Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2021/00042

 

2021           01            19                                          001/ХТ2021/00042

 

 

 

..........ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01148 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1262 дугаар магадлалтай,

 

..........ын нэхэмжлэлтэй

..........од холбогдох

 

Гэм хорын хохиролд 74 353 550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргалын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч .........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч .......... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч .......... найз .........., .........., ..........нарын хамт Улаанбаатар хотоос ..........ын эзэмшлийн 35-36 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Сэлэнгэ аймгийн нутагт байдаг ээж модонд мөргөхөөр явсан. Зорчигчид замд машинаа ээлжилж барьсан. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт .......... тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийхдээ эсрэг урсгалын машин мөргөхөөс сэргийлж замын хажуу руу машин онхолдуулж зам тээврийн осол гарсан. ..........од холбогдох эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн хууль хяналтын байгууллагууд шалгаж, шийдвэрлэсэн бөгөөд уг хэрэгт .......... иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоогдсон. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын шүүхийн 100 дугаартай тогтоол, Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол зэрэг шийдвэрүүд хавтаст хэрэгт авагдсан. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт ..........ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт зөрчсөн учраас ..........од ял шийтгэл оногдуулсан. Анхан болон давж заалдах шатны шүүх ..........оос хохирогчид учирсан 148 707 100 төгрөгийг гаргуулахаар шийдсэн. Улсын дээд шүүх хохирогчид учирсан хохирол төлбөрийг яллагдагч, тээврийн хэрэгслийн эзэмшигч нараас тэнцүү хэмжээгээр гаргах нь зүйтэй гэж үзээд ..........аас 74 353 550 төгрөг гаргахаар шийдсэн. Улсын дээд шүүхийн тогтоол гарсны дараа даргалагч тээврийн хэрэгсэл ..........ын өмчлөлийнх учраас хохирогчид учирсан төлбөрийг тэнцүү хэмжээгээр гаргахаар шийдсэн. .......... уг хохирлыг иргэний журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй гэдгийг тайлбарласан. .......... шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлбөр төлж байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 3 шатны шүүх ..........ыг зам хөдөлгөөний дүрэм болон түүнтэй нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулж, зам тээврийн осол гарсан болохыг тогтоож, шийтгэсэн. Иймд .......... гэм буруутай этгээд ..........оос 74 353 550 төгрөгийн төлбөр нэхэмжилж шүүхэд хандсан. Шударга ёсны зарчим байх ёстой. .......... автомашин, мөнгөн төлбөрийн хохирол төлөхөөр давхар хохирч байна. .......... 1986 онд төрсөн, сургуулиа төгсөж хөдөлмөрлөж байгаа залуу хүн. ..........ын гэм буруу 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул гэм буруутай этгээдээс 74 353 550 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 35-36 УНУ улсын дугаартай Тоёота Приус маркийн ..........ын эзэмшлийн автомашиныг жолоодон Сэлэнгэ аймаг руу явж байгаад зам тээврийн осол гаргаснаа би хүлээн зөвшөөрдөг. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 82 дугаар Магадлалын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг шүүгдэгч .........., түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрөөгүй тул Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг Улсын Дээд шүүх 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд хохирогч ..........гийн эрүүл мэндэд учирсан хохирол болох 148 707 100 төгрөгийг бүхэлд нь шүүгдэгч ..........оос гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар зам тээврийн осол гаргасан жолооч болон тээврийн хэрэгслээ жолоодож явахыг зөвшөөрч шилжүүлсэн тээврийн хэрэгслийн эзэмшигч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн. Иймээс Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 117 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэгч ..........ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01148 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ..........оос хохиролд 74 353 550 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ..........ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529 770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1262 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01148 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 530 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад болон шүүх хуралдаанд шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа Улсын дээд шүүхийн 2018 оны 03-р сарын 14-ний өдрийн 117 тоот тогтоолоор иргэний хариуцагч ..........аас гаргуулахаар шийдвэрлэсэн 74,353,000 /далан дөрвөн сая гурван зуун тавин гурван мянган төгрөгийг одоогийн байдлаар төлж барагдуулаагүй байгаа нь бодитой хохирол учруулсан байна гэж дүгнэх үндэслэлгүй гэж тайлбарлаж байсан боловч хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 229-р зүйлийн 229.1-т заасан үндэслэлийг дурьдаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн эрхийг хаан боогдуулсан үйлдэл гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх 1262 дугаартай магадлалдаа “...Шүүх хуралдааны аудио бичлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл нь ИХШХШТ хуулийн 38-р зүйл, 37.2 дах хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл бөгөөд мөн хуулийн 48-р зүйлийн 48.1, 51-р зүйлийн 51.2 дах хэсэгт заасан журмын дагуу үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэнээр нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой” гэж дүгнэсэн мөртлөө хэрэгт авагдсан нотлох баримтанд үнэлэлт, дүгнэлт өгөөгүйгээс гадна анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлаж дүгнэлтээ гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт ...Хариуцагчийн гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх тул тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар бусдад учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж дурдсан заалтууд нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хурал дээр нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэлийг тайлбарласан хуулийн тайлбар болохоос магадлал дээр дурьдагдсанаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч .......... болон хамтран хариуцагч .......... нар нь ..........д учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж анхан шатны шүүхээс ямар ч дүгнэлт гараагүй байхад хуулийг буруугаар тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр ..........д учирсан хохирлыг хэн барагдуулах талаар зохигчид маргалдаагүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн хүрээнээс хальж дүгнэлт гаргасан. Анхан болон давж заалдах шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Улсын дээд шүүхийн 2018 оны 03-р сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны аудио-видео бичлэгийг гарган өгсөн. Уг бичлэгэнд хуулинд заасны дагуу шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан. Тухайн үзлэг хийсэн нотлох баримтанд Улсын дээд шүүхийн хурал даргалагч иргэний хариуцагч өөрт учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй талаар маш тодорхой дурдсан, энэ нь нотлох баримтаар нотлогдсон талаар тайлбарлаж мэтгэлцсэн юм. Монгол улсын шүүхийн тухай хуулийн 32-р зүйлийн 32.1-т “Шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч .......... нь хариуцагч ..........оос гэм хорын хохиролд 74 353 550 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.

 

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт байгаа баримтаас үзвэл .......... нь 35-36 УНУ дугаарын тээврийн хэрэгслийн өмчлөгч, уг өмчлөлийн зүйлээ ..........од шилжүүлсэн, .......... нь тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймагт явж байхдаа зам тээврийн осол гаргаж,  ..........гийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн үйл баримт тогтоогдсон, эрүүгийн хэргийн шүүх .........., иргэний хариуцагч .......... нараас  тус тус 74 353 550 төгрөгийг гаргуулж хохирогч ..........д олгохоор шийдвэрлэжээ. Нэхэмжлэлийн үндэслэлд заасан зарим нөхцөл байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан, шүүх маргааны үйл баримтын талаарх дүгнэлтийг шийдвэр, магадлалд тодорхой тусгасан байна. /хх-ийн 4-15/

 

.......... нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх болсон 74 353 550 төгрөгийг  ..........ын гэм буруугаас болж учирсан хохирол гэж үзэж, түүнээс нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч өөрөө томилсон буюу өөрөө түүнд тээврийн хэрэгслээ шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд уг зохицуулалтын дагуу .......... нь 74 353 550 төгрөгийг бусдад төлөхийг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад шийдвэрлэжээ. Харин уг хохирлыг гэм буруутай этгээд буюу тээврийн хэрэгслийг жолоодож явсан .......... хариуцах ёстой гэх нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зохицуулалтаар тодорхойлсон хоёр шатны шүүхийн хууль хэрэглээ оновчтой болсон байна.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч нь орчин тойрондоо аюултай эд зүйлийн өмчлөгчийн хувьд гэм буруутай эсэхээс үл хамаарч бусдад учруулсан хохирлыг хариуцах үүрэгтэй байдаг байна. Тэрээр өөрийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн, эсвэл тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон аль ч тохиолдолд өмчлөгч бусдад учирсан гэм хорыг хариуцна.

Харин тээврийн хэрэгслийг ашиглаж явсан этгээдээс өмчлөгч нь бусдад төлөх болсон хохирлыг шаардах эрхтэй эсэхийг шүүх тогтоохдоо гэм хор учруулснаас хариуцлага хүлээх Иргэний хуулийн нийтлэг зохицуулалт болох 497 дугаар зүйлийг сонгож хэрэглэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч ..........оос, өөрт учирсан гэм хорыг Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шаардсан байх боловч нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Хоёр шатны шүүх “...шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөрийг нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй...” буюу нэхэмжлэгчид гэм хорын хохирол учраагүй, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан хохирол байхгүй гэх агуулгатай дүгнэлтийг хийжээ. Шүүх ийнхүү дүгнэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, түүний агуулгыг орхигдуулсан байна. Нэхэмжлэгч нь тээрийн хэрэгслийн өмчлөгчийн хувьд бусдад учирсан гэм хорыг хариуцаж байгаа боловч уг гэм хорыг жолоочийн буруутай үйлдлээс учирсан гэж тодорхойлсон тул шүүх энэ хүрээнд дүгнэлт хийх үүрэгтэй байжээ.

 

Гэм хорыг арилгуулах эрх зүйн үндэслэлийг тухайн маргаанд хэрэглэх тохиолдолд гэм хор учруулсан этгээдийн гэм буруугийн байдал тогтоогдсон байх учиртай. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

 

Зам тээврийн ослыг .......... гаргасан нь тогтоогдсон боловч тээврийн хэрэгслийн өмчлөгч .......... нь хөдөө орон нутгийн замд тээврийн хэрэгсэл жолоодож байгаагүй буюу туршлагагүй  жолоочид тээврийн хэрэгслээ шилжүүлэн өгч, болгоомжгүй хандсан байх тул тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувьд шүүхийн шийдвэрээр бусдад төлөх болсон төлбөрөө өөрөө хариуцах нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг зөрчөөгүй юм.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01148 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1262 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 530 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

   ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА