та бүхнээс хүсье.” гэх агуулгатай ” 1-01/425 дугаартай албан бичиг нь тухайн барилгын объектыг Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр  биш тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар, маргаан нь үндэслэлгүй байна.

        Нэхэмжлэгч төрийн байгууллагын хувьд Газрын тухай хуульд заасан үндэслэлээр газар эзэмших эрхтэй ч маргаан бүхий газарт баригдаж буй барилгыг цаашид Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн эзэмшилд олгохоор эрх бүхий этгээдээс шийдвэрлээгүй, уг барилгыг нэхэмжлэгчийн эзэмшилд олгох эсэх нь тодорхойгүй тохиолдолд Улсын төсвийн хөрөнгөөр 640 суудалтай сургуулийн барилга баригдаж буй тухайн газрыг нэхэмжлэгч эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

        Түүнчлэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасан ба нэхэмжлэгчийн эзэмшихийг хүссэн маргаан бүхий 2 га газрыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасан газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдээс А/121 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд  эзэмшүүлсэн. Гуравдагч этгээдээс тухайн газрыг эзэмших хүсэлтээ гаргаагүй ч дээрх байдлаар Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт харьяалагдах “Кутты мекен” хотхонд Улсын төсвийн хөрөнгөөр 640 суудалтай сургуулийн барилгыг барих болсонтой холбогдуулан  барилга  байрших газрын эзэмших эрхийг  аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд маргаан бүхий газарт баригдаж буй сургуулийн уг барилгыг нэхэмжлэгч эзэмших эрхийг одоогоор олж аваагүй байхад  төрийн өмч бүхий барилга баригдаж буй газрыг эзэмшихийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

Гуравдагч этгээдийн тайлбар, маргааны үйл баримтаас үзэхэд маргаан бүхий 2 га газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх нь гуравдагч этгээд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчинө гэж үзэхээргүй байгаа ч  тухайн газарт баригдаж буй сургуулийн барилгыг хуульд заасан журмаар  нэхэмжлэгчид эзэмшүүлсэн шийдвэрийг эрх бүхий этгээдээс гаргаагүй тохиолдолд барилга байрлах газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх боломжгүй, хэрэв тухайн барилгыг шинээр байгуулагдах сургууль эсхүл өөр сургуульд эзэмшүүлэхээр эрх бүхий этгээдээс шийдвэрлэх тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан журмаар баталж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар нэхэмжлэгч Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль нь төрийн байгууллагын хувьд байгууллагадаа зайлшгүй хэрэгцээтэй газраа өөр газраас эзэмших эрхтэй болохыг, түүнчлэн маргаан бүхий 2 га газарт баригдаж буй барилгыг сургуулийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар эзэмших эрхийг эрх бүхий этгээдээс Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд олгож шийдвэрлэх  тохиолдолд нэхэмжлэгч уг газрыг эзэмших хүсэлтээ хуульд заасан журмаар газар эзэмшүүлэх этгээдэд гаргах замаар шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

        1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан “Өлгий сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/121 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Өлгий сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/121 дугаартай ”Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн 1 дэх заалтын “...2 га буюу 20000 м2 газрыг 9006117 регистртэй 0270001030 улсын бүртгэлийн дугаартай Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт сургууль барих зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй.” гэснийг “...2 га буюу 20000 м2 газрыг сургууль барих зориулалтаар Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд 30 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй.” гэж өөрчилсөн шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       3. Нэхэмжлэгч төсвийн байгууллагын хувьд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж  төлөхөөс  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

      4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                           

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.РИЗА