Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 506

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Б.Н-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: С.Л-д холбогдох 

Эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагч С.Л, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон 

 

     ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2011 оны 08 сарын 09-ний өдөр төрсөн хүү Н.Б-ын эцэг нь С.Л болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Б-г сард 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 настай болон суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Л-аар  тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.6-д заасныг баримтлан тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах бөгөөд тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол тэтгэлэг төлөгч С.Л тэтгэлгийг зориулалтаар нь зарцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н, хариуцагч С.Л нар хүү Б-г өсгөж хүмүүжүүлэхэд адил тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хэн нэг нь нөгөөдөө хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хүү Н.Б-ыг 18 нас хүрэхэд амьдрах орон байраар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Л хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143353 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 134834 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-д олгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай. 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН