Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2017/ШЦТ/180

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Хохирогч *******,

Шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******т холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 81 дүгээр байрны 1 давхарын 01 тоотод 2017 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 1 сар 3 хоногтой ******* гэгч нь амьсгалын дээд зам ам, хамар дарагдсаны улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан гэмт хэрэгт шүүгдэгч А.******* нь холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд; Шүүгдэгч А.******* нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 01-ний орой 22 цагийн үед талийгаач Ханхүү нь унтаад өгөхөөр нь эхнэр ******* бид 2 хажуугаар нь унтсан. Харин ээж Наранцэцэг шөнө 23 цагийн үед орж ирээд том өрөөнд унтсан. Шөнө 01 цагийн үед унтаж байх үед талийгаач хүү сэрээд уйлагнаад, шээж баасан байхаар нь эхнэр бид 2 хуурайлаад би 1 минут орчим бүүвэйлж байгаад эхнэр хөхөө хөхүүлнэ гээд авсан. Би унтаад өгсөн нээх удалгүй талийгаач хүү эхнэр 2 миний хажуугаар хэвтсэн. Өглөө 06 цагийн үед байхаа эхнэр намайг сэрээж хүүхдээ хардаа хүүхэд сонин болчихлоо нүүр нь хөхөрсөн байна гэхээр нь би босоод хартал нүүрний тал хэсэг нь хөхөрсөн, хамарнаас бага зэргийн цус гарсан байхаар нь ээжийг дуудаад түргэн тусламж дуудсан. Удалгүй эмч ирж үзээд цээж хэсэгт массаж хийх үед хамарнаас их цус гарч байснаа эмч нас барсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-н 37-39/ Гэрч Н.Цэрэнпагмын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 06 сарын 02-ны өдрийн 06 цаг 30 минутанд 103 дугаарын утсанд дуудлага ирсэн юм. Тус дуудлагын дагуу Баянхонгор сумын 81 дүгээр байранд 06 цаг 33 минутанд очиход гэрт талийгаачийн аав, ээж, эмээ нь байсан. Талийгаач хүүхдийг ээж нь тэвэрсэн байдалтай орон дээр сууж байсан. Талийгаачийн биед үзлэг хийхэд бүх бие нь хөхөрч цайсан, хөшсөн байдалтай байсан. Би бодохдоо 20-30 минутын өмнө нас барсан байх гэж бодсон, Талийгаачийн хамарнаас нь хөөстэй цус гарсан байсан, Ээж нь болохоор хүүхэд уйлж байсан гэсэн ойролцоогоор 05 цагийн үед байх тэгээд 06 цагийн үед үзэхэд хүүхэд амьсгалгүй болсон байна гэж дуудлага өгсөн юмаа гэж хэлсэн. Намайг үзэхэд хүүхдийн амьсгал зүрх зогссон амьдын шинжгүй байсан юм.Зүрхний шууд бус иллэг хиймэл амьсгал 30x2 хэмжээгээр 2 удаа хийсэн юм. Амилуулж тусламж хийсэн боловч тухайн үед эргэх боломжгүй болсон байхаар нь гар бүлийнхэнд нь тайлбарлаж өгөөд эмнэлэгт ирж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би талийгаачийн ээжээс нь танай хүүхэд ханиад хүрсэн байсан уу? мөн өвдсөн байсан уу гэхэд тэр өвдсөн зүйл байхгүй эь эрүүл хүүхэд байсан гэж хэлсэн, Нярайн биед тууралт байхгүй байсан. Тууралтаас үүсэлтэй амьсгалын хурц дутагдалд орох боломжгүй. Талийгаачийн оношийг гэнэтийн нас баралт, зүрх зочмогоор зогсолт, амьсгалын замын бөглөрөл байж магадгүй гэж онош тавьсан. Талийгаачийн ээжийнх нь хэлснээр зөв зүгээр өглөө 05 цагийн үед уйлж байгаад бараг цагийн дараа нас барсан байхаар нь гэнэтийн нас баралт гэж үзсэн юм. Амьсгалын замын бөглөрөл үүссэнийг болохоор хамарнаас цус гарсан байхаар нь тэгж үзсэн. Цус нь хөөстэй улаан өнгөтэй байсан гэх мэдүүлэг /хх-н 84-86/

Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Тухайн өдөр ажлын өдөр байсан. Би тус өдрийн 08 цаг 30 минутанд ирж ээлжээ авахад А.******* нь төрхийн өмнөх өрөөнд төрөлтийн нэгдүгээр үеийн өвдөлт өгсөн хэвтэж байсан юм. Би тухайн үед *******ын амин үзүүлэлтүүдийг хянаж хүлээж авсан юм. Тухайн үед амин үзүүлэлт болон ургийн зүрхний цохилт зэргийг үзэхэд хэвийн байсан юм. 2017 оны дүгээр сарын 29-ний өдрийи 10 цаг 50 минутын үед эх, эрүүл саруул хүүхэд төрүүлсэн, хүүхэд төрөнгүүтээ уйлсан, арьс нь ягаан өнгөтэй, хүүхэд 10 валлтай төрөхөөс 8 валттай төрсөн юм. Хүүхэд уйлна гэдэг нь өөрөө амьсгалтай байна гэсэн үг юм. Төрөлтийн явцад умай агшаах тариа тарьсан өөр нээх эм тариа хэрэглээгүй Хэвийн төрөлт байсан учир янз бүрийн зүйл хэрэглээгүй. Одоо бүх зүйлийг сайн санахгүй байна. Төрөнгүүтээ хянах өрөөнд хянахад ангир уургаа амласан эхийгээ хөхөж байсан. 2 цагийн дараа нярай эмч болох Тоджаргал эмчид үзүүлсэн юм. Тухайн үед нярайд викасол цус тогтоох үйлчилгээтэй тариаг хийсэн юм Бусад зүйлсийг Тоджаргал эмч сайн мэдэж байгаа байх. Мөн манай байгууллагаас холбогдох төрөлтийн түүхэд бүх зүйл тодорхой бичигдсэн байгаа гэх мэдүүлэг /хх-н 87-88/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинижилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 39 дугаартай: Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь амьсгалын дээд зам ам хамар дарагдсаны улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлт / хх-ийн 47-49/ -хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зураг /хх-ийн 7-13/ -цогцосны биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 14-24/ -эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 33-35/ -А.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 60-61/ -талийгаачийн төрсний болон нас барсны гэрчилгээний хуулбар, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар /хх-ийн 71-78/ -А.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/ -төрөлтийн түүхийн хуулбар /хх-ийн 94-130/ -жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт /хх-ийн 132-141/ Шүүгдэгч А.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 онь 06 дугаар сарын 01–ний өдрийн орой 17 цагаас хойш талийгаач хүү Ханхүү нь уйлагнаад байсан. Хоолой нь өвдөж байгаа юм шиг уйлж байгаад орой 22 цагийн үед жижиг өрөөнд орон дээр унтсан. Тухайн үед манай хадам ээж Наранцэцэг том өрөөнд унтсан. Харин жижиг өрөөнд нөхөр талийгаач хүү ******* нарын хамт унтсан. Талийгаач хүү Ханхүү нь цонхон талын захад унтсан бөгөөд би хажуугаар унтаж миний ард талд нөхөр бид 2 унтсан би талийгаач хүү Ханхүү нөхөр хоёрын дундуур унтсан юм. Шөнийн 01 цагийн үед талийгаач хүү ******* нь уйлаад байхаар нь босоод харахад өлгийндөө шээж баасан байхаар нь хуурайлаад хөхөө минут орчим хөхүүлэх үед хүүхэд унтсан байсан. Тэгээд би бас унтаад өгсөн. Тэрнээс хойш шөнөдөө талийгаач хүү Ханхүү нь сэрээгүй хөхөө хөхөлгүй 06 цаг болоод би гэнэт сэрээд хартал талийгаач хүүгийн 1 тал нь хөхөрсөн хамарнаас цус гарсан ухаан орохгүй амьсгалгүй болсон байхаар нь нөхөр хадам ээж хоёрыг дуудаж босгоод түргэн тусламж дуудсан. Удалгүй 20 орчим минутын дараа эмч ирж үзээд цээжин дээр нь дарж массаж хийгээд байх үед хамарнаас цус гараад байсан. Эмч хүүг үзэж байгаад нас барсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг/хх-н 57-59/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Адъяадолгоыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.******* нь өөрийн үйлдлийн үр дагаварыг анхаарах, болгоомжтой байж харах ёстой байсан ч уг боломжийг харж чадаагүйгээр болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шийдвэрлэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч А.*******т ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт үйлдэл болох болсон шалтгаан, өөрийн хувийн байдал зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Шүүх шүүгдэгч А.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулалгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч А.*******ын эзэмшлийн ай понь 6 маркийн гар утасыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч А.*******ыг нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 8 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахгүй болохыг мэдэгдсүгэй.

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч А.*******т хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Адъяадолгоын эзэмшлийн ай понь 6 маркийн гар утасыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******т хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ