Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 11

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд

          Прокурор Д.Ганчимэг

          Шүүгдэгч Б.М

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбат

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан  хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбатын  давж заалдах гомдлоор Б.М д холбогдох 1829001570114 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын ...............................газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Заяабуянт овогтой Б.М  регистрийн дугаар /РД: ....................../

Шүүгдэгч Б.М  нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн зүүн хойно байрлах “Морины овоо” гэх газарт 2018 оны 06 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө бага насны хүүхэд болох 13 нас 2 сартай Д.Б  г хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

              Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын нэгдүгээр прокурорын газраас Б.М ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.                  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:  Шүүгдэгч Б.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан, ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д оногдуулсан 6 жилийн хугацаатай хорих ялыг 21 нас хүртэл нь сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мө гаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс болох 2500000 төгрөгийг хангаж, үлдэх 14000000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийг зохих  баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.М  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.М өөс насанд хүрээгүй хохирогч Д.Б  , түүний хууль ёсны төлөөлөгч Б.Мө  нарт нэхэмжилсэн хохирол төлбөрт 2500000 төгрөг төлсөн, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.М ий иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн дээл 1 ширхэг, хэрэглэсэн бэлгэвч 1 ширхэг, 2 хэсэг 00-ны цаас, хохирогч Д.Б  гийн өмсөж явсан гэх цагаан өнгийн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн хөхний даруулга 1 ширхэг, ногоон эрээн богино шорт 1 ширхэг, хар өнгийн пүүз 1 хос, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, Д.Б  , Б.С  нарын биеэс авсан наалдац 4 ширхэг, арчдас 4 ширхэг, Б.С , Б.М , Х.Д  нарын өмсөж явсан 3 ширхэг дотоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.М д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

          Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  ... “Б.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулах ёстой байсан 12 жилээс дээш хугацаагаар хорих ялыг 6 жилийн хугацаагаар хорих ял болгон шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

            Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэснээс үзэхэд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн бага хэмжээ буюу 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Гэвч тусгай ангид заасан хорих ялаас чухам яагаад 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон нь тодорхойгүй, үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулах ялын хэмжээг тогтоолгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Миний үйлчлүүлэгчийг 13 настай болохыг мэдэж байсан боловч түүнийг хүчиндсэн этгээдийг 18 нас 10 сартай гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг нь үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн шийдвэрлэсэнд хохирогч, түүний төлөөлөгч гомдолтой байна. Б.М  нь 12-20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэд хүчиндсэн, хариуцлага хүлээх болохоор өөрийгөө хүүхэд, юм бүхнийг мэдээгүй, таниагүй гэж байгаа нь шударга бус байна.

Шүүх хуралдаанд тэрээр хохирогчид хүч хэрэглээгүй, сайн дураараа, харилцан тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харилцаанд орсон гэх байдлаар мэдүүлсэн. Үүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх эсэх нь эргэлзээтэй. Бага насны хүүхдийг хүч хэрэглэн хүчирхийлнэ гэдэг бол хүний ёсонд байж боломжгүй, жигшүүрт хэрэг бөгөөд ийм ч учраас хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хууль дахь хамгийн хүнд ял шийтгэхээр заасан.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д иргэний нэхэмжлэлийн үнийн дүнгээс 14 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон үндэслэлээ шүүх шийтгэх тогтоолдоо тодорхой тайлбарлаагүй, иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь үндэслэлгүй.

Б.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулах, иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх агуулга бүхий өөрчлөлтүүдийг шийтгэх тогтоолд оруулна уу” гэжээ.

            Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:          

  Гэм буруугийн шүүх хуралдаанаар тогтоогдсон 2500000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж 12 жилийн хугацаагаар хорих ялын саналыг анхан шатны шүүх бүрэлдэхүүнд оруулсан.  Шүүх эрх хэмжээний хүрээнд хуулийг буруу хэрэглээгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн сэтгэл санааны хохиролд 14 сая төгрөгийг нэхэмжлэхээ илэрхийлсэн. Насанд хүрээгүй хохирогчийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж саналаа илэрхийлж ирсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч нь нотлох баримт шаардахгүйгээр 5 сая төгрөгийг төлье гэдэг байдлаар прокурорын шатанд чөлөө авч хохирол төлбөрийн мөнгийг бэлдэж ирсэн байхад өмгөөлөгч нь  шүүхийн хэмжээнд тогтоогдсон мөнгийг төлүүлнэ гэсэн байр суурьтай ирсэн. Гэм буруугийн шүүх хуралдаанд 2500000 төгрөгийг бэлнээр тоолж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.                                                    

Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт  18 наснаас 21 насны хүнийг зарим тохиолдолд өсвөр насны сэжигтэн, яллагдагчтай адил эрх зүйн байдлыг авч үзээд оногдуулсан хорих ялыг  50 хувь хөнгөлөх хуулийн зохицуулалт байгаа. Гэхдээ энэ заалтыг хэзээ, ямар үед хэрэглэх ёстой юм, ямар нотлох баримттай хэрэглэх ёстой вэ гэхээр шүүгчийн дотоод итгэлээс гадна нотлох баримт шүүгдэгчийн биеийн физиологи болон сэтгэхүйн хүмүүжлийн онцлог өөрсдийн түвшинд ямар байгааг хэдэн настайг мэргэжлийн байгууллагаар тогтоогдсоны үндсэн дээр энэ зохицуулалтыг хэрэглэдэг. Нотлох баримтгүйгээр ялыг их хэмжээгээр багасгаж байгаа нь хуульд нийцэхгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйчийн гаргасан дүгнэлтээр хохирогчийн сэтгэл зүйд хохирол учирсан байна. Цаашид энэ учирсан хохирлыг барагдуулахын тулд хүүхдийн сонирхлыг хөгжүүлэх, олон нийтийн арга хэмжээг авах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийн дагуу аяллын компаниудтай санал солилцоод нэг компаниас санал ирсэн. 2700000 төгрөгийн үнэтэй Хайнань, Хонконг /диснейлэнд/-ийн аяллын зардлын баримт ирсэн. Энэ баримтыг үндэслэн хүүхэд ганцаараа  явах боломжгүй учраас харгалзан дэмжигчтэй явуулж, цаашид нийгэмд төлөвшүүлэх, энэ нь хүүхдүүдэд  сайн сайхныг зориулдаг хүмүүс байдаг гэдгийг ухамсарлуулж, ойлгуулах нь хүүхдийн ирээдүйн амьдралд хэрэг болох юм гэж үзээд аяллын хөтөлбөрт санал гаргасан баримтыг хавтаст хэрэгт хавсаргуулсан байгаа. Энэ хүүхдийн амьдралд тохиолдсон хар бараан зүйл нь насан туршдаа дагах байх. Энэ хохирол хэзээ ч арилахгүй гээд үлдээж болохгүй. Хохирогчийн хохирлоо бага зэрэг хөнгөлөх хэмжээний ажлыг хийх хэрэгтэй. Хохирогчийн хохирол бүрэн арилгахгүй хэдий ч тодорхой хэмжээгээр багасгах арга хэмжээг зайлшгүй авах ёстой. Ар гэрийн зүгээс 14 сая төгрөг аваад аялалд явуулаад энэ асуудал дуусаж байгаа зүйл биш. Хохирогчийг гэр бүлтэй нь хамт явуулах нь сэтгэл санааны хувьд эерэг нөлөөтэй. Иймд гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Насны байдлаас харахад Б.М ий хувьд 18 нас 10 сартай учраас энэ бүлэгт заасан өсвөр насны хүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гол үндсэн нөхцөл нь энэ заалтаар шийдвэрлүүлэх боломжтой, эрх зүйн үндэслэлтэй. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар өөрийн дотоод итгэлээр үнэлж ялыг оногдуулж 2 дахин багасгаж 6 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлтэй. Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүлэгт 18 наснаас 21 насны хүнд хэрэглэж болно гэж заасан. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байж энэ зүйл хэсэгт заасан бүлгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно гэсэн хуулийн заалт тусгайлан оруулж өгөөгүй. Ерөнхий заалтыг оруулж өгсөн учраас шүүх өөрийн дотоод итгэлээр тухайн хүнд ямар ял оногдуулж болох вэ гэдгийг нээлттэйгээр хуульчилж өгсөн. Анхан шатын шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй. Хохирогчид хэдий хэмжээний төгрөг орохыг ялгаж салгаад шүүх хөнгөрүүлвэл манай талаас заавал маргаж, мэтгэлцэх шаардлагагүй. Нэг удаагийн явалтаар энэ хүний сэтгэл засал эмчлэгдэнэ, цовоо сэргэлэн болно гэсэн баталгаа байвал өөр өнцгөөс харж болно. 14 сая төгрөгийг шийдсэн шүүхийн шийдлээр дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй гэв.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбатын бичсэн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

         Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

          Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ...шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл хэмжээ, мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан ...хорих ял оногдуулсан хүний ял эдлэх хорих байгууллагын дэглэм зэргийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэсэн шаардлагыг хангаагүй байна.

              Шүүгдэгч Б.М  нь гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд 18 нас 10 сартай байсан, түүнд ял шийтгэл оногдуулахдаа түүний нас, бие, ёс суртахуун, сэтгэцийн онцлог байдлыг харгалзан, мөн цаашид нийгэмд өөрийн байр суурийг олох, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй гэж анхан шатны шүүхээс дүгнэлт хийж Б.М д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан, ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн Эрүүгийн хуулийн зарчим болон мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан ...гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.

            Б.М ий зан байдал, хүмүүжлийн талаар мэдүүлсэн гэрч Х.Д гийн ...манай найз шударга, сайхан ааштай, алиа зантай /хх-70/, Н.Батчимэгийн ...хүү маань даруу төлөв зан ааштай, ээж, дүү хоёртоо туслаад ахуй амьдралаа авч явдаг, элдэв муу ааш араншингүй хүүхэд байгаа юм /хх-86/ гэсэн мэдүүлгүүд, Шүүх сэтгэц гэм судлалын 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 21/18 дугаартай дүгнэлтэд ...магадлуулагч Батчимэг овогтой Мөнгөн нь сэтгэцийн хувьд эрүүл, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай /хх-120-122/ гэсэн байна.

            Б.М ийг бие бялдар, оюун ухаан, сэтгэхүйн хөгжил нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын мөн чанарыг бүрэн гүйцэд ойлгох хэмжээнд хөгжөөгүйг нотолсон баримт хэрэгт байхгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан тусгай журмыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.  

           Анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, мөн хуулийн  6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухай” хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдлыг  хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

           Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул “Б.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулах, иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх агуулга бүхий өөрчлөлтүүдийг шийтгэх тогтоолд оруулах тухай” хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

            2. Б.М д холбогдох 1829001570114 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

            3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.М д урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

           

 

      

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                Т.БЯМБАЖАВ