Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2015/0131

 

О ББСБ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 618 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нарын гаргасан давж заалдах гомдлоор О ББСБ-ын нэхэмжлэлтэй, Хууль зүйн сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хууль зүйн сайдын 2013 оны А/181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт болох "Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам"-ын 1.2-т "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн биелүүлсэн буюу дуусгавар болгосны дараа төлбөр авагчид олгох мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 83 дугаар зүйлийн83.1-д заасны дагуу энэ журмын 3.1-д заасан хувь хэмжээгээр суутгал хийнэ" гэж заасан байх бөгөөд 1.3-д Энэ журмын 1.2-т заасан хувь хэмжээгээр суутгасан суутгалыг дараах зардлыг санхүүжүүлэхэд тус тус зарцуулна; 1.3.1.Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах, 1.3.2.Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх гэж заажээ.

Журмын 1.3.2 дахь заалттай холбоотойгоор тус О Банк бус санхүүгийн байгууллага нь Хууль зүйн яаманд "Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардал"-д ямар зардлууд багтдаг талаар жагсаалт гаргаж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан бөгөөд үүний хариуг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б нь 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 3/478 тоот албан бичгээр ирүүлсэн.

Уг хариунд доорх зардлуудыг санхүүжүүлдэг гэсэн байна. Үүнд: Тогтмол зардал /гэрэл цахилгаан, цэвэр бохир ус, түлш халаалт, түрээс/, Хэвийн үйл ажиллагааг хангах зардал /бичиг хэрэг, шуудан холбоо, гадаад дотоод томилолт, тээвэр шатахуун, урсгал засвар, нормын хувцас, ном хэвлэл, маягт хэвлүүлэх зардал, төлбөр хураамж, бусад зардал, хорихоос өөр төрлийн ялын ажиллагааны зардал/, Хөрөнгө оруулалтын зардал /шийдвэр гүйцэтгэгчдийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай тавилга эд хогшил, тусгай хэрэгсэл, автомашин, компьютер, техник хэрэгсэл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх/ гэжээ. "Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам"-ын 1.3.2 дахь заалт буюу "Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх" гэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийг зөрчиж байгаа тул уг журмын холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үндэслэл нь:

1. а. "Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам" нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-д үндэслэгдэн боловсруулагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйл нь "Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах" гэсэн нэртэй. Үүнээс үзэхэд урамшууллын төлбөр гэдэг нь зөвхөн шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулахаар хуульчлагдсан нь нотлогдож байна.

б. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д "Шүүхийн

шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.5-10 хүртлэх хувиар урамшуулна" гэж заасан байдаг.

Уг заалт ч Хууль зүйн яамнаас батлан гаргах "Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам" нь суутган авсан төлбөрөөрөө зөвхөн шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах талаар байх ёстойг дахин нотолж байна.

2. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгийн албан бичигт дурьдсан зардлуудыг урамшууллын төлбөрөөс санхүүжүүлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь шийдвэр гүйцэтгэгчийн зардал биш, шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагааны зардал юм. Нэг удаагийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ногдох ус, цахилгаан, түлш, халаалт гэх мэтийн зардлыг тооцох ямар ч боломжгүй юм. Үүнийг шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэх байгууллага гэсэн 2 бие даасан субьектыг нэг мэтээр хуулийг гуйвуулан мөнгөзавшиж буй үйлдэл гэж тус банк бус санхүүгийн байгууллагаас үзэж байна. "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль"-ийн 83 дугаар зүйл болон 9 дүгээр зүйлийн 9.2-т шийдвэр гүйцэтгэгчийг л урамшуулах талаар заасан байтал урамшууллын төлбөрөөс шийдвэр гүйцэтгэх байгууллагын албаны байр, цахилгаан, халаалт гэх мэт зардлуудыг санхүүжүүлж байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм. Шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж байгаа бусад захиргааны болон аж ахуйн ажилтнуудын зардлыг дээрхээс ялгах, салгах ямар ч боломжгүй байдаг.

3. Тус банк бус санхүүгийн байгууллага нь анх 2010 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 104 дүгээр тушаалаар батлагдсан "Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг суутгах, түүнийг хуваарилах, олгох журам"-ыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд уг нэхэмжлэлийн дагуу Монгол Улсын дээд шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 27 дугаар тогтоолоор уг журмын 1.3 дахь заалт буюу шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг урамшууллын төлбөрөөс санхүүжүүлж байсныг бүхэлд нь хүчингүй болгосон.

4. Монгол Улсын дээд шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 27 дугаар тогтоолын дагуу 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Ня нь 92 тоот тушаалаар "Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг суутгах, түүнийг хуваарилах, олгох журам"-д нэмэлт өөрчлөлт оруулсан ч уг нэмэлт өөрчлөлт нь Монгол Улсын дээд шүүхийн 27 дугаар тогтоолыг зөрчиж байсан тул тус банк бус санхүүгийн байгууллага нь дахин Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 514 дүгээр шийдвэрээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 104 дүгээр тушаалаар батлагдсан "Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг суутгах, түүнийг хуваарилах, олгох журам"-ын 1.3 дах заалт буюу шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг бүхэлд нь 3.1 дэх заалтын хүснэгт дэх "Суутгах урамшууллын хэмжээ", "Шийдвэр гүйцэтгэгчийн бараа үйлчилгээний урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардал" болон "Болзошгүй эрсдлийн зардал"-ыг урамшууллын төлбөрөөссанхүүжүүлж байсныг тус тус хүчингүй болгосон. Гэтэл Хууль зүйн сайд Х.Тин нь "Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам"-ыг шинэчлэн батлахдаа дээр дурдсан зардлуудыг журмаас хассан ч "Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардал" нэрийн дор дахин санхүүжүүлэхээр журамд оруулсан байгаа нь шүүхийн шийдвэрийг удаа дараа зөрчиж буй үйлдэл гэж тус О Банк бус санхүүгийнбайгууллага үзэж байна. Энэ хууль бус үйлдэл Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгийн ирүүлсэн албан бичгээр нотлогдож байна.

5. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлыг төлбөр авагч нараас урьдчилан авдаг хэрнээ дахин "шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардал" гэх зүйлийг урамшууллын төлбөрөөс санхүүжүүлж байгааг хууль бус үйлдэл гэж үзэж байна.

6. Тус Банк бус санхүүгийн байгууллага нь иргэн Т.Амд холбогдох хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтэндээ"шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллын хэмжээг 1,5%-иар тогтоон "Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ"-г байгуулж өгнө үү" гэсэн боловч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Бян нь тус Банк бус санхүүгийн байгууллагын хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариугирүүлсэн. Уг хариунаас шалтгаалан шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдэхгүй, тус Банк бус санхүүгийн байгууллагын эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж байна. Иймд Хууль зүйн сайдын 2013 оны А/181 дугаар тушаалаар батлагдсан "Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам"-ын 1.3.2-т заасан "Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх" гэснийг, 3.1 дэх заалтын хүснэгт дэх 4 дүгээр баганыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн 1-д заасан үндэслэлийн тухайд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох талаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т "шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг энэ хуулийн 83 дугаар зүйлд заасан урамшууллаас санхүүжүүлнэ", мөн хуулийн 83 дугаарзүйлийн 83.3-д урамшуулал олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно" гэж тус тус зааснаар урамшууллыг шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны ямар зардалд зарцуулж болохыг нарийвчлан зохицуулах эрхийг хуулиар Хууль зүйн сайдад олгосон.

Иймд "Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам"-ын 1.3.2-т заасан шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны зардалд шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарч болох зардлуудыг санхүүжүүлэх талаар зохицуулсан. Төвлөрүүлсэн урамшууллаас шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхээр заасан нь улсын төсөвт санхүүгийн дарамт учруулахгүй байх нөхцлийг бүрдүүлэх, нөгөө талаар шийдвэр гүйцэтгэгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарч буй үйл ажиллагааны зардлыг шийдвэр гүйцэтгэгч өөрийн төвлөрүүлсэн урамшууллаас санхүүжүүлэх боломжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар олгосон тул уг журмыг хуульд нийцүүлэн баталсан. Нэхэмжлэлийн 2-т заасан үндэслэлийн тухайд:Урамшууллаас санхүүжүүлж буй зардал нь шийдвэр гүйцэтгэгчийн зардал бус албаны үйл ажиллагааны зардал, нэг шийдвэр гүйцэтгэгчийн зардлыг тооцох боломжгүй талаар нэхэмжлэлд дурджээ.

Улсын төсвөөс шийдвэр гүйцэтгэгчид олгогдох зөвхөн цалинг санхүүжүүлдэг бөгөөд тэдний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой, өөрөөр хэлбэл хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл, урсгал зардлуудыг улсын төсвөөс санхүүжилт олгодоггүй, урамшууллын эх үүсвэрээс санхүүжүүлдэг болно. Нэг шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны зардлыг тооцон, гарч буй зардлын хэмжээгээр санхүүжилт хийгдэж байна. Нэхэмжлэлийн 3, 4-д заасан үндэслэлийн тухайд: Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг суутгах, түүнийг хуваарилах, олгох журмын холбогдохзаалтыг шүүх удаа дараа хүчингүйд тооцсон атал журмыг шинэчлэн батлахдаа шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны зардал нэрийн дор өмнө хүчингүй болсон зардлыг журамд шинээр тусгасан талаар нэхэмжлэлд дурджээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 104 дүгээр тушаалд урамшуулалд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгөөс болзошгүй эрсдэлийн зардал, бараа үйлчилгээ, хөрөнгө оруулалтын зардлыг санхүүжүүлэх талаар журмаар зохицуулсан байсныг шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д нийцүүлэн болзошгүй эрсдэлийн санд төвлөрүүлж байсан мөнгөн хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчид олгож, мөнгөн хөрөнгийн тодорхой хэсгээр тэдний цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхээр хуулийн зүйл, заалтад нийцүүлэн шинээр журам баталсан. Нэг шийдвэр гүйцэтгэгчид оногдох цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг тооцохдоо Засгийн газрын 2002 оны 120 дугаар тогтоолоор баталсан зардлын нормативын дагуу шаардагдах тоо хэмжээг тухайн орон нутгийн зардлын тарифыг үндэслэн төлөвлөж, урамшууллын төвлөрсөн орлогоос санхүүжүүлдэг.Нэхэмжлэлийн 5-д заасан үндэслэлийн тухайд: Төлбөр төлөгч Т.Ад холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах "шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах хэмжээг 1.5 хувиар тогтоон гэрээ байгуулахыг даалгах"-ыг нэхэмжлэлд дурджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 83 дугаар зүйлийн 83.1-д "...төлбөрийн шаардлагыг хангуулахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.5-10 хувиар урамшуулна", мөн 83.2-т "...гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна" гэж тус тус заасан бөгөөд гэрээний талууд урамшууллын хувь хэмжээг тогтоох боломжтой байна. Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.2, 83 дугаар зүйлд нийцсэн бөгөөд хуульд заасан хувь хэмжээгээр урамшууллыг авахаар зохицуулсан. Уг журам нь ямар хуулийн аль зүйл, заалттай харшилсан, нийцээгүй болохыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй байна.

Түүнчлэн урамшууллаас шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлснээрнэхэмжлэгчид хохирол учирсан талаар нэхэмжлэлд дурдаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул О Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 618 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3 дахь заалтыг баримтлан Хууль зүйн сайдын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам"-ын 1.3.2 дахь "Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх" гэсэн заалтыг болон мөн журмын 3.1 дэх төлбөр авагчаас суутгасан урамшууллыг хуваарилах тухай заалтын хүснэгтийн шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд төвлөрүүлэх суутгалын хэмжээ-г хувиар тогтоосон 4 дүгээр баганыг тус тус хүчингүй болгож, 3.1 дэх заалтыг Хууль зүйн сайдаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т заасан энэ хуулийн 83.1, 83.2-т заасан урамшуулал олгох журмыг батлах эрх хэмжээнийхээ хүрээнд дахин шинэ акт гаргатал түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нар давж заалдах гомдолдоо: ... Шүүх бүрэлдэхүүн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төрийн байгууллага мөн бөгөөд төрийн байгууллага болохын хувьд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага улсын төсвөөс санхүүжинэ. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах доорх зардлууд нь бүгд улсын төсвөөс санхүүжих ёстой гэж үзжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны зардал гэдэгт тухайн байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах бүхий л зардлууд хамаарна. Тухайлбал: тогтмол зардал /цахилгаан, цэвэр бохир ус, халаалт, байрны түрээсийн төлбөр/, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах зардал /бичиг хэрэг, шуудан холбоо, томилолт, тээвэр, шатахуун урсгал зардал, нормын хувцас хэрэгсэл, ном хэвлэл захиалга/, хөрөнгө оруулалтын зардал /тавилга, тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл, автомашин, техник хэрэгсэл/-ийг улсын төсвөөс санхүүжих ёстой гэж үзсэн нь өөрөөр өрөөсгөл ойлголт юм.

УИХ-аас баталсан 1996 онд Шүүх эрх мэдлийн чиг үүрэгт байсан шийдвэр гүйцэтгэлийн нэгжийг хорих байгууллагын чиг үүрэгтэй нэгтгэн зохион байгуулж, шүүхээс гарсан шийдвэрүүдийг нэг байгууллага гүйцэтгэж байхаар хуульчилж нэгтгэсэн.

Мөн УИХ-аас 2002 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэн батлахдаа гадаад улс орнуудын ижил чиг үүрэг бүхий шийдвэр гүйцэтгэх байгууллагууд нь шийдвэр гүйцэтгэлийн урамшууллаас санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулдаг туршлагыг судалж, ШШГБ-ын санхүүжилтыг дан ганц төсвөөс санхүүжүүлж байсан тогтолцоог өөрчилж шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад зардлыг урамшууллаас санхүүжүүлж байхаар хуульчилсан нь холимог эх үүсвэртэй болгон өөрчилж, улсын төсвийн ачааллыг багасгасан байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага улсын төсвөөс санхүүжинэ., мөн хуулийн 9.2-т Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад энэ хуулийн 83 дугаар зүйлд заасан урамшууллаас санхүүжүүлнэ. гэж тус тус заасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь иргэний болон эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий төрийн байгууллага болохын хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь үндсэн чиг үүрэг гүйцэтгэх Тогтоол гүйцэтгэх газар болон Шийдвэр гүйцэтгэх газар гэсэн зохион байгуулалтын бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар 13 жилийн нүүр үзэж байна.

Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хууль зүйн сайдад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар олгогдсон эрхийг харгалзан үзэхгүйгээр хуулийг буруу ойлгон тайлбарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, мөн хуулийн 32.5.3-т заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлдээ маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч О ББСБ-ын ямар эрх , хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нь ойлгомжгүй байхад нэг талд шийдвэрлэж байгаа нь буруу байх бөгөөд 2010 оноос өнөөдрийг хүртэл хууль, шүүх эрх мэдлийн байгууллагад нэг асуудлаараа удаа дараа хандаж байгаа асуудлыг огт дурдахгүйгээр орхигдуулжээ.

Хэдийгээр О ББСБ нь дээрх асуудлаараа өмнө нь удаа дараа захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан ч тухайн үед шүүх эрх мэдлийн байгууллага уг асуудлыг хөндөж, хүчингүй болгож байгаагүйг харгалзахгүйгээр нэхэмжлэлийг хангасан нь буруу гэж үзэхээр байна.

Мөн журмын дээрх заалтыг хүчингүй болгосноороо О ББСБ-д ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхгүй гэж үзэж байгаа нь өөрөө ойлгомжгүй болсон.

Мөн Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн О ББСБ-д хариу өгсөн 3/478 тоот албан бичгийг үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 12 дугаар сарын 18-ны өдрийн 618 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг энэ хуулийн 83 дугаар зүйлд заасан урамшууллаас санхүүжүүлнэ, 83 дугаар зүйлийн 83.1-д Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиарурамшуулна, 83.2-т Энэ хуулийн 83.1, 83.2-т заасан урамшууллыг олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно. гэж тус тус заажээ.

Хуулийн 9.2-т иш татахдаа 83 дугаар зүйлийн аль нэг хэсэг, заалтыг иш татаагүй, харин 83 дугаар зүйлд заасан урамшууллаас гэж бүхэлд нь зааснаас үзэхэд 83.1-д заасан хувиар гаргуулсан урамшууллаас шийдвэр гүйцэтгэгчийг өөрийг нь урамшуулахаас гадна бусад ажиллагааных нь зардлыг санхүүжүүлнэ гэж ойлгохоор байна.

Иймд нэхэмжлэгчийн ... суутган авсан төлбөрөөрөө зөвхөн шийдвэр гүйцэтгэгчийг өөрийг нь урамшуулах ёстой гэх тайлбар үндэслэлгүй.

Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/181 дүгээр тушаалаар /2 дугаар хавсралт/ баталсан Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам-ын 1 дүгээр зүйлийн 1.3-т Энэ журмын 1.2-т заасан хувь хэмжээгээр суутгасан суутгалыг дараах зардлыг санхүүжүүлэхэд тус тус зарцуулна: 1.3.1. шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах; 1.3.2. шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх гэж тус тус тусгасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг зөрчөөгүй байна.

Учир нь тус журмын 1.2-т ... хуулийн 9.2, 83.1-д заасны дагуу энэ журмын 3.1-д заасан хувь хэмжээгээр суутгал хийнэ гэж заасан, мөн 3.1 дэх хэсэгт /Хүснэгтээр/ урамшууллыг хуваарилахдаа шийдвэр гүйцэтгэгчийн бодитойгоор биелүүлсэн төлбөрийн үнийн дүнгээс хамаарч урамшууллын хэмжээг 0.5-10 хүртэл хувиар тогтоож, уг тогтоосон хувь хэмжээний дотор шийдвэр гүйцэтгэгчид өөрт нь олгох урамшуулал болон шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд тус тус хуваарилсныг хуулийн 83.1, 83.3-д заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл хуулийн 9.2-т заасан шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардал гэсэн тодорхой бус ойлголтыг тодорхой бус чигээр нь уг журмын 1.3.2, 3.1 дэх хүснэгтийн 4 дэх баганад хэрэглэсэн байх тул хариуцагчийг улсын төсвөөс санхүүжих ёстой зардлыг шүүхийн шийдвэрээр төлбөр авч буй этгээдээс гаргуулахаар журамлаж бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Мөн хуулийн 83.1-д урамшууллын хэмжээг заахдаа 0.5-10 хувь хүртэл гэж сонгох боломжтойгоор заасан бөгөөд нэхэмжлэгч нь уг хувь хэмжээний дотор тогтоосон журмын дагуу шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал буюу шийдвэр гүйцэтгэгчийн өөрт нь олгох болон бусад үйл ажиллагааных нь зардлын нийлбэр дүнгээр төлөх үүрэгтэй. Уг журмаар хуульд заасан сонгох боломжийг хэтрүүлээгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал буюу дээрх зардлуудын нийлбэрийг хэрхэн хуваарилснаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхөөргүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэх байгууллагын зардал[1], шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны зардал[2], шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардал[3] гэсэн ойлголтууд байх бөгөөд эдгээрт чухам ямар зардлууд тус тус хамаарах талаар тусгайлан зохицуулсан эрх бүхий этгээдийн баримт бичиг байхгүй байна. Харин хариуцагчийн тайлбар болон Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 3/478 дугаар албан бичигт дурдсанаар эдгээр зардлыг давхардуулан авдаггүй байх бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй дээрх журмын маргаан бүхий хэсгүүдээр уг албан бичигт дурдсан зардлуудыг шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал-аас санхүүжүүлэхээр зохицуулаагүй байна.

Нөгөө талаас, уг журмаар шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд улсын төсвөөс санхүүжигдэх зардал хамаарч байгаа гэж үзвэл энэ нь шийдвэр гүйцэтгэгчид өөрт нь олгох хувь хэмжээн дээр нэмэгдэхээс бус харин нэхэмжлэгч журмын 3.1 дэх хэсгийн 2 дугаар баганад заасан уг хувь хэмжээгээр шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал төлөхгүй байх үндэслэл болохооргүй байна.

Урьд нь захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 104, 2011 оны 92 дугаар тушаалуудаар тус тус баталсан Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг суутгах, түүнийг хуваарилах, олгох журам-ын маргаан бүхий заалтуудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.2-т заасан шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардал гэсэн тодорхой бус ойлголтод хамаарах зардлыг тодорхойлон заасантай холбоотой маргаан байсан бөгөөд энэхүү маргааны хувьд хуулийн дээрх тодорхой бус ойлголтыг тодорхой бус чигээр нь журмын маргаан бүхий заалтад заасан тул нэхэмжлэгчийн хариуцагч нь шүүхийн шийдвэрийг удаа дараа зөрчиж байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 618 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2-т заасныг баримтлан О ББСБ-ын Хууль зүйн сайдын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Шийдвэр гүйцэтгэгчидурамшуулал олгох журам"-ын 1.3.2 дахь "Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх" гэсэн заалтыг болон мөн журмын 3.1 дэх төлбөр авагчаас суутгасан урамшууллыг хуваарилах тухай заалтын хүснэгтийн шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд төвлөрүүлэх суутгалын хэмжээ-г хувиар тогтоосон 4 дүгээр баганыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ