Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/70

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч А.Хатанболд нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Агваанбалганы Хатанболдод холбогдох эрүүгийн 2131003740009 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, 1 дүгээр баг, Бумбат, тосгон гудамж, 12-1 тоотод оршин суух хаягтай, Боржигин овогт Агваанбалганы Хатанболд /РД:МУ76062373/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч А.Хатанболд нь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт 2021 оны 08 дугаар сард өөрийн маллаж буй малд нийлсэн иргэн Д.Амартүвшингийн 2 тооны хурга, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн маллаж буй малд нийлсэн иргэн Д.Амартүвшингийн 6 тооны бог мал нийт 8 тооны алдуул малыг иргэн Б.Цогбадрахад шилжүүлэн өгч завшсаны улмаас 595,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Хатанболд нь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт 2021 оны 08 дугаар сард өөрийн маллаж буй малд нийлсэн иргэн Д.Амартүвшингийн 2 тооны хурга, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн маллаж буй малд нийлсэн иргэн Д.Амартүвшингийн 6 тооны бог мал нийт 8 тооны алдуул малыг иргэн Б.Цогбадрахад шилжүүлэн өгч завшсаны улмаас 595,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч А.Хатанболд гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Хатанболд өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Д.Амартүвшин 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 18-ны орчимд ээж Алтанцэцэгийн хамт өөрийн бог малыг тоолсон юм. Тэгээд ээж бид хоёр бог малаа тоолоод дуусахад 15 тооны бог мал дутсан. Тоо зүсээр бодоод үзэхэд цагаан шилтэй бүдүүн эр хонь нэг, хар хурга нэг, хөх нүдтэй хурга нэг, цагаан шилтэй хурга нэг, эвэртэй цагаан шилтэй хурга нэг, цагаан оройтой, хар хүзүүтэй хурга нэг, цагаан шилтэй хурга нэг, бор халзан ишиг нэг, шар халзан шүдлэн хонь нэг, хонь хүзүүтэй хурга нэг, хязаалан хар ямаа үлдсэн 4 бог малын зүсийг нь сайн санахгүй байна ямар ч байсан бог малаа тоогоор нь үзэхэд 15 тооны бог мал дутаад байгаа юм. Тэгээд манай ээж 15 тооны бог мал дутлаа гэхээр нь би ээжид “яаж тийм ихээр алддаг юм та буруу тоолсон байх” гэж хэлчихээд урагшаа “Таван толгой” гэх газар руу адуунд явсан юм. Тэгээд би Таван толгойд байрлах айлын урдаас адуугаа олчихоод буцах замдаа Б.Цогбадрахын бог малыг эхнэр нь хариулаад явж байсан. Тэгээд би хонь хариулж явсан Цогбадрахын эхнэртэй уулзах гээд зогсож байтал манай эмтэй цагаан шилтэй бүдүүн эр хонь байхыг хараад “танай хонинд манай хонь байна, энэ ямар учиртай юм бэ? гээд асуухад “би мэдэхгүй, манай нөхөр Б.Цогбадрахтай уулз” гэж хэлсэн. Тэгээд би адуугаа гэрийн зүг эргүүлчихээд Б.Цогбадрахын гэрт очиж уулзахад би ойрд мал руу ойртоогүй дотор нь ямар мал байхыг мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Б.Цогбадрахад “манай хонь танай малд байна” гэж хэлэхэд “чи орой ирээд дотор нь байвал шүүгээд ав” гэхээр нь “за за” гэж хэлээд гэр лүүгээ явсан. Тэгээд би адуугаа туугаад гэртээ ирээд ээжид “манай мал Б.Цогбадрахын бог малд нийлсэн байна” гэж хэлэхэд манай ээж “одоо очоод шууд ав” гэхээр нь би аав Даваацэрэн, ах Нэргүй хоёрын хамт очоод Б.Цогбадрахын бог малыг шүүхэд манай 8 тооны бог мал байсан. Тэгээд өөрийн малыг ялгаж авахад цагаан шилтэй бүдүүн эр хонь нэг, хар хурга нэг, хөх нүдтэй хурга нэг, цагаан шилтэй хурга нэг, эвэртэй цагаан шилтэй хурга нэг, цагаан оройтой, хар хүзүүтэй хурга нэг, цагаан шилтэй хурга нэг, бор халзан ишиг нэг байсныг Цогбадрахын малаас аваад буцаад явсан. Тэгээд Б.Цогбадрахын бог малнаас өөрийн бог малыг ялгаж авах үед эвэртэй цагаан шилтэй хурга, хар хүзүүтэй хургыг цэнхэр будгийг ногоон будгаар дарж будсан, цагаан шилтэй нэг хургыг Б.Цогбадрахын эмээр эмнэсэн байсан. Одоо бог малнаас эвэртэй шар халзан шүдлэн хонь, хар хяаалан ямаа, хурга бусад дутсан 4 тооны бог малын зүсийг сайн мэдэхгүй байна. Манай бог малаас тоогоор 15 дутсан байснаас 8 тооны бог малыг Б.Цогбадрахын малнаас шүүж авсан” гэх мэдүүлэг[2],

3.Хохирогч Д.Амартүвшин 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Би цагаан шилтэй бүдүүн эр хонь 250,000, хар хурга 80,000, хөх нүдтэй хурга 80,000, цагаан шилтэй хурга 80,000, эвэртэй цагаан шилтэй хурга 80,000, цагаан оройтой, хар хүзүүтэй хурга 80,000, цагаан шилтэй хурга 80,000, бор халзан ишиг 50,000 болон дутсан эвэртэй шар халзан шүдлэн хонь 200,000, хар ямаа 150,000, хурга 80,000 төгрөгөөр үнэлж байна. Дээрхи бог малаас 6 хурга, 1 ишиг, 1 хонио очиж авсан одоо эвэртэй шар халзан шүдлэн хонь 200,000, хар хязаалан ямаа 150,000, хурга 80,000 төгрөгөөр үнэлж нийтдээ 430,000 төгрөг нэхэмжилж байна.Дутсан 4 тооны бог малаа сайн санахгүй байгаа болохоор одоо санаж байгаа 3 тооны бог малын өртгийг л нэхэмжилж байна. гэх мэдүүлэг[3],

4. Хохирогч Д.Амартүвшин 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Би он, сараа сайн санахгүй байна. Ямар ч байсан 2021 оны 08 дугаар сарын 20-д өнгөрөөгөөд Б.Цогбадрахын маллаж буй малаас шүүж байгаад өөрийн малын эмээр эмнэсэн эр хонь-1, хурга-6, ишиг-1 гэсэн нийт-8 тооны малаа эргүүлэн авсан. Тухайн 8 тооны малд “Ашид билгүүн” ХХК-ний шинжээч үнэ ханшийг нь тогтоогоод бүдүүн эр хонь 200.000, зургаан ширхэг хургыг 360.000 мянган төгрөгөөр, ишгийг маань 35.000 төгрөг гээд нийт 595.000 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн 8 тооны малыг Б.Цогбадрахаас эргүүлэн авсан тул ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хатанболд нь манай саахалт айлын хүн байгаа юм. Айл саахалт болоод 3 жил болж байна. Хатанболд нь хөгшин аав, ээжтэйгээ амьдардаг, яриа хөөрөө сайтай хүн байдаг. Тухайн асуудлын болсны дараа манай гэрт ирж уучлалт гуйсан. Одоогоор бид хоёрын дунд маргаан хэрүүл тэмцэл байхгүй. Би гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, манай суманд малын шүлхий өвчин гараад малаа авч хөдөө явах гэж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хохирол байхгүй тул шүүх хуралдаанд оролцох хүсэлгүй байна” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Б.Цогбадрах 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 18-ны орчимд би Дарханд явж байсан чинь Хатанболд ах над руу 99801086 дугаараас залгаад “чи хуц, ухнаа авахгүй юм уу, манайх хуц, ухнаа тавиад болчихсон” гэж хэлсэн. Тэгээд би “эрт сум руу явбал хуц, ухнаа авна” гэж хэлсэн. Тэгээд би Дарханд ажлаа амжуулаад буцаад сумын төвд 19 цагийн орчимд орж ирээд Хатанболд ах руу өөрийн 95370093 дугаараас залгаад би “жижиг машинтай очоод авах уу” гэж хэлэхэд Хатанболд ах “хуц, ухна тавьсан орны ишиг хурга өгнө жижиг машинд багтахгүй портертой хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн 74-59 СЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг унаад Хатанболд ахын гэрт очиход хуц, ухнаас гадна гурван хурга, хоёр хонь нэг ишиг ялгаад тавьсан байсан. Тэгээд би “энэ юун мал юм бэ?” гэж Хатанболд ахаас асуухад “чи энэ зургаан тооны бог малыг өөрийнхөө малд нийлүүлээд тавьчих, би будаж тэмдэглээд явуулья, би чамд нэг хургатай хонь өгье” гэж хэлсэн. Тэгээд зургаан тооны бог малаас хоёр хургыг нь ногоон будгаар нурууны хэсэгт будаад надад өгөх хургатай хонь, нэг эр хонио будаагүй байсан. Тэгээд Хатанболд ах өөрийнхөө хотноос хурга, ишиг хуц, ухна хариулсан гэж хөлсөнд өгсөн. Тэгээд манай малд тавих хоёр хургаа будаад ишгийг нь будсан эсэхийг санахгүй байна. Үлдсэн том эр хонийг нь “би удахгүй ирж авна, гэхдээ хүн мал худалдаж авъя гэж ирвэл 250,000 төгрөгөөр зарчихаарай” гэж байсан. Тэгээд би хуц, ухнаас гадна 4 хурга, 2 ишиг, сувай бүдүүн хар толгой, хар цээжтэй эм хонь, хар толгойтой бүдүүн эр хонь нийт 10 бог мал Хатанболд ахын хотноос ачаад тосгоноос Дөхөмд байрлах өөрийнхөө өвөлжөөнд зөөж өөрийнхөө малд нийлүүлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 19-ний 11 цагийн орчимд манай сумын Маамуу гэх залуу манай гэрт ирээд би адуу хайгаад явж байсан чинь “танай хоньтой таараад танай хонинд манай эмтэй мал байна” гэж хэлэхээр нь би “18 цагийн орчимд малаа хашаална, чи ирээд шүүгээд үзээрэй” гэж хэлсэн. Тэгээд Маамуу гэх залуу яваад 15 цагийн орчимд машинтай ирээд “одоо малаа шүүгээд үзье” гэхээр нь би эхнэрээ Маамуутай явуулсан. Тэгээд манай эхнэртэй малаа очиж шүүгээд өмнөх өдөр нь Хатанболд ахаас очиж авчирсан бүх малыг ялгаад “манай мал байна” гээд ачаад явсан. Би тухайн үед Маамуу гэх залууд Хатанболд ах надад “хуц, ухнатай өгч явуулсан, мал би сайн мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд Маамуу малаа ялгаж авч яваад би Хатанболд ах руу залгаад “таны ачуулсан мал Маамуу гэх залуугийн мал байна, та юу ачуулаад байгаа юм бэ?” гэж хэлэхэд Хатанболд ах “аль айлын мал нийлэх, салахыг тэр гэдгийн гээд миний мал дутаж л байдаг” гээд утсаа салгасан. Тэгээд дараа нь 2021 оны 10 дугаар сарын 27- ны орчимд Хатанболд ахтай таарсан чинь “ёстой муухай юм боллоо ахаасаа хавар нэг хургатай хонь аваарай” гэж байсан. Би Хатанболд ахыг танина, нэг голд зусдаг, садан төрлийн холбоогүй. 2021 оны 09 дүгээр сарын 26-наас Хатанболд ахын “бог малыг 20 хоног хадлангийн ажил дуустал хараад өг, би чамд нэг портер өвс, 5 тооны хурга өгнө, эсхүл чамд 3 хоног өвс хадаж өгнө” гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 09 дүгээр сарын 26-наас 2021 оны 10 дугаар сарын 06-ны орчимд бог малыг нь буцааж өгсөн. Тэгээд надад өвс өгч чадахгүй нь оронд 7 хурга өгсөн. Надад өгсөн 5 хурга нь өөрийнх нь хурга байсан үлдсэн 2 хурга нь Маамуу гэх залуугийн хурга байсан. Тэгээд би надад өгсөн Хатанболд ахын өгсөн хургануудыг өөрийн малын эмтэй адилхан эмнэх гэтэл 4 хурга нь чихгүй хулгар байсан болохоор эмнээгүй, үлдсэн гурван хурганы хоёрыг нь зөв чих хойноосоо ухам эмээр эмнэж, нэг хургыг эмнээгүй байсан.” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч О.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би нөхөр Цогбадрах, охин Ц.Амин-Эрдэнэ хоёрын хамт Дархан руу хадам ах Уугантөмөрийн машины сэлбэг янзлуулах гээд явж байсан юм. Тэгээд орой Дарханаас суманд ирж хадам ах Уугантөмөрийг гэрт нь буулгачихаад гэртээ орж ирээд байж байтал манай нөхөр Ц.Цогбадрах надад Хатанболд “хүний хуц, ухна хариулсан өртөг айлд хүргээд өг” гээд дуудаад байна гэхээр нь нөхөр, охин бид гурав портероо унаад Хатанболд ахын гэрт очсон. Тэгээд бид гурав Хатанболд ахын гэрийн гадаа очиход манай нөхөр бууж охин бид хоёр машиндаа үлдсэн. Тэгээд манай нөхөр Хатанболд ахын гаднаас цөөн тооны бог мал ачаад бид гурав Хатанболд ахын гаднаас хөдөлсөн. Тэгээд би нөхөр Б.Цогбадрахаас “Хатанболд ах юун мал ачуулаад байгаа юм бэ” гэхэд манай нөхөр Б.Цогбадрах “хуц, ухна хариулсан өртөг, Ганбаярт хүргээд өгчих гэнэ. Мөн хэдэн хурга хавар болтол маллаад жаахан таргалуулаад өг” гээд өгч байна гэсэн.Тэгээд би нэг их тоогоогүй гэртээ харьсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би хониндоо явж байсан чинь Амартүвшин морьтой ирээд “энэ хоёр хонийг хаанаас авсан юм бэ” гээд надаас асуухаар нь би “мэдэхгүй Цогбадрахаас асуу” гэсэн чинь яваад өгсөн. Тэгээд нэг удалгүй Амартүвшин машинтай ирээд Хатанболд ахын гэрээс ачиж ирсэн 8 толгой бог мал ачаад явсан. Тэгээд би Хатанболд ахыг хүний мал бид хоёрт өгч явуулсан гэдгийг мэдсэн. Урд өмнө бид хоёрт Хатанболд ах мал авчирч өгч байгаагүй. Нөхөр бид хоёр Хатанболд ахын малыг хэсэг хугацаанд хариулж өгч байсан. А.Хатанболд ах хадлангийн үеэр бид хоёроор хонио хариулуулаад бид хоёрт төл мал өгөх ёстой байсан юм. Өөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч А.Цэцэгдарийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай дүү А.Хатанболд нь 1976 оны 06 дугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин гэдэг газарт Агваанбалган, Дэжидмаа нарын дөрөв дэх хүү болон мэндэлсэн. Манай дүү Хатанболдын бага ахуй нас нь Жавхлант сумын цэцэрлэгт хүмүүжиж, 1984-1992 оны хооронд ЕБСургуулийг төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Манай дүү Хатанболд нь 2000 онд Гунахүүгийн Баянжаргал гэх хүнтэй гэр бүл болж байсан. Миний дүү Хатанболд зан байдлын хувьд төлөв даруу, хүнд тусархуу, цагаан цайлган зантай, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүн байгаа юм. Миний дүү Хатанболд одоогоор өндөр настай аав Агваанбалган, ээж Дэжидмаа нарыг асарч Жавхлант сумын 1 дүгээр баг, Тосгон гэх газарт оршин сууж байна. Миний дүү Хатанболд бусдаас хулгай хийгээд байхаар муу амьдралтай биш өөрийн гэсэн малтай, машинтай тухайн үед яагаад буруу бодол төрж хүний авч өөр хүнд өгөх ёсгүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч О.Алтанцэцэгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би бог малаа тоолоход нэг их зөрөө гараагүй тоогоо сайн санахгүй байна дэвтэр бичсэн байсан. Сүүлд манай худ Хүрэлбаатар 18 хурга малд нийлүүлсэн байж байгаад 2 хурга нь зуны бороонд үхээд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 16 хурга авч явсан. Тэгээд манайд өөр хүний тавиул мал үлдээгүй учир өөрийн малыг тоолоход 20 орчим толгой бог мал дутсан. Тэгээд ганц нэгийг нь идчихээд мартсан байж магадгүй гэж бодоод хаясан. Тэгээд малаа тоолох үед зүс мэдэх хэдэн бог мал үгүйлэгдээд байсан болохоор хүү Амартүвшинд 15 тооны хурга, ишиг мал дутаад байна гэж хэлэхэд манай хүү Амартүвшин “юу гэж тийм ихээр дутаж байдаг юм бэ?” гээд морь унаад адуундаа явсан. Тэгээд манай хүү адуундаа яваад буцах замдаа айлын бог малын захад өөрийнх нь зүстэй малтай таараад яагаад манай мал энд байдаг билээ гээд нөгөө айлаас өөрийн зүстэй 8 тооны бог малаа ачиж авчирсан. Тэгээд малаа шүүгээд үзэхэд 1 хургыг эмнээд бусдыг нь будаг түрхээд тэмдэглэсэн байсан. Манай хүү Амартүвшин Б.Цогбадрахаас 8 толгой бог малаа буцааж авсан одоо 7 тооны бог мал дутаж байна. Миний мэдэж байгаагаар хар ямаа, шар халзан гуна хонь, сээр хэсэгт хар толботой эм хонь бусдыг нь сайн санахгүй байна” гэх мэдүүлэг[8],

9.2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ний ТХҮ-821/2369 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Бүдүүн эр хонь 1 ширхэг 200,000 төгрөг, хурга 6 ширхэг 360,000 төгрөг, эм хонь 2 ширхэг 340,000 төгрөг, ямаа 1 ширхэг 130,000 төгрөг, ишиг 1 ширхэг 35,000 төгрөг 2021 оны байдлаар нийт 1,065,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[9],

10.Шүүгдэгч А.Хатанболдын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд мал аж ахуй эрхэлж амьдардаг юм. 2021 оны 08 дугаар сарын сүүлчээр манай малд 2 ширхэг хурга /хөх шанаатай нөгөөх нь хар толгойтой/ нийлж ирсэн. Тухайн 2 хурга манай малд ирээд хоёр хоносны дараа манай ээж Дэжидмаа надад “айлын малыг малаасаа хөө, өөрийнхөө малтай нийлүүлэхгүй” гэж хэлсэн. Удалгүй Цогбадрахыг манай гэрт ирэхээр нь “чи энэ хоёр хургыг ав” гэж хэлсэн. Манай малын бэлчээрийн урд хэсэгт Амартүвшин гэдэг айл байдаг юм. Манайхны гэр их ойрхон би урьд өмнө хэд хэдэн удаа Амартүвшинд “чи малаа цаашаа хариулж бай, мал чинь манайхтай нийлчих гээд байна” гэж хэлж байсан. Гэтэл удалгүй 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай малыг дагаад хар толгойтой эр хонь тэргүүтэй 3 хурга, 1 эр хонь, 1 улаан ишиг дагаж ирсэн байсан. Би тухайн орой нь малаа хашихдаа нөгөө 5 хонийг тусад ялгаж хониноосоо хөөгөөд хонио хашсан ишиг байгаа үгүйг нь тухайн үед анзаараагүй. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 18-ны өглөө манай малын хашааны урд миний урд өдөр нь хөөсөн 5 хонь ирээд хэвтэж байсан. Би нээх их юм бодоогүй хоньтойгоо нийлүүлээд бэлчээрт гаргаад явуулчихсан. Өдөр нь малаа эргүүлж яваад цагаан хөлтэй улаан зүсмийн ишгийг анзаарч харсан. Тухайн өдрийн орой манай гэрт Цогбадрах надаас өөрийн худалдаж авсан хуц, ухнаа авахаар ирсэн. Цогбадрахыг хуц, ухнаа аваад явах үед нь би түүнд би манай малд нийлсэн байсан хар толгойтой эр хонь тэргүүтэй 3 хурга, 1 эр хонь, 1 улаан ишгийг өгч явуулаад “чи 1 охин хурга, 1 охин хонийг нь чи ав, үлдсэнийг нь байлгаж байгаарай эр хонийг нь хүн авна гэвэл зарчихаарай” гэсэн. Тийм л зүйл болсон юм. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна” гэх мэдүүлэг[10], 11.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[11], 12.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[12], 13. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [13], 14.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[14], 15.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[15], 16.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16], 17.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[17] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Хатанболдын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч А.Хатанболд нь хохирогч Д.Амартүвшинд 595,000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирлыг нөхөн төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч А.Хатанболдод эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын нөхөн төлсөн” болохыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хатанболдод 6 /зургаа/-н сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч А.Хатанболдод оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас түүнийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

Шүүгдэгч А.Хатанболд нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигин овогт Агваанбалганы Хатанболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хатанболдод 6 /зургаа/-н сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч А.Хатанболдод оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас түүнийг чөлөөлсүгэй.

4.Шүүгдэгч А.Хатанболд нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

   

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.АМАРГЭРЭЛ