| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0147/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/157 |
| Огноо | 2021-07-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/157
2021/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бийн Дид холбогдох эрүүгийн 2112000000160 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эцэг, эх, 4 дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ............ гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд тус аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Х овогт Бийн Д /РД:АЮ............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112000000160 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Дын өгсөн:
“...Уг нь хэрэлдэж маргалдаагүй. Намайг газар пиво уугаад сууж байхад Б.Д намайг гэнэт нүүрэн хэсэг рүү өшиглөсөн. Яг юунаас болж өшиглөсөнг мэдэхгүй байна. Миний нүүрэн хэсэг буюу шүд рүү нэг удаа өшиглөсөн тэгэхлээр нь би зугтаасан. Өөр цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Би зодож цохиогүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 76-77 дугаар тал/
*Гэрч Т.Дгийн өгсөн:
“...2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн үед би Архангай аймгаас Бааханбулаг руу гэр рүүгээ явах замдаа найз болох Б.Дтой утсаар яриад Хасу мандал гэх амралтын газрын тэнд уулзалдсан. Намайг очиход Б.Д, Б.Дийн найз охин Жагаа, нэрийг нь мэдэхгүй Б.Дийн найзууд гэх 3 залуу 2.5 литрийн 1 нийслэл пиво хуваагаад ууцгааж байсан бид нар бөөндөө нөгөө пивоо хуваагаад ууж байтал Б.Д сууж байснаа босч ирээд Б.Да гэх залуугийн нүүрэн ташаа газар 1 удаа өшиглөсөн. Тэгээд бид нар салгаад тарцгаасан. Намайг очиход маргалдсан байдалтай байсан. Н.Н, О, Т.Д, Б.Да, Б.Д, Л нар цугтаа байсан. Зодоон болоход О, Н.Н бид хэд салгасан. Намайг очиход 2.5 литрийн 1 нийслэл бид нар хувааж уусан. Өмнө нь уусан байдалтай халцгаасан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр тал/
*Гэрч Н.Нын өгсөн:
“...2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хоршооллын төв орчихоод тус аймгийн Ихтамир сумын төв орох гээд хамтран амьдрагч Б.Дийн хамт явж байхад замд 16 цагийн орчим Лувсаа, Б.Да, Т.Д гэх хүмүүстэй таарсан. Тэр хүмүүстэй уулзаад байж байсан нөгөө хүмүүс пиво авч ууцгаая гэсэн. Тэгээд пиво уухаар болж Хоршооллын дэлгүүрээс пиво авч түүнийг Лувсаа, Б.Да, Б.Д бид нар хувааж ууцгаасан. Тэгсэн миний хамтран амьдрагч Б.Д Б.Датай маргалдсан. Б.Дийг Б.Да толгой дээрээс нь бариад газар мөргүүлээд байхаар нь нөгөө хоёрыг салгасан. Тэгсэн Б.Да, Б.Д хоёр алга болчихсон байсан. Тэгээд бид нар буцаж 22 цагийн орчим хоршооллын төв ороод дэлгүүрээс пиво авах гэсэн дэлгүүр нь онгойгоогүй. Тэгэхээр нь буцаад харих гээд явж байхдаа цагдаа нартай таарсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Газар суугаад пиво ууж байснаа хоорондоо маргалдаад байсан. Намайг харахад Б.Да Б.Дийг толгой дээрээс нь бариад газар толгойгоор нь мөргүүлээд байсан. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. Миний нүдэнд Б.Д Б.Дыг цохиж зодоогүй. Өөр хүнтэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл бол хэрэглэсэн. Харин тийм аймар согтоогүй байсан бөгөөд өөрсдийгөө бүрэн хянах чадвартай байсан. Надаас өөр О, Т.Д нар харсан. Бусдыг нь харсан үгүйг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-20 дугаар тал/
*Гэрч Б.Лн өгсөн:
“...2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хоршооллын төв Б.Д, Б.Да бид орсон. Тэгсэн Б.Д эхнэртэйгээ явж байсан. Бид нар уулзаад юм ярьж байгаад пиво ууцгаах болж хоршооллын дэлгүүрээс пиво авч түүнийг Б.Д, Б.Да, Д, түүний эхнэр бид нар хувааж ууцгааж байхад мотоциклтой миний танихгүй хоёр залуу ирсэн. Нөгөө хоёр залууг мотоциклоос буух гэж байхад Б.Д Б.Дыг газар сууж байхад нь босоод нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь бид нар босож нөгөө хоёрыг салгасан юм. Юм яриад сууцгааж байсан чинь Б.Д, Б.Дыг гэнэт босоод өшиглөсөн. Яг юунаас болж өшиглөснийг мэдэхгүй байна. Намайг харахад Б.Д Б.Дын нүүр хэсэг рүү өшиглөсөн. Өөр цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Миний нүдэнд Б.Да, Б.Дийг зодож цохиж байгаа харагдаагүй. Өөр хүнтэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл бол хэрэглэсэн. Харин тийм аймар согтоогүй байсан бөгөөд өөрсдийгөө бүрэн хянах чадвартай байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-27 дугаар тал/
*Гэрч П.Оын өгсөн:
“...Б.Да, Б.Л, бид гурав 2.5 литрийн нийслэл нэртэй дөрвөн пиво аваад байж байтал Б.Д таараад нэг 2.5 литрийн нийслэл нэртэй пиво нэмж аваад 4 үүлээ голын эрэг дээр пивоо хуваагаад ууж байгаад би тасраад уначихсан. Тэгсэн хэн нэгэн миний ам уруул хэсэг рүү нэг удаа өшиглөхөөр нь би босоод зугтаачихсан эргэн тойронд ямар нэгэн хүн байгаагүй. Би Шивэрт гэх амралтын ойролцоо гүйгээд очтол араас Б.Да Б.Д гэх залууд уруул руугаа өшиглүүлчихлээ гээд зодуулчихсан гүйгээд ирсэн. Тэгээд Б.Да цагдаад дуудлага өгсөн. Намайг унтаж байхад өшиглөсөн. Намайг зугтаагаад явсан хойгуур зодолдсон. Б.Да, Б.Л, Б.Д, Н бид хэд цугтаа байсан. Бид хэдийг ууж байхад Б.Д гэх залуу Л гэх залуутай маргалдаад байсан тэгээд би удаачгүй унтчихсан. Б.Л, Б.Да нар манай найзууд Б.Д, Н нар нутгийн хүмүүс юм. Тухайн үед дэлгүүрийн гадаа таараад ууцгаасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/
*Яллагдагч Б.Дийн өгсөн:
“...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-51 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаартай“...Б.Дын биед 12-р шүд хөдөлсөн, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна./1шүд/...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Дид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Хоршоолол гэх газар иргэн Б.Да нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Д үйлдсэн болох нь хохирогч Б.Дын”...Намайг газар пиво уугаад сууж байхад Б.Д намайг гэнэт нүүрэн хэсэг рүү өшиглөсөн. Яг юунаас болж өшиглөсөнг мэдэхгүй байна. Миний нүүрэн хэсэг буюу шүд рүү нэг удаа өшиглөсөн тэгэхлээр нь би зугтаасан. Өөр цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Т.Дгийн “...Б.Д сууж байснаа босч ирээд Б.Да гэх залуугийн нүүрэн ташаа газар 1 удаа өшиглөсөн. Тэгээд бид нар салгаад тарцгаасан. Намайг очиход маргалдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Нын”...Тэгсэн миний хамтран амьдрагч Б.Д Б.Датай маргалдсан. Б.Дийг Б.Да толгой дээрээс нь бариад газар мөргүүлээд байхаар нь нөгөө хоёрыг салгасан. Тэгсэн Б.Да, Б.Д хоёр алга болчихсон байсан. Тэгээд бид нар буцаж 22 цагийн орчим хоршооллын төв ороод дэлгүүрээс пиво авах гэсэн дэлгүүр нь онгойгоогүй. Тэгэхээр нь буцаад харих гээд явж байхдаа цагдаа нартай таарсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Газар суугаад пиво ууж байснаа хоорондоо маргалдаад байсан. Намайг хархад Б.Да Б.Дийг толгой дээрээс нь бариад газар толгойгоор нь мөргүүлээд байсан. Өөр цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Лн”...Нөгөө хоёр залууг мотоциклоос буух гэж байхад Б.Д Б.Дыг газар сууж байхад нь босоод нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь бид нар босож нөгөө хоёрыг салгасан юм. Юм яриад сууцгааж байсан чинь Б.Д, Б.Дыг гэнэт босоод өшиглөсөн. Яг юунаас болж өшиглөснийг мэдэхгүй байна. Намайг харахад Б.Д Б.Дын нүүр хэсэг рүү өшиглөсөн. Өөр цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч П.Оын”...Би Шивэрт гэх амралтын ойролцоо гүйгээд очтол араас Б.Да Б.Д гэх залууд уруул руугаа өшиглүүлчихлээ гээд зодуулчихсан гүйгээд ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/ өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Дийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 185 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Дийн хохирогч Б.Дын эрүүл мэндэд 12-р шүд хөдөлсөн, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг тухайд шүүгдэгч Б.Д нь хохирогчид хохирол төлбөрт нэг сая төгрөг төлсөн талаар баримт хэрэгт авагдсан бөгөөд хохирогч Б.Да нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Б.Дийг бусдад төлөх төлбөргүй байна гэждүгнэв.
Шүүгдэгч Б.Д нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдаж гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж, 12 дугаар зүйлийн 12.8 дах хэсэгт энэ хуулийн 5.1 дүгээр зүйлийн дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.
Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байх бөгөөд тус өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул шүүгдэгч Б.Дид холбогдох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Бийн Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дид холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР