Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Л.******* Хохирогч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******ид холбогдох 2123001380015 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эх, 2 эгчийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Завхан дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, Завхан дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж, зорчих эрхийг хязгаарлах ялаа биелүүлээгүй тул эдлээгүй үлдсэн 4 сарын 02 хоногийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ХМШЗ/01 дугаартай шүүгчийн захирамжаар мөн хугацаагаар хорих ялаар сольсон ******* овогт *******гийн *******, /*******/

Шүүгдэгч Л.******* нь Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрт иргэн Б.*******аас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 200000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 100000 төгрөгийг зээлж авъя хэмээн хуурч авсан, мөн 2021 оны 04 дүгээр сард “Арвайн хурд” нэртэй хар өнгийн хятад улсад үйлдвэрлэсэн 2300000 төгрөгийн үнэтэй мотоциклийг “үдээс хойш мөнгийг нь өгнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авч нийт 2600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрт иргэн Б.*******аас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 200000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 100000 төгрөгийг “зээлж авъя” хэмээн авсан, мөн 2021 оны 04 дүгээр сард “Арвайн хурд” нэртэй хар өнгийн хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг “үдээс хойш мөнгийг нь өгнө, ээжийнхээ тэтгэврийн мөнгийг нэмж аваад мөнгөө өгнө. Хэрвээ мөнгөө өгч чадахгүй бол мотоциклоо буцааж аваарай” хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал Л.*******ид зээлдүүлсэн мөнгөө шаардахаар утас руу нь залгахад холбогдох боломжгүй болж хаяг нь тодорхойгүй, эргэж холбоо бариагүй, түүнээс мотоциклоо буцаан шаардахад бусдад худалдсан байсан талаар мэдүүлсэн хохирогч Б.*******ы “...2021 оны 03 дугаар сард ******* гэх хүн надаас “тэжээл, будаа авах гэсэн юм мөнгө зээлээч ноолуур гарахаар өгье” гээд хоёр хувааж 200000, 100000 мянгаар нийт 300000 мянган төгрөг зээлж авсан. Тэгээд дараа нь 2021 оны 04 дүгээр сард миний худалдаж байсан “Арвай хурд” нэртэй хар өнгийн хятад мотоциклоос нэг ширхгийг “үдээс хойш мөнгийг нь өгнө, ээжийнхээ тэтгэврийн мөнгийг нэмж аваад мөнгөө өгнө. Хэрвээ мөнгөө өгч чадахгүй бол мотоциклоо буцааж аваарай” гэж хэлээд мотоциклыг аваад явсан. Тэгээд маргааш нь болоод нөгөөдөр нь болоод ирэхгүй болохоор нь би утас руу нь залгаад “яасан бэ” гээд асуусан чинь “би танайд очсон чинь зөрөөд байна” гэж хэлсэн. Тэгээд хэд хоноод дахиад утасдсан чинь “би хөдөө байна, би сарын дотор хэдэн эр хонь оруулж ирж зараад мөнгийг нь өгье” гэж хэлсэн. Тэгээд “сарын дотор мөнгийг тань өгөхгүй бол та мотоциклоо буцааж аваарай” гэж хэлсэн. Тэгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихсон ... Тэгэхээр нь би “чи мөнгөө хугацаандаа өгсөнгүй, өгч чадаагүй тохиолдолд мотоциклоо аваарай гэсэн биз дээ, тийм болохоор мотоциклоо буцааж авъя” гэтэл мотоциклийг өөр хүнд зарсан гэж хэлсэн. ******* нь миний эд хөрөнгийг худал хэлж авч намайг хохироогоод байна. ...Мөн утасны дугаараа солиод алга болчихдог юм. Би огт мөнгө аваагүй. Дээр нь урьд нь зээлсэн 300000 төгрөгөө хүртэл авч чадаагүй байгаа. Нийтдээ надад 2600000 төгрөгийн хохирол учирсан байна. Уг хохирлоо би нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлгээр, Л.*******аас авах авлагадаа тооцож мотоцикл авсан талаараа мэдүүлсэн гэрч Б.*******гийн ”...Надаас ******* 2020 оны өвөл 12 сард байх Аксент маркийн машин хавар ноолуур гарахаар өгнө гээд авсан юм. Тэгээд 2021 оны хавар 05 сар болоод ноолуур гараад *******аас машиныхаа мөнгийг нэхсэн чинь удахгүй өгнө гээд өгөхгүй байсан. Тэгээд би 2021 оны 05 сарын 20-диор *******аас машиныхаа мөнгийг нэхээд гэрт очиход хашаанд нь шинэ “Арвайн хурд” нэртэй хар өнгийн мотоцикл байхаар нь би “машиныхаа мөнгөнд энэ мотоциклыг авчихъя” гэсэн чинь ******* “тэг тэг” гээд би аваад явсан юм. ЗАН улсын дугаартай цагаан өнгийн аксент маркийн машиныг ******* надаас дараа 2500000 төгрөг өгнө гээд аваад явсан. Би *******аас тэр мотоциклийг машиныхаа үнэнд илүү дутуу юм авахгүй гээд шууд авсан юм. Би *******аас авсан мотоциклоо 2021 оны 08 сард Ховд аймгаас Улаанбаатар хот руу мал туугаад явж байсан 2 танихгүй залууд 2 сая төгрөгөөр зарчихсан юм. Би мотоцикл зарсан 2 залууг танихгүй...” гэсэн мэдүүлгээр, Л.******* мотоциклийн үнийг төлөлгүй бусдад өрөндөө өгсөн талмэдүүлсэн гэрч Г.ын ”...*******ид шинээр мотоцикл худалдаж авах мөнгө төгрөг байхгүй баймаар юм. Шинэ айл болоод мал малласан болж байж байгаад малаа зудад заримыг нь үхүүлээд заримыг нь идэж уугаад, заримыг нь хүнд зараад 2 жилийн өмнө дууссан байх ёстой. ******* нэг мотоцикл аваад ирсэн харагдаж байсан. Тэгээд тэрийгээ одоо унаж байгаа машиныхаа үнэнд өгчихсөн гэсэн...” гэсэн мэдүүлгээр, Л.*******ид Б.******* 2300000 төгрөгийн үнэ бүхий хар өнгмотоциклийг худалдсан болон 100000, 200000 төгрөг өгсөн талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Н.ийн “...Л.******* нь хоёр сая гурван зуун мянган төгрөгөөр “Арвайн хурд” нэртэй хар өнгийн мотоциклийг манай нөхрөөс 2021 оны 04 сарын эхээр худалдаж авсан. Тэгээд маргааш нь манай нөхөр нөгөө хүнтэйгээ “яачих ваа” гээд утсаар нь холбогдсон чинь тухайн ******* гэх залуу нь “ээжийнхээ тэтгэврийг барьцаалж зээл авах гэж байгаа тэгээд өгнө. Дансаа явуулчих гээд хэлэхээр нь би өөрийнхөө дансыг мессежээр явуулсан” Хоёр дахь өдрөө бас байхгүй алга байхаар нь би нөхрөө “ахиж яриач” гэж хэлээд манай нөхөр тэр хүний утас руу нь залгасан чинь гар утас нь холбогдохоо байсан. Тэгээд ахиад хэд хонож байгаад утас руу нь манай нөхөр залгасан чинь “холбогдож байна. Тэгээд яриад мөнгөө нэхсэн чинь тэр залуу нь хөдөө байна, аймгийн төв орохоороо мөнгийг чинь өгнө. Сарын дотор өгөхгүй бол мотоциклоо буцааж аваарай гэж хэллээ” гээд манай нөхөр надад хэлсэн. ******* өөрөө мөн байсан. Тэгээд манай нөхөр бид хоёр очоод уулзаад мөнгөө нэхсэн чинь “өгнө өгнө” гэж хэлээд өөрийнхөө утасны дугаараа бид хоёрт өгөөд өгнө гэж явсаар байгаад өгөөгүй өдий хүрсэн тул цагдаад гомдол гаргасан. Манайхаас гурван зуун мянган төгрөг зээлээч гэж хэлээд аваад өгөөгүй байгаа. Гурван зуун мянган төгрөгийг эхлээд нэг зуун мянган төгрөгийг бензин тос хийх гэсэн юм гэж хэлээд авсан. Хоёр зуун мянган төгрөгийг өвс тэжээл авах гэсэн юм гэж хэлээд зээлж авсан. Хавар ноолуур гарахаар өгнө гэж хэлээд бас өгөөгүй. Нийтдээ манайд хоёр сая зургаан зуун мянган төгрөгийн хохирол учруулсан байгаа...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******д 2600000 төгрөгийн хохирол учирсан хөрөнгөний үнэлгээчин Х.гийн гаргасан “...2021 оны 10 дугаар сарын байдлаар 2020 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Арвай хурд нэртэй Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикл нь зах зээл болон орон нутагт 2300000 үнэ ханштай байна. Шинжээчийн явц, үр дүнг үндэслэн 2020 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Арвай хурд нэртэй хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклийн үнэлгээг 2300000 /хоёр сая гурван зуун мянган/ төгрөгөөр тогтоолоо” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогчийн мэдүүлгээр нотлогдсон байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцааж өгөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн гэрээ хэлцлээс ялгаатай байдаг. Гэрээний харилцаанаас үүдэлтэй залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болмогц түүгээр шалтаглан өмчлөгчийн итгэлийг эвдсэн үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч Л.******* нь хохирогч Б.*******аас авсан мотоциклийг худалдан борлуулж, үнийг тохиролцсон хугацаанд өгөх боломжтой байсан боловч үнийг шилжүүлээгүй, үнийг шилжүүлэхгүй байх зорилгоор Б.*******тай дахин холбогдоогүй, мотоциклийн үнийг төлөөгүй, мөн өмнө зээлэх нэрийдлээр авсан 300000 төгрөгөө буцаан төлөөгүй хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгчийн энэ үйлдэл нь “итгэлийг эвдэх аргаар” залилах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан буюу 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Гэмт хэргийн улмаас нийт 2600000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол нөхөн төлөөгүй учир түүнээс 2600000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д олгох нь зүйтэй байна. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээгэнэ” гэж зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолоор 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба уг ялаа эдэлж байхдаа дахин Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн. Дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүд байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Л.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлын хэмжээ, хохирлоо нөхөн төлөхийг илэрхийлж байгааг харгалзан түүнд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. Шүүгдэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаа эдэлж байхдаа зорчих эрхийг хязгаарлах ялаа биелүүлээгүй учир түүний зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 04 сар 02 хоногийн ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольсон байна. Дээрх шийтгэх тогтоолоор шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан учир шүүгдэгч нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй байна. Мөн энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулаагүй учир шүүгдэгчийн эдэлж байгаа хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч нь хорих ялаа эдэлж байгаа ба түүнд оногдуулсан хорих ял, энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ял эдэлж дууссанаас хойш эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Л.*******ийн эдлэх ялаас 3 сар 09 хоногийн хугацаатай хорих ял үлдсэн байна. Иймд түүнд тогтоол хүчин төгөлдөр болтол таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугзүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ид 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.ЦэндАюушид оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8- аас дээшгүй цагаар тогтоож, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ХМШЗ/01 дугаартай шүүгчийн захирамжаар сольсон 4 сар 02 хоногийн хугацаатай хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 09 хоногийн хугацаатай хорих ял, энэ тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялыг эдэлсний дараа эдлүүлсүгэй.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.*******аас 2600000 төгрөг гаргаж хохирогч Б.*******д олгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулэрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа, цахим үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ