| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зүмбэрэллхамын Шүрэнчулуун |
| Хэргийн индекс | 169/2021/0044/Э |
| Дугаар | ШЦТ/2021/43 |
| Огноо | 2021-05-04 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 04 өдөр
Дугаар ШЦТ/2021/43
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Ж.Дэлгэрбат
Улсын яллагч Г.Эсэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Аид холбогдох ........... дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........... өрсөн, эрэгтэй, ...... настай, боловсролгүй, мэргэжилгүй, ...........азарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дт овгийн Ц А /РД:............ / гэв.
Шүүгдэгч Ц.А нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ ......... бэлчиж байсан хохирогч С.Н 1 тооны эл шүдлэн үхрийг 2018 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө хулгайлж нядлан түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны намар ганцаараа хороон дээр юм хийж байгаад шөнө машинаа авч ирээд үхэр ачаад давааны ард авч очоод тушаасан...” гэв.
- Яллагдагч Ц.Аийн: “...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би ганцаараа гэртээ байж байсан юм. Тухайн үед манай гэр Дэлгэрцогт сумын 2-р багийн нутагт байх Шарга гэх нэртэй газарт байдаг байсан. Ингээд би орой 20-21 цагийн орчимд морио унаад Хар овоо гэх газарт явж байтал 10 тооны үхэр дайралдахаар нь тэр 10 үхрийг туугаад өөрийнхөө гэрийнхээ хороон дээр аваачаад хар халзан шүдлэн үхрийг нь авч үлдээд бусдыг нь туугаад явуулчихсан. Ингээд авч үлдсэн үхрээ нядлаад махыг нь тэр шөнөө тухайн үед унаж байсан давхар кабинтай портер маркийн машинтай Төв аймгийн ногоон даваа гэх газарт байх мах нядалгааны цэг дээр аваачиж 600.000 төгрөгт махаа худалдсан. Тэгээд мөнгөө машин тэрэг юм авах болоод өөрийн ойр зуурын хэрэглээнд зориулаад дуусгасан. Тухайн портер маркийн машиныг Дэлгэрцогтоос наана 10 орчим кмт байрладаг машин зардаг Б гэж хүнээс 4.800.000 төгрөгөөр 2018 оныхоо хавар нь худалдаж авч байсан юм. Тэгээд машинаа өөрөө ашиглаж байгаад 2020 оны намар буцаад Б гэдэг хүнд 2 сая төгрөгт өгсөн. Машин маань намайг авснаас хойш дандаа эвдрээд байхаар нь буцаагаад зарчихсан юм. Тухайн машиныг би унаж байх хугацаандаа нэрээ шилжүүлж аваагүй, яагаад шилжүүлээгүй вэ гэхээр тэр машин Бгээс өөр хүний нэр дээр байсан тэр хүн нь надад олдохгүй болохоор шилжүүлж чадаагүй юм. Б бол хүний хуучин машин хямдхан аваад босгож зардаг ажилтай хүн байгаа юм. Үгүй би тэр үхрүүдийг хэний эзэмшлийн үхэр байсныг мэдээгүй. Хар овоон дээр явж байхад л дайралдсан юм. Ямар нэгэн санаа оноо байгаагүй. Зүгээр явж байхад л үхэр дайралдсан болохоор нэгийг нь авч үлдээд нядалчихсан юм. Би хохирлоо битүүний урд өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хохирогчийн данс руу нь бэлнээр 800.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Би баримтаа дараа нь авч ирье...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/
-Хохирогч С.Н: “...Манайх 2018 оны 10 сарын 23-24-нд шилжих шөнө Дэлгэрцогт сумын 1-р багийн нутаг дэвсгэрээс 1 тооны эр шүдлэн үхрээ хулгайд алдсан. Тухайн үед ойр хавийн саахалт айлуудаар сураад огт сураг гараагүй. Манай үхэр тухайн үед манай хамаатны Сэнгдаа гэх айлд байсан. Хулгайд алдсан үхэр хар халзан зүстэй, эр шүдлэн үхэр байсан. 2018 онд А дансанд хулгайд алдсан гэж тоологдон байгаа. Би хулгайд алдсан үхрээ тухайн үеийн ханшаар буюу 800.000 төгрөгөөр үнэлж байна. Эзэн холбогдогчийг нь олуулж хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/
- Гэрч Н.С: “...Би 2018.10.20-нд гэрээсээ гараад Говьсүмбэр аймаг орсон. Манай хүү үхрээ 10 сарын 21-нд усалсан. Тэгэхэд үхрүүд бүгд байсан. Тэгээд 2018.10.24-нд манай дүүгийн хар хазан шүдлэн насны хоёр чих хулгар сүүл нь огтор үхэр алга болсон байсан. Би өөрийн дүүгийн малыг 2015 оноос хойш маллаж байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 10-11/
- Гэрч Д.М: “...Би өөрийн нөхөр болох Ц.Атэй 2017 оны 3 дугаар сараас хойш хамтран амьдарч байна. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. Одоо хөдөө мал маллан амьдарч байгаа, манай нөхөр багаасаа хөдөө байсан, сургуульд сураагүй бичиг, үсэг мэдэхгүй. Манайх цэнхэр өнгийн портер машинтай 2017 оны 5 дугаар сард Б гэх хүнээс худалдан авч байсан. Нэрээ шилжүүлээгүй байж байгаад 2020 оны 9 дүгээр сард Б гэх хүнд эргүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/
- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /ХХ-ийн 2-3/
- Үнэлгээний комиссын шинжээчийн дүгнэлт /хх-20/
- Ц.Аийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухайн тэмдэглэл /хх40-42/ зэрэг
- Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Ц.А нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэр Хар-Овоо гэх газарт бэлчиж байсан хохирогч С.Н 1 тооны эл шүдлэн үхрийг 2018 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө хулгайлсан, уг үйлдлийн улмаас хохирогч С.Нт 800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Аийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг Б агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Аийг бусдын 1 тооны үхрийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Аид Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч С.Нт учирсан хохирлыг шүүгдэгч Ц.А нь нөхөн төлсөн талаар хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд илэрхийлсэн, хохирогч С.Н нь хохирол нөхөн төлсөн талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Дт овгийн Ц Аийг бусдын 1 /нэг/ тооны үхрийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Ц.Аид Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтай болохыг шүүгдэгч Ц.Аид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аид хяналт тавихыг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Аид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ШҮРЭНЧУЛУУН