Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 110/ШШ2020/0059

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Б.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл,

 Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай”, мөн оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаартай ”Шийдвэр хүчингүй болгох тухай”  тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй байгаа салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх тогтоолуудын хэрэгжилтийг нь хангахыг салбар зөвлөлд даалгах тухай”, “Салбар зөвлөлийн 2019 оны 18,19 дугаартай тогтоолуудын 2 дахь заалтын дагуу ажлын байраар хангагдах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын салбар зөвлөлийн гаргасан 2016 оны 18, 19 дугаартай  тогтоолуудын биелэлтийг хангахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тогтоолуудын биелэлтийг нь хангахыг тус газрын даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2013 оны 9 дүгээр сард зохион байгуулагдсан төрийн албаны мэргэжлийн шалгалтад  орж тэнцэж, улмаар Төрийн албаны зөвлөлийн мөн оны 10 дугаар сарын  17-ны өдрийн  167 тоот тогтоолоор аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн  хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнээр  томилуулахаар нэр дэвшүүлснээр  тус хэлтсийн даргын  2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/64 тоот тушаалаар уг орон тооны ажилд томилогдож төрийн захиргааны жинхэнэ албан хаагч болсон билээ.

Уг орон тоо нь 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн сайдын тушаалаар хасагдаж, намайг тухайн үед байсан сул орон тооны ажилд тус хэлтсийн дарга асан Х.Хавшан нь 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Б/04 тоот тушаал гаргаж томилсон ба уг орон тооны ажил мөн оны 6 дугаар сарын 29-ний өдөр мөн сайдын тушаалаар хасагдсан болно. Хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний газраас энэ үе хүртэлх  цалин хөлсийг  гаргаж өгч, нийгмийн даатгалын шимтгэлийг 2017 оны 10 дугаар сард Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга өөрийн гараар шилжүүлэн өгч, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0019 тоот шийдвэрийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгасан хэсгийг биелүүлж байсан болно. Гэвч Хөдөлмөрийн хэлтсийн дарга намайг тухайн үед  хасагдсан  орон тооны ажлаас чөлөөлөөгүй байсан ба одоогийн байдлаар намайг төрийн албанаас чөлөөлсөн, халсан ямар нэгэн захиргааны акт гаргаагүй бөгөөд  2016 оны 4 дүгээр сард тус салбар зөвлөлөөс 18, 19 тоот тогтоолуудыг гаргаж ажилд томилсон  б/04 тоот тушаал хүчин төгөлдөр хэвээрээ байгааг дурдаж намайг ажлын байраар хангаж, үргэлжлүүлэн ажиллуулахыг тус хэлтсийн даргад  үүрэг болгосон боловч тус тогтоолуудыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газрын дарга ч биелүүлээгүй ба өнөөдөр хүртэл хэрэгжилт хангагдаагүй байна. Түүний энэ эс үйлдэхүйгээс болж миний хөдөлмөрлөх  эрх ашиг сонирхол байнга зөрчигдсөөр байгаа болохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Уг тогтоолууд одоо болтол хэвээрээ хүчин төгөлдөр байгааг мөн ажил олгогч тогтоолын биелэлтийг хангахгүй байгаа талаар дурдаж  тус зөвлөл захиргааны хэргийн шүүхэд удаа дараа тайлбар өгч байсан ба захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 0019 тоот шийдвэрээр тодорхой дүгнэлт хийсэн болно.

Төрийн албаны тухай хуульд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргадаг ба түүнийг хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй байхаар, мөн биелэлтийг нь хангуулах талаар хуульчлан зохицуулагдсан байдаг. Миний бие энэ тогтоолуудын биелэлтийг хангуулан, тус газарт шинээр бий болсон орон тоонд томилуулахаар 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргасан гомдол хүсэлтийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь  шалгаж шийдвэрлэхгүйгээр дүр эсгэж 2 дугаар сарын  28-ны өдөр хариу мэдэгдэх  24 тоот албан бичиг өгснийг  би 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээж авсан болно.

Мөн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргад шинээр бий болсон төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний сонгон шалгаруулалтад  оролцуулан 18, 19 тоот тогтоолуудын  дагуу ажлын байраар хангаж, уг орон тоонд томилох талаарх хүсэлтийг гаргасан боловч намайг уг сонгон шалгаруулалтад хамааруулаагүй ба хүсэлтэд одоо болтол хариу өгөөгүй болно.

Тийм учраас Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 18, 19 тоот тогтоолуудын дагуу ажлын байраар хангагдах  эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Хөдөлмөрийн хэлтсийн эрх үүргийг залгамжлан авсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 18, 19 тоот тогтоолуудын биелэлтийг нь хангахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, биелэлтийг нь хангахыг даалгах, тус газарт шинээр бий болсон төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний  орон тооны ажилд томилох шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс удаа дараа шүүхэд тайлбар хүргүүлэн  бидний зүгээс буруу байхгүй мэтээр тайлбарлаж байжээ. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 35 дугаар зүйлийн 35.1.3, 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.6 дугаар зүйлд тус тус зааснаар Төрийн албаны зөвлөл нь гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг хангуулах эрх үүрэгтэй байхаар зохицуулагдсан. Нэгэнт гаргасан  шийдвэрийнхээ хэрэгжилтийг хангах эрхтэй  болохоор аймгийн Төрийн албаны салбар зөвлөл  энэ эрхээ  хэрэгжүүлэхгүйгээр миний эрх ашгийг  хохироосоор байна.  Иймд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь  салбар зөвлөлийг хамтран хариуцагчаар  татан оролцуулж, салбар зөвлөл нь 2016 оны 18,19 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийг хангахгүй байгаа эс үйлдэхүй байгааг тогтоож, дээрх тогтоолуудын хэрэгжилтийг хангахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргаас шүүхэд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгч Б.М нь орон тооны цомхотголоор буюу тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтний ажлаас хууль бусаар халагдсан тухай төрийн албаны маргааныг  Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 19 дугаартай шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн  юм. Дараа нь дахиж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  ажлаас гаргасан тушаал байхгүй, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргахыг даалгахыг хүсэж нэхэмжлэл гаргасан, гурван шатны шүүхээс Б.Мыг ажлаас гаргасан тушаал гаргахыг даалгаж шийдвэрлэсний дагуу 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/51 тоот тушаал гаргаж, Б.Мыг Хөдөлмөрийн хэлтсийн шинэ ажлын байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн.

Б.М Хөдөлмөрийн хэлтсийн шинэ ажлын байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн чөлөөлснөөс хойш ямар нэгэн төрийн байгууллагад ажиллаагүй учраас Б.М төрийн албан хаагч биш юм.

Тус газар нь Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор шинээр байгуулагдсан ба  Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс урьд нь нийт 65 орон тоотой ажиллаж байсан бол шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь 45 орон тоотой  ажиллаж байна. Б.Мын нэр, ажиллаж байсан  албан тушаал нь шинээр зохион байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газарт албан ёсоор шилжин ирээгүй, энэ нь Б.М нь тус газартай ямар нэгэн хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байгааг нотолж байна.

Иймд нэхэмжлэгч Б.Мын аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 18, 19 тоот тогтоолуудын 2 дугаар заалтын дагуу ажлын байраар хангагдах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх Хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний газрын дарга нь 18, 19 тоот тогтоолуудын биелэлтийг хангахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, биелэлтийг хангахыг даалгах шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна  гэв.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс шүүхэд гаргасан тайлбарт:

Б.Мын эрх ашиг хохирсон гэж үзэх үзсэн нөхцөлд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах шийдвэр гарч эрх ашиг нь хангагдах боломжтой тул заавал аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийг давхар хариуцагчаар татан оролцуулах шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 18, 19 дүгээр тогтоолтой холбоотой 2015 оноос хойш маргаж байгаа. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр уг 2 тогтоолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж байсан. Б.Мын нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өмнө нь шүүхийн шийдвэр гарч, гаргасан хүсэлт нь хэрэгсэхгүй болж байсан. Тэр үед мөн адилхан цалин хөлстэй холбоотой, ажлын байраар хангах тухай нэхэмжлэлийн шаардлага нь гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Мад шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул хариуцагч нарын гаргасан  саналыг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэхэмжлэгчээс анх шүүхэд “Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 18, 19 дугаартай тогтоолуудын 2 дахь заалтын дагуу ажлын байраар хангагдах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь дээрх 18, 19 дугаартай тогтоолуудын биелэлтийг хангахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, биелэлтийг нь хангахыг, тус газарт шинээр бий болсон төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд томилсон шийдвэр гаргахыг газрын даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд[1] холбогдуулан салбар зөвлөлийн 2016 оны 18,19 дугаар тогтоолуудын хэрэгжилтийг хангахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хэрэгжилтийг хангахыг даалгахаар,

2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр маргаан бүхий орон тоонд Я.Сьездийг томилсон  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын  2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн б/26 дугаартай тушаал нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар,

2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас  2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр явуулсан  маргаан бүхий орон тооны ажилд томилогдох ажилтныг сонгох сонгон шалгаруулалт хууль бус болохыг тогтоолгохоор,

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын зөвлөлийн  2020 оны 01 дүгээр сарын 14-ний  өдрийн сонгон шалгаруулалт хууль бус болохыг тогтоож, уг хурлын шийдвэрийн дагуу гаргасан ажил олгогчийн 2020 оны б/10 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус ихэсгэж,

2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр  хөдөлмөрийн зах зээлийн шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгахыг хүсэж, анх гаргасан төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд томилсон шийдвэр гаргахыг газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж,

2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр  “аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын  2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн б/26, 2020 оны б/10 дугаартай тушаалуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох,  тус газрын 2019 оны 03 дугаар сарын 28-ний өдөр,  2020 оны 01 дүгээр сарын 14-ний  өдөр тус тус явуулсан  маргаан бүхий орон тооны ажилд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудаа багасгаж,

2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Хөдөлмөрийн зах зээлийн шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний албан тушаалд Е.Маржангүлийг томилсон газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн б/21 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар,

2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Е.Маржангүлийг хөдөлмөрийн зах зээлийн шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус  ихэсгэж,

2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Хөдөлмөрийн зах зээлийн шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах, Е.Маржангүлийг маргаан бүхий албан тушаалд томилсон газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн б/21 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, мэргэжилтний уг албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа тус тус багасгасан байна.

Ингэснээр нэхэмжлэгч Б.Мын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үлдсэн шаардлага нь  “Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай”, мөн оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаартай ”Шийдвэр хүчингүй болгох тухай”  тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй байгаа салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хэрэгжилтийг нь хангахыг салбар зөвлөлд даалгах тухай, салбар зөвлөлийн 2019 оны 18,19 дугаартай тогтоолуудын 2 дахь заалтын дагуу ажлын байраар хангагдах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын салбар зөвлөлөөс гаргасан 2016 оны 18, 19 дугаартай  тогтоолуудын биелэлтийг хангахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, биелэлтийг нь хангахыг газрын даргад даалгах тухай” байх ба нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.М нь анх аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнээр томилох эрх бүхий этгээдийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/64 дугаартай тушаалаар томилогдон ажиллаж байх үед  Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаалаар аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлахдаа  Хөдөлмөрийн хэлтэс дэх аймгийн төвийн зарим орон тоог цөөрүүлж шийдвэрлэснээр    тус хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн б/09 дугаартай тушаалаар орон тоо хасагдсан үндэслэлээр  уг ажлаас чөлөөлөгдсөн байжээ.

Ийнхүү ажлаас чөлөөлөгдсөнөөр нэхэмжлэгч Б.Мын тухайн үед шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлага нь хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнээс чөлөөлөгдөх үед Хөдөлмөрийн хэлтэст сул байсан ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар томилохыг ажил олгогчид даалгах тухай байсныг Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаартай шийдвэрээр хангаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн  34 дугаартай шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 475 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснээр уг хэргийн хариуцагч болох аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаас шүүхийн дээрх шийдвэрүүдийг биелүүлж, нэхэмжлэгч Б.Мыг 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн б/04 дугаартай тушаалаар ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилжээ.

Ийнхүү нэхэмжлэгч маргаан бүхий албан тушаалд томилогдсоны дараа Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн 2014 оны 34 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2014 оны 475 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Мын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр Б.Мыг ажилд томилсон дээрх 2015 оны б/04 дугаартай тушаалыг ажил олгогчоос 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн  б/11 дугаартай тушаалын холбогдох хэсгээр хүчингүй болгож, Б.Мыг энэ үеэс  Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Б.Мын гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн  шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг хангаж, Улсын Дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай тогтоолоор  Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 34 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 475 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 36 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн эдгээр  үйл баримтууд хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 110/ШШ2019/0004 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.

Улсын Дээд шүүхээс ийнхүү Б.Мын нэхэмжлэлтэй хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаас өмнө түүний маргасан ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоо нь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тооноос Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар тушаалаар хасагдсан байх ба үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс хэргийг шүүхээс дахин шийдвэрлэх явцад ажлын байртай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, өөр сул орон тоо болох Хөдөлмөрийн хэлтсийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоонд томилохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн  шаардлагыг  Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2016/0019 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 Нэхэмжлэгч Б.Мын тухайн 2016 онд салбар зөвлөлд гаргасан гомдлыг салбар зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн болон 04 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж 18, 19 дугаартай тогтоолуудыг гаргах замаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дээрх б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба  ингэснээр түүнийг ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр томилсон б/04 дүгээр тушаал хүчин төгөлдөр болсон гэх үндэслэлээр 18,19 дүгээр тогтоолуудын 2 дахь заалтаар энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, Б.Мыг үргэлжлүүлэн ажиллуулахыг Хөдөлмөрийн хэлтсийн даргад  үүрэг болгож шийдвэрлэжээ.

Гэтэл салбар зөвлөлөөс ийнхүү шийдвэрлэхээс өмнө дээр дурдсанаар 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хөдөлмөрийн сайдын А/127 дугаар тушаалаар ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний ажлын байр нь Хөдөлмөрийн хэлтсийн орон тооноос  хасагдсан байна.

Нэхэмжлэгч Б. Муратаас “...салбар зөвлөлийн 18, 19 дүгээр тогтоолуудын 2 дахь заалтын агуулга нь ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний ажлын байртай холбоогүй, уг шийдвэр нь тухайн үед Хөдөлмөрийн хэлтэс дэх өөр сул орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулах талаарх шийдвэр юм.” гэж маргасан  боловч энэ нь үндэслэлгүй байна.

Учир нь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн б/04 дугаартай тушаал[2] нь нэхэмжлэгч Б.Мыг Хөдөлмөрийн хэлтсийн  ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилсон, харин 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн б/11 дугаартай тушаал нь  дээрх б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгосон шийдвэрүүд байна.

Ажил олгогчийн б/11 дүгээр тушаал гарснаар нэхэмжлэгч Б.М нь тухайн үед уг ажлаас чөлөөлөгдсөн байх ба түүний салбар зөвлөлд гаргасан гомдлыг хэлэлцэж гаргасан 18,19 дүгээр тогтоолуудын холбогдох хэсэг нь Хөдөлмөрийн хэлтсийн даргын  б/04, б/11 дүгээр тушаалуудтай холбогдож гарсан шийдвэрүүд байна.  Салбар зөвлөлөөс 18, 19 дүгээр тогтоолуудыг гаргах замаар Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн  б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгосон байх ба ингэснээр  Б.Мыг ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилсон б/04 дүгээр тушаалын үйлчлэл сэргэсэн байх тул энэ үндэслэлээр буюу “...б/04 дүгээр тушаал хүчин төгөлдөр болсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн салбар зөвлөлийн 18,19 дүгээр тогтоолын 2 дахь заалт нь Хөдөлмөрийн хэлтсийн аль нэг сул ажлын байранд нэхэмжлэгчийг ажиллуулахаар шийдвэрлэсэн агуулгагүй, энэ нь ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах тухай шийдвэр байгаа нь тогтоолуудын агуулгаар тодорхойлогдож байна.

Үүнээс гадна  салбар зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн холбогдох хэсэг, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд оролцсон  салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүн Т.Манькей, Х.Нурханат, Ө.Тиянах нарын  гэрчийн мэдүүлгээр уг шийдвэр нь Б.Мыг аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах тухай болох нь мөн тогтоогдсон ба  уг ажлын байр нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр хасагдсан байхад салбар зөвлөлөөс уг орон тоонд нэхэмжлэгчийг ажиллуулахаар шийдвэрлэснийг гэрч Х.Нурханат, А.Тиянах нараас “Салбар зөвлөлийн хуралдаанаар Б.Мын гомдлыг хянан шийдвэрлэх явцад ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний ажлын байр хасагдсан талаарх мэдээллийг бид аваагүй. Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар тушаалыг хараагүй ба энэ талаар мэдээгүй юм. Салбар зөвлөлийн 2016 оны 18, 19 дүгээр тогтоол нь Б.Мыг ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулах талаарх шийдвэр байгаа.” гэж мэдүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.6-д  зааснаар  гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хангах үүрэгтэй гэж маргасан боловч  ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан ажлын байр нь  Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тоонд байгаа эсэхийг судлахгүйгээр цомхотгогдсон орон тоонд нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулахаар салбар зөвлөлөөс шийдвэрлэсэн нь буруу байна.

Төрийн албаны зөвлөл нь   Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.6-д зааснаар хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан. Уг заалтын дагуу салбар зөвлөл нь хуульд нийцүүлж гаргасан шийдвэрийн  биелэлтийг нь хангах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 Дээрх байдлаар салбар зөвлөл нь 2016 оны 18,19 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар  эрх бүхий этгээдийн шийдвэрээр хасагдсан орон тоонд нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасантай нийцээгүй, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчмыг зөрчсөн, биелэгдэх боломжгүй хууль бус шийдвэр байх тул  нэхэмжлэгчийн гаргасан салбар зөвлөлийн  2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай”, мөн оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаартай ”Шийдвэр хүчингүй болгох тухай”  тогтоолуудын биелэлтийг хангаж ажиллахыг тус байгууллагад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Б.М нь дээрх байдлаар анх Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн харилцааны албан тушаалаас Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн б/09 тушаалаар чөлөөлөгдсөний дараа тухайн үед сул байсан гэх /салбар зөвлөлийн 18, 19 дүгээр тогтоолд дурдсан/  ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллах эрхтэй байсан эсэх, энэ орон тоо нь Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар тушаалаар цомхотгогдсон үед аймгийн Хөдөлмөрийн хэлтэст тухайн үед байсан өөр сул орон тоо болох хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоонд ажиллах эрхтэй эсэхийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн  шаардлагын хүрээнд Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2016/0019 дугаартай шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн уг шийдвэрээр нэхэмжлэгч Б.Мыг төрийн жинхэнэ албан хаагч байсны хувьд анх орон тоо нь хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний албан тушаалаас  2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр чөлөөлөгдсөн үед сул байсан ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоонд мөн үеэс эхлэн  уг орон тоо хасагдсан  2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд томилогдон ажиллах эрхтэй байсан гэж үзэж,  энэ хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон гаргуулж, харин өөр сул орон тоо болох хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоонд томилсон шийдвэр гаргахыг ажил олгогчид  даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.М нь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоонд ажиллах эрхтэй гэж маргасан, уг орон тоо эрх бүхий этгээдийн шийдвэрээр хасагдсан үед нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, өөр сул орон тоо болох тухайн байгууллагын хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоонд холбогдуулж маргасан нэхэмжлэлийн шаардлагыг Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны  шүүхээс 2016 онд 110/ШШ2016/0019 дугаартай шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн.

Мөн шүүхийн уг шийдвэрээр нэхэмжлэгч Б.Мыг...  ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоонд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс уг орон тоо хасагдсан  2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд томилогдон ажиллах эрхтэй байсан гэж үзэж,  энэ хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон гаргуулж шийдвэрлэснийг үндэслэн, салбар зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолоор аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын  б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгосноор ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр нэхэмжлэгчийг анх томилсон  ажил олгогчийн 2014 оны  б/04 дугаартай тушаал хүчин төгөлдөр болсон тохиолдолд нэхэмжлэгчийг мэргэжилтний уг албан тушаалаас 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөр чөлөөлсөн шийдвэр гаргах нь зүйтэй гэж шүүхээс үзэж, нэхэмжлэгч Б.Мын шүүхэд гаргасан “...Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалаас 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөр чөлөөлөх тушаал гаргахыг ажил олгогчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг  Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 110//ШШ2019/0004 дугаартай шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн байна.

Дээрх үйл баримтуудыг дүгнэж үзэхэд,

Нэгдүгээрт, салбар зөвлөлөөс 2016 оны 18, 19 дүгээр тогтоолуудыг гаргах замаар нэхэмжлэгч Б.Мыг аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллуулахыг тухайн байгууллагын даргад үүрэг болгож шийдвэрлэхээс өмнө 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар уг ажлын байр нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр хасагдсан.

Хоёрдугаарт, нэхэмжлэгч анх аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнээр ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу салбар зөвлөлийн 18, 19 дүгээр тогтоолд дурдсан ажлын байр болох тус байгууллагын ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний сул орон тоонд нэхэмжлэгч 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс тухайн ажлын байр эрх бүхий этгээдийн шийдвэрээр хасагдсан 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажиллах эрхтэй байсныг шүүхийн Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн  2016 оны 110/ШШ2016/0019 дугаар шийдвэрээр тогтоож шийдвэрлэсэн.

Гуравдугаарт, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний ажлын байр нь 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хасагдсантай холбогдуулж нэхэмжлэгч тус байгууллагын өөр сул орон тоо болох хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллахыг хүссэн маргааныг мөн Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн  2016 оны 110/ШШ2016/0019 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн.

Дөрөвдүгээрт, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 110/ШШ2019/0004 дугаартай шийдвэрээр  нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Мыг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөр мэргэжилтний уг албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгаж шийдвэрлэсэн.

Ингэснээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаас   2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн б/51 дугаартай[3] тушаал гаргаж, Б.Мыг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хуучнаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан  мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн.

Дээрх нөхцөл байдлаас гадна салбар зөвлөлийн 2016 оны 18, 19 дүгээр тогтоол нь  нэхэмжлэгч Б.Мын тухайн үед гаргасан гомдлын дагуу  аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны б/04, б/11 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэгчийг аймгийн Хөдөлмөрийн хэлтэст үргэлжлүүлэн ажиллуулахыг үүрэг болгосон уг шийдвэр нь тодорхой ажлын байртай холбоотой, тухайн цаг хугацаанд үйлчлэхээр тодорхой нэг тохиолдлыг зохицуулж гаргасан шийдвэр тул уг тогтоолууд нь одоогийн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэл болохгүй  юм.

Түүнчлэн Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2016/0019 дугаартай шийдвэрээр Б.Мыг аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар уг орон тоонд шилжин ажиллах эрхийг эдлэх боломжгүй гэж шүүхээс дүгнэж, холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор Б.Мын Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажиллах хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон.

Иймээс  салбар зөвлөлийн 2016 оны 18, 19 дүгээр тогтоолуудын 2 дахь заалтын дагуу нэхэмжлэгч Б.М нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төрийн жинхэнэ албаны сул орон тоонд ажиллах эрхтэй гэж үзэхгүй бөгөөд  ажлын байраар хангагдах эрх зүйн үндэслэл байхгүй байна.

Хэрэв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт  төрийн жинхэнэ албаны сул орон тоо гарах тохиолдолд уг  орон тоог Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д   зааснаар  нөхөхөөр   зохицуулагдсан тул нэхэмжлэгч Б.М нь шүүхэд  салбар зөвлөлийн 2019 оны 18,19 дугаартай тогтоолуудын 2 дахь заалтын дагуу ажлын байраар хангагдах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын салбар зөвлөлөөс гаргасан 2016 оны 18, 19 дугаартай  тогтоолуудын биелэлтийг хангахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, биелэлтийг нь хангахыг газрын даргад даалгах”-ыг хүсэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, иймээс  нэхэмжлэлийг энэхүү шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 66 дугаар зүйлийн 66.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Мын тус шүүхэд гаргасан “Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай”, мөн оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаартай ”Шийдвэр хүчингүй болгох тухай”  тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тогтоолуудын хэрэгжилтийг нь хангахыг салбар зөвлөлд даалгах,  Салбар зөвлөлийн 2019 оны 18,19 дугаартай тогтоолуудын 2 дахь заалтын дагуу ажлын байраар хангагдах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын салбар зөвлөлөөс гаргасан 2016 оны 18, 19 дугаартай  тогтоолуудын биелэлтийг хангахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тогтоолуудын биелэлтийг нь хангахыг тус газрын даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                          

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.РИЗА

 

 

                                                                                                                                                                       

 

 

 

 

 

 

 

[1] Цаашид “салбар зөвлөл” гэх

[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 27 дугаар хуудас

[3] Хэргийн 2 дугаар хавтас, 150 дугаартай хуудас