| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2022/0065/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/69 |
| Огноо | 2022-04-28 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/69
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,
улсын яллагч А.Баясгалан,
шүүгдэгч Ш.Батсайхан,
түүний өмгөөлөгч А.Отгонбаяр нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бордуул овогт Ширнэнгийн Батсайханд холбогдох эрүүгийн 2231000500072 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум 3 дугаар баг, Бугант тосгоны 2 дугаар байрны 1-07 тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил, 6 сарын хугацаанд хойшлуулсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялын тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Бордуул овогт Ширнэнгийн Батсайхан /РД:МТ88020811/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ш.Батсайхан нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэрт Улаан хясаа нэртэй газарт Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосон “Ойн сан бүхий газрын хилийн зааг, Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, 2015 оны 289дүгээр тогтоолоор тогтоосон Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах 0,12 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор Ерөө голын мөсийг цөмлөж, голын хөрснөөс ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 11,059,478 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ш.Батсайхан нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэрт “Улаан хясаа” нэртэй газарт 0,12 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор Ерөө голын мөсийг цөмлөж, голын хөрснөөс ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 11,059,478 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ш.Батсайхан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүгдэгч Ш.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө сум, Бугант тосгоны “Улаан хясаа” нэртэй газар алт олборлохоор очсон. Зөвшөөрөлгүй хууль бус ажиллагаа явуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.[1]
2.Хохирогч Л.Болормаа 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Би болсон хэрэг асуудлын талаар танилцлаа. Огт танихгүй хүмүүс байна. Ямар нэгэн найз нөхдийн харилцаа, садан төрлийн холбоо байхгүй. Манай Ерөө сумын хэмжээнд иргэдийн ажилгүйдэл бусад сумыг бодвол харьцангуй гайгүй. “Болд төмөр Ерөө гол” ХХК-д сумын иргэдийн дийлэнх хувь нь ажиллаж байгаа. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг[2],
3. Иргэний нэхэмжлэгч Г.Мөнхтулга 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Би найз болох Ш.Батсайханд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн “Hyundai-2900” маркийн экскаватораа түрээслүүлсэн. Гэтэл хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх хэрэгт Ш.Батсайхан холбогдож миний эзэмшлийн “Hyundai-2900” маркийн экскаваторыг битүүмжлүүлсэн байгаа тул иргэний журмаар өөрийн эзэмшлийн экскаватораа нэхэмжилж байна. Би өөрийн эзэмшлийн “Hyundai-2900” экскаваторыг 10-аад жилийн өмнө Улаанбаатар хотоос Бугант тосгонд ирж уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нэг залуу экскаваторын мотор цохиод ууланд орхитол хүмүүс тоночихсон байна, чи хямд үнээр авах уу гээд тухайн үед 2.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоогийн байдлаар би өөрийн эзэмшлийн “Hyundai -2900” экскаваторыг 12.000.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг[3],
4. “Эрдэнийн Ногоолин” ХХК-ний шинжээчийн дүгнэлт хэсэгт: Ш.Батсайханы байгаль орчинд учруулсан нийт хохирлыг хэмжээ 4,122.38 төгрөг байна.
Эвдрэлд оруулсан гэх 1228.58 м2 талбайд хохирлын төрлөөр эдэлбэр газарт учирсан хохирол 67,350.76 төгрөг, газрын хэвлийд учирсан хохирол 1,382,152.5 төгрөг, хөрсөн бүрхэвчинд учирсан хохирол 287,818.81 төгрөг, ургамлан хөмрөгт учирсан хохирол 37,243.04 төгрөг, усанд учирсан хохирол 2,347,816.38 төгрөг, нийт 4,122,381.48 төгрөг байна. Байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээ 4,122.38 төгрөг бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу үржүүлэн тооцоход 11,059.47 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[4],
5.Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актанд: “Иргэн Ш.Батсайханд холбогдох 1228.58 м2 талбайд экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн газрын хэвлийд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээг тооцож гарахад эдэлбэр газарт учирсан хохирол 67350.76 төгрөг, газрын хэвлийд учирсан хохирол 1,382,152.5 төгрөг, хөрсөн бүрхэвчинд учирсан хохирол 287,818.81 төгрөг, ургамлан хөмрөгт учирсан хохирол 37,243.04 төгрөг, усанд учирсан хохирол 2,347,816.38 төгрөг, нийт 4,122,381.48 төгрөг байна. Байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээ 4,122,381.48 төгрөг болж байна.
Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтанд заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байдаг тул иргэн Ш.Батсайханы байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлөх төлбөрийн хэмжээ нь 11,059,047 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[5],
6.2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн дүгнэлт хэсэгт: Гар аргаар хийсэн алт угаах төхөөрөмжийн зах зээлийн үнэ цэнийг 800,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт[6],
7.2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Hyundai-2900 маркийн загварын экскаваторын зах зээлийн үнэ цэнийг 2022 оны байдлаар 11,000,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[7], 8.Гэрч Х.Батболд, Г.Мөнхтулга, А.Амаржаргал, Д.Эрдэнэбулган, Д.Мөнхбат, Б.Цогтбаяр, Б.Мөнхдөл нарын мэдүүлэг[8], 9. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[9], 10.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[10], 11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 12.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[12] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.1, 4.3, 4.4, 4.5, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Батсайханы хууль бус ашиглалтаас өртөгдсөн эдэлбэр газарт учирсан хохирол 67,350.76 төгрөг, газрын хэвлийд учирсан хохирол 1,382,152.5 төгрөг, хөрсөн бүрхэвчинд учирсан хохирол 287,818.81 төгрөг, ургамлан хөмрөгт учирсан хохирол 37,243.04 төгрөг, усанд учирсан хохирол 2,347,816.38 төгрөг, нийт 4,122,381.48 төгрөг, нийт нэмэгдүүлсэн хэмжээгээр 11,080,000 төгрөгийг шүүгдэгч Ш.Батсайхан нь Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[13]
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжилсэн “Hyundai 2900” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Т.Мөнхтулгад буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 11,000,000 /арван нэгэн сая/-н төгрөгийг шүүгдэгч Ш.Батсайханаас гаргуулж, эвдэгдсэн газрын нөхөн сэргээлтийн зардал 2,671,137 төгрөгийг хор уршиг төлөхөд зарцуулж, илүү гарсан 8,328,863 төгрөгийг Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Ш.Батсайханд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Ш.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Батсайханд анхааруулсан болно.
Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан Бугант тосгоны захирагчийн албаны хашаанд байрлуулсан гар аргаар угсарсан алт угаах төхөөрөмжийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг Сидиг хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хадгалах нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.Батсайхан нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Батсайханд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Батсайханы хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Батсайханд анхааруулсугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.1, 4.3, 4.4, 4.5, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Батсайханы хууль бус ашиглалтаас өртөгдсөн эдэлбэр газарт учирсан хохирол 67,350.76 төгрөг, газрын хэвлийд учирсан хохирол 1,382,152.5 төгрөг, хөрсөн бүрхэвчинд учирсан хохирол 287,818.81 төгрөг, ургамлан хөмрөгт учирсан хохирол 37,243.04 төгрөг, усанд учирсан хохирол 2,347,816.38 төгрөг, нийт 4,122,381.48 төгрөг, нийт нэмэгдүүлсэн хэмжээгээр 11,080,000 төгрөгийг шүүгдэгч Ш.Батсайхан нь Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжилсэн “Hyundai 2900” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Т.Мөнхтулгад буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 11,000,000 /арван нэгэн сая/-н төгрөгийг шүүгдэгч Ш.Батсайханаас гаргуулж, эвдэгдсэн газрын нөхөн сэргээлтийн зардал 2,671,137 төгрөгийг хор уршиг төлөхөд зарцуулж, илүү гарсан 8,328,863 төгрөгийг Улсын төсөвт орлогод оруулсугай.
7. Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан Бугант тосгоны захирагчийн албаны хашаанд байрлуулсан гар аргаар угсарсан алт угаах төхөөрөмжийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан 1 ширхэг Сидиг хэргийн архивт хадгалах хугацааг дуустал хадгалсугай.
9. Шүүгдэгч Ш.Батсайхан нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ